Monday, April 22, 2019

Манчестерийн хотын захиргааны байр





Хотын захиргааны байр нь
13 дугаар зууны үеийн готик загварын эртний гоёмсог барилга бөгөөд Манчестерийн хамгийн чухал барилгын нэг гэж болно.   Хотын хүн ам эрчтэй өссөнөөр хотын захиргааны байрыг томсгох шаардлага гарч сүүлдээ Кинг болон Кросс стритийн зөрлөг дээрхи хотын захиргааны хуучин байрыг нураан зөвхөн гадаах баганыг нь үлдээн Хитон паркад шилжүүлэн байрлуулсан байна.  Ингээд 1868 оны 10 сарын 26 нд шинэ байрны суурийг нь тавьсан ба 1877 оны 9 сарын 13 нд албан ёсны нээлтийг хийжээ. Өвөрмөц гурвалжин хэлбэртэй уг байр нь баруун хойд зүг рүү чиглэсэн бөгөөд англи, шотланд, ирландаас авчирсан гантиг чулууг хэрэглэсэн. Барилгын өнцөг булан бүр хотын талаархи түүхийг илэрхийлнэ. Гол хаалганы довжоон дээр хөвөнгийн ургамлын цэцгийг нэлээд томоор чулуугаар шигтгэсэн байдаг мөн барилгын цамхагын том цагны 12, 3, 6, 9 тооны оронд хөвөнгийн ургамлын цэцэг байдаг. Гол хаалгаар ормогц ромын загварын шалны шигтгэсэн чимэглэлтэй учир нь
Манчестерийн анх суурийг тавьсан хүмүүс нь эртний ромчууд бөгөөд английг байлдан дагуулж байсан кампанит ажлын явцдаа орчин тойрондоо дов толгодоор  хүрээлэгдсэн цэрэг сратегийн тохиромжтой газар гэж хүлээн зөвшөөрч цэргийн баазаа байрлуулах болж энэ түүхээс уламжлагдан үлдсэн ул мөрийг одоо үед Кастелфильд дэхь ромчуудын туурингаас харж болно. Барилгын хоёр давхар цагаан гантиган чулуугаар шигтгэсэн шалан дээр ажилчин зөгийгөөр чимэглэсэн нь учиртай хөвөн даавуу нэхдэг манфактурын үйлдвэр хөгжснөөр английн бусад хөдөө орон нутгаас болон гадаад орны цагаач иргэд ирэн уг хотыг ажилчин ангийн хот болгосон юм. Манчестерийн дээхэн үеийн бэлэг тэмдэг нь далайн хөлөг онгоц юм. Учир нь далайн тээвэр ид хөгжиж байх үед Америк, Австрали, Хятад зэрэг алс холын орнуудад очин худалдаа наймаа хийдэг байж.  Иймээс худалдааны харьцаатай байсан улсуудынхаа бэлэг тэмдгийг захиргааны байрын ёслолын таазан дээгүүр байрлуулсан байдаг. Харин эдгээр орнуудаас хамгийн онцлог болгодог орон нь Япон юм тэр үед тус улс хаалттай, гадаад орнуудтай харьцдаггүй байж. Хотын захиргааны дотор тал нь мөн гадна тал шигээ их ур хийц шаардагдсныг тодорхой харж болно. Хотын нэртэй салшгүй  холбоотой алдартай хүмүүсийн цээжин баримал их олон. Үүнээс зөвхөн хоёр хүнийг онцолж тодруулмаар байна. Нэрт физикч Жон Дэлтоны онол дээр үндэслэгдсэн судалгааг Манчестэрийн их сургуулийн баг явуулснаар атомыг анх энд задласан. Нөгөө нь 1 дүгээр Чарльз хаанаа түлхэн унаган өөрөө эзэн суусан Кромвель. Иргэний  дайны дараагаар түүний английг удирдах болсон нь зөв нөгөө бол буруу үйлдэл гэж  ялгаж салгахад төвөгтэй болгодог. Манайхаар бол Цогт тайжтай төстэй гэх үү дээ. Комунизмын үед монголд шарын шашин дэлгэрүүлэхийн эсрэг тэмцсэний хувьд түүнийг үндэсний баатар болгож байснаа ардчилал хөгжөөд шашин шүтэх чөлөөтэй болоод ирэхээр Далай ламын эсрэг боссон тэрслүү үзэлтэн болгодог шиг. Кромвелийн хувьд хааныхаа эсрэг цэргийн хүчээр босох иргэний дайны үед цэргийн удирдагч болохоо харуулан хаанаа ширээнээс нь татан буулган, толгойг нь аван, Парламент дангаар улс орныг удирдах боломж олгосон. Одоо цагт Хатан хааны зөвхөн бэлэг тэмдгийн чанартай болж эрх үүрэг нь багассан нь түүний шууд оролцоотой холбоотой юм. Хожим Кромвелийг нас барсны дараа хааны хязгааргүй эрх мэдлийг дэмжигчид түүний булшнаас нь ухаж гарган цогцосыг дүүжилж байсан байна. Манчестэр хотынхон түүний талд орсон нь хожим хойно хатан хаан Виктория уг хотод зочилж ирэх урилга хүлээж аваад ихэд дургүйлхэж байсан гэдэг хатан хааны энэ хотод таагүй байдгийн шалтгаан нь ганц энэ байсангүй. Тэрбээр Манчестэрийг бохир заваан гэж голдог байсан бөгөөд хотын захиргааны байр нээлтээ хийхэд хүрэлцэн ирэхээс татгалзсан гэдэг. Энэ мэт олон шалтгааны улмаас хотын захиргааны гадаахь талбайг хатан хааны оронд нөхөр хунтайж Альбертынх нэрээр нэрлэн хөшөөг нь  босгосон байна. Энэ нь ч зөв сонголт болсон гэж хэлж болно учир нь хун тайж Альберт хотын шинээр хөгжиж буй техник технологийг хувь хүнийхээ хувьд ихэд сонирхдог нэгэн байж. Мөн Манчестэрийн түүхтэй тодорхой хэмжээгээр холбогдсон бусад алдартангуудаас
Енглесыг дурьдаж болно. Аавынхаа хувийн үйлдвэрт түр хугацаагаар ажиллахаар ирээд "Англи дахь ажилчин ангийн нөхцөл байдал" гэдэг номоо бичих санаагаа олж авсан гэдэг. Английн алдартай зохиолч Чарльз Дикинсон хүртэл өөрийн зохиол бүтээлдээ тусгасан хүмүүсийн амьдрал ахуй нь энэ хотын өнгө төрхөөс шууд тусгасан гэдэг. Эхэн үедээ хотын захиргааны байрны тодорхой хэсгийг  цагдаагийн газар эзэлдэг байхад ажлын ур чадвараараа илүү гарч ирсэн цагдаагийн  ажилтан өөр нэг зохиолчид нэртэй мөрдөн байцаагчын дүрийг бүтээх санаа өгч энэ бидний сайн мэдэх Шерлок Холмес юм. Гэмт хэрэгтнийг хурдан илрүүлэх үүднээс цагдаагийн дүрэмт хувцасныхаа оронд энгийн хувцас өмсөн олон цугларсан газраар явж мэдээлэл цуглуулдаг байсан нь тэр үедээ төдийлөн дэлгэрээгүй шинэлэг арга байж түүний олсон амжилтыг орон нутгийн сонин хэвлэлд байнга мэдээлдэг байсан аж.

Хотын захиргааны байрны өөр нэг сонирхолтой хэсэг нь онцгой томоохон ёслол болдог Их танхим. Танхимын ханыг чимэглэн Манчестер үүсгэн байгуулагдснаас 19 дүгээр зууныг хүртэлх түүхийг харуулсан 12 хэсэг уран зургийн бүтээлийг дурьдаж болно. Эдгээр нь ганц хүний бүтээл бөгөөд нийт
15 жилийн хугацаа зарцуулсан гэдэг. Мөн уран зургийн өөр нэг онцлог нь зураач дүрээ гаргахдаа өөрийн дотно танил найз нөхөд тэр ч бүү хэл эхнэрээ мөн нууц амрагаа хүртэл оруулж байсан гэж бодохоор орчин үеийнхээр бол түүний социал медиа хуудас гэхээр. Тэрбээр зөвхөн таньдаг хүмүүсээр хязгаарласангүй гудамжинд тааралдсан зарим нэг хүний ганцхан хөлийг нь эсвэл гарыг харж зурах гэсэн санал хүсэлт тавьдаг байж.  Заримдаа амьд амьтан нэгэн тохиолдолд нохой өөр нэг тохиолдолд гахай авчирч зурж байхад нь ёслолын танхим дахь том орган хөгжмийг тоглож эхлэхэд нөгөөх амьтад нь айж үргээд зугтаж гүйсэнд барьж авах гэж бөөн ажил болж. Мөн уг танхимын тайзаар нь дээр үед Манчестертай далайгаар арилжаа наймаа хийдэг улс орнуудыг төлөөлсөн эмблем байх жишээтэй. Уг байр нь албан ажил явуулдаг газар болохоор бүх өрөөгөөр нь орж үзэх боломжгүй зөвхөн тухайн үед ашиглагдахгүй байгаа хэсгээр нэг бол тайлбарлагчтай нөгөө бол  өөрсдөө бие дааж явж үзэж болдог. Ер нь тэгээд нарийн судалгаа хийнэ гэвэл хичнээн бол цаг зарцуулж болохоор дуусахгүй юм билээ миний хувьд товчлон тоймлоход иймэрхүү. 


2011 оны 7 сар.