Sunday, March 3, 2019

Доголон Төмөрийн нутгаар

                                                       
Монголтой эртний түүх болон соёл урлагын холбоо харилцаатай байж ирсэн улсын нэг Узбекстан яах аргагүй мөн. Ингээд одоогоос хоёр жилийн өмнө Ташкентийг зорьсон билээ.

Сартуул иргэнд морилсон нь

Туулай жил буюу 1219 оны хавар Хорезмыг дайлахаар Их Хуралдай шийдвэрлэсний дагуу Чингис хаан цэргээ аван баруун зүг дайлахаар одсон байдаг. Энэ тухай “МНТ” ны 257 дугаар зүйлд “Туулай жилд Сартуул иргэнд Алтайгаар даван морилоход Чингис хаан хатдаас Хулан хатныг аван аялруун. Зэвийг манлай болгон илгээв. Зэвийн араас Сүбээдэйг илгээв. Сүбээдэйн араас Тохучарыг илгээв” гэхчлэн өгүүлсэн байдаг. Ингэж уг газарт халдах болсон нь удаа дараа явуулсан элчийг хөнөөн дээрэмдэн үл тоомсорлосон нь гол шалтгаан болж. Аян дайнаа эхлүүлэхээс өмнө газар нутгийн байрлалыг сайтар тандан судалж, цэргийг хүчээ дөрвөн хэсэг хуваан өөр өөр газраар гэнэтийн дайралт хийсэн нь цэрэг стратегийн гайхалтай манувер гэж цэргийн түүхчид одоо үед ч гайхан үнэлдэг билээ. Хэдийгээр монголчууд зүүн зүг рүү хятадад аян дайнаа эхлүүлсэн ч яг энэ газар баруун зүг чиглэлээ өөрчлөн довтолсноор балмагдаж мэгдсэн Хорезмын Шах дүрвэн явж түүнийг монгол цэргүүд нэхэн элдсэн нь Чингисийн аян дайныг улам өргөн газар нутгийг хамруулах шалтгаан болсон гэж үздэг. Тэгэхээр эндээс л 13 дугаар зууны үеийн дэлхийн хуурай газрын хамгийн томоохон хэсгийг хамарсан эзэнт гүрэн бий болох эхлэл тавигдсан шиг. Уг газар нутаг монголын эзэнт гүрний нөлөөнд байж ирснээр эцэстээ өөр дахин хүчирхэг хаан энд төрөн гарсан. Энэ нь Доголон гэж олонд алдаршсан Төмөр хаан болно.

Төмөр хаан

Монгол түрэг угсааны барулас омгийн ноёны хүү болох Төмөр нь Бухар хотоос баруун өмнөд зүгт орших Узбекстаны өнөөгийн Шахрисаба хотын бяцхан омгийн захирагчын гэрт 1336 оны 4 дүгээр сарын 8 нд төржээ. Багадаа зүүн хөлөө гэмтээж доголон болсноос Доголон Төмөр гэж түүхэнд мөнхөрчээ. Нэгэнт төрсөн нутагт нь ирсэн болохоор хамгийн анхны очиж үзэх газар нь Ташкент хотын төвд орших нутгийнхний нэрлэдгээр Амир Тэмурын талбай болон тэнд байрлах түүний музейг үзэхээр боллоо. Агсам хурдан морин дээр нисэх мэт дүрсэлсэн Төмөр хааны сүрлэг хөшөө байна. Зөвхөн гадны туристууд ч гэлтгүй орон нутгийн хүмүүс энд ирээд зургаа авхуулах нь элбэг болтой харагдсан. 1996 онд ЮНЕСКО гоос Төмөр хааны жил болгон зарлаж Парис хотноо Төмөрийн 660 жилийн ойг тэмдэглэсний дараагаар бөмбөгөр цэнхэр оройтой монгол гэрийг санагдуулахаар дугуй хэлбэртэй уг музейн барилгыг дуусган үүд хаалгыг нь мөн тэр ондоо багтаан 10 сарын 18 нд нээсэн аж. Хүүхэд байхаасаа цэргийн хэрэгт амьдралаа зориулахаар шийдэж дасгал сургуулилт хийж 12 настайгаасаа эцгээ даган дайн байлдаанд
оролцож эхэлжээ. Доголон Төмөрийн цэрэг дайны болон удирдах авъяас чадвар нь залуу наснаас нь тодорчээ.  Узбекийн ард түмэн бол “Амир Тэмур” ыг монголын эзэрхий түрэмгийлэгчдийг нутгаас хөөн зайлуулсан үндэсний баатар, Узбекстан улсыг үндэслэн байгуулагч аугаа их суут гэдэг бол  монголчуудын хувьд тэр хүн бол монгол хаан Чингисийн үйл хэргийг үргэлжлүүлсэн гэж яригдах жишээтэй. Үнэндээ бол Төмөр алтан ургийн хүн бустул “Хаан” гэж өргөмжлөгдөх боломжгүй байсан. Сүүлдээ нэлээд байр сууриа бэхжүүлсний дараа Чингисийн удмын гүнж Өлзий-Турхан-Агайтай гэрлэснээр ургийн холбоо тогтоосон.1224 онд Чингис хаан Цагаадайн мэдэлд энэ хавийн өргөн уудам газар нутгийг өвлүүлэн үлдээсэн бөгөөд Цагаадай 18 жил хаан төр барьж 57 насандаа 1242 онд таалал төгсчээ. Түүний удмын хаад залгуулан захирсан бөгөөд Чингисийн хүүхдүүдээс хамгийн удаан эзэн суусан гэж үздэг. Эдүүгээ тэр цагаас хойш найман зуу гаруй жил өнгөрсөн ч Ташкент хотын төв орчимд Цагаадай нэртэй дүүрэг байдаг гэхдээ нутгийн хүмүүс Чигатай
гэж дуудана. Тэр газраар явахад Чигатай нэртэй худалдааны зах, цайны болон үзвэр үйлчилгээний газрууд харагдана. Ямар ч байсан уг нэр тэр чигээрээ үлдсэн байсан. Мэдээж Төмөрийн хувьд эхэн үедээ Цагаадайн удмын хаадуудтай хамтран ажиллах тэдэнд хүчин зүтгэж байж монголчуудын байлдааны арга ухаанд суралцаж авч аажмаар тэдний эсрэг хүчээр тэмцэн эрх мэдлийг өөртөө авсан. Хэдийгээр багаасаа коран судар цээжилж түүнийгээ амьдралын мөрдлөгө болгож байсан ч Мухаммадын удмын бус гэдгээрээ лалын шашинтны томоохон хэргэм Халиф зэрэг авах боломжгүй байсан болохоор өөрийгөө Амир нөгөө үгээр бол цэргийн жанжин гэж өргөмжилсөн.Тэрбээр 15 дугаар зууны хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан. Миний ойлгосноор баруунд Чингис гэхээр мэдээд
Төмөр гэхээр сонсоогүй байдаг юм болов уу гэж байсан харьцангуй болох нь тогтоогдсон. Төмөрийн байлдан дагуулалт Оттоманы эзэнт гүрэн европт орохоос хамгаалсан бөгөөд тэнд сэргэн мандалт үүсэж цогцлоход нөлөөлсөн гэж үздэг тул түүнийг францчууд “Европыг аврагч” гэж үздэг байна. 1994 онд Узбекстан бие даасан тусгаар улс болоод удаагүй байтал Францын Ерөнхийлөгч
Митеран албан ёсны айлчлал хийн Хива хотод зочилжээ. Хива хот бол эртний Хорезмын
түүхэн хот, Амударъяа мөрний эрэг дээр байдаг өндөр зузаан хэрмээр хүрээлэгдсэн 13-15 зууны “цайз хот”. Энэ хотыг эртний түүхэн янзаар нь хадгалж, зочид буудал, дуу бүжгийн хүрээлэн, зоогийн газар, худалдааны төв, зах наймааны талбайг гаргасан нь домогт хаадын ордонд ороод ирсэн юм шиг гайхшруулна. Энэ бүхнийг үзээд Францын Ерөнхийлөгч Хива хотынхонд тал засч “Хива хотыг үзээгүй Франц хүн гэж байж болохгүй” гээд ам алдчихжээ. Мэдээж сониучхан сэтгүүлчид энэ үгийг Парисын хэвлэлүүдэд уухайн тас цацаж дээ. Ингээд Парис-Ташкент хотын хооронд тэнгэрийн мөнгөн хүлгийн зам нээгдэж, Францын жуулчид цувах болсон гэж Ц.Мухар гуайн Өдрийн сонинд бичсэнийг уншиж байхдаа мэдсэн. Үнэхээр тэнд явж байхад Маркыг франц уу гэж нэлээд хүн асууж байсан нь ийм учиртай болов уу гэж санагдсан.

Доголон Төмөр хааны догшин шарил

Музейг нь түүний бунханы бөмбөгөр цэнхэр оройг заавал дууриалгаж хийсэн гэж тайлбараас нь мэдэж авсан. Нэгэнт музейг нь үзсэн юм чинь бунханыг нь ч үлдээхгүй гэхдээ Самарканд хотыг зорилоо. Испаниас оруулж ирсэн хурдны гал тэрэгээр бол нэг талдаа 2 цаг явах байлаа. Яг бид Манчестераас Лондон орохтой адил зайтай. Доголон Төмөр хаан 1405 оны 2 сарын 18 нд 69 насандаа Сырдаръяа мөрний хөвөөнд орших хилийн бяцхан суурин Отрар хотод тэнгэрт хальжээ. Төмөр хааны шарилыг заар, сарнайн усаар зандалшуулж хөвөн даавуунд ороон хар модон авсанд залан Самарканд хот руу илгээжээ. Учир уг хотыг Төмөр хаан нийслэлээ гэж зарлаж байсан болохоор тэр болов уу. Уг хотноо авсыг ногоон хаш чулуун бунханд байрлуулан мөргөлийн сүмийн бөмбөгөр оройг дээд зэргийн гоёмсогоор урласан гэдэг. Төмөр хааны домог түүнийг амьд сэрүүн байснаас илүүтэй таалал болсноос нь хойш өнөөг хүртэл гайхалтайгаар үргэлжилж байгаа билээ. Ялангуяа түүний шарилын нууц зургаан зууны туршид яригдаж, үлгэр домог мэт байсаар л байна. 1930 оны эхээр дарангуйлагч
И.В.Сталины анхаарлыг хамгийн их татсан монгол цуст хоёр хүн байлаа. Нэг нь Чингис хаан, нөгөө нь Төмөр хаан. Чингис хааныг үзэн ядуулах Төмөрийг өөрийгөө шүтэн бишрүүлэхэд ашиглах санаа Сталинд төржээ. Тэр даруйдаа В.Янаар “Чингис хаан”, “Батхаан” романууд бичүүлж, монгол хаадын түүхийг мушгин гуйвуулав. Үүрэг даалгавраа биелүүлсэн зохиолч 1942 онд Сталины нэрэмжит шагнал хүртжээ. Харин дэлхийд аймшгаараа алдаршсан Доголон Төмөрийн түүхийг дунд сургуулийн сурах бичгүүдэд оруулж, “Хорвоод ганцхан бурхан залардаг шиг газарт ганцхан хаан байх ёстой” хэмээсэн Төмөр хааны айлдварыг Сталин онцгой талархаж, амны уншлага болгожээ. Сталин түүнийг “Оросыг татар-монголчуудаас аврагч” хэмээн үзсэндээ “Зөвлөлтийн түүх” номонд өөрийн гараар өгүүлбэр нэмсэн эх хувилбар болох түүхэн баримт одоо ч хадгалагдан байдаг аж. 1927 онд Москвад хэвлэсэн номонд “Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн татар-монголчуудын дарлал ийн төгсгөл болов” гэж бичсэн явдал байлаа. Зөвлөлтийн экспедици 1941 оны 5 сарын 27нд Самарканд хотноо ирэн 6 сарын 1нээс ажлаа эхэлж тэнд буй Төмөрийн удмын хаадын шарилуудыг ч нээж үүнээс хэдхэн хоногийн дараа буюу нацист германы дайралт эхлэн шарилуудыг байсан янзаар нь буцаан булах ажлыг 1942 оны өвөл дуусгажээ. Хожим 2004 онд бүтээсэн “Хааны хараал” баримтат кинонд тусгай экспедицийн бүрэлдэхүүнд багтсан сүүлчийн амьд гэрч болох ЗХУын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин М.Каюмовын дурсамж яриагаар тэрбээр узбек, араб хэлтэй байсандаа уг ажилд сонгогдох болж. Төмөр хааны шарилыг нээх үеэс тэдэнд түмэн бэрхшээл учирч эхэлсэн байна. Түүний шарилын хавтан дээр эртний перс хэлээр тодоос тод бичсэн зүйл байсныг тайлж унших хэрэгтэй болов. Төвөөс түүхч эрдэмтэд нэн удалгүй уг бичгийг тайлсан өгүүлбэрийг үзвэл “Их хааны булшийг хэрхэвч хөндөж болохгүй. Энэ зарлигийг зөрчих хэнийг ч аваас хамгийн хатуу цааз хүлээж байна...” гэсэн үгс байж. 1941 оны 6 сарын 21ний өглөө 8 цагт хамаг гэрэлтүүлгээ асаан хааны булшин дээр тавьсан хавхлаг зузаан гантигийг нээхээр оролдож байтал гар хийцийн өргөгч краны гинж нь өгөршсөн олс аятай энэ тэрүүгээрээ тасарсан учир бид бүгдээрээ элбэн хүч нийлүүлэн хавхлагийг см, см-ээр гулсуулсаар нээтэл булшин дотор юу ч байхгүй хоосон байлаа. Бид бүгд алмайрцгаав. Хэн нэг нь булшны ёроолд тогтсон хуруу зузаан шороог гараараа самартал доор нь зэрэгцүүлэн тавьсан хөндлөн гурван хавтан тэмтрэгдсэн. Түүний эхнийхнийг нь онгойлготол ер бусын анхилуун үнэр гарч, эмэгтэй хүний чарлах дуун сонсогдон, бидний ашиглаж байсан хамаг гэрэл, прожектор нэгэн зэрэг унтарсан. Багийнхан ажлаа зогсоогоод дээшээ гарч үдийн цайгаа уухаар болцгоов. Хүн бүр айдас түгшүүртэй болсон. Хэн нэг нь надад нутгийн өвгөд уулзахыг хүссэнийг дамжуулав. Би тэдэнтэй уулзтал тэд “Булшийг нээж хэрхэвч болохгүй. Учир нь номонд хэрэв булшийг нээх
юм бол дайн эхэлнэ гэж бичсэн байна” гэж хэлсэн. Би уншиж чадна гэдгээ тайлбарлаад номыг авч яг тэр бичсэн хэсгийг нь уншвал үнэхээр тэр өвгөдийн хэлснийг бичсэн байв. Энэ нь урьд өмнө миний гартаа барьж байгаагүй хүнд, том, зузаан судар байсан. Би экспедецийн ахлагч Корнязевт энэ тухай дуулгалаа. Тэрээр бас хоёр эрдэмтэний хамт нөгөө гурван өвгөнтэй уулзангаа учир зүггүй хэл амаар доромжлон хөөж явуулсан. Би санаа зовоод уучлал гуйх санаатай араас нь гарсан боловч тэд гудамжны булан тойронгоо усанд ууссан мэт алга болчихсон. Дараа өвгөдийг ч, тэр зузаан судрын ч тухай тэр хавийн хүмүүсээс сураглаад олоогүй. Үдээс хойш бид ажилдаа эргэн орсон юм. Булшин дотроос бараг метр 90 см ийн өндөртэй агуу том хүний араг яс гарч ирсэн. Бид яс бүрт нарийн үзлэг хийж, зураг хөргийг нь авч, тэмдэглэл хөтөлсөөр шөнө дөлөөр ажлаа дуусгаад энэ том гавъяагаа тэмдэглэж дуусаагүй шахам байтал радиогоор дайн эхэлснийг зарласан юм даа. Ингээд бид бараг маргааш нь цэрэгт татагдсан. Сталинградын фронтод дайны галын шугаман дээр зураглаачаар ажиллаж байх үедээ маршал Г.К.Жуковтой биечлэн уулзаж энэ тухайгаа ярьж нөхөр Сталинд яаралтай дамжуулж өгөхийг хүссэн юм” гэж ярьсан байдаг. Ноён Сталин яаралтай тушаал гаргаж Төмөр хаан, түүний үр ач нарын шарилыг 1942 оны 12 сарын 20нд Самарканд дахь бунханд нь дахин залснаас хоёрхон хоногийн дараа Улаан армийн анхныхаа ялалтыг
Сталинградын дэргэд байгуулж Германы 60 гаруй мянган хүнтэй армийг бут ниргэжээ. Энд нэг сонин дуулгахад шарилыг Узбекстан руу буцаахын өмнө хамгаалалтын онгоцонд ачиж фронтын галын шугамд нислэг үйлджээ.Энэ тухай хожим Сталин дайчдын урмыг сэргээх гэсэн домын үйлдэл гэж эрдэмтэд таамагладаг. 1941 оны 8 дугаар сараас 1942 оны 10 дугаар сард антроплогчид шарилуудыг нарийвчлан судалж тэдний гадаад төрхийг тогтоов. Уран барималч, антропологич М.Герасимов гавлын ясаар нь Төмөр хаан, түүний ач хүү Үлэгбэхийн царай төрхийг тогтоон цээж барималыг урласан туршлагатай нэгэн.1934 оны зун Сталин гурав дахь экспедицийг томилож, шарилын хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажилд нэг сая рубль зарцуулсан нь тухайн үедээ 16 танк үйлдэрлэх, эсвэл нэг дивизийн сарын туршид хоол хүнс, хувцас хэрэгслээр хангахад хүрэлцэхүйц мөнгө байжээ гэж интернэтэд тавьсан мэдээлэлд бичсэн байсан. Зөвлөлтийнхнээс өмнө ингэж хааны бунханд гар хүрч байсан тохиолдол нь 1740 онд Персийн Шах Надиртай холбоотой аж. Төмөрийн ач хүү Үлэгбэх 1425 онд монголоос нэлээд том хэмжээний пийсүү чулуу авчирсныг авсынх нь ёроолыг тойруулан тавьж дээр нь арабаар гоёлын бичгээр “Би хэрэв дахин босвол дэлхий ертөнц дагжин чичирнэ гэж бичсэн байж. Надир Шах дэлхийд хамгийн томдоо орох тэр үнэт чулууг нутаг руугаа ачаад явж гэтэл тэр нь замдаа дундуураа хугараад үе залгамжлах хүү нь хүнд өвчнөөр шаналан цаашлаад улам их гай зовлонд унаад зөвлөхүүд нь санал болгосноор пийсүүг авсан газарт нь буцаан тавьж. Төдөлгүй хүүгийнх бие ч сайжирч гэхдээ хэдэн жилийн дараа тэрбээр сэлэмээр хатгуулан амь алдаж. Уг бунханд Төмөрөөс гадна түүний хоёр хүү болон ач хүү Үлэгбэх түүнчлэн Мухаммад Султан нарыг оршуулсан байв.

Төмөрийн бадмаараг Английн Хатан хааны өвд

Англичуудын хувьд Чингис гэж хэлэхээр мэдээд байдаг харин Төмөр хааныг бол тэр болгон мэдэхгүй гэж болно. Гэхдээ түүх сонирхдог энэ сэдвээр уншиж судалдаг хүмүүст бол уг нэр тун танил байна. Санамсаргүй байдлаар Хатан хааны эрдэнэсийн сангийн тухай уншиж байсан Төмөрийн бадмаараг гээд дурьдахаар нь өөрийн эрхгүй анхаарал татаж байв. 1398 онд Төмөр Дэлиг дайлж тэндээ аян дайнаа жил шахам үргэлжлүүлээд Самаркандад буцахдаа дэлхийн хамгийн том гэгдэх 352 каратаас давсан жинтэй бадмааргыг дайны олз хэмээн үзэж авч явж. Ингээд түүний хүү мөн ач хүү нар үе дамжуулан хадгалж байснаа персийн дайралтанд өртөн уг үнэт чулуугаа алдаж, гэвч сүүлдээ персийн 1 дүгээр Шах Аббас Могулын удамын хаан Жахажирт бэлэг болгон өгснөөр бадмаараг буцаж Энэтхэгтээ ирж ингээд Жаханжир чулуун дээр өөрийнхөө болон эцгийнхээ нэрийг сийлүүлэхэд түүний хайртай хатан нь хорвоод ховорхон эрдэнэд гар хүрч өнгө үзэмжийг нь алдагдуулж сүйтгэлээ гэж зэмлэхэд Жаханжир хариу хэлэхдээ: Энэ чулуу миний нэрийг түүхэнд мөнхөлж үлдээнэ Төмөрийн удам хэдий тасарч алга боллоо гэхэд ямар ч  хаадууд удам дамжуулан хэрэглэсээр ирнэ гэж. Төмөр өнгөрөөд 100 жил болсны дараа 16 дугаар зууны эхээр Төмөр болон Чингис хааны аль алиных нь хамаатан хунтайж Бабур туркуудтай тэмцэлдэн дийлэхгүй болохоор эхлээд өмнөд Афганистан руу сүүлдээ Энэтхэг рүү дүрвэн очиж тэндээ монгол уламжлал ёсоор өөрийн гэсэн эзэнт гүрнийг үүсгэн бий болгосноо Могуль гэж нэрлэж тэр нь перьс хэлэнд монгол гэсэн утгатай үг байв. Ингээд ургийн бичгийг сөхвөл Төмөр-Бабур-Акбар-Жаханжир-Жаахан Шагж нар Могулийн эртний хаадууд буюу лаын шашинтны хувьд Шахууд юм. Жаахан Шагж бадмааргыг эцэг Жаханжираас өвлөн авсан бөгөөд мөн чулуун дээр сийлүүлэхдээ:Түмнийг нэгтгэсэн нэгдүгээр хаан нь Төмөр гээд өөрийгөө түүний удаахь өв залгамжлагч болохыг тунхаглаж. Түүнчлэн тэрбээр Доголон Төмөрийн анхлан санаачилж байснаар өөртөө тун онцгой гойд Хаан суудал бариулан түүнийгээ Тогосон сэнтий гэж нэрийдэн түүнийгээ Энэтхэгийн хамгийн хосгүй үнэт чулуугаар чимэглэж үүнд Гэрэлт чулуу гэгдэх дэлхийд ховор очир алмаас, Төмөрийн бадмаараг зайлшгүй орж. Олны ам дамжсан яриагаар уг суудлыг босгоход Таж Махалыг барихаас хоёр дахин илүү хөрөнгө зарцуулсан гэдэг гэхдээ үүнийг батлах ямар ч нотолгоо байхгүй. Хаан суудлын загвар нь хос тогос өд сөдөө дэлгэн ихэмсгээр зогсож байгаа бөгөөд зориуд уртасгасан сүүлэнд нь бадмаараг, индриал, маргад, сувд гэх мэт билэгдлийн өнгөтэй үнэт эрдэнээр чимэглэсэн байв. Харамсалтай нь 1739 оны үед Надир Шах довтлон ирж Тогосон сэнтийг нутаг руугаа авч явж сүүлдээ хэрэглэхгүй болгон хэмхэлж хаясан гэнэ. Гэхдээ чулуун дээр нэмж шивүүлэхдээ: Уг бадмаараг нь хаадуудын хаан Султан Сахив буюу Төмөрийн 25 мянган гайхалтай үнэт эдлэлүүдийн нэг гэж бичүүлж. Надир Шах эд эрдэнэсээ удаан хадгалж чадсангүй түүний цэргийн командлагч Ахмад Шах түүнийг хөнөөн хаан ширээг нь булааж авах гээд бүтэлгүй болохоор нь олзны нэлээд томоохон хэсгийг авч Афганистан руу дүрвэж сүүлдээ түүний ач хүү тэндээс зугатан гарахдаа Энэтхэгийн Пунжав
мужид ирж хорогдох болсноор үнэт эдлэлийн цуглуулгыг уг мужийг эзэмшигч Пунжавын Арслан гэгдэх Ранжит Синкэд өгөх болж. Төдөлгүй тус муж бусад Энэтхэгийн газар нутгийн хамт Их Британийн эзэмшилд орсноор тэдгээр үнэт эдлэлүүд англи руу ачигдаж. Хатан хаан Виктория Төмөрийн бадмаарагт ихэд сэтгэл хангалуун байсан гэдэг. 1851 оны 10 сарын 23нд хувийн тэмдэглэлдээ бичихдээ: Өнгөлсөн боловч нарийн засаж янзалаагүй мөн зүсэгдээгүй гэхдээ цоологдсон дэлхийд хамгийн томоохондоо орно гээд бодохоор нөгөө Гэрэлт уул очир алмаасаас ч илүү үнэтэй ховор эд юм гэж. 1853 онд нэр хүндтэй үнэт эдлэл хийдэг газар Гаррард Төмөрийн бадмааргыг оролцуулан бас гурван арай бага хэмжээний бадмаарагуудыг алтаар бүрэн жижиг очир алмаасаар чимсэн гинжээр холбосон хүзүүний зүүлт хийж өгсөн байна. Харин хоёр жилийн дараа Төмөрийн бадмаарагыг зүүлтнээс нь салган энгэрийн зүүлт болгосон нь Хатан хаан бусад зүүлтүүдтэйгээ ээлжилж зүүх боломжтой болсон ч харамсалтай нь нөхөр нь өөд болсноор аливаа өнгөтэй үнэт эдлэл зүүхгүй болсон учир Төмөрийн бадмаарагыг зүүхгүй болсон байна. 5 дугаар Жоржын Хатан хаан Мэри 1911 онд уг зүүлтийг арай урт болгосон боловч төдийлөн хэрэглэж байсангүй. Бараг 60 жилийн туршид Төмөрийн бадмаараг бусад үнэт чулуудын хамт нүднээс далд хадгалагдаж байснаа чулуун дээр шивсэн бичгийг нарийн судалж үзэж шалгасны эцэст ямар учиртай эрдэнэ болохыг ойлгож авсан боловч чухал ёслолын үеэр хэрэглэдэг эд хэрэглэлийн чимэглэлд оруулдаггүй байна. Тийм болохоор Гэрэлт уул очир алмаасын адил Лондонгийн цамхагт хадгалдаггүй бөгөөд зөвхөн зуны улиралд хааяа нэг удаа Хатан хааны галерейд хэсэг тавьж олонд харуулдаг байна. Харин Гэрэлт уул очир алмаасанд илүү ач холбогдол өгөх болж. Үнэндээ уг хоёр үнэт чулуу 1612 оноос хойш ямагт цугтаа байсан гэдэг. Дэлхийн хамгийн үнэтэй очир алмаас Гэрэлт уулыг хамгийн сүүлд жигнэхэд 21,6 грамм болж байсан бөгөөд 105,6 метрик карат гэнэ. Ам дамжсан яриагаар уг чулууг гай зовлон дагуулдаг муу юм шүглэсэн хараал идсэн гэдэг Жаахан Шагжыг өөрийнх нь хүү хаан ширээнээс нь буулган хорьж байхад тэнд Гэрэлт уулыг зориуд байрлуулсан нь тэрбээр хайртай хатандаа зориулж бариулсан Таж Махалынхаа дүрсийг хардаг байсан гэдэг түүнийг өөд болсны дараа хүү нь өөрийн мөргөл үйлддэг сүмдээ залсан байна. Мөн дараа нь Надир Шах булааж аваад ч өөдтэй юм болоогүй. Ийм ч учраас уг очир алмаасыг эзэмшсэн хүн дэлхийг удирдана гэхдээ үүнийг дагалдан явдаг гай гамшигийг үл хэрэгсэж болохгүй зөвхөн Бурхан нөгөө бол хатан хүн л цээрлэлд өртөлгүй зүгээр хэрэглэж болно хэмээн хинду эртний бичигт өгүүлсэн байдаг байна. Нэгэнт англи хатан хаантай тул үүнд санаа зовох зүйл байсангүй. Хэдийгээр хэмжээний хувьд том ч тэгтэлээ оч цацран гэрэлтэж гялалздаггүй нь шинэ эздийн сэтгэлийг хангалуун байлгаж чадсангүй. Хатан хааны нөхөр хунтайж Альберт өөрийн биеэр Амстердам хотноо очин дэлхийн хамгийн шилдэг гэгдэх мэргэжлийн чулуу зүсэж өнгөлдөг хүмүүсээр янзлуулах болж уг нарийн ажлыг гүйцэтгэхэд 8 мянган фунт стерлинг зарцуулсан бөгөөд чулуу анхны байснаасаа 42 хувиар багасгасан гэхдээ эцсийн үр дүнд нь Альберт тэгтлээ сэтгэл хангалуун байгаагүй гэдэг. Хэрэв одоогийн ханшаар чулууг үнэлвэл 81,6 сая фунт стерлинг болно гэж тооцоолсон байна.

Сартуулын хээ уран

Ширчингийн Баатар гуайн бичсэн “Миний өссөн Монгол ахуй” номонд: Сартуулын хээ уран, хятадын ваар уран, Тангадын балба дарх уран, Монголын шир уран гэж дурьдсан байсан. Очоод үзэхэд үнэхээр яг тийм байсан. Самарканд хотод Төмөр хааны бунханг үзэхдээ ойролцоо байх хотын төв талбай гэгдэх Режистан гэдэг эртний уран барилгыг цогцолборыг үзсэн. Хэдийгээр тэр өдөр өдөржингөө бороо ороод тэнгэр бүрхэг байсан ч ур хийцийг өнгө бууруулсангүй. Үүүнийг заавал уран барилга архетектурын өндөр мэдлэгтэй байх шаардлагагүй хэн ч харсан үнэхээр сүрлэг сайхан нүд сэргээж бишрүүлэхээр. Уг газар эхлээд 9 дүгээр зууны үеийн гэгээн
Имам Мухаммадын бунханыг тойруулан барьж эхэлж 14 дүгээр зууны үед уг газар нь худалдааны гол төв болдог байж. Талбайг дайран өнгөрөх зургаан зам нь Төмөр хааны мөргөл үйлддэг дугантай шууд холбогддог байж. Эзэн хааныг амьд сэрүүн үед өндөр барилгын орой дээрээс хааны зарлигын чангаар олонд дуулган торгон цэргийн ёслол гээд бусад гайхалтай үзмэрийг ард иргэд цугларан зогсож үздэг байж. Одоогийн үлдсэн 3 барилга нь дундад зууны үеийн гайхамшигийн үлдэгдэл аж. Узбекийн уран барилга нь зөвхөн лалын шашинтай орны хувьд гэж хязгаарлагдахгүй дэлхий дахинд бишрэгдэхээр эртний грек болон буддын сүм хийд энэтхэгийн хойгийн нөлөөг өөрсдийн байдлаар хөгжүүлэн өвөрмөц хэв загвар гаргаж. Тэдэнд барилга барих чулуу болон мод дутагдаж байсан тул тэдгээрийг орлуулан тоосго гоёмсог хээтэй чимэглэлийн пялта хийх аргыг бодож олж. Үүний зэрэгцээ бөмбөгөр оройтой барилга барих аргыг сайн хөгжүүлж чадаж. Пялтан дээр тавьсан хээ нь хот хот тэр ч бүү хэл урласан хүнээрээ ялгаатай аж.

Нулимсны дусалан хээтэй торго

Узбек эмэгтэйн үндэсний хувцас нь уртаашаа унжсан олон өнгө алагласан байдгийг зурагнаас урьд нь харж байсан боловч чухам яагаад ийм хээтэй байдгийг асууж сонирхож байсангүй. Газар газрын торго даавууны хээ онцлогтой байдгийн адил узбекийнх ч гэсэн өөрийн хэв загвартай. Нутгийнх нь хүнээс асуусан үүнтэй холбоотой домог байдаг гэж хэлж өгч билээ. Эрт цагт эгэл нэхмэлч залуу баян чинээлэг айлын үзэсгэлэнт охинд ухаан жолоогүй дурлаж хэдийгээр эцгээс нь гэрлэх зөвшөөрөл асуусан ч татгалзсан хариу авч гэхдээ ирээдүйн хадам аав нь бас ч үгүй ухаалаг нэгэн байж. Яахав чиний зүрх сэтгэлийг ойлгоод чамд болзол тавъяа. Үүнийг биелүүлж чадвал чамд охиноо өгье гэж ам гарч. Тэр болзол нь юу байсан гэхээр ойр хавьд хэний ч гаргаагүй хээг бодож олоод торгон дээр нэхээд гаргаад ир. Би нэгэнт нэр хүндтэй олны танил хүн учир тэр торгыг чинь хамгийн сайн гэж магтан сайшаая тэгэхэд бусад аяндаа миний ятгалганд орон чиний нэхмэлийг авна тэгэхээр чи тун чинээлэг нэг болж чадна гэж. Хэдийгээр бүр мөсөн татгалзсан хариу аваагүй ч дурлалт залуу хичнээн чармайн бодоод ч толгойд нь ямар олигтой юм орж ирсэнгүй. Түүндээ шаналан гуниглаж цэнгэг устай голын эрэгт ирэн бодлогошрон суугаад гуниглан хамаг хүсэн хүлээсэн зүйлдээ хүрч чадахгүй нь гэж бодон нүдэнд нь нулимс хуран хацрыг нь даган урсаж голд унаж. Дусал нулимс нь голын цэвэр усанд тунаад бага зэрэг булингар үүсгэн тархан урсан алга болохыг харсан залуу гэнэт түүнээс санаа аван гэртээ яаран хүрч нэхмэлээ хийснээр узбек торго даавууны ийм өвөрмөц хээ үүсэн бий болж. Мэдээж хэний ч нэхээгүй уг хээ хадам аавд нь ихэд таалагдаж охиноо түүнд өгөхөөс түдгэлзсэнгүй. Ингээд залуу сайхан эхнэртэй болж гоёмсог хээтэй даавуугаа нэхэн олонд алдаршин баян чинээлэг болон амар сайхандаа жаргаж.

Бухар эмээл

Доголон Төмөр Чингис хааны адил морин дээрээс их гүрнийг босгосон. Мэдээж сайн морьдын хүчинд ийм их үүргийг гүйцэтгэсэн гэдэг нь илэрхий. Мэдээж сайн морьтой байна гэдэг сайн эмээлтэй байж таараа гэдэг нь тодорхой. Монголд халх эмээл, орос эмээл, казак эмээл, Батноров хийцийн буряад болон Дарьганга хийцийн чимэглэлтэй эмээл гээд хэд хэдэн янз байхын музейн үзмэр өнгөт зурагтай түүхэн ном сэтгүүлээс үзэж байсан. Харин энд байхад бидний анхаарал татсан зүйлийн нэг нь Бухар хийцийн эмээл байсан. Их өвөрмөц ур хийцтэй. Урьд бүүргийг зориуд өндөр хийсэн хайлаас болон хус модны өөтэй хэсгийг ашиглан зангидсан нь урьдаас нь харахад хүзүүгээс сунгасан бүргэд хоёр том нүдээ дүрлийлгэн ширтэж байгаа мэт. Магадгүй ийм загвар сонгох шалтгаан нь эртний түрэг монголын домогт морь толгойдоо эвэртэй байсан гэсэн домгоос улбаатай байж мэдэх. Хэдийгээр урьд бүүрэг илүү өндөр ч эмээлийн суудал уужуу тайвуу эмээлийн яс модыг тэр чигээр нь гоёмсог хээ угалз сарнай, анар жимсээр чимэглэсэн. Эмээлийн хойд бүүрэг болон суудлын хэсэгт амь амьдралыг тэтгэгч мод байх бөгөөд энэ мөнхийн болон сүсэг бишрэл, оюун санааны билэг тэмдэг гэлтэй. Хоёр талын хавтасаар нь гоёмсог араб бичгээр бичсэн. Эмээлийн ирмэгээр тойруулан яг монгол эмээлийн адил хяр оруулсан байсан. Мэдээж тухайн эзэмшигчийн байр суурь бэл бэнчингээс шалтгаалаад гоёл чимэглэл нь тэр чинэгээрээ илүү үнэтэй байх нь тодорхой.


1981 оны гуравдугаар сарын 22 нд Монгол хүн анх сансарт ниссэн өдрийг тэмдэглэдэг. ЗХУ ын баатар, хөлгийн дарга В.А.Жанибеков, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нарыг суулгасан “Союз-39” хөлөг эх дэлхийгээ 124 удаа тойрч, 20 цаг 42 минутын дараа эх дэлхийдээ амжилттай газардсан билээ. Ийнхүү 1947 оны арванхоёрдугаар сарын 5 нд Булган аймгийн Гурванбулаг суманд, малчин ард Жүгдэрдэмидийн 10 хүүхдийн ууган нь болон мэндэлсэн Гүррагчаа баатар хөрст дэлхийгээс сансрын хязгааргүй уудамд дүүлэн ниссэн 101 дэхь хүнээр тодорч, Монгол Улс сансарт иргэнээ нисгэсэн 10 дахь орон болсон юм.ЗХУ ын иргэн Ю.Гагарин “Восток” хөлгөөр хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансрын уудамд дүүлэн ниссэнээс яг 20 жилийн дараа монгол хүн хөлгүй сансарт дүүлэн нисч, хөлгийн бүхээгээс задгай сансарт гарч, туршилтын ажил хийсэн нь Азийн цээжинд орших Монгол Улсыг Чингис хаанаас хойш дэлхий дахинд зарлан тунхагласан хамгийн гайхамшигтай үйл явдал байлаа. Ж. Гүррагчаа улс орныхоо нэрийг дэлхийд гаргасантай адил В.А.Жанибеков ч бас Узбекстаны нэрийг цуурайтуулж. Цаашлаад Доголон Төмөр хаанаас хойш бас их том гавъяа бүтээсэн хүний тоонд орох нь зайлшгүй болов уу. Учир нь Доголон Төмөр хааны ач хүү математикч Үлэг бэхи Самаркандад Одон орны хүрээлэн байгуулсан нь түүхэнд бичигдэн үлджээ. Үлэг бэхийн байгуулсан хүрээлэнгийн нээлт, олж авсан зарим мэдээлэл, бусад нөлөөллийг тандаж судалсан Италийн лам Ж.Бруно анх дэлхийг “Бөөрөнхий” хэмээн томъёолж байсан гэхээр Узбек одон орны судлалыг эртнээс хөгжүүлж ирсэн түүхтэй гэдгийг батлахаар.Жанибеков 1942 онд Искандарт төрж түүнийг төрсний дараахан түүний гэр бүл Ташкентад шилжин суух болж.
Ленинградын Их сургуульд физикийн чиглэлээр сурч байсан ч нисэх хүчинд илүү сонирхолтой байсан учир Цэргийн нисэх хүчний сургуульд орон чиглэлээ өөрчилж. Нислэгийн сургуулиа төгссөний дараа радио инженерийн чиглэлээр давхар суралцан Зөвлөлтийн агаарын хүчний нислэгийн зааварлагчаар ажиллаж байгаад 1970 оны үеэс сансрын нисгэгч болоход сонгогдон сургуулилт хийж эхэлж. 15 жилийн турш сургуулилт хийх хугацаандаа таван ч сансарын нислэгт оролцон нийт 154 өдөрийг сансарт өнгөрүүлж. Түүний монгол оронтой холбоотой болсон нь тун өвөрмөц нөхцөл байдлаар эхэлж. 1964 онд тэрбээр Люлияа Мунировна Жанивековатай гэрлэж. Эхнэрийнх нь гэр бүл Алтан Ордын хаадын нэг Жанивекийн удам байж. Тухайн гэр бүлд нэр залгамжлах хүү байхгүй учир Владимир Александрович Крисинг овгоо өөрчилж Крисинг нэрээ Жанибеков болгооч гэсэн хүсэлт хадам аав нь тавьж. Хэдийгээр Зөвлөлтийн иргэн дээр нь коммунист намын гишүүн ч тэрбээр нэг их эргэлзсэнгүй хүлээн зөвшөөрч. Хожим сансарт монголын иргэнтэй хамт ниссэн нь түүнийг ямар нэгэн байдлаар монголтой холбоотой гэдгийг нөгөө талаар батлах мэт. Жанибеков Зөвлөлтийн нэр хүндтэй хүний нэг Зөвлөлтийн Хөдөлмөрийн баатараар хоёр ч удаа, Лениний одонгоор таван удаа, Гавъяаны Улаан тугийн одон болон Сансар огторгуйг судлах хүндэтгэлийн медал зэргээр тус тус шагнуулж байсан. Монгол Улсын баатар, Францын хүндэт медаль, Оросын холбооны улс болон Казакстан мөн Техасис мужийн Хюстоны тус тус хүндэт иргэнээр сонгогдсон. Сүүлдээ Жанивеков Узбекстаны улс төрд орж хэсэг байснаа агаарын бөмбөлөг хөөргөн дэлхийг тойрох төсөлд их идэвхтэй оролцсон ч 1993 онд түүний оролдлого нь дөнгөж 30 минут үргэлжлэн бүтэлгүй болон энэ талаар бүх зүйл дуусаж. Одоогоор тэрбээр сансарын сэдэвтэй зураг зуран музейн цуглуулга зэрэгт оролцож байдаг гэнэ.

Узбекийн “Авва” буюу “Ялла” чуулга

Наяад оны үед монголд ирж тоглож байсан цөөхөн гадны цуулгуудын нэг нь Ялла билээ. Социализмын үед хүүхэд залуус бид Узбекийн алдарт Ялла хамтлагын дуунуудыг жинхэнэ шүтэж байлаа. Улаанбаатарт  уг хамтлагын “Уч кудук” хэмээх дууг том багагүй амандаа аялаж “Соёл Эрдэнэ”, “Өргөө” хамтлагийнхан энэ сайхан дууг заавал дуулдаг байсан. Узбекийн ард
түмэн бүжигтэй дууг “ялла” гэж нэрийддэг учраас 1970 онд байгуулагдсан уг хамтлаг нэрээ олж авч. 1970-80 оны үе бол “Ялла” гийн ид оргил үе. 30 гаруй жил олон сайхан дуугаараа дотоод гадаадын үзэгчдийн чихийг мялаахдаа бараг Узбекийн “Авва” гэж алдаршсан. Домогт хамтлагийн уран сайхны удирдагч, ахлагч нь болох Фарук Каримович Закиров голдуу дууныхаа аяыг зохиож ирсэн бөгөөд тэдний дийлэнхи нь тухайн үедээ жинхэнэ хит болж байсан. Жишээ нь 26 жилийн турш дуулагддаг “Уч кудук” дууг концерт болгон дээр үзэгчид сонсохыг хүсэн хүлээдэг уг хамтлагын нэрийн хуудас болсон дуунд хүмүүс яагаад тэгтлээ дурладагыг хамтлагынхан өөрсдөө ч тайлбарлаж чаддаггүй. Ф.Закиров ярихдаа: “Уч кудук” гэж аж үйлдвэрийн хот байдаг юм. Анх  Юрий Энжин хэмээх яруу найрагч энэ хотоор нэг цаг зугаалаад шүлэг зохиосон. Тэгээд надад үзүүлэхэд би үгэнд нь ая зохиосон оройноо анх удаа концертон дээр дуулсан. Тэгтэл тэр концертыг Узбекстаны Намын төв хорооны нэг эрхэм үзэж суусан юм билээ. Тэр эрхэм дууг сонсчихоод “Уч кудук хотын талаар ганц шүлэг ч байдаггүй атал бүхэл бүтэн дуу зориулчихаж” гэж дуу алдаж л дээ. Харин түүний доор ажилладаг хүмүүс үүнийг нь “дургүйцэж байна” гэж хүлээж авсан юм билээ. Сүүлд нь тэр эрхэмтэй ярилцаад сууж байхад харин ч сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн гэдгээ хэлсэн юм хэмээжээ. Ингээд энэ дууг жил хагасын дараа нийлэл Москва хотынхонд телевизээр дамжуулснаар хориг нь цуцлагджээ. Жилийн өмнө монголоос Шар айраг хамтлаг ирэн Эмэгтэйчүүдийн баярын тоглолт Манчестер хотноо тоглохдоо. “Ялла” гийн дуунуудаас дуулахдаа мөн нөгөө “Уч кудук” ыг оруулж л байсан. Ардын хувьсгалын 60 жил 1981 оны наадмаар Соёлын яамнаас Узбекстаны “Ялла” хамтлагийг БНМАУ д урьж байсан удаатай. Төв цэнгэлдэх хүрээлэнд “Ялла” хамтлагийг тоглуулж, нэгэн оройн шоу концерт хийхээр төлөвлөж байжээ. Гэвч тус хамтлагийн концертын тоглолтонд “Чингисийн баатрууд” нэртэй дуу нь манай намын төв хорооны үзэл сурталын хэлтэсийнхэнд таалагдсангүй. Уг нь “Ялла” хамтлагийнхан “Чингис”, “Чингисийн баатрууд” дуугаа Москва, бүх холбоотын улс болгонд дуулж явсан бөгөөд монголд энэ дуугаа дуулах тун их хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэдэг. Яаж МАХН ын томчууд “Чингисийн баатрууд” дууг хүлээн зөвшөөрөх билээ. Ингээд ганц дуунаас болж “Ялла” хамтлагыг монголд тоглуулахаас татгалзжээ. Ф.Закировын хувьд эзэн Чингисийн нутагт өөрийн зохиосон дуугаа дуулах нь нэг бодлын том хүсэл мөрөөдөл байсан нь лавтай. Харамсалтай нь монголчуудын хувьд “Чингисийн баатрууд” дууг зохиогдсоноос нь хойш 15 жилийн дараа л анх сонссон юм. Ф.Закиров В.Жанибековын адил улс төрд хөл тавьж Соёлын асуудал эрхэлсэн сайдаар хэсэг ажиллаж байгаад уран бүтээлч хүн албан тасалгааны ажил зохихгүй юм гэж мэдээд түүнийгээ орхиж.

2017 он 2 сар