Wednesday, January 8, 2020

Анжела Келли Хатан хааны арын албанд




Анжела Келли Их Британийн Хатан хааны арын албанд сүүлийн 25 жилийн турш зүтгэсэн нэгэн бөгөөд тэрбээр төрийн ёслолын өмсгөл болон үнэт эдлэлийг хариуцахын зэрэгцээ аливаа арга хэмжээнд оролцох шинэ хувцасны загварыг гаргах гээд олон давхар үүрэг гүйцэтгэдэг байна.  Хэдийгээр түүний ажил хэрэг олны өмнө тэр болгон ил гараад байхгүй ч тэрбээр Хатан хаантай хамгийн ойр байж түүний гадаад үзэмжинд нь  зөвлөгөө өгдөг онцгой эрх дархтай чухал хүн юм. Уг ном нь Анжелагийн хоёр дахь ном бөгөөд тэрбээр урьд нь “Хатан хааныг хувцаслах нь”  гэдэг номоо хэвлүүлж байж.

Индүүдлэгийн тавцантай танилцсан нь
  1992 онд одоогоос 27 жилийн өмнө Герман дахь Их Британийн Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа Хатан хаантай анхлан нүүр учирах боломж гарсан билээ. Берлин дэх Элчин сайдын яамны байранд чухал зочин хүлээж авна гээд бөөн ажил өрнөсөн. Би нэгэнт үйлчилгээний албанд байсан тул миний зүгээс зочидын дуртай, дургүй хоол унд мөн аливаа идэх, уух зүйлтэй холбоотой харшил зэрэгт анхаарал хандуулахын зэрэгцээ шаардлагагүй бол өрөөнд нь яваад оролгүй аль болох тав тухтай байдалд илүү анхаарал тавих хэрэгтэй болсон.  
Гэхдээ Хатан хаан болон түүний нөхөр Эдинбургийн гүнтэн нарыг хүлээж авах юм гэж төсөөлж байгаагүй. Эцэстээ тэдний айлчлал өндөрлөөд үйлчилгээний ажилтнуудтай уулзаж бидэнд талархалаа илэрхийлэн гарын бэлэг өгөх болсон. Би гоёмсог жаазанд хийсэн  Хатан хаан нөхрийнхөө хамт авхуулсан зураг EIIR буюу 2 дугаар Элизабет гэдэг нэрийг товчилсон бичигтэй зүү утасны жижиг хайрцаг авсандаа их баяртай байсан.
  Хүндэт зочдыг яваад хэдэн долоо хоног өнгөрсний дараа миний нэлээд дотно танилцсан Мисс Пегги утасдаад намайг англидаа буцаж ирэх хэвээрээ байгаа эсэхийг дахин асуугаад ажил хэрэгтэй бол Букинхэмийн Ордонд туслах оёдолчны орон тоо байгаа гэсэнд би бараг чихэндээ итгээгүй. Би тэр үед гэрлэлтээ цуцлуулсан тэгээд хүүхдүүдээ өөр дээрээ авч байсан болохоор тэднийхээ саналыг харгалзах хэрэгтэй болсон. Шинэ ч гэж дээ би үнэндээ дөнгөж найман настайгаасаа ийм ажилд албан ёсоор орсон байсан. Манайх Ливерпулийн айл аав худалдааны усан онгоцонд ажиллан холын аянд байнга явж, ээж гэртээ оёдол хийнэ. Тэр үеийн жишгээр дээрээ хоёр доороо хоёр өрөөтэй хоёр бөөрөөрөө хөршүүдийнхтэйгээ нийлчихсэн байшинд, энгийн боловч баяр баясгалантай амьдардаг байсан. Том өрөө зочид хүлээж аваагүй үед бол ээжийн үйлийн ажилд хэрэглэгдэнэ. Ээж Сингер брендийн оёдолын машинаа сайн цэвэрлэн тослохыг багаасаа харсаар байгаад мэддэг болчихсон байсан. Оёдолын хөл машины резэнэн бүслүүрийг тасраагүй эсэхийг сайн шалган, машинаа тослохыг сайн суралцсаны дараа утасаа яаж сүвлэн оёдол яаж хийхийг заалгаж эхэлсэн. Ээж маань их уран гартай миний сургуулийн дүрэмт хувцаснаас авхуулаад бүхий л өмсөж зүүхийг төвдөлгүй оёчихно дээр нь хавь орчимын
хүмүүст хэрэгтэй гэсэн зүйлсийг цагаа хайрлахгүй харамгүй сэтгэлээр хийгээд өгдөг. Ээж мэдэх чадах бүхэнээ надад харамгүй зааж сурган миний хувьд амьд сургууль болсон. Том болоод ээж шигээ мундаг оёдолчин болохсон гэж мөрөөддөг байсан. Миний хамгийн анхны цалинтай ажил оёдолын үйлдвэрт товчны нүх хэрэх байсан. 
 1994 оны 3 сарын 31нд Ордонд ажлаа эхлүүлэхээр ирсэн. Анхныхаа өдөрөөс Хатан хааны үйлчилгээнд байна гэдэг байлдааны бэлэн байдалд үргэлж байх ёстой гэдэг чухал сургамжаа авсан. Өөрийн байрлах дээд давхарын өрөөндөө хаалгачаар чемоданаа өргүүлөн ороод юм хуумаа янзалж эхэлсэн гэтэл Мисс Пегги орж ирээд “ингэж энд тухлах гээд байх шаардлагагүй бид одоо Винзорын Шилтгээн рүү сарын хугацаатай шилжин байрлах гэж байна. Харин тэрнээс өмнө хамгийн эхний хийх зүйл нь чамайг индүүдлэгийн тавцантай танилцуулах хэрэгтэй байна” гэсэн. Мисс Пегги намайг нэг жижиг өрөө рүү дагуулж ирээд “Индүүдлэгийн тавцан минь чамайг шинэ эзэмшигчтэй чинь танилцуулъяа” гэсэн. Магадгүй  энэ тохиолдол хөндлөгнийн хүнд инээдтэй мэт сонсогдож магадгүй бидний  мэргэжлийн хүмүүст энэ нь чухал ажилын хэрэгсэл болдог. Хожим Хатан хааныг Их Британын орон нутгаар
айлчлах болон дагалдан түүний тусгай галт тэргэнд суухдаа индүүдлэгийн тавцангаа аваад л явсан. Замдаа цонхоор хөдөө газарыг байгалийн сайханыг хараад сууж байхын оронд дараагийн очих газар өмсөх хувцасыг индүүдээд зогсож байгаа юм. Галт тэрэгний хөдөлгөөнд тэнцвэрээ олон тэгэж ажиллах нь нэг ёсоор далайн давалгаанд тэших тавцан дээр тэнцвэрээ олж байгаатай адил гэхээр. Туслах оёдолчны хувьд  Хатан хааны хувцасны шүүгээгнүүд  болон материалын агуулахыг үзсэн.  Хатан хаан бэлгэнд үнэтэй сайн чанарын материал авдаг тулд энд хураан цуглуулж ирээдүйн хэрэгцээнд ашигладаг болохыг мэдсэн.
  Ордоны аж ахуйн хүмүүстэй танилцаж эхлэхэд гэрлэсэн эсэх гэсэн хувийн асуулттай байнга тулгарч байсан. Уг нь бол Мисс бол гэрлээгүй эмэгтэй хүнд хэрэглэгддэг байсан. Би хэдийгээр гэрлэлтээ цуцлуулсан ч өөрийгөө Мисс Келли гэж дуудуулдаг байсан. Бусадын янз бүрийн шалгаалтанд тэр болгон өртөхгүй байх гэхдээ Хатан хаанаас зөвлөгөө авахыг хүссэн. Тэр үед би Ордонд ажиллаад хэдэн сар болчихсон байсан бөгөөд овоо нүүр хагарчихсан байсан. Нөхөр чинь хаана байгаа юм гэрлэсэн хэвээрээ гэсэн олон асуултаас зайлсхийх үүднээс “Мисс Келли” гэдгээ хэвээр нь байлгасан нь дээр гэж санал болгосон.  

АКА 47 винтов хочтой болсон нь
Ордонд ажилд ороод удаагүй байхад орчин тойроны хүмүүс намайг нэг дорд үзээд байгаа нь
ажиглагдсан. Ливерпулынхныг скаус аялагатай гэдэг миний ярихыг сонссон хэнд ч гэсэн хаанаас ирсэн нь илэрхий. Английн урьд хэсгийнхэн мань мэтийн хойд зүгээс гаралтай хүмүүсийг нүд үзүүрлэсэн шинжтэй ханддаг нэг тийм хэцүү юм байдаг. Дээр нь гэр бүлээ цуцлуусан гуравын гурван хүүхэдтэй гэдэг нэмэрлээд намайг Хатан хаантай ингэж ойр ажиллахад тохирох хүн бус гэж зарим нэгэн үзэж байгаа нь илэрхий байсан.
  Би ямагт үзэл бодолоо ил тод чөлөөтэй илэрхийлэхийг эрхэмлэдэг байсан. Хэдийгээр миний аялага зарим Ливерпулийн хүмүүс шиг хүнд биш ч гэсэн анзаарсан хэнд ч гэсэн илэрхий байсан. Хэл ярианы мэргэжилтэнээр хичээл заалгавал энэ төрөлхийн аялагаа бүр мөсөн алга болгочихдог болов уу гэж бодох болсон. Сүүлдээ энэ хүсэлтээ Хатан хаанд уламжилж байсан. Тэрбээр тэгэх шаардлагагүй гэж намайг ятган, хэлж байгаа үг болгоноо аажуухан зөв хэлээд байхад болно гэж учирласнаас хойш миний сэтгэл амарсан. Үнэндээ түүний зөв гэдэг нь тодорхой байсан. Би хичнээн өөрийгөө өөрчилөхийг хүслээ гэхэд Ливерпулд төрсөн гэдгийг үгүйсгэх аргагүй тэгэхээр өв уламжлалаа нуун дарж далдахын оронд огт эсрэгээр би Ливерпулээс гаралтай гэж бахархаж байх ёстой гэдгээ улам ухаарах болсон.
Ордоны ажил амьдаралдаа нэг л мэдэхэд дасаад ирсэн. Өгсөн үүрэг даалгаварыг би хурдан амжилттай биелүүлж байсан ч би тэнд байгаагаараа зарим хүнд хүндрэл учируулж байсан. Тэр үед Ордоны ажил хэргийг голдуу эрчүүд голлон удирдан явуулдаг байсан. Олон жилийн турш
тогтоосон дэг журам гэж ганхахын аргагүй. Шинэ хүн ажилд ороод 12 жил болсны дараа л үзэл бодолоо хэлж болдог гэж сонсож байсан. Би үүнд тун дургүй байсан. Хэдийгээр би өөрийгөө зөв юм хэлж байгаа гэж сайн мэдэж байсан тэдгээр хуучуул намайг үл тоомсорлосон цааш нь түлхсэн байдлаар харьцдаг байсан. Тэгээд чимээгүй суугаад байхаас татгалзсан миний хандлага намайг “АКА 47 винтов” нөгөө бол Хатан хааны “Хаалгач” гэсэн хоцтой болгосон.
  Хатан хааны өөрийн байр байдлаар үлгэр жишээ болон намайг үзэл бодолоо хүчтэй хамгаалан, байр сууриндаа бат зогсон, бусадыг даган хуйлрахын оронд өөрийнхөө байгаагаараа итгэлтэй байхад урам хайрладаг байсан. 2000 онд Ромд албан ёсны айлчлал хийх үеэрээ Хамба ламд бараалхах болсон. Хатан хаан урьд нь очиж байхдаа хар өнгийн урт даашинз, очир алзааман титэм болон гивлүүр өмсөж байсан. Тэгсэн энэ удаа Ордоны бодлого боловсруулдаг хүмүүс Хатан хаан тод өнгийн даашинз өмсөн очоод дараагийн арга хэмжээндээ тэр хувцасаа солихгүйгээр шууд үргэлжлүүлэн явна гэж төлөвлөгөө гаргасан. Би католиг шашин шүтдэг гэр бүлд өссөн болохоор дээрхи шийдвэр буруу байна гэж бодолоо
хэлсэн. Тэд нөгөө тоомжиргүй байдлаар надад хандсан. Би бүр Хатан хаанд өөрт нь хэлж учирлаж байсан. Тэгээд зүгээр орхисонгүй өөрийн гэсэн далд төлөвлөгөө гаргасан. Хатан хааны өмсөх дуртай даашинз жакетны хослолыг оёдолчдод өгөн яг энэ загварыг бараан цэнхэр өнгөөр хийгээд надад авчирч өгөхийг даалгасан. Даашинзтай хослуулан дугуй хар малгай хийлгэсэн.
  Ромд ирэн намайг хувцас хунарыг янзалж цэгцэлж байхад Хатан хааны нарийн бичгийн дарга миний нэрийг чангаар дуудан гүйхээрээ шахам хүрээд ирсэн. Пап хамбад бараалхахдаа Хатан хаан ямар хувцас өмсөх юм гэж асуусан. Би хариуд нь өөрийн чинь заавар болгосноор тод ягаан даашинз гэсэн Тэрбээр сандран заавал бараан өнгийн хувцас байх хэрэгтэй байна гэж бувтанасан. Тэгснээ ер гэнэтийн тохиолдол гээд хар өнгийн хувцас авч явдаггүй билүү гэсэн. Би түүнийг улам цаашлуулах гэхдээ уг нь тэгдэг гэхдээ энэ удаа хэрэгсэхгүй болгосон гэсэн. Тэгээд түүнд санаа зоволтгүй Хатан хаан олны өмнө хүндэтгэлтэй хэвээрээ харагдана гэсэн. Би нөгөө нууц хослолоо үзүүлэн хосолсон хар малгайгаа үзүүлэхэд Хатан хаан ч тайвшрах шиг болсон. Ингэж Хатан хааныг Ромын хамба ламд ёс алдуулахаас зайлуулж чадсан.

Буруу харуулж өмссөн малгай
  Туслах оёдолчноор ажиллаж эхлэх үеэс Хатан хааныг олны өмнө аятайхан сайхан харагдуулах арга барилд давхар суралцах хэрэгтэй болсон. Мисс Пегги 1995 онд тэтгэвэртээ гараад жил өнгөрсний дараа би Хатан хааныг хувцаслах гол хүн болсон. Хувцасыг нь өмсүүлдэг хүн гэхээр миний энэ ажилыг явцуу болгоод байх шиг. Учир нь төрийн ёслолын
нөмрөг даашинз, үнэт эдлэл зэрэгийг үл тооцвол Хатан хаан тэгж бусдын туслалцаа хэрэглэхгүй хувцасаа өөрөө өмсчихдөг. Мөн би түүнийг хувцаслана гэхээр өлгүүрээс тухайн хувцасыг авч өгөөд болчихдог гэж бас хэлж болохгүй маш олон зүйл бодолцох хэрэг гарна.  Үүнд нэгэн жишээ хэлэхэд 1998 онд Хатан хаан Малайзид айлчилахдаа Куала Лумпурт болох Их Британийн Хамтын нөхөрлөлийн орнуудын олимпийн нээлтэнд оролцох байсан. Нэгэнт халуун уур амьсгалтай газар тул Хатан хаан пиджак болон хүрэм өмсөхгүй улаан хүрэн өнгийн даашинз малгай хослуулан өмсөх байсан. Аяны бэлтгэл ажилын үеэр тэр малгайг нь урьдчилж өмсөж үзүүлэх боломж гараагүй.
  Би хувцасыг гарган бэлдэж байхдаа малгайг хайрцагнаас нь гаргасан түүнийг гартаа барьж байгаад сайн ажиглаж байсан. Дунгийн хэлбэртэй хийц сайтай малгай байсан ч би түүнийг Хатан хаанд зохихгүй нь гэдгийг анзаарсан. Тэр олон орны хүмүүсийн өмнө гарч үг хэлэх гэж байгаа хүн зохиогүй малгай өмсөх нь нэр хүндийн хэрэг байлаа. Дээр нь түүний зурагийг дэлхий дахины хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр тараана.
  Товлосон хугацаа ойртох тутам миний санаа зовон өөрийнхөө санааг яаж илэрхийлэхээ мэдэхгүй тэвдэж байлаа. Намайг яг үнэнээ хэлэхэд Хатан хаан чимээгүй сонсож байгаад “Тэгээд одоо малгайгүй би яах билээ” гэж асуусан. Би хариуд нь заавал өмсөх болбол малгайг ар талыг нь урьд болгон өөрчилж өмсвөл илүү зохимжтой харагдана гэсэн. Тэрбээр хэсэг эргэлзэж байгаад Эдинбургийн гүн нөхөртэйгөө зөвлөлдөх
болсон. Учир нь тэрбээр юу бодож байгаагаа илэн далангүй хэлдэг нэгэн. Эцэст нь Хатан хаан миний хэлсэн ёсоор малгайгаа өмсөх болоод  “малгай хийсэн хүмүүс сэтгэл дундуур үлдэх байхдаа” гэсэн. Би хариуд нь “та санаа зоволтгүй би учирлаад өгье” гэсэн. Арга хэмжээ болоод өндөрлөсний дараа тэрбээр над руу хараад инээмсэглэсэн нь намайг зөв шийд гаргасныг улам баталгаажуулсан мөн бидний цаашдын ажилд хэл амаа амархан ололцох юм гэдэгт итгэл төөрүүлсэн.
  Яг гардан өмсүүлдэг хувцас гэвэл эртний уламжлалт төрийн арга хэмжээнүүд байдаг. Үүнийг жишээ болговол Гартерийн өдөр буюу Цол өргөмжлөх ёслол энэ үеэр Хатан хаан цагаан сатинаар доторлосон тод цэнхэр өнгийн хилэн нөмрөг, өдөөр чимэглэсэн хар хилэн малгай өмсдөг. Уг ёслол 1348 онд 3 дугаар Эдвард хааны санаачилгаар анх үүсэн бий болж. 6 сард Вангийн морин уралдаан болох долоо хоногийн эхний өдөр Винзорын Шилтгээний  Гэгээн Жоржийн сүмд болдог. Эртний түүхэндээ Гэгээн Жорж англид халдан ирсэн лууг хөнөөж улс ороныг аварсан гэдэг тийм болохоор Хатан хааны нөмрөгийн баруун мөрөн дээр улаан хилэн давхар юүдэн байдаг. Улс оронд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж шилэн сонгогдсон 24 рецар буюу жентелмен болон  хатагтай нар бас хилэн нөмрөг өмссөн байх ёстой. Хатан хаанд нөмрөгийг нь өмсүүлэхээс өмнө хилэнд ямар нэг толбо тогтсон эсэхийг сайн шалган шотекоор цэвэрлэн эвхээсээрээ мөр гаргасныг алга болгохын тулд усанд ордог онгоцоо халуун усаар дүүргэж байгаа болгоомжтой дээгүүр нь тохож өлгөнө. Хилэн
материалд ус хүргэж мөн индүүдэж болохгүй. Нугалаас нь бүрэн гарсны дараа тэндээс буулгаж аван газар орны даавуу тавьж нөмрөг бохирдохоос хамгаалан хаалганы ард өлгөх зуур нөмрөгөн дээр зүүдэг цагаан туузыг индүүдэг. Нөмрөгийн дотор өмсөх даашинзны үрчлээс болон цахилгаан зэргийг сайн шалгасны дараа өмсөхөд бэлэн болно. Гэнэтийн тохиодолд хэрэг болж магадгүй гэдэг үүднээс өөр илүү даашинз заавал тусад нь бэлддэг. Хамгийн сүүлд нөмрөгөн дээрээ өмсөх 24 ширхэг сарнайн паалантай гинжийг бэлдэнэ. Уг нөмрөг нь нэлээд хүнд ёслол дуусаад тайлж авахад Хатан хаан амьсгаа авах шиг болдог. Үүнээс гадна Хатан хааны биечлэн оролцдог ёслол нь Парламетын хуралдааныг нээх. Энэ нь ихэвчлэн 11 сард Ерөнхий Сайд сонгодсон сонгууль болсны дараа болдог. Парламентийн шинэ хуралдаан эхэлснийг зарлан Хатан хаан үг хэлдэг.
Миний хувьд уг арга хэмжээнд өмсөх Төрийн нөмрөгийг бэлдэх ажилдаа орно. Ордоны хаалгачаар туслуулан нөмрөгийг хадгалдаг төмөр авдарыг өрөөнд оруулна. Авдараас дөрвөлжин улаан хилэн нөмрөгийг хийснийг гаргаж авна. Нөмрөгийн ширээн дээр дэлгэн дотор нь тавьсан зөөлөн цааснуудыг салгаж авна. Ямар нэг гэмтэл янзлах зүйл байгаа эсэхийг сайн шалгана. Энэ ажилыг ганц хүн гүйцэтгэх боломжгүй тул би багийнхаа гишүүдээс туслалцаа авна. Ингээд бидний дөрвөн хүн нөмрөгийг өргөн индүүдлэгийн тавцан дээр аваачина. Нөмрөгийг чимэглэдэг туузыг нэг нь индүүдэж байхад хоёр хүн нөмрөгийг барьж
тусална. Бараг 30 минут шахуу зарцуулж дуусгасны дараа нөмрөгийг халаалттай өрөөнд өлгөн тавьж элдэв нугалаа үрчилээг бүрэн гаргана. Дөрвүүлээ тогтсон дэг дараалалтай нөмрөгийн эвтэйхэн эвхэн хилэн уутанд нь эвхэн хийн Хатан хааны өрөөний гадаа тавьж Парламентийн Ордон руу авч явахад бэлэн болгоно. Нөмрөгийн доор өмсөх хоёр даашинзыг Хатан хаанаар сонгуулахаар авчирдаг. Нэгэнт нөмрөг хүнд учир аль болох нимгэн хөнгөн материалтай даашинз байхаар зохицуулдаг. Бусад хүмүүс гутал цүнх зэргийг сонгон авчрахад үнэт эдлэлийг би биечлэн сонгодог. Ээмэг, зүүлт, цаг, бугуйвч, бөгж зэргийг сонгон тавиур дээр тавина. Бага зэрэг Жин Gin устай хольж очир алмаазыг гялалзуулдаг мөн аяга таваг угаадаг шингэн ч хэрэг болно. Парламентийн Ордонд ирсэн хойноо нөмрөгийг дахин уутнаас нь гаргаж Хатан хаанд өмсүүлнэ. Би энэ ажилыг анх удаа хийж байхад ямар чухал ажил хийж байгаагаа мэдэрч байсан. Гэнэт туузуудыг холбож байхдаа би гэнэт яг зогсчихсон. Яг л цахилгаанд цохиулсан мэт тэгсэн мөртлөө Хатан хааныг хойшлуулахад хүргэж байна гэж бодоод дотор пал хийн сандарсан. Хатан хаан ч намайг тэвдээд байгааг анзаарсан бөгөөд миний гар дээр хүрснээ яарах хэрэггүй бидэнд хангалттай цаг байна гэж тайтгаруулсан. Нөмрөгийг нуруугаар нь бэхэлж бэлэн болсны дараа Эзэнт гүрний төрийн титэмийг өмсгөнө. Хатан хаанд нөмрөгийг нь өмсүүлэхдээ хоёр сандал дээр тохоон тавихад амар байдаг. Хатан хаан бэлэн болсны дараа бяцхан хөвгүүд өрөөнд орж ирэн нөмрөгийг барин Хатан хааны араас даган гардаг.  

Хатан хааны дизайнер
  Жил бүр 300 илүү арга хэмжээнд Хатан хаан оролцох гарна. Мэдээж эдгээр нь улиралын тэмдэглэлт, соёлын гээд янз бүрийн өнгө агуулгатай байдаг. Зарим тохиолдолд Хатан хаан нэг хувцасаа дахин давтан өмсөх тохиолдол байна. Харин шинээр хувцасны загвар гаргах гэж байгаа бол би материалын агуулах руу ороод материал болгоныг сайтар шинжин үзнэ. Хэрэв өөр газраас авах болбол би материалыг  гартаа барьж хэрхэн үрчиийж байна хир хурдан
тэнийж байна гэж үзэхийн зэрэгцээ зарим тохиолдолд хэрэгтэй гэж үзвэл сэнс тавьж яаж хөдөлж байгааг ажигладаг. Сул нэхсэн материал амархан хэвээ алддаг гэхдээ үүнийг шийдэх ганц арга нь доторыг нь сайн материал оруулж аргалж болдог. Заримдаа тийм материалын утас нь хөврөн эдлэгээ даахгүй тааруухан харагдах нь бий.
  Материалын өнгө бас чухал өдөрийн цаг бол гэгээтэй тод өнгө илүү тохиромжтой. Энэ нь Хатан хааныг цугларсан олноос ялгарах давуу талтай. Жилийн дөрвөн улирал тус бүрд  тохируулж хувцасыг бэлддэг. Хавар бол зөөлөн цайвар цэцгэн хээтэй зузаан бус хүрэм, пальто гэхдээ цаг агаар үргэлж өөрчлөгдөх тул бас дулаан материалаар хийсэн хувцас давхар бэлдэх ёстой. Зун бол тод өнгийн нимгэн биеийн хөдөлгөөн дагуу хөдөлдөг эвтэйхэн материал. Намар сэрүү ороод ирэхээр зузаан ноосон ноолууран драп гэх мэт. Өвөл алтлаг болон тод цэнхэр, тод хөх ягаан  өнгөтэй  пальто түүнтэй нь хосолсон дулаан малгай ороолт хэрэг болно. Хувцасны өнгийг би эртнээс төлөвлөдөг хоёр сар болоод жилийн өмнө Хатан хаан ямар өнгө өмссөнийг шалгадаг ингэснээр ямар нэг өнгө давтагдахаас зайлсхийж болдог.
  Мэдээж Хатан хаанд олон гоёлын хувцас байдаг ч нохойгоо салхинд авч гаран алхахдаа энгийн хувцасладаг. Мөн тэрбээр морь унахдаа ногоон цув урт түрүүтэй гуталтай харагдах нь олонд танил. Тэрбээр кофт, банзал өмсөх дуртай. Түүний торгон болон даавуун кофтыг Лондонгийн нэг газар гараар хийж өгдөг. Түүний ердийн үед өмсөх хувцасыг нийлүүлдэг тусгай газар байдаг.  Хатан хаан пальто болон хүрэм өмсөх болбол тэр нь хэт богино юм уу хэт урт байвал түүний хөдлөхөд тээртэй болгоно. Даашинз бол дулаан улиралд зах нь доошоо сэрүүн үед энгэр ил гарсан байх хэрэггүй. Даашинз товчтой байхаасаа цахилгаантай байснаар тэрбээр хувцасаа хурдан солих боломжтой болно. Гоёлын үс засалт хийлгэснийг эвдэхгүй байх
хэрэгтэй. Мөн заримдаа даашинз болон банзалын хормойд хүндрүүлэгч давхарлан оёдог ингэснээр салхитай үед хормой нь сөхөгдөхөөс хамгаална. Машинаас бууж суухад хэт их материал орсон хувцас тээртэй. Гоёлын хувцасанд их сувд чимэглэл орсон бол удаан өмсөхөд тух муутай гэхдээ зурган дээр гоё гарах гэхдээ зарим тохиолдолд зайлшгүй өмсөж таарна. Гэхдээ түүнд аятайхан болгох үүднээс илүү дотор материал оруулах чимэглэлийг зөвхөн урьд талд байрлуулах зэргээр зохицуулж болно. Өдөрийн цагт даашинз өмсвөл урт нь өвдөг дөнгөж хэтэрсэн байдаг. Коктейл даашинз ч ялгаагүй бас тийм хэмжээний урттай байдаг. Даашинз хэт урт бас хэт бариу бол дэмий. Хатан хаанд зориулж хийгдсэн хувцас 25 жилийн эдлэгээтэй байдаг гэхдээ нэг хувцасыг хоёр юм уу гурван удаа өмссөний дараа хэвлэл мэдээллийнхэнд танил болчихдог тул дахиад олон нийтийн арга хэмжээнд өмсөх аргагүй болдог гэхдээ Хатан хаан аривч хямгач байхыг эрхэмлэдэг. Тийм хувцасаа амралтаараа Бальморал нөгөө бол Сандрихэмд байхдаа өмсөх нь элбэг.  
  Түүний гуталыг гараар хийдэг 2 инч өсгийтэй хэрэв газар нь зүлэг хайргатай бол намхан өсгийтэй туфль илүү тохиромжтой. Хатан хаан хар болон улаан өнгийн даашинз өмсөх бол түүнд хар юм уу мөнгөлөг өнгийн туфль бэлдэнэ. Хэрэв  даашинз цагаан шаргал бол алтлаг өнгийн туфль өмсүүлнэ. Цүнхийг нь бас гараар урласан байдаг. Цүнхний жин хэт хүнд биш байх нь илүү. Урт бариултай цүнх илүү тохиромжтой тэрбээр олон дизайнерын цүнх хэрэглэж ирсэн. Хатан хаан малгай дандаа өмсдөггүй. Төрийн хүндэтгэлийн зоогон дээр титэмээ өмсөх нөгөө бол толгойн чимэглэл зүүх хэрэг гарна.
  Нэгэнт дизайнер болсон тул ирээдүйн гадаад оронд айлчлах бол би тэр газар нь урьдчилан очин цаг агаарын байдал үндэсний онцлог өнгөний сонголт зэргийг судлан загвар гаргахдаа
тусгадаг. Нэгэн загвар гарсан бол миний удирдлаган дор оёдолчидоос эхлүүлээд бүхэл бүтэн баг бүрэлдэн ажиллана. Манай ажилын байран дахь нэг тийм бичигдээгүй дүрэм байдаг. Шинэ хувцас хийж байхад хэн дуртай нь тэр өрөөнд орохыг зөвшөөрдөггүй. Мөн юу хийж байгаагаа гадагшаа хамаагүй яриад явахгүй байх хэрэгтэй. Зөвхөн шинэ хувцас хийхээс гадна зарим хуучин элэгдсэн хувцасыг засварлах шаардлага бол байнга гарна.
  Хатан хааны оролцох арга хэмжээг бүтэн жилээр гарган тэмдэглэл хөтөлдөг. Хэдийгээр хичнээн нарийн төлөвлөгөө гарган бэлтгэл ажилыг сайн хийлээ ч гэсэн яг сүүлчийн мөчид хамаг юм өөрчлөгдөх тохиолдол гарч болзошгүй гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй болсон. 2010 оны 9 сард Хатан хаан Эдинбургийн гүнтэй хамт Персийн булангийн орнуудаар таван өдөрийн айлчлал хийх болсон. Айлчлал болохоос өмнө би урьдчилан тэр газар нь очиход Хатан хаан тэндэхийн томоохон лалын шашинтаны сүмд зочилох байсан. Тэндэхийн ёсоор шагайгаа хүрсэн урт хүрэм толгойгоогоо халхалсан байх ёстой байсан. Би тэр сүмээр орж үзээд халхавч зориуд байрлуулан Хатан хааныг ард нь оруулаад урт хүрэм өмсүүлэн гуталыг нь тайлуулан оймс өмсүүлэн толгойд нь алчуур нөмрүүлэхээр зохион байгуулж болно гэж төлөвлөсөн. Ордонд ирээд материалын агуулахаас алтлаг  өнгийн гоё торго сонгон шагай шүргэсэн урт хүрэм хийх болсон хосолсон дугуй малгай дээгүүр нь тохох алчуур хэрэгтэй болсон. Яг санаанд тохирсон алчуур олдохгүй байсан гэнэт миний бэлгэнд аваад өгч зүүгээгээгүй алчуур байсанаа санан түүнийгээ Хатан хаанд хэрэглүүлэхээр шийдсэн. Харин яг тэр өдөрөө сүмд хүрэхдээ би Хатан хааныг дагалдах цуваа машинуудын нэгэнд  сууж явсан. Яг газараа ирсэн Хатан хааны машиныг оруулчихаад ардах машинуудыг хаагаад зогсчихсон. Би сандраад өөрийгөө үүгээр заавал нэвтэрч Хатан хааны дэргэд байх ёстой гэдгээ арай ядан ойлгуулж гүйхээрээ яваад очсон Хатан хаан халхавчны ард ороод намайг хүлээж ядаад өөрөө хувцасаа өмссөн байсан. Би уг нь алчуурыг нь их аятайхан хэв оруулж уяж өгнө гэж бодож байсан тэгэх цаг хэн хэнд маань байсангүй. Хатан хаан санаачлага гарган малгай дээгүүрээ сул нөмрөөд гараад явсан.
2012 оны Лондонд болсон Зуны Олимпийн нээлтийн ажиллагааг зохион байгуулсан нэрт кино найруулагч надтай ярилцахдаа Хатан хаан стадионд орж ирэхээс өмнө Жэймс Бонд хүрч ирэн
Хатан хааныг аюулаас зайлуулах гэхдээ дагуулж нисдэг тэргэнд суулган стадионд шүхэрээр бууж ирж буй мэт кино зохиомж оруулмаар байна гэж саналтай байна гэсэн мэдээж үүнд Хатан хааны зөвшөөрөл түүнд хэрэгтэй байсан. Би түүний өмнөөс шууд ороод асуучихъяа гэсэн. Хатан хаан ч нэг их цааргалсангүй зөвшөөрсөн. Ингээд нээлтэнд өмсөх коктейл загварын даашинз хийх ажилдаа орсон. Олимпод оролцож буй улс үндэстний эрхэмлэдэг өнгөтэй зөрчилдөхгүй гэхдээ ийм тоор жимсний өнгийг сонгосон. Тэгээд Хатан хаан шүхэрээр бууж ирж буйг бодолцон хормой нь чөлөөтэй хөдөлгөөн хийх боломжтой байхаар хийх хэрэгтэй байсан. Хатан хаан болж тоглох шүхэрчинд Хатан хаан өмсөж байгаа даашинзыг яг ижил хийх хэрэгтэй болсон. Харин ганц ялгаа нь даашинзны хормой нь салхинд хийсэхийг бодолцон шүхэрчинд дотуур нь өмсөх шарваар хийж өгсөн. Нээлтийн ажиллагаа болтол уг төлөвлөгөөний талаар бидний цөөн хүнээс өөр хэн ч мэдэж төсөөлөөгүй байсан.
  2017 онд Парламентийг нээх ажиллагаа Гартерын ёслолтой давхардчихсан. Ийм хэт ачаалалтай болсон болохоор Хатан хаан ёслолын хувцас болон титэмээ өмсөх шаардлагагүй гэж шийдсэн. Би Хатан хааны өмсөх хувцасны шинэ загвар гарган оёдолчдоор оёулж эхлээд малгай хослуулж хийлгэх болсон. Стелла ирмэг нь дээшээ эргэсэн хүрээтэй малгайн дээрээ таван цэцэг хатган чимэглэсэн байсан. Хатан хааныг телевизээр гарсны дараа хэвлэл мэдээллийнхэн Европын холбооны далбаан өнгө болон одуудыг хуулсан байна. Хатан хаан Европын холбооны болон Бретексийн талаар үзэл бодолоо илэрхийлэх гэж оролдож байгаа юм уу гээд хэвлэл мэдээллээр шуугисан. Би үнэндээ энэ хувцасны өнгөний сонголт бусдад буруу сэтгэгдэл төрүүлнэ гэж төсөөлж байсангүй.  
 Хатан хааны хаан ширээнд суусны 60 жил буюу Очир алмаазан ойны үеэр Их Британийг
тойрон  Умард Ирландад айлчлах болсон. Би агуулахад орж харж байгаа цайвар цэнхэр өнгийн материал сонгосон. Гэхдээ тэр нь цулгүй үүнийг сэргээх өөр нэг нэмэлт юм хэрэгтэй мэт санагдсан. Винзорын Шилтгээний урт хонгилоор алхаж байхад Вежвуд брендийн шаазан эдлэлээр чимэглэсэн байсан. Тэдгээр яг миний сонгосон материалын өнгөтэй байсан бөгөөд цагаан өнгөөр дээр нь чимэглэсэн байсан надад санаа өгөн нөгөө сонгосон материал дээрээ цагаан торон чимэг оруулахад болоод явчих юм шиг санагдсан. Ингээд урт хүрэм хийн үүнтэй хосолсон малгай хийлгэсэн. Яг ийм байдалаар Эдинбургт зочилоход цулгүй ногоон материал сонгон алтлаг өнгийн тороор чимэглэсэн.  
  1871 онд Хатан хаан Анне морин уралдаан зохион байгуулан эхлэлийг тавьсан бөгөөд 1911 оноос Вангийн морин уралдаан албан ёсоор болсон. Хатан хаан өөрийн жүчээндээ хурданы морьдыг үржүүлдэг учир уг уралдаанд онцгой тохиолдол гараагүй бол Хатан хаан бараг
алгасаж байгаагүй. Таван өдөр үргэлжлэх уг арга хэмжээ Royal Ascot буюу Рояал Аскот гэдэг морин тойруулгын талбайд болдог уламжлалтай. Би шинэ хувцасны загвар гарган Хатан хаанд үзүүлэн саналыг нь асуудаг. Гэхдээ уг арга хэмжээ нь хувцаснаасаа илүү малгай нь илүү давуу анхаарал татдагаараа нэртэй. Эцэстээ ямар өнгийн хувцас хийх болсон дээрээ яг тогтсоны дараа Ордонд байрладаг малгайн цехийг ажиллуулдаг Стеллатай уулзахаар очдог. Тухайн загвараас шалтгаалан Стелла зарим нэмэлт материалыг гадаадаас захиалж авдаг. Хувцас малгай хийх морин уралдаан болохоос гурав дөрвөн долоо хоногийн өмнө яг таг болсон байх ёстой. Гэхдээ цаг агаарын байдалаас шалтгаална. Бороотой өдөр Хатан хаан шинэ хувцас өмсөхөөс зайлсхийдэг. Хувцас нороод материал нь агших гээд юу болохыг мэдэхгүй учир. Бороо орж байгаа үед хувцасныхаа өнгийг дагуулсан өнгөтэй ил харагдах шүхэр хэрэглэдэг. Олонд аль болох ил харагдах гэсэндээ. Мөн уралдааны талбайг тойрон сүйх тэргээр Хатан хаан явж үзэгчидтэй мэндэлдэг. Хатан хаан ямар өнгийн малгай өмсөх бол гэдгээр бас хүмүүс бооцоо тавьдаг

Үнэт эдлэлийн мэргэжилтэн
  Хатан хааны хувцас хунарыг янзалах ажилтай хавсран түүний үнэт эдлэлийг харж хямгадах
ажил давхар хийдэг. Хичнээн үе дамжсан үнэт эдлэл гол хэсгийг эзлэх тул тэдгээрийн үүх түүхийн хүртэл мэдэх гэхээр бараг түүхч шиг болчихно. Мэдээж он жил улиран өнгөрөхийн зэрэгцээ тэдгээр эдлэлийг орчин үеийн хэрэгцээнд зориулан өөрчлөн сайжруулах адаглаад өнгөлж цэвэрлэхэд мэргэжлийн хүмүүсийн туслалцаа надад хэрэг болдог. Владимерийн титэм гэхэд тойроод сувд болон маргад унжлагуудыг ээлжлэн зүүхэд бараг цаг гаруй хугацаа зарцуулдаг. Тэдгээр унжлагыг ямар даашинз өмсөж байгаагаасаа шалтгаалан ээлжилж зүүдэг тэдгээр унжлагуудыг дугаарлан арьсан уутанд хийн титэмээс нь тусад нь хадгалдаг. Унжлагуудыг титэмтэй холбодог хэсгийг шинээр хийх хэрэгтэй болсон. Би Лондонгийн нэр хүндтэй үнэт эдлэл хийдэг Мистер Коллинг гэдэг хүнийг Ордонд уриад Хатан хаантай танилцуулсан. Намайг титэмийг хайрцагнаас нь гарган өгөхдө тэрбээр нялх хүүхдэд гар хүрэхтэй адил болгоомжтойгоор эргүүлэн үзсэнээ нэг титэм рүү тэгснээ Хатан хаан руу ээлжилж хараад байсан. Хатан хаантай анх нүүр тулан уулзаж байгаа хүмүүс ийм байдалд
ордогийг би сайн мэдэж байсан. Хатан титэмд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй байгаагаа хэлээд өртөгийг нь асуусан. Тэгээд Мистер Коллин тун түдгэлзсэн байдалтайг хараад Хатан хаан “Анжела мөнгийг нь мэддэг над руу хараад яахав” гэсэн. Дараа нь тэрбээр Ордонд дахиад ирэхдээ Хатан хааны нэг нохойд тээглээд хивсэн дээр тэрийгээд уначихаад их эвгүй байдалд орсондоо тэвдэн уучлал гуйн сандарахад Хатан хаан “санаа зоволтгүй ноход хамгийн тохиромжгүй газар ингээд байж байдаг” гэсэн.  Хатан хааны хуцасыг бэлдээд хажууд нь хослон зүүх үнэт эдлэлийг бас бэлдэж тавьдаг. Хэрэв Хатан хаан улаан даашинз өмсөх бол би бадмаараг зүүлгэхээр өгөхгүй очир алмааз сонгоно. Бараан болон хар даашинз бол бадмаараг их гоё харагддаг. Хэрэв даашинзны өнгийг зөөллөх гэж байгаа бол сувд зүгээр байдаг. Хэдийгээр миний гол үүрэг Хатан хааны хувцас үнэт эдлэл боловч Хатан хааны гэр бүлийнхний дунд хэрэглэгддэг нэгэн хувцас миний анхааралыг зүй ёсоор татаж байсан. 163 жилийн турш Хааны болон Хатан хааны гэр бүлд төрсөн хүүхэд болгон энэ угаалгын хувцасыг өмсөн сүмд ёсолсоор ирсэн билээ. Торгон дээр маш гоёмсог тороор эмжээрлэсэн уг хувцас олон жилийн эдлэгээнд байнга хэрэглэгдсээр байгаад хэврэг болж
ирсэн нь илэрхий бөгөөд үүнийг орлох арга хэмжээ бодолцохгүй бол бүр мөсөн үгүй болох нь тодорхой болоод байв. Би энэ тухай Хатан хаантай ярилцахад тэрбээр шинээр хувцас хийх ажилыг надад даалгасан. Хэдийгээр торгон даашинзыг шинээр хийхэд тийм их асуудал гарахгүй ч орчин үед торон нэхмэл хийдэг газар бараг байхгүй шахуу болсон тул энэ хэцүү болсон. Англи дотроо цөөн байдаг газрууд руу холбогдсон ч их удаан хийх энэ ажилыг сонирхсонгүй ингээд гадагшаа хайх болсон. Италийн гэр бүлийн хувийн жижиг компани тусалж чадна гэхээр нь би хувцасыг аваад яваад очсон. Тэр газар уламжлал ёсоор гараар нэхдэг туршлагатай байсан. Тэр газар торон нэхмэлийг хариуцах хооронд би Ордонд буцан ирэн гол даашинзыг хийж эхэлсэн тэгээд эхлээд дуусгахад нийт 9 сарын хугацаа орсон. Бүр шинэ хувцасны өнгийг хуучныхтай нь адил болгох гэхдээ цайны уутаар торгон материалаа уусгасан. Золоор энэ хугацаанд Угаалгын хувцасны хэрэг гараагүй. Мөн шинэ хуувцасны хэмжээг зориуд томруулсан. Учир нь орчин үед хүүхдүүд дээр үеийнхтэй харьцуулахад том болсоныг бодолцсон хэрэг.

Холын аянд Хатан хааныг дагахад
Хатан хааныг гадаадад айлчлалаар явахад хэрэглэгдэх хувцас хунарыг дээхэн үедээ бол гурван их том арьсан шүүгэнд хийж авч явдаг байж. Хэдийгээр бат бөх ч олон жилийн эдлэгээнд арьс нь урагдан бариул нь тасраад уначихаж. Энэ нүсэр шүүгээг Ордоноос гарган онгоцонд ачуулах нь хаалгачдын ажил байдаг байсан. Орчин үед бага оврын онгоцоор нисэх болсноор ачааны багтаамж их багасч ирсэн. Би санаачлага гарган хувцаснуудыг ялган тус тусад нь өлгөдөг уутанд хийн дугуйтай өлгүүрт бүгдийг нь өлгөн түрж явах болсон. Эхэн үедээ ямарч асуудал гараагүй тэгсэн 2000 онд Италид ирэхэд ачаа буулгаж байгаа хүмүүс өлгүүрийг тэр чигээр нь түлхээд буулгасан хүчтэй салхитай ширүүн бороотой өдөр таарсан тул хувцасыг норгоод авч байгааг би онгоцны цонхоор харж байсан. Сүүлдээ дугуйтай чемоданд хийж байж санаа амарсан. Дээрхи цөөн жишээгээр  миний ажилын өдөрүүд ямархуу өнгөрдөгийг тодорхой харж болно гэдэгт итгэлтэй байна. Хичнээн ачаалалтай хүнд байсан ч би ажилаасаа шантарч няцаж байгаагүй. Хатан хааны үйлчилгээнд байна гэдэг миний хувьд нэр төрийн чухал хэрэг байдаг.