Thursday, February 21, 2019

Цагаан Сар ба Хар нулимс

Миний хувьд 1997 оноос гэрээсээ гарснаас хойш 22 жил завсарлаад харин Марк анх удаагаа Монголдоо Цагаан сар тэмдэглэх болсон юм. Ингээд үзсэн харснаа эрэгцүүлээд бодохоор дунд сургуулийн уран зохиолын хичээл дээр уншиж байсан дээрхи өгүүлэгийн нэр өөрийн эрхгүй орж ирлээ.

Цагаан сар 2019

Сар шинийн эхний өдөр өглөө 6 цагийн үед гарч Бага хангайд очин нар мандахыг харах далимдаа зүг чигээ гаргах болов. Өрөөнөөсөө гараад доошоо буулаа зочид буудлын жижүүрийн арын дэлгэцэн дээр гадаа -38°С гэж гарч байна. Хамт ажилладаг англи хүмүүс зуны амралтаараа явахаараа тэр газар нь сэрүүн байвал аялал жуучлалын компаниас мөнгөө буцааж авна гэж  хошигнож байхыг олонтаа сонсож байсан санагдан Монголд ирэхэд хүйтэн биш бол бас биднийг гомдол мэдүүлнэ гэж эмээсэндээ зориуд ингэж зохион байгуулсан юм болов уу гэмээр. Хотоос гараад цаг илүү яваад очиход галт тэрэгний точик байх газрын ойролцоо нэг довон дээр хэдэн машин бөөгнөрөөд зогсож байгаа харагдав. Машинаас гарахад өглөөний жавар тачигнаж байна. Өвөл ийм хүйтэн байдгийг би бараг мартчихсан байж. Хамаг дулаан хувцасаа давхарлаж өмссөн ч бөнжигнэж чичрэх шинжтэй, бээлийгээ тайлаад зураг удаан авах болмжгүй гар бээрээд, цасны зузаан гутал өмссөн ч хөлний үзүүрээр мэдээ алдаж эхэлж байв. Маркын хамрын дотор талаас хөлдөөд эхэлсэн. Монголчууд яагаад жижиг хамартай байдгийн давуу талыг одоо л ойлголоо  том хамар хүйтэнд дэмий ажил юм гэж байв. Хацраар хайраад ороолтоороо амаа тагласан нь сормуусын үзүүрээр мөстөөд ирсэн. Марк тэгж сормуус нь нийлээд хөлдөөд ирэхийг анх удаа үзсэн нь энэ байв. Ер нь энэ чигээрээ бид хоёр гадаа удаан зогсвол хамартаа нусаа наахаар болж ирэв. Хажуу машинтай хүмүүсээс нэг шуудай түлээ аваад асаан ойртож зогсоод ч нэг их дулаацах шинжгүй харин ил галд хэт ойртож байж хувцас хунараа шатаан хөгөө тарихаар шинжтэй. Нар мандахыг харан, зүгээ хурдхан гаргаад машиндаа орж суухын түүс болов.
Хотод эргэж орж ирээд золгуутаа эхлүүлэв. Мэдээж хамгийн эхэлж золгосон хүн нь ээж маань. Шинэлэх ёслолын тухай интернэтээр хэд хэдэн нэвтрүүлэг үзэж байсны дотор нэгэн ахмад түүхч хүний тайлбарлаж байхыг сонсож байхадаа монголын уламжлалт ёсонд номын багш болон өндөр настай аав ээждээ мөргөөд золгодог гэдгийг мэдэж авсан билээ. Тэрний дагуу Марк бид хоёр ээждээ гурав мөргөж байгаад золголоо. Манай ээж эхээсээ наймуулаа тэдний ихэнхи нь хотод ажиллаж амьдрах тул нэг айлдаа ээлжлэн золгох заншил тогтоод удаж байгаа юм. Ингээд энэ удаагийн ээлж таарсан нагац ахынх руугаа явлаа. Ирнэ гэж урьдчилж хэлээгүй болохоор баярлаж гайхах нь зэрэгцсэн олны дунд ороод явчихлаа. Ээжийн хоёр эгчийн нэг нь Эмээлтийн ойролцоо нөгөө нь Батсүмбэрийн сангийн аж ахуйн ойролцоо байх тул хотоос гарах шаардлагатай болсон. Ингээд гол золголт ерөнхийдөө иймэрхүү. Бидний хувьд ахмадуудаа хүндэлсэн, бага балчируудаа дэмжсэн, идээ будаа арвин сайхан Цагаан Сар боллоо. Ерөнхий статистик гаргавал бид нийт 80 орчим нас биед хүрсэн хүмүүс, 50 орчим хүүхдүүдтэй золгосон бөгөөд “Амар байна уу “ гэдэг үгийг 130 орчим удаа давтан хэлсэн байна. За тэгээд идсэн буузны болон уусан аяга цай, тогтоосон хундага гэвэл бүр тоогоо алдсан. Ер нь тэгээд золгуутыг нэг эхлүүлбэл дуусах шинжгүй янзтай эхлээд хамаатан садангуудтайгаа золгоод, залгуулаад найз нөхөд хамт ажилладаг хүмүүс гээд хүүхдүүд сургуульдаа очихдоо үндэснийхээ хувцасыг өмсөөд багш нартайгаа золгож байна лээ.

Хар нулимс

Хотын утаа их хэцүү юм. Өглөөгүүр гадагшаа гарахад хахаж цацаад ханиалгаад хоолой хорсоод эхэлсэн хамгаалалтын маск зүүхээр арай гайгүй болсон. Утааны нягтшрал өглөө оройдоо илүү байх шиг үд дундаа цэлмэг өдөр бол овоо шингэрээд ирэх шиг болсон. Хотын нийт оршин суугчдын талаас илүү нь гэр хороололд амьдардаг гэхээр ийм байдалд хүрэх нь аргагүй биз. Баянхошуу болон Чингэлтэй орж хоёр ч хөгшинд золгосон сүүлчийнх нь айлд хүрэх гэж маш олон эргэж тойрч сүүлдээ утсаар залгаж асууж байж арай гэж очсон. Маркад гэр хороолол туулайн нүх шиг санагдсан гэсэн. Учир нь туулайн нүх олон орох гарах гарцтай байдаг гэнэ. Тэгэхээр тэр туулай л хаанаас орж хаашаа гарахаа мэднэ үү гэхээс бидний мэт гадны хүмүүс олоод орно гэдэг бараг боломжгүй шахуу гэхээр Маркын харснаар зарим  гудамжны үзүүрт номер дугаар байхыг ажиглаад учрыг нь олох гэсэн гэтэл хэн нэг нь цоо шинээр хашаа барьчихсан тэр нь ямар ч дугааргүй байх жишээтэй. Хашаа барихдаа бүр замыг таглаад хамаагүй зоогоод авсан байх юм. Хэрэв гэнэтийн тохиолдол болоод гал команд юм уу түргэн тусламжын тэрэг орох боломжгүй болно гэдгийг огт тооцохгүй, ингээд нэг хүний буруу үйлдэл бусадыгаа хохироож таарах нь ойлгомжтой. Мэдээж гэр хороололыг орон сууцны болгоход их хугацаа, хөрөнгө зарцуулагдах нь тодорхой. Англид ч утааны асуудал хэцүү байсан гашуун туршлагатай айл болгон өрөө тус бүрдээ ил галтай тэр болгондоо нүүрс хийж халаана. Хэтэрхий утаа манан хөшилдсөн үед автобусны урьд гэрэл барьсан хүн алхан явж байж өөр машин техниктэй мөргөлдүүлэхээс зайлсхийдэг байсан гэдэг. Нүүрсний утаанд идэгдэн тас хар болсон  байшин барилгаа дараа нь даралттай усаар шүршиж цэвэрлэж авсан байна. Англичууд доод тал нь 10 гаруй жил болж байж эцэстээ шийдсэн. Чухам монголд энэ байдал хир үргэлжлэхийг хэлэхэд хэцүү харамсалтай үүнийг нэг тийш болтол нэг үеийн хүмүүс амь насаараа золиослогдоод үлдэх нь эмгэнэлтэй. Дашрамд хэлэхэд утаанаас хамгаалах максыг хүмүүс өдөр тутамдаа хэрэглэж эрүүл мэндээ хамгаалаасай гэсэн үүднээс Монгол дахь Их Британийн Элчин сайдын яамнаас санаачлан гаргасан санаачлагын дагуу Кембрижийн их сургуулийн лабораторид боловсруулсан маскыг Монгол оруулж ирсэн бөгөөд үүнийгээ сурталчлах үүднээс Гоёл шилдэг загварын сүүлчийн үзүүлбэрийн үеэр загвар өмсөгчдөд үзүүлж тайзан дээр гаргаж. Уг бүтээгдэхүүнийг Шангрила Моллын 2 давхарт борлуулдаг байна.

 Өөр нэг хэцүү юм нь замын түгжрээ уг нь замаа өргөсгөөд нэлээд сайжруулан номерын хязгаарлалт хэрэгжүүлсэн ч ямар ч нэмэргүй нь харагдаж байсан. Манчерийн хүн ам Монголын нийт хүн амтай бараг ойролцоо гээд бодохоор арай ийм их түгжрэл энд болдоггүй. Марк гайхахдаа хотын айл болгон хоёр машинтай байдаг юм болов уу гэсэн таамаглал дэвшүүлсэн. Би шүдний эмчид үзүүлэх болоод Марк Төв Шуудан орохоор хоёр тийшээ яваад Их дэлгүүр дээр эргээд уулзахаар тохирсон би түрүүлж ирээд Марк руу утасдсан дөхөж байна замын түгжрэлд орчихоод байна гэж хэллээ. Марк бид хоёр шиг хоёр зээрд хөлөглөдөг хүмүүст юуны замын түгжрэл байх билээ. Монголчууд хоцорч ирэхээрээ ийм шалтгаан хэлж байгааг анзаарч авч дээ гэж бодон миний инээд хүрч байлаа.   

Миний нэртэй хөшөө

Үд дундын үед өглөөний жавар арай зөөлрөөд -20 хэдэн градус болох үед ойр зуурын газар бол алхаад очих нь амар байсан. Ингээд Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны өмнөх Эх үрсийн цогцолборын тэнд дэлгээтэй номын загвартай хөшөө байх бөгөөд үүн дээр Ш.Дулмаа гуайн 1985 онд бичсэн “Алтанзул” гэдэг шүлгийг сийлсэн байдаг. Үүнийг И.Болоож ая бичин дуу болгосон нь одоо ч найман настай хүүхдээс 80 настай буурай дуулсаар байдаг. Уг дууг тайзан дээр амьдруулсан нь Өргөө хамтлагын дуучин С.Бархас бөгөөд тэрбээр уг дууг сүүлийн 33 жил дуулсан байна. Нэг тоглолт дээр уг дууг хоёр удаа дахиулж дуулуулдаг гэж сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Нэгэнт миний нэр Алтанзул болохоор энэ хөшөөг заавал харъяа гэж бодлоо.

УБ жаз

Амралтын өдрүүдээр амьд хөгжим тоглодог гэж сонссон тул Сөүлийн гудамжыг зорилоо. Тэр хавиар оройн цагаар цагаа сайхан өнгөрүүлэх гэсэн хүмүүст тохирох газрууд цөөнгүй байдаг нь илэрхий байлаа. Яваад орсон тэнд сууж байгаа хүмүүсийн ихэнхи нь залуучууд бид нар шиг хөгшин хүн харагдсангүй. Тэр орой Пауз гэдэг хамтлаг тоглох гэж байгааг зөөгчөөс нь асууж мэдлээ. Уух юмаа захиалахдаа герман пиво нэг шилтэйг аваад бас нэг лаазтай спрайт аваад хольж ууна хоёр хоосон стакан авъяа гэсэн зөөгч учрыг нь ойлгож ядаж байгааг харахад тэгж уудаг хүн орж ирдэггүй бололтой. Бид нар аминдаа шанди гэж англичууд нэрлэдэг зөөлрүүлсэн юм уух гэж байгаа царайтай юм. Зөөгч нэг шил пиво нэг лааз спрайт өндөр нам ганц ганц стакан аваад ирлээ ахиад ийм өндөр стакан хэрэгтэй гээд намханыг нь буцаалаа. Лемонад гэхээр монголчууд ойлгодоггүй болохоор спрайт гэж хэлдэг. Стаканы талд нь пивоо хийгээд дээрээс нь спрайтаа нэмэн уун тухалж байтал ахимаг насны үйлчлүүлэгчид орж ирээд бидний хажуугийн ширээг эзэллээ. Дөрөө нь аль хэдийн чангарсан шинжтэй үс нь бууралтсан  дөрвөн эр хашхирах шахам  эхлээд монгол, орос хольж ярьж байснаа сүүлрүүгээ ганц нэг англи үг шургуулж байна. Ер нь цаашдаа удахаа хүрвэл ямар ч хэлээр ярьж мэдэхээр. Ярианаас нь ажиглахад Пауз хамтлагынхныг сайн таньдаг болтой. Хэт дуу чимээ гаргаад тэгснээ босож бүжиглээд  байгаа нь хэтэрхий садаатай байсан учир бид нар дайжиж өөр ширээн дээр очлоо. Тэгэхгүй гээд яах билээ. Ямар залуучуудын дэргэд нас намбаа бод гэж хэлэлтэй нь биш. Харин хаа очиж Пауз хамтлагын гоцлол дуучин эмэгтэй Хишгээ сайн дуучин байлаа. Тэр согтуучууд түүнийг үнэхээр чадвартай дуучин гээд амаа олохгүй магтаад байсан харин хаа очиж үнэн байсан. Дуучин Хишгээ ч өөрөө тэдгээр согтуучуудыг үзэгчдэд танилцуулан бидний мэргэжил нэгт нөхөд гэж байсан тэдгээр хөлцүү эрчүүд Улсын филармоны хамтлагын хүнд гарууд болж таарсан. Пауз хамтлаг маш олон төрлийн жанраар тоглолтоо хийдэг аж. Үүнд жаз, поп, рок н ролл мөн монгол дууг свин, блюз, босса нова, рок н ролл, фанк стильд оруулж дуулдаг. Хишгээгийн дуулсан нэг латин дууг л таниагүй бусад ихэвчлэн англи ганц хоёр монгол дуу дуулсан нь бүгд л танил байсан. Хэрэв тоглолт тэгж сайн байгаагүй бол дэмий гарч гэж бодогдохоор үдэшийг өнгөрүүллээ.

Цонжин Болдог

Улаанбаатараас 53 км ийн зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших  Цонжин Болдог гэдэг газар сүндэрлэх 40 митрийн өндөртэй уг хөшөө нь монголдоо төдийгүй дэлхийдээ хамгийн томд орох морьтой хөшөө гэсэндээ холоос их сүрлэг харагдана. Лифтээр дээш гарч морины толгойн хэсгээс орчин тойрныг харж болдог. Хуучны домогт өгүүлснээр энэ газар Чингис хаан алтан ташуур олсон гэдэг. Цогцолборын дотор талдаа Хүннүй болон Монголын эзэнт гүрний үеийн зарим эд өлгийн үзмэрүүдтэй. Цайны газар болон бэлэг дурсгалын дэлгүүртэй. Мөн 13 дугаар зууны хувцас өмсөж зураг авхуулах үйлчилгээтэй зэргээрээ олны ирэх дуртай газар болж. Сонгодог загварын дугуй суурин дээр морин дээрээ ташуураа тулан байх Чингэсийн мөнгөлөг хөшөө нь  250 тонн ган төмрөөр 10 сая ам.долларын өртөгтэй босч. Очир алмаас шиг гялалзан, шилээр хийсэн мэт өнгөлөг харагдах хөшөөг хятадад үйлдвэрлэн хэсэг хэсгээр нь зөөн авчирч угсарч 13 жилдээ нэг удаа хөшөөний төмөр хуудсыг солих ажээ. Музейн үзмэрийн танхимд 6 минут бүхий баримтат киноноос уг цогцолбор хэрхэн бүтсэн тухай үзэж болох аж. Хөшөөний суурь бүхий дугуй барилга 36 нь Чингисийн Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлсэн байна. Үзмэрийн сонирхолтой хэсэг нь Чингисийн олсон гэх алтан ташуурыг томруулан загвар болгон тавьсан байсан. Нөгөө нь уг цогцолборыг өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулагч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Номингийн санаачлан бүтээсэн дэлхийн хамгийн том монгол гутал юм. Жирийн гутлыг 195 дахин томруулсан хэмжээтэй энэхүү гутлыг хийхэд 110 ширхэг үхрийн шир, хавчаарт нь гэхэд 30 гаруй ногоон нимгэн арьс, 60 метр эсгий, 13 куб мод орсон гэдэг. Б.Номин тухайн үед 18 настай байсан бөгөөд энэ бүтээлийг босгоход гэр бүлийнхэн нь хамгийн их дэмжсэн байна. Гадаад дотоодын жуулчдыг татах гэхдээ энэ газар олон зүйл төлөвлөж байгаа аж. Цаашдаа гадаахь талбайд 2000 гэрүүд байгуулж гольфын талбай, задгай театр, хиймэл нуур спортын цогцолбор тус тус барин 10 мянган мод тарих ажээ. Гачууртын гэдэг Чинбатын  5 одтой  Тэрэлж зочид буудлын үүдэнд залсан мөнгөн аяга монголдоо хамгийн том мөнгөн аягад орно. Уг аяга нь 22 кг мөнгө, 2 кг алт, есөн эрдэнийн шигтгээтэй, найман тахилтай бөгөөд Сэлэнгийн арвайн түрүүгээр дүүргэсэн юм билээ. Энэ нүсэр аягыг хийхэд бүтэн жил шаардагдсан гэдэг бөгөөд Дарьгангын урчууд урласан аж. Багтаамжын хувьд долоон литр ба охин Ч.Номингийнхоо хуримд зориулж бүтээлгэсэн юм билээ. Зочид буудлын гадаахь нэг буланд хотын төвд байсан Ленины хөшөөг авчираад байрлуулсан нь содон харагдаж байсан.    

Монголын Төрийн Түүхийн музей



Засгийн газрын ордон дотроо байх музейн хэсгийн ингэж нэрлэдэг. Ордоны урьд хаалгаар ороод цүнхээ шалгуулдаг. шалгалтаа  аргагуй  болсон. Уг музейг үзэхээр сонгосон бол цагаа хэмнэх үүднээс хүндэт харуул ээлж солигдох ёслол мөн  гадны хүндэт зочин Ордонд ирж буй цаг зэргийг давхар анзаарах хэрэгтэй юм билээ. Бидний  хувьд хамгийн санамсаргүй гайхалтай үзмэр нь Хүннүгийн язгууртны булшнаас олдсон ромын цэнхэр аяга байв. Урлах арга нь МЭ ний өмнөх анхдугаар зууны 2 дугаар хагаст хамаарах  энэ аяга нь Ромын хаад язгууртны хэрэглэдэг тансаг хэрэглээний эд бөгөөд төв азид ганц дэлхийд 10 орчим байдаг гээд бодоход хичнээн ховор зүйл болох нь илэрхий. Энэ аягыг олж харахаар Улаанбаатар их сургууль дээр очсон боловч харуулын хүн нь энд тийм юм байхгүй гээд халгаасангүй. Учир нь тус их сургуулийн түүхийн тэнхим  Гол мод нэртэй малтлагын ажлыг гардан хийсэн бөгөөд булшнаас гаргасан эд өлгийн зүйлсээрээ үзэсгэлэн сургууль дээрээ гаргасан гэж ойлгож байсан учраас тийшээ очсон хэрэг.  Үнэндээ бол мэдэхгүй хүнд бол нэг эмтэрхий аяга гэж харагдахаар. Хэмжээ тийм ч том бус өндөр нь 6,2 см, өргөн  нь 15 см ээс хэтрэхгүй. Гэхдээ эмтэрсэн хэсэг тийм ч том бус тул аяга бараг бүтэн хэлбэрээрээ. Харин  яг ямар  зориулалтаар хэрэглэж байсан гэхэд эргэлзээтэй, ийм эргэсэн амсартай аяганаас юм уух нь тийм ч амаргүй нь ойлгомжтой тэгээд ч ёроол нь хавтгай бус тавиур дээр тавьсныг харахаар магадгуй ахилуун үнэртэй тос хийж өрөөнд тавьдаг нөгөө бол бурхан тахилын зүйл хийж тавьдаг зориулалттай байж мэдэх. Тэр үед цэнхэр өнгийн шилэн сав хийх технологи бүрэн хөгжөөгүй байж. Биднийг аягыг  тэгж  хэт удаан харж зогсоод байхаар сэжиг авсан уу яасан ажилтан эмэгтэй нь хүрээд ирэхээр нь би дуугай байхгүй гэх дээ энэ нөгөө  Улаанбаатар Их Сургуульд үзмэрт байсан аяга мөн уу гэж асуусан чинь тэр талаар огт мэдэхгүй гэдгээ хэлж байв.  Тэнд байсан их урт 2 метр шахуу нум сум шилэн хоргонд байхыг Марк хараад ихэд сонирхсон тул тэр ажилтан эмэгтэйг тайлбар өгөхийг хүсэв. Тэрбээр их сонин түүхтэй  үзмэр гээд уг нь Ерөнхийлөгч уулын тахилганд авч явдаг ёслолын зан үйлийн зориулалттай хэрэглэгддэг эд бөгөөд уг нь гурван нум сумтай байх ёстой байсан ямар нэг учир битүүлэг шалтгаанаар нэг нь хаа ч юм гээгдэж. Хэрэв бид энэ хүнээр ингэж яриулаагүй бол ямар учиртай болохыг мэдэлгуй өнгөрөх байсан. Учир нь үзмэр болгон дээр тайлбар байхгүй байгаа юм. Эхлээд овоо бичиж явсанаа залхуу нь хүрдэг юм болов уу яадаг юм.  Ингэхээр энд орж ирсэн хүн болгон энэ талаар мэдэхгүй л гараад явж байгаа гэсэн үг. Өөр нэг тайлбарлуулсан зүйл нь фүсүний тухай энэ үгийг дээр үеийн кинон дээр сонсож байсан ч Маркад яг тийм ийм гэж тайлбарлаж дөнгөхгүй
байсан учир бас энэ талаар асуулаа. Цэргийн албан тушаалыг харуулсан тэмдэг аж,  орчин үед бол цэргийн фоган харин мөрөн дээр нь байхын оронд гаднах хантаазны энгэр дээр хадсан байдаг байна. 2,3 дугаар зэргийн гэж ялгагддаг байна. Ингээд нэлээд хугацаа музейд зарцуулсны дараа бэлэг дурсгалын дэлгүүрийн хэсгээр нь ороод дуусгалаа.

Сансар, од эрхсийн ордон

Уг газрын байршилыг олж тогтоох гэж нэлээд амаргүй тойрон аялал хийж таарсан. Улаанбаатар хот тэлэхийн хирээр шинэ барилга босож түүнийг дагаад хаана юу байгаа нь мэдэгдэхгүй эх толгойгүй болж Сансар, од эрхсийн ордон гэж асуусан мэдэх таксины жолооч таарсангүй тэгэхээр нь Шинжлэх Ухааны академи гэсэн нэг ахимаг насны хүн мэдэж хүргэж өглөө. Байранд ороод асуухад суудал дээрээ үүрэглэсэн  үүдний харуул энд
байхгүй гээд олигтой юм хэлж өгөх шинжгүй  ашгүй хажуугаар нь гарсан цэвэрлэгч эмэгтэй хаана байдгийг нь тодорхой хэлээд бүр нарийн асууж лавлах шаардлагатай гэвэл Одон орон геофизикийн судалгааны хэсэг 4 давхарт гараад лавла гэлээ. Дээшээ гараад нэг хаалга тогшиж тэнд байсан хүнээс асуусан  хаана байгааг хэлээд тэмдэглэлийн дэвтэр дээр зурж өглөө. Байршил нь бидний хуучны нэрлэж заншснаар Жуковын музейгээс хойш замаар явж шинэхэн баригдсан зочид буудлын ойролцоо байв. Хашааны хаалга түгжээтэй байхаар нь гайхаад хүнээс асуусан арынх нь хаалга болж таарав. Тойроод урдуур нь очоод үүдний хүнээс асуусан өнөөдөр ажилладаггүй гэлээ маргааш 10 цаг гээд ирэхэд болно гэлээ. Нэгэнт энд ирснийх Жуковын музейгээр ороод гаръяа гэж шийдлээ. Би хамгийн сүүлд дунд сургуульд  байхдаа  ангиараа үзсэнээс  хойш дахин ирээгүй олон жил өнгөрсөн байв. Музей цомхон үзвэртэй болохоор яаралгүй таваараа үзээд явж байсан ажилтан хижээл эмэгтэй асуух юм байвал асуугаарай гээд хүрч  ирээд Монголын уран хатгамалч  эмэгтэй  Жуковын хөргийг ингэж хатгасан гэхэд бид үнэхээр д огт анзаараагүй өнгөрснөө мэдэн дахин сайн харж авав. Тэрбээр  музейд насаараа л ажиллаж одоо ингэж шинэ байранд нүүж  ороод Ерөнхийлөгч болон албаны том хүмүүс ирж нээлтэнд оролцсон гэж бахархан
ярьж байв. Нээрэн  арай
өөр байранд байсан  билүү гэж намайг хэлэхэд тийм гэж ажилтан эмэгтэй батлаад хуучин музейн байшингийн зураг нь энэ байна харин олон жилийн элэгдэлд ороод нураахаас өөр аргагүй болсон гэлээ. Уг нь тэр байшинд Жуков монголд богино хугацаагаар ажиллаж амьдарч байхдаа байрласан түүхтэй. Гэсэн ч хуучирч элэгдээд музей гэхэд хэцүү байдаг болж ус бороо дээврээс нь гоожиж үзмэрээ сүйтгэчих гээд хүн юм үзэж байхад шалаар нь хананын цоорхойгоос хулгана гарч гуйн айлгаж цочоогоод үнэхээр  ичдэг байж. Улсаас төсөв өгөхгүй учир байдлаа хэлээд гуйгаад явахаар танайх дандаа мөнгө нэхдэг гэж ад үзээд сүүлдээ Оросод хандаж шинэ байр зөвшөөрүүлж авч. Ажилтан эмэгтэй энэ бүхэнд өөрийн биеэр эхнээс нь дуустал шантралтгүй хөөцөлдөж, түүний  унаган орос хэлтэй нь оросуудыг сайн мэддэг зэрэг  аминд нь орсон гэж байв.  Музейн  бүхий л ажилд оролцож явдаг тэрнийхээ хирээр өөртөө багагүй ачаалалд ордог байна. Нэг чийдэнгийн шил шатлаа гэхэд орлуулж тавих хэрэгтэй,  хогийн шүүр,  шалны алчуур хүртэл хэрэгтэй болох  гээд жижиг сажиг асуудал  үргэлж л гардаг гэнэ. Түүний ажилдаа үнэнч байдлыг бусад  янз бүрээр л тусгаж авдаг байна. Удирдах зарим хүмүүс бол сайн юм болвол өөрсдөө хийсэн мэт дөвийлгөөд ирнэ. Үгүй яадахдаа тийм түүхтэй байшинг чи яагаад нураалгачихав гээд илүү үглэх хүн ч гарна  их төвөгтэй гэж байдаг зовлонгоо тоочиж байлаа. Уг нь музей Монголын түүхийн чухал ач холбогдолтой гэсэн  утгаараа  хойч ирээдүйдээ үедээ хэрэгтэй зүйл байхаар тэгсэн мөртлөө  огт үнэлдэггүй нь харамсмаар. Энэ барилга  оросын хөрөнгө оруулалтаар бий болсон аж. Биднийг найрсагаар хүлээн авсан тайлбарлагчидаа баярласан талархснаа илэрхийлээд тэндээс гарч явлаа.

Маргааш нь очсон нөгөө  өчигдөрийн үүдний хүний оронд өөр хүн сууж байна. Тэгээд бид яах гэж яваагаа хэлсэн 10 цагт ажилладаггүй долоо хоногийн тэгш тоотой өдрүүдэд  үдээс хойш 2 юмуу  4 гэсэн тодорхой цагт зориуд мэргэжилтэн тайлбарлаж үзүүлдэг гэлээ. Харуул гэж орон тоо бөглөсөн  уг байгууллагадаа юу болж байгааг мэддэггүй  дүйнгэ юмнууд гэж дотроо уур хүрч ахиад л өөр өдөр  ирэхээс аргагүйд хүрэв.  Ер нь нэг газар орох гэж дундажаар 3 ородлого 3 өдөр зарцуулагдах болтой юм. Гурав дахь удаагаа үнэхээр азтай гэхээр биднээс өмнө хоёр хүн ирээд зогсчихож,  билетээ аваад яг 2 цаг болохыг хүлээж байх зуураа  Марк орчин тойрны зургийг авч амжив. Ингээд бидний дөрвөн хүн тэндэхийн мэргэжилтэний тайлбарлах музейн аялалдаа орлоо. Одон орны хичээл намайг ахлах ангид огт ороогүй дээр нь энэ талаар өөрөө бие дааж сонирхож  байгаагүй болохоор Маркад орчуулга хийнэ гэдэг ямарч боломжгүй байв. Ойр зуурын энгийн зүйлийг л хэлж өгөхөөс хэтрэхгүй байв. Гэхдээ тусгай шил зүүлгэн сансарын үүсэлийг харуулсан  кино үзүүлж байсан тул ядаж  бичлэг дүрсээс Маркад бүх зүйл тодорхой байлаа. Музейн хэсэгт Монголын цорын ганц сансарын нисэгч Ж. Гүррагчаагийн хэрэглэж байсан хувцас хэрэглэл сэлтийг үзмэр болгон тавьсан байв. Ж. Гүррагчаа сансарт ниссэн хүмүүсийн жагсаалтын 101 дүгээрт бичигддэг. Мөн Азиас сансарт ниссэн хоёр дахь хүн гэдгээрээ түүхэнд үлджээ. Ж. Гуррагчаа, В.А. Жанибеков нарын нислэг бол 76 дахь нь аж. Тэд сансарт долоо хоног 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 125 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Мэдээж тэр үеийн сансарын аялалын хувьд Зөвлөлтийн тал голлох үүрэг гүйцэтгэсэн  бөгөөд хуучин соц орнуудыг үүндээ  өргөн хамруулж байж  гэхдээ 3 дагч хэмээх орноос Английн нисгэгч эмэгтэйг оролцуулжээ. Үзмэрийн хамгийн сонирхолтой хэсэг нь хөлөг онгоц газардах үед сансарын хөлгийн  
эх биеэс салж газарддаг бүхээг байв. Америкийнх далайд буух зориулалттай бол оросынх хуурай газарт будаагаараа ялгаатай байна. Яг үнэнийг хэлэхэд Марк зөвхөн  үүнийг л  харах гэсэндээ бид музейгээр  дахин дахин эргэлдээд байсан учир нь тэр. Уг  үзмэр шилэн хоргоор тусгаарлагдаагүй тэр ч бүү  хэл гараараа хүртэл барьж болох бөгөөд бүхээгний жижиг цонхоор доторхыг сайн харж болох байв. Сансарт гарч аялаад дэлхийдээ буцаад  ирсэн ийм чухал зүйлийг ингэж ойроос чөлөөтэй харсандаа олзуурхаж байлаа. Төгсгөл хэсэгтээ тэнгэрийн мандалыг одтой нь гаригуудыг дагуултай нь сүүлт од, солир, манан цар, галактик, нар сарын хиртэлтийг харуулдаг  тусгай төхөөрөмжтэй планетаригийн танхимд оруулж  сонирхуулж байв. Уг нь  энэ музей гадны жуулчдад ч сонирхолтой байж мэдэх гэхдээ үүнийг сурталчлах  мөн гадаад хэлээр тайлбар хийнэ гэдэг асуудлыг зохицуулсны дараа л боломжтой болох байх