Sunday, March 1, 2020

Бээжин дэхь аялал






2011 оны 3 сард ээлжийнхээ амралтаар Бээжингээр аялан   өнгөрүүлсэн билээ. КЛМ гэдэг Голландын онгоцоор Манчестер – Амстердам - Бээжин  гэсэн чиглэлээр ниссэн. Нийтдээ 9 цагийн нислэг хийж байж хүрэх газраа ирлээ. Зочид буудалтайгаа залгаа байрладаг ресторанд үдийнхээ хоолыг идсэний дараа  өрөөндөө орж  цаг эрт байсан тул ойролцоох худалдааны төв орохоор шийдсэн. Уг газар нь Бээжингийн ердийн нэг зах гэх боловч хэмжээний хувьд Манчестерийн том жижиг бүхий л худалдааны төвүүдийг  нийлүүлсэнтэй тэнцэхээр. Гадаахь талбайд том гацуур мод чимэглэлтэйгээ тэр чигээрээ байхыг харахад удахгүй он солигдох болж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр. Үнэндээ Шинэ жил болоод 3 сар, Цагаан сар болоод сар шахам хугацаа өнгөрсөн байсан болохоор бидэнд их сонин
санагдажбайлаа. Англид бол Зул сарын баяр болсны дараа 12 хоногийн дотор гачуур модоо буулган чимэглэлийг хураахгүй бол муу ёр гэж үздэг. Нэлээд хэдэн жилийн өмнө монголд зуныхаа амралтаар явж байгаад нэгэн ресторанд орсон Зул сарын баярын дуунууд тавиад байсан Марк уг нь энэ дуунуудыг 12 сард л  тавьдаг болохоос өөр цагт бол ингэж сонсоод суухгүй гээд инээд нь хүрээд байгаагаа нууж чадахгүй арай гэж хоолоо дуусгасан. Нээрээн бодоод байхад цасан ширхэг бужигнаад өвлийн үдэш гээд дуулах дууг зуны аагим халуунд тавиад сонсохгүй нь илэрхий шүү дээ. Мөн Сөүлд явж байхад хүртэл бидний байнга орж байсан кафе бас шинэ жилээр ханандаа тавьсан зургаа арилгаагүй байсан. Тэгээд гачуур модны хажуугаар өнгөрч байгаад Марк нэгэн сануулгыг
харсанаа энд хууль хатуу болохоор зүлгэн дээр гишгэвэл тогоор цохиулна гэж байна гэж орчуулав, бидэнд ямар учиртай сануулга болохыг тайлбарлах хүн байсангүй тул тэгээд орхисон гэхдээ удалгүй харанхуй болоод учир ньолдсон л доо. Гэрлэн чимэглэлийн утас газраар гүйлгэсэн учир ингэж анхааруулах шаардлага гарч. Маргааш өдөр нь үдээс хойш Тианмений талбай оръёо гэж шийдсэн буудлаас холгүй байх тусгай буудлаас шуурхай үйлчилгээний автобус тийшээ шууд очиж болох байсан. Дөнгөж нэг юан нэг талдаа төлдөг. Талбайд орохын өмнө хоёр төрлийн аюулгүйн шалгалтанд орно эхлээд гар цүнхээ сканерт оруулна дараа нь шаардлагатай гэж үзвэл биед нэгжлэг хийнэ. Ингэж хамгаалалт хяналтанд байдаг талбай өөр оронд бараг байхгүй байх. Ажиглаж байхад 4 төрлийн хамгаалалтын албаны
хүмүүс байдаг болтой. Ногоон хувцастай нь цэргийнх, цэнхэр нь цагдаагийнх, хар хувцастай нь тусгай хамгаалалтынх зураг авахыг зөвшөөрөхгүй байсан тэднийг тусгай зэвсэг тактикийн баг  СВАТТ гэдэг, хамгийн эцэст нь энгийн хувцастай харгалзагч нар мэдээж тэднийг олны дундаас ялгаж харах аргагүй. Талбай дахь Их Хурлын танхимын хажуугаар өнгөрөхөд хэсэг хүмүүс орж  байхыг ажигласан, үзэж сонирхохыг хүссэн хүн болгон тасалбар аваад орж болох байв гэхдээ гар цүнхтэй орохыг зөвшөөрдөггүй гадаа нь манайхаар бол өлгүүр шиг тусгай байшинд орхих хэрэгтэй. Уг барилгатай холбоотой хоёр зүйлийг дурдая Маргарет Тетчер Их Британийн Ерөнхий сайд байхдаа 1982 онд Хонг Конгийн түрээсийг сунгах хэлэлцээр хийх гэж орж явахдаа довжоон дээр нь бүдэрч унаж байсан нь ажил хэрэг нь бүтэлгүй болохыг зөгнөсөн муу шинж тэмдэг болсон гэдэг. Нөгөө нэг тохиолдолд 1989 онд М.
Горбачаев айлчлан ирэхэд гадаа талбайд эсэргүүцлийн жагсаал болж байсан тул түүнийг гол бус хажуугийн жижиг хаалгаар олны анхаарал таталгүй чимээгүй оруулж гаргасан гэдэг. Сүүлийн үед  Ирландын үндэсний бүжгийн цуулга тоглолтоо энд хийх болж тэднийг тоглолтонд хэрэгтэй зүйлээ байранд оруулахад хайрцаг савыг нэг бүрчлэн сканердаж шалгаж байсан гэдэг. Хуралдааны гол танхимаас гадна албан ёсны хүндэтгэлийн зоогийн 5 мянган хүнийг зэрэг суулган үйлчлэх боломжтой том танхим мөн бусад арга хэмжээнд зориулагдсан олон өрөөнүүдийг  Шанхай, Тайван, Хонг Конг гэх мэтээр тус
тусад нь нэрлэсэн байв. Ингээд хамгийн сүүлд талбайн ойролцоохь  КФС орж хувинтай тахиан мах авах болсон хоёр хүнийх гэж хэлсэн чинь   хоёр том саванд тус бүр 12 ширхэг тахианы мах, 6 том цаасан аягатай кола, шар вандуй, булчик гээд идэж барахын аргагүй их юм байлаа. Би ер нь тоонд их тааруухан хүн л дээ энэ чигээрээ үргэлжлүүлэх юм бол бараг гэртээ харьж чадахгүй болох нь гэж Марк намайг цаашлуулж байлаа. Ингээд маргааш нь өглөөний, үдийн сүүлдээ оройн хоолондоо дандаа тахиа идэх нь тодорхой болоод тэндээс гарч явлаа.

Хориотой хотод зочилсон нь 

Монголчууд бол Хубилай хааны ордон гэж нэрлэдэг. Харамсалтай нь тэр үеийг илэрхийлэх барилгын хэсэг огт үлдээгүй байж. Харин барууныханд Хориотой хот хэмээн нэрээр танил болсон эзэн хааны өргөө нь Бээжинд зочилж буй хүмүүсийн хувьд заавал үзвэл зохих үзвэрийн жагсаалтанд зайлшгүй ордог. Ингээд олны урсгал даган Моагийн том цээж зураг өлгөсөн нарийн хоолойгоор явж орсон нь Тэнгэрлэг энх амгалангийн хаалга гэж нэрлэх бөгөөд үүнтэй залгаад  нэгэн томоохон талбайд орж ирсэн тэнд үзэх зүйл нь хаалганы дээрхи цамхаг дээр гарч харах байв. Тэгж гарахдаа бас учиртай цүнхээ авч орж болдоггүй тусгай газар бага зэрэг төлбөр төлж байж орхино. Тэгээд дараагаар нь бусад аялагчдын хамт дугаарлан зогсож нэгжлэгт орно  энэ нь биедээ гал асаагуур болон
идэх уух юм авч оруулахгүй байхыг хангах зорилготой аж. Эр эмээр нь  тус тусад нь эгнээ болгон нэг нэгээр нь дараалан шалган, нэгжлэгээс хураагдсан зүйлийг хогийн саванд хийж байгааг харахад эр талд гал асаагуур нэлээд олон тоогоор хураагдсан байв, эм талд чихэр нэлээд хэдэн тооны чанасан өндөг байлаа. Миний шалгуулах ээлж болоход жимсний амттай гааг  юу болохыг нь ойлгохгүй байгаа болтой тан уу гэж асуухаар толгой дохиход  авч орохыг зөвшөөрсөн. Мөн тэндэхийн тавцангаас манан бага үед орчин тойрныг сайн харж болохоор. Үүнийг эс тооцвол бага зэрэг үзмэртэй хоёр гурван өрөөнүүд байсан энэ газрын гол зориулалт нь ордны үүд гэж ойлгож болно. Эзэн хаан сар
шинийн эхний өдөр тухайн жилд болох гол үйл явдалыг эндээс зарлан тунхагладаг байж мөн аян дайнаас ирсэн жанжингууд олзныхоо хүмүүсийг Эзэн хаанд харуулан тэдний хувь тавиланг шийдүүлдэг уламжлалтайн зэрэгцээ гадаад орноос ирсэн бэлэг сэлтийг энд гардуулж өгөх, мөн гэм үйлдсэн ордны албан тушаалтныг залхаан цээрлүүлэх цаазаар авахыг зохион байгуулдаг байж. Тэгээд энд дуусгаад гарах болоход буцаад нөгөө эхэлж орж ирсэн газраа буцаад ороход болохыг анзаарч аваад ингээд үүднээс нь буцчих юм болов уу гэсэн ашгүй англи хэлээр ярьдаг оюутан тааралдаад орж үзэх газартаа очоод билетээ аваад орж үзээд цаашаа яваад байх ёстой түүнээс бус нэг билетээр бүгдийг нь үзнэ гэж байхгүй гэлээ. Хориотой хотын зохион байгуулалт гэвэл том жижиг байшингийн цуглуулга гэх үү дээ. Гол төрийн ёслол  үйл ажиллагааны байшингууд нь хөндлөн байршилтай зөвхөн Эзэн
хааны хэрэгцээнд зориулагдсан. Үүнээс хамгийн чухал нь Хаан суудалдаа залардаг өргөө зориуд өндөр тавцан дээр өндөрсгөж барьсан дараагийнх нь гадаад дотоодын хүндэт зочид хүлээн авдаг өргөө тэгээд Хааны унтаж амрах өргөө гэх мэт шилээ дагаад байрладаг. Баруун талын байшингууд эхнэрүүдийнх нь зүүн талынх нь албан хаагчдынх гэх мэт олон жилийн турш байнга өргөжин тэлж байсан бөгөөд үүний зэрэгцээ аюулгүй байдлын үүднээс давхар хана байшингуудын дундуур барьсан нь яг төөрдөг байшин шиг. Нэгэнт эдгээр байшингуудыг хуучин зориулалтаар нь хэрэглэхгүй болсон учир хоосон байлгахын оронд хуучны цаг, үнэт эдлэл, шаазан эдлэл зураг, хатгамлаар дүүргэж нэг ёсондоо музей маягтай засаж янзалсан байсан. Эзэн хааны сэнтий байдаг хэсгийг тухтай үзэх ямарч боломж
байсангүй. Дотоодын жуулчид нь хэтэрхий олон гэхээр. Бид зөвхөн зүүн хэсгийг нь дуусгасан баруун талыг тэр чигт нь орхисон. Сайн засаж янзалсан цэцэрлэгийн хэсэг, их өвөрмөц хэв загвар өнгөтэй вааран хавтан ер нь тэнд байгаа юм болгон арга билгийн учир утгатай. Шар өнгийг тэнгэрлэг язгууртны өнгө гэдэг учир зөвхөн хааны ордны дээвэр л шар өнгийн вааран байдаг. Таван хуруутай лууг эзэн хааны хүчийг билэгдэж, галт шувуу хатан хааныг илэрхийлснийг хаа сайгүй тавьсан байдаг. Тогоруу, яст мэлхийг тавилга хэрэгсэл, чимэглэлийн зурагт дүрсэлсэн байгаа нь урт удаан наслахын билэгдэл мөн сондгой тоог азтай гэж үздэг 9 болон 5 нийлээд эрч хүч болон тогтвортой байдлыг харуулдгаараа эзэн хааныг илэрхийлж байгаа гэж үздэг. Аюулаас хамгаалах үүднээс
арсланг олонтаа байрлуулсан байдаг эр нь савартаа бөмбөг, эм нь савартаа зулзагаа тус тус атгасан байдаг. Том зэс тогоонд ус дүүргэж гал гарсан үед хэрэглэдэг байв. Зарим байрны дээвэр дээрхи этгээд хачин дүрс бүхий амьтан  галын аюулаас хамгаалах зорилготой аж. Өргөөнд ордог хоёр талын шатны дунд цагаан гантигаар үүлэн дунд сувд барьж авах гэж хөөж байгаа лууг сийлсэн замаар зөвхөн эзэн хаан хөл тавих эрхтэй. Хятадын хамгийн гайхамшигт уран барилгын цогцолбор нийт 24 эзэн хаан үе дамжиж бараг 500 гаруй жилийн турш

үргэлжилсэн. Хориотой хотыг үзээд зам гарахад толгодыг тойруулан зассан Жин Шан гэдэг үзэсгэлэнтэй парк байдаг. Хориотой хотыг хамгаалах үүднээс орчин тойрны газрыг зориуд ухаж ус дүүргэн гаднаас нэвтрэхэд амаргүй болгосны шууд үр дүнд ийм толгод үүсч. Толгодын хамгийн өндөрлөгт гарахад  ойр тойрныг сайн харж болно. Марк зураг авч байгаад цэргийн байлдааны эрээн материалаар бүрхсэн зүйлийг хараад бид эхлээд пулемет юм болов уу гэж таамгалсан гэсэн уруудаад явж байхад хуурай улиралд мод бут усалдаг шүршүүр байсан. Өөр нэг энэ газартай холбоотой түүх нь Мин улсын сүүлчийн эзэн хаан Чонгзен модонд өөрийгөө дүүжилж амиа егүүтгэсэн золгүй тохиолдол болж байж. 



Тэнгэрийн танхилын сүм

Сүмыг тойроод байрлах томоохон паркыг хүмүүс амралт чөлөөт цагаараа үр дүнтэй ашигладаг байхыг ажиглаж байлаа. Зарим нь хийн дасгал хийж, нөгөө хэсэг нь дийлэнхи нь эмэгтэйчүүд хөгжмийн аянд бүжиглэн эсвэл хоороор дуулан, цаасан шувуу нисгэх, хүзэр, шатар даалуу гээд тэр ч бүү хэл тойрч зогсоод тэвэг  бие биедээ дамжуулж тоглож байсан. Сүмын гол онцлог нь зөвхөн эзэн хааны мөргөл үйлдэх тахил өргөх болон мацаг барьж бясалгал үйлдэхэд зориулагдсан байж. Уг сүмийг Мин эзэнт гүрний үед барьж дуусгасан бөгөөд хятаддаа хамгийн томоохонд орох сүмийн цогцолбор юм. Бидний урьд нь зогсож авхуулсан сүмд Эзэн хаан ирэх жил арвин ургац авахыг тэнгэр бурханаас гуйж мөргөл үйлддэг зориулалттай байж. Сүмийг дан модоор ганц ч хадаас оруулалгүй зангидаж босгосон уран барилгын нэгэн сонгодог загвар гэж болно. Эзэн хаан ёслол үйлдэхээсээ өмнө мацаг барьж бясалгал хийдэг байр нь үүнээс тусдаа хэсэгт мөн тахил өргөх ёслолын талбай нь бас өөр газар гээд бүх үзмэрүүдийг нэг бүрчлэн үзнэ гэвэл бүхэл бүтэн өдөр зардуулагдахаар. 


Бейхай парк

Түүхэндээ Хубилай хааны санаачлагаар Хориотой хотын суурийг тавихаас өмнө бий болж. Их том хэмжээний сийлсэн ногоон өнгөтэй хаш аяга нь (зургийг шилэн хоргоны цаанаас авсан учир тийм сайн харагдахааргүй) Хубилай хааны хэрэглэж байсан зүйл гэдэг мөн паркын өөр нэг онцлох хэсэг нь 17 дугаар зууны үед 5 дугаар Далай лам айлчилж ирсэн онцгой тохиолд зориулж босгосон суврага юм. Хэдийгээр иймэрхүү мэдээлэл аялалын номонд тодорхой дурьдсан байсан ч яг газар нь очоод үзэхээр энэ тухай нэг ч тайлбар байхыг олж хараагүй. Уг нь иймэрхүү газар орох болгонд үүдэнд нь аудио тайлбарлагч авч болдог. Бараг монголоос бусад бүх гол хэлээр сонсож болдог гэхдээ бид хэзээ ч авч байсангүй магадгүй мөн тэндээс бас бүтэн мэдээлэл авах боломжгүй байх гэж таамагласан. Паркын дийлэнхи хэсгийг хиймэл нуур эзлэх бөгөөд өвлийн улиралд хөлдөхөд нь мөсөн гулгуур болгон ашигладаг байна. Нуур хөлдөөгүй үед жижиг завь түрээсэлж болдог мөн аялагчдыг олноор нь суулгадаг том завь ч үйлчилнэ. Паркыг олон нийт хэрхэн ашиглаж байгааг эндээс
бас харж сонирхож болно. Шинжан уйгараас ирсэн хүмүүс үндэснийхээ хувцастайгаа бүжиглэж байхад  өөр хэсэгт  нийтийн бүжиг явагдаж байсан. Нэгэн хижээл эр  бийрний оронд  урт модон савааны үзүүрт порлон бэхлэн норгож байгаад газар зураг зурж байсан. Европд зарим залуучууд элдэв ханан дээр хамаагүй юм сараачсан байдгийг санаад нэрээн энэ чинь үнэхээр ухаалаг арга байна гэж бодогдсон тэгээд л хэсэг байж байгаад хатчих болохоор орчин тойрон ч бохирдуулахгүй. Түүний  зурсан морь нь дэлээ хийгээд давхиж байгаа эсвэл зүгээр алсыг хараад зогсож байгаа мэт  өөр өөр зохиомжтой. Харин өөр нэгэн хичээнгүй бичиг бичиж байсан. Ингэж ийш тийш харж зогсож байхдаа  лаазтай кофе авч ууж байлаа. 

 Олимпын парк

Бид урьд нь Бээжингээр дайрахдаа энд ирж гаднаас нь зургийг нь аваад явж байсан  бол энэ удаа дотор нь орж үзэх боломжтой болсон билээ. Олимпийн нээлт хаалтын ажиллагаа болсон олонд алдаршсан Шувууны үүр хэмээх цэнгэлдэх хүрээлэнд орж үзэхэд санасныг бодоход тийм нүсэр том биш юм шиг санагдаж байсан.  Бельгийн дизайнер Жакус Херзогийн уг загвар бусад 44 өрсөлдөгчдөөс шалгарсан бөгөөд барилгын инженерийн асуудлыг шийдсэн мэргэжлийн хүмүүс нь урьд нь  Манчестер Сити хөлбөмбөгийн стадионыг барихад оролцож. Цэнгэлдэх
хүрээлэнгийн  голд нэлээд зузаан тагтаршсан цасыг хүмүүс цэвэрлэж байхыг хараад энд бас өвлийн спорт зохион байгуулдаг нөгөө хунгарласан цасаа цэвэрлээгүй үлдээсэн юм болов уу гэж  бодогдуулж байлаа. Дотороо хэд хэдэн бэлэг дурсгалын дэлгүүр болон Олимпын Хорооны Дарга байсан хүмүүсийг дууриалган хийсэн лавын баримлын үзмэрүүд байсан. Тэнд үзээд дууссаны дараа хажуу талын усан спортын тэмцээн болсон Усан Куб гэдэг стадионд орсон. Үүний дизайнер барилгын ажиллагааг Австралийн баг удирдан явуулсан байна. Тэд шилнээс хөнгөн нэлээд бат бөх   нарны гэрлийг тусган авах чадвартай тусгай материал хэрэглэсэн бөгөөд дараагийн 100 жилдээ бүрэн ашиглагдахаар удаан хугацааны хэрэгцээ хангах чадах барилгын цогцолбор болгож. Дотроо бэлэг дурсгалын дэлгүүр болон музейн жижиг үзмэрийн хэсэгтэй өөр нэг онцлог нь стадионы нэлээд томоохон хэсгийг нийтийн усан бассейны зориулалтаар ашигладаг байна. Түүнийгээ их сайтар тохижуулсан ханан чимэглэл
усан гулгуур зэрэг нь Диснейг санагдуулахаар амралтын үеэр гэр бүлээрээ ирж цагаа сайхан өнгөрүүлэх боломжтой газар байсан тэгээд тэнд зөвхөн усан ороод зогсохгүй том дэлгэцээр зурагт үзэж, тусгайлан зассан тайзан дээр амьд тоглолт үзэж болдог байна биднийг явж байхад гурван дуучин хамтраад дуулж байсан. Тэмцээн болсон бассейны дээд ханаар олон орны далбааг өргөснийг хараад тэнд үзэх юмаа дуусгасан.  Замын цаад талд олимпын тоглолтонд хэрэглэгдэж байсан барилгын цогцолбор байсан ч гол зүйлээ харчихлаа гэж тооцон үзэх шаардлагагүй гэж бодоод орхисон. Аливаад арга бэлгийн хослол байх ёстой гэдэг хятадын уламжлалаар Шувууны үүрийг Хориотой хоттой зэрэгцэх нэг шугамд байрлуулсан бөгөөд Шувууны үүрийг эм, Усан Кубыг эр хүйсийг бэлэгдсэн гэдэг байна. 

 Зуны ордон.    

Уулын бэлд нуураа дагуулж барьсан эртний гоёмсог ордон байсан.  Ордоны түүх нь цуутай Хатан хаан Сишитэй салшгүй холбоотой тэрбээр
Хориотой хот гэхээсээ  энд байхыг илүүд үздэг байв. Хаандаа нуган үр төрүүлснээр түүний нэр хүнд, эрх мэдэл ихэд өссөн бөгөөд тухайн үедээ түүнийг хятадын хамгийн хүчирхэг эмэгтэй гэдэг байсан.  Сиши төр засгийн хэрэг явдалыг шууд удирдан явуулж ирсэн бөгөөд хожим Хун тайжыг Хаан ширээнд суухад ч эрх мэдлээ шилжүүлээгүй байна. Харамсалтай нь тэрбээр боловсрол мэдлэггүй дээр нь алсын хараа муутай нэгэн байснаараа улс орныг шинэчлэх бодлогыг  зогсонги байдалд оруулан  Боксеруудын бослогыг дэмжиж байсан нь Чин улс 1911 онд мөхөх шалтгааныг тавьжээ. Хатан хааны театрын талбайд жуулчдад зориулан хагас цаг тутамд богино хэмжээний тоглолт зохион байгуулдаг байна. Энэ нь охидын бүжиг, хонхон хөгжим, бээжин дуурийн хэсгээс бүрдсэн байдаг. Тэнд шоу үзэж байхдаа цэвэрлэгч нар нь дээр үеийн хувцас өмссөн байхыг анзаарч

авсан. Сиши зөвхөн урлагын тоглолтонд дуртайбайгаад зогсоогүй гадаадын элчин төлө өлөгчдөөс ирсэн бэлэг сэлтийг ихэд тааламжтай сонирхон хүлээж авдаг байсныг ордоны музейн үзмэрүүдээс харж болохоор. Гэхдээ бодит байдал дээр тэрбээр гадаадынханд тийм ч талтай байсангүй улс орныг нь эзлэн түрэмгийлэх нь гэж хардаж сэрддэг байж энэ үзэл бодлынхоо үүднээс харийн хүчний эсрэг тэмцэх зорилготой Боксеруудын хөдөлгөөнийг зогсоолгүй улам өөхшүүлж байж. 1860 оноос 1902 хүртэл үргэлжилсэн уг хөдөлгөөний үеэр Зуны ордон Франц болон Английн хамтарсан хүчний цэргүүдийн дайралтанд эвдэрч сүйдсний дараа Хатан хаан ихээхэн чармайлт гарган засаж янзлуулж байж.  Тэрбээр Манжийн эзэнт гүрний  усан
цэргийн  сүр жавхааг харуулах гэхдээ цул гантиг чулуун завь барих тушаал өгч Ордоны нэг чухал үзмэр болдог тэр гантиг чулуун завь нь үнэндээ модоор хийгдсэн бөгөөд гантиг чулуу шиг харагдуулахын тулд цагаан өнгөөр будсан байна. Уг ордон нь  Хатан хааны ажил хэргээ явуулах болон амралт чөлөөт цагаа тавтай өнгөрүүлэх бүхий л нөхцөл байдлыг хангахад чиглэгдсэн байж. Заавал Хориотой хот руу явахгүйгээр төрийн ёслолын ажиллагаа явуулах Хатан хааны суудалтай өргөө, мөргөл үйлдэх бурханы шашны сүмийн цогцолбор, загас барьж 
суух сүүдрэвч, нуураар зугаалах завь гээд л. Нуурыг нь дагаад явж байхад их гоёмсог нуман гүүр хэд хэд байсан. 17 нумтай гүүр гэдэг нь хамгийн урт нь байсан. Ер нь Зуны Ордон нэг жижиг арал дээр байгаа юм шиг санагдахаар зохион байгуулалттай. 






 Цагаан хэрэм

Бээжингээс хоёр цаг орчим газар явж Цагаан хэрэмд хүрдэг. Түүнийг үзэх хоёр гурван өөр өөр хэсэг газар байдаг бидний сонгосон нь хамгийн их хүн ирж үзэх дуртай хэсэг байв. Хятадад ирдэг гадаадын томоохон зочид төлөөлөгч нар мөн энд ирдэг аж Цагаан хэрмийн түүхийн музейг үзэж байхад тэдгээр зочдын зургийг ханаар дүүрэн тавьсан байсан. Английн Хатан хааны ч зураг байсан харин Монголын Ерөнхийлөгчийн зураг байсангүй. Цагаан хэрэмд гарахад эхлээд кабелийн бүхээгт сууж очно тэгээд тэндээсээ хэрмээ өгсөж уруудаад яваад байна. Бидэнд үнэндээ тэнд тэгж өдөржингөө болоод байх сонирхол байсангүй яагаад гэвэл нэг бол өгсөөд нөгөө бол уруудаад л тэгээд ч зарим хэсэгтээ дэндүү эгц хөл гар муутай хүн бол явахад хэцүү. Ингэж бидэнд явахад ийм амаргүй байхад үүнийг барьж босгосон хүмүүст ямар байсныг төсөөлөх аргагүй. Ингээд орчин тойрноо сайн харж аваад буцаад кабельдаа суугаад уруудсан. Музейг нь үзэж байхад хойдох зүгийн нүүдэлчдийн довтолгооноос болоод барьсан гэж тайлбарласан байсан Марк тэрнийг нь цаашлуулаад яг ямар хүмүүс гэдгийг  хэлэхээс зайлсхийж  байна  гэж хэлж байв.

  Маогийн бунхан

Тианмениийн талбайд явж байхдаа нэгэн цахилгаан дэлгэцэн дээр он сартай сануулга байхыг хараад одоогоор засвартай байгаа тэгээд бунхан хэзээ онгойх тухай заавар гэж Марк таамаглан нэг иймэрхүү он сар өдөртэй юм байвал ойлгоод байхаар юм гэж өөрийгөө урамшуулаад байв. Би урьд хэзээ ч бунханд орж үзэж байгаагүй болохоор нэлээд урт мушгирсан дараалалд орж зогсоход зохицуулагч болтой байрын хүн гар цүнх камер авч явахын хориглоно гэв. Нэгэнт ийм дүрэмтэй болохоор би эхэлж ороод Марк  үлдээд дараа нь орох болсон. Бас л биед нэгжлэг хийж байна. Эрчүүдийн тамхины асаагуурыг идэх уух зүйлсийг хурааж авч байв. Зогсож байхдаа гадаад иргэд паспортоо дотоодын иргэд үнэмлэхээ зохих хураамжны хамт бэлдээрэй гэсэн сануулгыг харж байсан ч энэ өдөр бунханыг бүтэн эхээр нь үзүүлэхгүй байгаа болохоор ямарч төлбөргүй байж таарсан
. Бунханд орохын өмнө хүмүүс нэг шар цэцэг аваад байсан би учрыг нь ойлгохгүй байсан үүдэндээ Мао Зэдуны сандал дээр сууж байгаа том хөшөөний  өмнө цэцгээ байрлуулах байв. Тэгээд эсвэл зүүн нөгөө бол баруун талаар эгнэн зогсож бунханыг харна. Зохицуулагч нар нь эмх цэгцтэй байхыг шаардахын зэрэгцээ  малгайгаа авч хүндэтгэл үзүүлэхийг шаардах аж. Том улаан таван хошуу бүхий ногоон дүрэмт хувцас өмссөн Маогийн биеийг хятадын далбаагаар цээж хүртэл нь бүтээн шилэн бүрхүүлд хийсэн нь хиймэл ч юм шиг харагдаж байсан. Үзээд шууд гадаа гарч ирсэн хашаанаас гарахаас өмнө бэлэг дурсгалын юм зардаг хэдэн жижиг түц байсан. Гарч ирээд би үзсэн харснаа хэлээд Маркыг явуулсан гэтэл нэг их удалгүй буцаад ирсэн. Учир нь нөгөө цүнх камергүй орно гээд байсан хүн Маркыг зогсоогоод паспорт чинь байна уу гэж асуугаад зочид буудалдаа орхичихсон гэхэд тэгвэл надад мөнгө төлвөл оруулаад өгье гэж Марк үгүй гээд орхиод явж. Маог бунханд бэлдэхэд түүний цогцост хэтэрхий их химийн шингэн шахсан учир биеиийн хэмжээнээс хэт өсөн зүүн талын чих нь
салж унаж түүнийг эргүүлэн оёсон гэх бөгөөд цогцосыг шөнийн цагаар хөргөгчинд хийж хонуулаад өглөө нь гаргаж тавьдаг байна. Ингээд энэ нь бидний сүүлчийн өдөр байсан тул өөр үзэх естой зүйлээ сайтар бодож үзсэний эцэст орчин үеийн хоёр онцлог барилгыг үзэхээр шийдсэн. Үүний нэг нь Телевизийн Цамхаг буюу Хятадын төв телевиз нь их өвөрмөц  мушгирсан латин Z үсгийг санагдуулах хэлбэртэй. Энэ нь Бээжингийн хамгийн үнэтэй барилгын тоонд зүй ёсоор ордог. Нөгөө нь Өндөг гэж хочлогддог Үндэсний урлагын тоглолтын төв.  Балет, дуурь, найрал хөгжмийн тоглолт бүгдийг нь хийх чадвартай театр юм. Хэдийгээр сонирхолтой орчин үеийн барилга ч зургийг нь аятайхан авахад тийм амаргүй болох нь илэрхий байсан. 2004 оны 5 сард Парисын Чарльз Де Голль олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөл хэсгийн дээвэр нурж унасанаас 4 хүний амь эрсдэсний хоёр нь хятадын иргэд байсан мөн уг явдал болж байхад түүний загварыг зохион бүтээсэн уран барилгач нь Бээжинд Өндөгний барьж босгох ажилд оролцож байсан нь тэр үедээ нэлээд сенсаац дэгдээсэн гэхэд болно. Гэвч тодорхой шинжилгээний дүнд гэнэтийн осол нь
дизайнерын талтай огт хамааралгүй болох нь тогтоогдсноор Францын уран барилгач Поль Андру ажлаа үргэлжлүүлэх боломжтой болсон байна. Энэ нь хятадад урьд нь босгож байгаагүй томоохон хэмжээний дугариг хэлбэртэй нэг ч багана түшүүлээгүй барилга байлаа. Уг театр Хятадын Их Хурлын Танхимын хажууд бөөр нийлүүлсэн учир ямарч тохиолдолд түүнээс илүү өндөр гарч болохгүй гэж заавар өгч байсан гэдэг үүнд зохицуулан газар доор суурийг гүнзгий тавих болж. Театрыг тойруулан усан зам тавьж яг далайд хөвж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр тусгай шилээр бүрхсэн дээвэр хана нь гаднаасаа дотогшоо харагдахгүй ч дотор талд орсон байхад гадагшаа сайн харагддаг. 

  Вангфужинг алдартай гудамж 

Барууны бүхий л нэртэй дизайнерын брендийн дэлгүүрүүд энд байрладаг болохоор дотоодын жуулчдыг энд авчирч үзүүлдэг. Дэлгүүрээс гадна өөр нэг сонирхолтой хэсэг нь далайн янз бүрийн амьтан далайн од загас, сквид, сам хорхой, далайн зараа, далайн морь гэх мэтийг борлуулдаг лангуунууд эгнээд байдаг зах юм. Ийм захаас гадна олон төрлийн зоогийн газрууд байрладаг.  Энд гол зорьж очсон хэрэг нь аяга кофе олж уух байсан. Хайж байж Starbucks ын нэг жижиг салбарыг олж харсан.  Кофегоо авсан цаасан аяганд хийж өгч байгаа нь тиймэрхүү санагдсан. Уг нь кафед тухалж сууж байгаа бол шаазан аяганд хийж өгдөг дөө.  Тэгээд ч сул суудал харагдсангүй. Хүн босож явах нь уу гэж Марк харж,  би кофегоо очиж аваад
босоогоороо уух болох нь гэсэн ашгүй нэг үйлчлүүлэгч босмогц тэнд нь очиж  суухад хажуу дахь ширээний хүнтэй тохойгоороо шүргэлцэхээр зай муутай тухгүй байсан. Хятадууд кофе уух дургүй болохоор ийм газар нэг их ач холбогдол өгдөггүй болтой. Гэртээ ирээд аялалынхаа талаар найз нөхөддөө ярьж өгсөн их олон газраар явж зөндөө юм үзэж гэж гайхаж байсан. Тэдгээр танилууд маань бүгд л урагшаа явж байсан хүмүүс байсан болохоор бидний аялал хир амжилттай болсныг гэрчлэх нэг шалгуур боллоо гэж дотроо сэтгэл хангалуун байв. Хятадад түүх дурсгалын газар их болохоор дараа хэд хэдэн удаа ирэх хэрэгтэй юм гэж бид  хоорондоо ярьж байлаа.  



2011 оны 3 сар