Monday, June 3, 2019

Беатрис Поттер





Элен Беатрис Поттер 1866 оны 6 сарын 28 нд Лондон хотын Кенсингтон дүүрэгт төрж. Дэлхий даяар түүний зохиосон 23 бяцхан номноос 15 секунд тутамд нэг нь худалддаг гэсэн тооцоо гарч. Аль зуун хэдэн жилийн өмнө бичигдсэн уг бүтээл яагаад өнөөг хүртэл ингэж уншигчдын сонирхол татсан хэвээр байдаг юм бол гэсэн гайхширал төрүүлэхээр. Үүний эхлэл нь тун ердийн байдлаас урган гарч. Поттерийн гэр бүлийнхэн Лондонгоос гарч амрахдаа тухайн газраа байшин түр хугацаагаар түрээслэн авч тухалдаг байв. Эцэг Руперт Поттер ууланд гарч буга, сойр намнан, голоос хулд загас барих дуртай. Эх Хелен нь найз нөхдөө урин цайллага хийгээд завгүй байхад Беатрисд цэвэр агаарт ихэнхи цагаа өнгөрүүлэх нь зугаатай байв. Мөн тэгэх зуураа танил болон хамаатан садны хүүхдүүдэд ямар нэг амьтны тухай өөрийн зохиосон түүхийг бага сага зураг хавсарган захиа болгон явуулдаг зуршилтай байв. Гэхдээ эхэн үедээ Беатрис нэртэй зохиолч болон олон ном хэвлүүлнэ гэж төсөөлж байгаагүй байна. Магадгүй энэ нь тухайн үед эмэгтэй хүн авъяас чадвараараа мэргэжил эзэмшин, карьер хөөнө гэсэн ойлголт байхгүй зөвхөн сонирхол хобби гэсэн маягаар ханддаг байсантай холбоотой болов уу.
Беатрисын зураг зурах болон түүх зохиох чадвар нь бараг зэрэг шахуу хөгжсөнд эцгийнх нь нөлөө багагүй байж. Аав нь урлагын сэдвээр энд тэнд лекц уншиж байвал байнга оролцон мэдлэгээ зузааруулж авна. Уран зургийн галерей болон театрт цөөнгүй очно. Фото зураг авах сонирхолтой. Хаа явсан газраа зураг зурах нооргийн дэвтэр, харандаагаа үргэлж авч явдаг. Ингэхээр урлагын талын авъяас нь Беатрисд эцгээс нь өвлөгдсөн мэт. Түүний багын зургуудаас тодорхой хэсгийг Лондонгийн Виктория болон Альбертийн музейн архивт хадгалагдаж байдаг. Эдгээр зурагнаас тухайн дүрийн сэтгэл санааны байдлыг мөн ямар сонирхолтой түүх өгүүлж буйг тодорхой харж болохоор. Зургууд нь яг амь орсон мэт. Тэрбээр 23 настайдаа Зул сарын баярын ил захидалдаа амьтадыг хувцас өмсүүлэн зурснаа  дэлгүүрт аваачиж өгөхөд тус бүрийг фаундаар бодож нийт зургаан фунт стерлинг авч. Энэ нь түүний анхны орлого байлаа.
Зургийн гол агуулга нь амьтан байдаг нь түүний өсөж төрсөн орчин ахуйгаас үүдэлтэй гэхээр Беатрисыг 6 настай байхад түүний эрэгтэй дүү Бертрам төрж. Эгч дүү хоёр дээд давхар дахь унтлагын өрөөндөө өөрсдийн гэсэн зоо парк нээн тэндээ туулай, хулгана, сарьсан багваахай, мэлхий зэргийг дэлгүүрээс худалдан авчирч байрлуулсан. Багаасаа амьтан арчилж, тэжээх чадвартай болж. Беатрис амьтанд туйлаас хайртай чийгийн улаан хорхой, эмгэн хумснаас ч жийрхэж цэрвэдэггүй байв. Дүү нь дотуур байртай сургууль руу явах болоход эгчдээ сарьсан багваахайгаа үлдээж хэрэв юм идэхгүй болоод үхвэл чихмэл хий гэж захиж. Беатрис ч хэлсэн ёсоор нь болгож. Мэдээж үүнийг сонссон хүний гайхлыг төрүүлэхээр гол шалтгаан нь Поттерийн хүүхдүүд амьтадыг арчлахдаа шинжлэх ухааны үүднээс ханддаг байв. Тэднийхээ зан ааш байдлыг нягтлан ажиглаж нарийн тэмдэглэл хөтөлнө. Хэрэв зарим нэг нь үхвэл саванд хийж буцалган янзалж ясыг нь судалгааны материал болгодог. Учир нь эцэг Руперт Поттер орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухааны ололт амжилтыг сайшаан хүлээн авдагаа ч хүүхдүүдтэйгээ хуваалцдаг байв. Беатрисийн төрөлхийн авъяас дээр нь өргөн цар хүрээтэй мэдлэг түүний амжилтын суурийг яах аргагүй тавьсан мэт.

1892 онд Шотландад амарч байхдаа байгалийн түүхч Чарли Макинтошид өөрийн зурсан зургаа үзүүлэн улмаар түүнийг шинжлэх ухааны сонирхолтой аялалынхаа хөтөчөө болгосон. Тэр үед Беатрисын хамгийн ур чадвар гаргасан бүтээл нь мөөгний нүдэнд үл үзэгдэх шахуу хэсгийг алдалгүй гарган зурсан зургууд болно. Мөөгний талаар 5 жил судалгаа хийсний үр дүнд уг сэдвээр англид хэвлэгдсэн номнууд зөв зүйтэй мэдээлэл агуулаагүй болохыг анзаарч, өөрийн судалгааны ажлыг илүү олны хүртээл үүднээс Лондон дахь шинжлэх ухааны нэгэн нийгэмлэгийн цугларалтанд уншуулахыг хүсэж. Гэхдээ 1897 онд эмэгтэй хүн тус нийгэмлэгийн байранд хүртэл орохыг хориглодог үе байсан тул материалыг нь өөр эрэгтэй хүн түүний өмнөөс унших шаардлагатай болсон. Эрдэм шинжилгээний ажилтнууд Беатрисын ажлыг дүгнэхдээ ахин өргөн хүрээтэй судалгаа хийх хэрэгтэй гэж үзэж. Цаашлаад гишүүндээ ч элсүүлж аваагүйд Беатрисыг аргагүй байдалд оруулж.
Уг бүтэлгүй тохиолдол түүний амьдралд эргэлт гаргах шалтгаан болсон бөгөөд энэ нь уншигч бидний хувьд завшаан болсон. Эхэн үедээ түүний бичлэг нь зөвхөн захиа л маягтай байв. Харин түүнийг багад нь хүмүүжүүлж байсан эмэгтэй Анне Мур дотно
найзын хувьд зөвлөгөө өгөхдөө яагаад хүүхдүүдэд бичсэн захидлуудыг ном болгон эмхтгэж болохгүй гэж гэсэн санаа өгч. Учир нь тэр эмэгтэйн хүү Ноел мөн Беатрисаас байнга захиа авдаг нэгэн байж. Ингээд Беатрис туулайн түүхээ зурсан зургуудтайгаа хавсарган бэлдэн зургаан хэвлэлийн газар луу илгээсэн ч тэдний аль нь ч нааштай хариу өгөлгүй шууд татгалзсан. Беатрис тэр үед 34 нас хүрч байв. Тэрбээр аль хэдийн шинжлэх ухааны академийнхнаас татгалзсан хариу сонссон байсан ч энэ удаа тэрбээр тийм амархан буулт хийхийг хүссэнгүй. Хэвлэх эрхтэй болж байр сууриа олж авах нь түүнд томоохон сорилт байсан. Дээр нь тэрбээр эмэгтэй хүн тул илүү асуудал үүсгэж байв. Тэр үеийн хэвлэлийн газрынхан зохиогч нь хэн байна гэдгийг төдийлөн анзаарч үздэггүй байсан. Зарим тохиолдолд зохиогч нь өөрөө хэвлэх зардлыг төлөх болдог байв. Хэдийгээр маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан ч Беатрис өөрийн мөнгөөр Питер туулайн түүхээ хэвлүүлсэн. Питер туулайгаа амьтны дэлгүүрээс 4 шиллинг 6 пенсээр авахдаа тэрбээр их мөнгө төллөө гэж бодож байж. Питер туулай нь одоогийн Микки маус шиг алдар хүндийг их урт зам туулж байж олж авсан.  Анхлан 250 ширхэг хэвлэгдэн уншигчдын гарт хүрсэн даруйдаа олны талархал хүлээсэн. Номынхоо эхийг 7 дахь хэвлэлийн газар олонд танил “Фредерик Уорн” руу илгээсэн нь талаар болсонгүй.  Тус газраас номын талаар сонирхож байна гэсэн захиа түүнд ирүүлж. Гэхдээ "Туулайн ном" гэж их өрөвдсөн байдлаар дурьдсан байв. Гэсэн хэдий ч энэ нь түүний хувьд эхлэлийг тавьсан гэхээр нөгөө талаар тус хэвлэлийн газар хүүхдийн номын чиглэлээр нэлээд гаршсан байсан. Беатрис номоо яг яаж хэвлүүлэх талаар тун тодорхой санаатай байж. Хэмжээ, хэлбэр загварынх нь хувьд гээд бүр ямар үнэтэй байхыг хүртэл тооцоолсон байв. Гэхдээ номын зургууд нь хар, цагаан байсанд өнгөтэй болго гэж санал болгосон ч тэрбээр өөрийн санааг өөрчлөхийг хүссэнгүй. Бараг жил шахуу зогсонги байдалд орсны дараа тэрбээр усан будгаар баатруудаа амь оруулсан. Питер туулай цэнхэр өнгийн хүрэм өмсөх болж түүнийг ганцаардуулахгүй гэхдээ нэмж хэд хэдэн дүрийг нэмж зохиолдоо оруулсан. Ингэсний дараа шилдэг номын эзэн болох нь гарцаагүй болсон.
1902 оны 10 сарын 2 нд “Фредерик Уорн” анхны хэвлэлийн өдрийг зарлан номын зохиогчыг олонд танилцуулсан. Питер туулайн түүх эхлээд 8 мянган хувь хэвлэгдсэн нь номын дэлгүүрийн лангуу хүрэхээс өмнө худалдаалагдсан. Хоёр дахь ном нь “Глочестерийн түүх” үүнд нэгэн орой оёдолчин хантаазаа дуусгалгүй орхиод гурван өдрийн дараа нь ажилдаа ирсэн чинь уран гартай хулганууд аль хэдийн дуусгачихсан байсан гэж гардаг. Тэрбээр номынхоо агуулгыг баяжуулж үнэн зөв бичихийг мэрийж бүр оёдолчны газар туслахаар ажиллаж үзсэн гэдэг. Уншигчдын хүсэлтийн дагуу ахиад ном бичих шаардлагатай болов. Дараагийнх нь “Наткин гэдэг хэрэмний түүх” эхлээд ан хийдэг танилаасаа нэг хэрэм бариад өгөөч гэж гуйж байсан ч тэр бүтэхгүй шинжтэй хүлээгдээд байхаар нь амьтны дэлгүүрээс хоёр улаан хэрэм авсан нь хоорондоо үргэлж зодолддог байв. Тэднийг Наткины түүхдээ туслах дүрээр оруулж.

Беатрис хэвлэлийн газрын хүмүүсийн хувьд бол өсөж нэрд гарч буй зохиолч гэгдэх болсон. Хэдийгээр хэвлэлийн газрын гол удирдагч Харольд Уорн түүнд тийм сайн байгаагүй ч түүний дүү Нормантай илүү дотно харьцаатай болж ирсэн. Беатрис цаашдын ажил хэргийн чиглэлдээ ямар номонд ямар зураг оруулах бичлэгт өөрчлөлт хийх зэрэг бүхий л тал дээр Нормантай зөвлөлддөг байв. Түүний бичиж байсан номнууд нь тэдний хамтын ажиллагаан дээр үндэслэгдэж. Эхэн үедээ ажил хэргийн байсан тэдний харьцаа улам цаашлан зүрх сэтгэлийн асуудал болж хувирсан. Норман Беатрисын оргилуун сэтгэлд нь улам бүр татагдан. Беатрис Норманы өндөр нуруу, бие бялдарын хөгжил сайтай, нүдэнд дулаахан байдалд татагдаж эхэлсэн. Норман гэрлэх хүсэлтээ гаргахад Беатрис тун сэтгэл хангалуун баяртайгаар хүлээн авч. Беатрис Норманд үнэхээр хайртай байсан бөгөөд түүнтэй гэрлэн цаашдын амьдралаа хамтдаа өнгөрүүлэхийг тэсэн ядан хүлээж байсан. Харин Беатрисийн эцэг эх нь түүний сонголтыг тийм таатай хүлээн авсангүй. Тэдний сүй тавьсныг орон нутгийн сонинд хэвлүүлэхээс татгалзав. Гэсэн ч Беатрис Норманы сүй тавьж бэлэг болгон өгсөн бөгжийг хуруундаа зүүсэн.  Эцэг эх нь эсэргүүцсэн гол шалтгаан нь Норманыг нийгэмд эзлэх байр суурины хувьд Поттерийн гэр бүлийнхнээс доогуур орохоор гэж үзэж. Тэр үеийн жишгээр бол Беатрис бүр дээгүүр зиндааны биш юмаа гэхэд ядаж ижил төвшингийн хүнтэй гэрлэх ёстой байв. Үнэн хэрэгтээ Беатрисийн өвөг эцэг английн хойд нутагт хөвөн даавууны нэхмэлийн үйлдвэрийг амжилттай ажиллуулснаар хөрөнгө чинээтэй болж түүний үр хүүхдүүд нь хангалуун сайн амьдралаар аж төрөх нөхцөлийг бүрдүүлж. Гэсэн ч эцэг эх нь ингэж нийгэмд шат ахисан дэвшилийн талаар ил тод ярихгүй бараг нуух шахуу байдаг байв.
Беатрисыг Норманаас хөндийрүүлэх гэсэн далд санаагаар сүй тавиад дөнгөж 3 долоо хоног өнгөрсний дараа эцэг эх нь Уэльсэд амрахаар явах болсон. Беатрис тэднийг дагалдан явах болохдоо дадал болсон зангаар тэжээмэл амьтдаа аван аялалд гарсан.
Лондонд үлдсэн Норманы бие нь муудахад хэн ч түүний өвчин эмгэг ноцтой гэж бодож байсангүй. Уэльсэд ирсэн цахилгаан утсанд 37 настай Норманыг гэнэт өөд болсныг дуулгаж. Хувийн тэмдэглэлийн дэвтэртээ Беатрис бичихдээ: "Магадгүй биеэрээ тэнд байгаагүй нь дээр хэрэг болсон байх. Уйлж унжаад Норманыг улам хямрааж мэдэх байсан" гэжээ. Тэдний сүй тавилт дөнгөж сар л үргэлжилж. Тэр үед гэрлээгүй залуу эмэгтэй эрэгтэй хүнтэй тусдаа уулзах нь зохисгүй гэж үзэх тул заавал хэн нэгнийг дэргэдээ байлгах шаадлагатай байв. Иймээс тэд нэг хором ч яг хоёулханаа байж үзээгүй аж. Уй гашуудалдаа дарагдсан Беатрис тэжээмэл амьтдаараа хань хийж. Магадгүй энэ нь түүний амьдралын хамгийн хүнд үе байсан гэж хэлж болохоор хэдийгээр өндөр боловсролтой ч эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь гэж их доогуур тавигддаг мөн хувийн амьдралын хувьд эцэг эхээсээ бүрэн хараат. Энэ үеэс тэрбээр бие даасан байдалд хүрэхийг юунаас илүү хүсэх болж.
1905 онд Беатрис оронгоороо эргэсэн мэт амьдралаа эргүүлэн өөрчилж чадсан. Хэзээний эрс шийдэмгий зангаар ажил хэргээ урьдын байдлаар үргэлжлүүлэх болсон. Тэрбээр аль хэдийн 5 ном гаргачихсан бөгөөд тэр ондоо дахиад хоёр ном хэвлүүлэхээр бэлдэж байлаа. Поттерын гэр бүлийнхэн зуныхаа амралтаар байшин түрээслэн сууж тухалж байсан Лейк дистрикт буюу Нуурын дүүрэг гэгдэх газрыг Беатрис хэзээнээс мэдэх болсон билээ. Ялангуяа Нир-Сорей тосгонд очих илүү дуртай байв. Тэрбээр тэмдэглэлдээ үүнийг хорвоод хосгүй төгс төгөлдөр тосгон гэж байж. Нуурын дүүрэг нь Лондонгоос нэлээд зайтай бөглүү газар гэдэг ч харин Беатрист энэ нь давуу тал мэт санагддаг байв. Тэгээд Нир-Сорейд Толгодын дээрхи фермер буюу Хилл-Топ гэдэг нэртэй хуучны байшинг 2805 фунт стерлингээр худалдан авч. Орон нутгийн хүмүүс хотын гэнэн хүүхэн ямар ч бодлогогүй загнаж байна гэж шүүмжлэнгүй хандаж байв. Тэгсэн ч Беатрис энэ бүх хэл амыг огт тоосонгүй. 41 настайдаа амьдралаа ганцаараа үргэлжлүүлэхээр шийдэн энд нүүн ирсэн. Цаашид номоо
үргэлжлүүлэн бичихэд санаа өгөхөөр зүйл орчин тойронд нь хангалттай байж. Номын зурганд байшингийнхаа зарим өрөөний хэсгийг оруулах болж. Шинэ байшиндаа дасаж эхэлсэн ч гэм нь хархаар дүүрэн байж таарч. Тэдгээр гайхалууд нь ч зохиолынх нь гол баатар болсон. Гэрийнх нь ойролцоохь нуур амьтдаар дүүрэн байснаас мэлхийг ихэд сонирхон ойроос ажиглах болж. Тэгээд “Загасчин Джереми “зохиолынхоо баатар болгон Харольд Уорнд танилцуулахад хэвлэхээс татгалзсан ч 1906 онд тэрбээр буулт хийж. Эхлээд Харольд Беатрисын номын эхийг үзээд энэ мэлхийн өнгө нь ийм байж таарах юм уу эргэлзсэн байдлаар лавлан асуухад маргааш өдөр нь Беатрис хэвлэлийн газар ирэхдээ жимсний чанамалын шилэнд амьд мэлхий хийснээ үзүүлж байсан гэдэг. Загасчин Джеремигийн түүх 1907 онд хэвлэгдмэгцээ 250 мянган хувь хэвлэгдсэн нь Беатрисыг байнгын орлоготой болгож. Нуурын дүүрэгт нүүн ирж 3 жил болсны дараа Лондонгийн эмэгтэй тун өөр болж ирж. Мөн түүний амьтныг хайрлах хандлагад ч шинэчлэл гарч. 1909 онд тэрбээр орон нутгийн хүмүүс эртнээс маллаж ирсэн Хердвик үүлдрийн хонь үржүүлэхээр шийдсэн.  Төдөлгүй 30 жилийн дотор Биатрис туслах малчны хамтаар хонин сүргээ амжилттай өсгөсөн. Хердвик үүлдрийн хонь үржихэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлэн Беатрисыг орон нутгийнхан нийгэмлэгийнхээ Ерөнхийлөгчөөр нь сонгож байв.

Бизнес тал дээр олигтой сэтгэдэггүй хэвлэлийн газрынханд тэрбээр бачимддаг байж. Гэхдээ тэдний гарыг хараад суухыг хүссэнгүй. Олны танил болсон Питер туулайгаар зөөлөн тоглоом хийн зарах болсон. Төдөлгүй номын бусад баатрууд ч мөн зөөлөн тоглоом болж гарч ирсэн. Үүний зэрэгцээ номын баатруудын зурагтай ханын цаас, халуун усны бигнүүр, өнгөөр ялган будах ном зэргийг зохион гаргаж номноос гадна борлуулалт хийж болно гэдгийг баталсан.
1911 он гэхэд Беатрис Нуурын Дүүрэгтээ 6 жил амьдарч Топ-Хилл нэртэй байшиндаа амьдарч байхдаа тэрбээр газрын эзэн болсон. Зэргэлдээх Хоксхед тосгоны хуулийн ажилтантай ажил хэргийн холбоо тогтоосон нь хожим түний нөхөр болсон. Урьдын сүй тавьж байсан Норман шиг Уильяам Хилис өндөр нуруутай, бага зэрэг бүрэгдүү, спортод дуртай нэгэн байсан. Тэд бие биенээ хүндэтгэсэн тун дотно харьцаатай бөгөөд хувийн сонирхолын хувьд ч ойр байв.
Беатрисын эцэг эх өндөр настай болсон ч бас Беатрисын нөхрийг хүргэнээ гэж хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. 1913 онд Лондонд олонд мэдэгдэлгүй чимээгүй байдалтайгаар Беатрис, Хилис нар гэрлэлтээ албан ёсны болгож. Беатрис шинэ амьдралаа эхлүүлэхээр эргэлт буцалтгүй шийдэн үзэг цаас, усан будгийн бийрээ түр хойш тавихаас татгалзсангүй. Нир-Сорей тосгондоо Беатрис өөрийгөө хатагтай Хилис гэж дуудуулах болсон бөгөөд Цамхагын фермер гэсэн нэртэй арай илүү том хэмжээний байшинд нүүн орсон. Беатрис фермерийн аж ахуйн ажилд улам илүү ойр байх болж газар нэмж худалдан авах болсон. Ингээд түүний мэдэлд эцэстээ 4000 акер газар, 15 фермерийн аж ахуй байх болсон. Хэдийгээр тэрбээр сууриндаа хамгийн чинээлэг оршин суугч байсан ч Беатрис болон түүний нөхөр мөнгөө зөв зүйлд ухаалаг зарцуулахыг эрхэмлэдэг байв. Орон нутгийн сэтгэл нийлсэн хүмүүс Нуурын дүүргийн газар нутгийг унаган төрх байдлаар хадгалахыг хүсэн байгууллага үүсгэсэн нь сүүлдээ “Үндэсний фонд” болж өргөжсөн Беатрис уг үйл ажиллагаанд эхнээс нь идэвхитэй оролцож байсан.
Фермерийн эзэн болоод цаашид нөгөө хөөрхөн бага оврын хөгжилтэй зохиолоо
үргэлжлүүлж бичсэнгүй. Гэхдээ америк уншигчдын хувьд хэдэн шинэ номууд гаргасан байна. Үргэлж гадаа нар, салхинд явж байдаг нь түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн, 77 настайдаа 1943 оны өвөл 12 сарын 22 нд өөд болж. Түүний хүсэлтээр олныг хамарсан томоохон оршуулах ёслол хийгээгүй бөгөөд хөшөө ч босгуулж ажил удсангүй. Түүний чандрыг нууцлан захисан ёсоор хөдөө газар фермерийнх нь менежер цацаж. Гэсэн хэдий ч тэрбээр мартагдан алга болсонгүй. Жил бүр түүний 2 сая ном зарагддаг гэдэг. Түүний амьдарч байсан Хилл-Топ байшин нь гэр нь музей болж шүтэн биширдэг хүмүүсийн очих дуртай газар болж. Дашрамд хэлэхэд Лейк дистрикт буюу Нуурын дүүрэг гэдэг газар нь санасныг бодоход их том газар байв. Хэсэг тасарсан тус тусдаа том жижиг нууруудтай нуураа дагаад манайхаар бол сумын төвийн дайтай жижиг тосгодууд тойроод байрлана. Тэднийгээ холбосон усан завь, онгоц болон машинтайгаа болон явган хүн гарч болох бярвааз ажиллана. Өөрсдийн унаагүй явж байгаа хүмүүс нэг бол алхаад хүрнэ нөгөө бол нуураа тойроод тосгон болгон дээр зогсоод явдаг автобусд хөл дүүжилж болно. Энэ газар ирсэний гол зорилго нь Беатрис Поттертой холбоотой газруудыг үзэх байсан тул эхлээд Вендмер гэсэн тосгонд буудаллан Беатрисын номын баатруудыг биет модель болгон хийсэн үзмэрийг үзээд дараа нь нуурыг гатлагч бярваазаар гаран Нир-Сорей тосгоныг зорин очиж Хилл-Топ нэртэй байшингийн гэр музейг очиж үзсэн. Гадна дотнын их олон хүн ирж үздэг болох нь харваас илэрхий байлаа. Монголчуудын хувьд Беатрис төдийлөн танил болоогүй байгаа байх. Ямар ч байсан япончууд сүйд болоод байдаг юм билээ. Токиогийн нэгэн цэнгэлдэх хүрээлэнд Хилл-Топын байшинг яг тэр байдлаар нь хуулбарлан барьж олонд үзүүлдэг үзмэр болгосон байдаг байна. Мөн Митшубиши банкны сүлд нь Питер туулай байдаг гэх зэргээс илэрхий харж болно. Беатрис өөрийгөө ингэж олон улсад алдартай зохиолч болно гэж төсөөлж байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэр музейд олон хүн очих тул бөөнөөр нь оруулж шавааралдуулж эмх замбараагүй байдал үүсгэхгүй гэхдээ цаг цагаар нь цувуулж оруулдаг их эмх цэгцтэй. Байшин доторхи бүх эдлэл хэрэглэл шалны дрож цонхны хөшгийг эс тооцвол Беатрис Поттерийн хэрэглэж байсан эд өлгийн зүйл байх аж. Байшин доторхийг харж байхад тэрбээр тийм чамин үнэтэй зүйл хэрэглээд байдаггүй даруухан эгэл. Сайн хийцийн чанартай энгийн тавилга сэлттэй. Мөнгөө их ухаалаг зөв зарцуулахыг эрхэмлэдэг байсан гэдэг нь үнэний ортой мэт санагдсан. Нэгэнт энд ирснийх гүйцээгээд бүгдийг үзэх санаатай ахиад өөр тосгон Хоксхедэд түүний зурсан зургаар үзэсгэлэн гарсан байна гэхээр очлоо. Уг тосгонд түүний нөхөр Хиллис ажиллаж байсан бөгөөд түүний хуулийн ажил хэргээ явуулдаг байсан хуучин байшинд нь зургийн галерей зохион байгуулсан байв. Беатрис багадаа хямд цаасан дээр зурдаг байсан тул түүний зургуудыг тэр болгон ил гаргаж тавьж үзүүлэхэд асуудалтай байдаг гэж музейн ажилтан тайлбарлаад 150 жилийн ой боллоо гээд ингэж тусгай үзэсгэлэн гаргаж байгаа ингээд дуусахаар нь архивт далд хадгална. Ойрын хэдэн жилдээ ил гаргахгүй гэж байв. Беатрис өөрийн эзэмшлийн газар, байшингаа “Үндэсний фондод” үлдээсэн учир ингэж хэн дуртай нь ирж үзэж болох чөлөөтэй болгож. 

Беатрисын ахин нэг ном шинээр гарах болж байгаа нь уншигчдын анхаарлыг ихэд татаж байгаа аж. 2013 онд Жон Ханкс гэдэг судлаач “Гуталт муурын зулзага” гэдэг зохиол гар бичмэлээрээ үлдсэн болохыг түүний үлдээсэн бичиг хэргийн дотроос олж авч ингээд үүнийг өөр зураачаар зургийг нь зуруулан гүйцээн хэвлэлд бэлтгэн уншигчдын гар дээр тавьжээ.

Лейк дистрикт
Камбри

Sunday, May 12, 2019

Ливерпулийн ойролцоохь завьны музей





Дээхэн үед английг тойроод усан суваг байгуулсан нь усан тээвэр хөгжихөд ихээхэн түлхэц болсон байна. Ихэнхи хэсэгтээ усан суваг нь тийм хангалттай өргөн байж чаддаггүй  тул нарийн урт завиар идэж уухаас авхуулаад түүхий эд, барилгын материал гээд хүний хэрэгцээтэй бүхий л  зүйлийг нэг хотоос нөгөө руу зөөвөрлөнө. Манфактурын үйлдвэрлэл хөгжиж ирснээр завьны хэрэглээ ч ихсэж. Манайхаар бол тэмээн жин, үхэр тэргээр тээвэрлэлт явагддаг байсантай адил. Харин урт завь нь эхэн үедээ моторгүй байсан бөгөөд мориор чирүүлдэг байсан байна. Завьны урьд талын дийлэнхи хэсгийг ачаа ачих зориулалтаар ашиглан, завьныхаа төгсгөлд залуурынхаа хажуу дахь багахан хэсгийг бүхээг болгон тэндээ жижиг зуух тавиад хананыхаа нэг хэсэгт модон ор байрлуулан, ашиглаж болох бүхий л хэсэгт тавиур байрлуулж ахуйн хэрэгцээний бүхий л зүйлсийг байрлуулна, хэрэглэдэг усны хувин болон модон эдлэл
хэрэглэлээ тод өнгийн будгаар цэцгэн хээгээр эрээлэн будсан зэрэг нь гэрийг санагдуулахаар. Завиар ачаа тээдэг хүмүүс завиндаа амьдардаг бөгөөд завь нь ажлынх нь хэрэгсэл тедийгүй нэг ёсондоо амьдрах орон сууц нь юм. Дээхэн үедээ гэр бүлээрээ ч амьдарна. Хүүхэд төрөхөөр нярай үед нь олсоор уяж байгаад залуурын хэсэгт завьныхаа хамар дээр байрлуулна.  Ачаагаа завьныхаа урьд хэсэгт байрлуулан дээгүүр нь багана татан банзаны хэмжээний өргөнтэй алхаж явах зам гаргасан байна мөн банганынхаа хэсэгтээ ачаагаа бүрхэх берзентээ хуйлаад уяачихна учир нь тэдний ихэнхи тээвэрлэж яваа ачаа тээвэрлэх явцдаа хуурай байх шаардлагатай байдаг. Завьны сүүлийн  хэсэгт тэдний амьдрах бүхээг нь байрласан бөгөөд залуур нь завьны төгсгөл хэсэгт байрлана. Ийм завьтай хүмүүс ихэвчлэн нохойгоороо ачаагаа мануулдаг. Нэг ёсондоо давхар хамгаалалттай гэх үү дээ. Ачаагаа тодорхой газар нь хүргээд завьныхаа багтаамжыг хэмжүүлж байж тооцоогоо
хийнэ. Өвлийн
улиралд ингэж ачаа тээвэрлэх нь нэлээд бэрхшээлтэй хүйтэн жавар унаж гол хөлдөөд ирэхээр хаашаа ч явж чадахгүй түгжигчддэг, зарим нэг нь зайрмаг болж хөлдсөн хэсгийг хагалах гэхдээ хоёр хүн завьныхаа багана хэсгийг барьж завиа нааш цааш сэгсэрч бага зэрэг газар хорооно. Орчин үед хурдны зам бий болж том том ачааны машинууд замаар тээвэрлэлт хийх болсноор уламжлал ёсоор  завин дээрээ амьдраад ачаа тээвэрлэх шаардлагагүй болж ирсэн. Гэхдээ усан сувгийн хажуугаар явж байхад завин дээрээ амьдардаг цөөнгүй хүмүүсийг харж болно. Нэгэнт хуучин шигээ ачаа зөөх шаардлагагүй болсон тул завьны ихэнхи хэсгийг дээврээр бүрхэж гал тогоо ор, буйдан сандал ширээ байрлуулан амьдрахад илүү тухтай болгосон. Зарим ийм завьтай хүмүүс хааяа туристууд авч аялал зохион байгуулдаг. Харин бидний очсон газар бол урьд нь уламжлал ёсоор үйл ажиллагаа явуулж
ирсэн газрыг хаагдсаны дараа  тэдгээр завьтай х
үмүүс яаж ажиллаж амьдарч ирснийг олонд таниулж танилцуулах зорилгоор музей болгосон байна. Усан сувгаар явах өөр нэг онцлог нь усны төвшинд хязгаарласан түгжээ байдаг энэ тухайн газрын байрлалаас шалтгаалан заримдаа газартаа 10 минут тутам ойр ойрхон 3-4 удаа дараалан байрласан байдаг усан сувгийн түгжээнд ойртоод ирэхээр завьнаасаа гарч түгжээг тайлж сувагт ус дүүрээд ирэхээр буцааж түгжээд цааш яваад байдаг. Нэг ёсондоо шатаар өгсөж уруудаж байгаатай адил гэх үү дээ. Газар нэг төвшинд байдаггүй тул ингэхээс өөр арга байхгүй аж. Бүр зарим хэт өндөрлөг газар завийг дээш доош болгох лифт хүртэл  байрлуулсан байх тохиолдол ч байдаг байна. Энэ мөн ус үерийн аюулаас хамгаалах зорилготой байна. Усны төвшин харилцан адилгүй байдгаас түгжээ хийж зохицуулдаг байна.

2008 оны 8 сар.

Monday, April 22, 2019

Манчестерийн хотын захиргааны байр





Хотын захиргааны байр нь
13 дугаар зууны үеийн готик загварын эртний гоёмсог барилга бөгөөд Манчестерийн хамгийн чухал барилгын нэг гэж болно.   Хотын хүн ам эрчтэй өссөнөөр хотын захиргааны байрыг томсгох шаардлага гарч сүүлдээ Кинг болон Кросс стритийн зөрлөг дээрхи хотын захиргааны хуучин байрыг нураан зөвхөн гадаах баганыг нь үлдээн Хитон паркад шилжүүлэн байрлуулсан байна.  Ингээд 1868 оны 10 сарын 26 нд шинэ байрны суурийг нь тавьсан ба 1877 оны 9 сарын 13 нд албан ёсны нээлтийг хийжээ. Өвөрмөц гурвалжин хэлбэртэй уг байр нь баруун хойд зүг рүү чиглэсэн бөгөөд англи, шотланд, ирландаас авчирсан гантиг чулууг хэрэглэсэн. Барилгын өнцөг булан бүр хотын талаархи түүхийг илэрхийлнэ. Гол хаалганы довжоон дээр хөвөнгийн ургамлын цэцгийг нэлээд томоор чулуугаар шигтгэсэн байдаг мөн барилгын цамхагын том цагны 12, 3, 6, 9 тооны оронд хөвөнгийн ургамлын цэцэг байдаг. Гол хаалгаар ормогц ромын загварын шалны шигтгэсэн чимэглэлтэй учир нь
Манчестерийн анх суурийг тавьсан хүмүүс нь эртний ромчууд бөгөөд английг байлдан дагуулж байсан кампанит ажлын явцдаа орчин тойрондоо дов толгодоор  хүрээлэгдсэн цэрэг сратегийн тохиромжтой газар гэж хүлээн зөвшөөрч цэргийн баазаа байрлуулах болж энэ түүхээс уламжлагдан үлдсэн ул мөрийг одоо үед Кастелфильд дэхь ромчуудын туурингаас харж болно. Барилгын хоёр давхар цагаан гантиган чулуугаар шигтгэсэн шалан дээр ажилчин зөгийгөөр чимэглэсэн нь учиртай хөвөн даавуу нэхдэг манфактурын үйлдвэр хөгжснөөр английн бусад хөдөө орон нутгаас болон гадаад орны цагаач иргэд ирэн уг хотыг ажилчин ангийн хот болгосон юм. Манчестерийн дээхэн үеийн бэлэг тэмдэг нь далайн хөлөг онгоц юм. Учир нь далайн тээвэр ид хөгжиж байх үед Америк, Австрали, Хятад зэрэг алс холын орнуудад очин худалдаа наймаа хийдэг байж.  Иймээс худалдааны харьцаатай байсан улсуудынхаа бэлэг тэмдгийг захиргааны байрын ёслолын таазан дээгүүр байрлуулсан байдаг. Харин эдгээр орнуудаас хамгийн онцлог болгодог орон нь Япон юм тэр үед тус улс хаалттай, гадаад орнуудтай харьцдаггүй байж. Хотын захиргааны дотор тал нь мөн гадна тал шигээ их ур хийц шаардагдсныг тодорхой харж болно. Хотын нэртэй салшгүй  холбоотой алдартай хүмүүсийн цээжин баримал их олон. Үүнээс зөвхөн хоёр хүнийг онцолж тодруулмаар байна. Нэрт физикч Жон Дэлтоны онол дээр үндэслэгдсэн судалгааг Манчестэрийн их сургуулийн баг явуулснаар атомыг анх энд задласан. Нөгөө нь 1 дүгээр Чарльз хаанаа түлхэн унаган өөрөө эзэн суусан Кромвель. Иргэний  дайны дараагаар түүний английг удирдах болсон нь зөв нөгөө бол буруу үйлдэл гэж  ялгаж салгахад төвөгтэй болгодог. Манайхаар бол Цогт тайжтай төстэй гэх үү дээ. Комунизмын үед монголд шарын шашин дэлгэрүүлэхийн эсрэг тэмцсэний хувьд түүнийг үндэсний баатар болгож байснаа ардчилал хөгжөөд шашин шүтэх чөлөөтэй болоод ирэхээр Далай ламын эсрэг боссон тэрслүү үзэлтэн болгодог шиг. Кромвелийн хувьд хааныхаа эсрэг цэргийн хүчээр босох иргэний дайны үед цэргийн удирдагч болохоо харуулан хаанаа ширээнээс нь татан буулган, толгойг нь аван, Парламент дангаар улс орныг удирдах боломж олгосон. Одоо цагт Хатан хааны зөвхөн бэлэг тэмдгийн чанартай болж эрх үүрэг нь багассан нь түүний шууд оролцоотой холбоотой юм. Хожим Кромвелийг нас барсны дараа хааны хязгааргүй эрх мэдлийг дэмжигчид түүний булшнаас нь ухаж гарган цогцосыг дүүжилж байсан байна. Манчестэр хотынхон түүний талд орсон нь хожим хойно хатан хаан Виктория уг хотод зочилж ирэх урилга хүлээж аваад ихэд дургүйлхэж байсан гэдэг хатан хааны энэ хотод таагүй байдгийн шалтгаан нь ганц энэ байсангүй. Тэрбээр Манчестэрийг бохир заваан гэж голдог байсан бөгөөд хотын захиргааны байр нээлтээ хийхэд хүрэлцэн ирэхээс татгалзсан гэдэг. Энэ мэт олон шалтгааны улмаас хотын захиргааны гадаахь талбайг хатан хааны оронд нөхөр хунтайж Альбертынх нэрээр нэрлэн хөшөөг нь  босгосон байна. Энэ нь ч зөв сонголт болсон гэж хэлж болно учир нь хун тайж Альберт хотын шинээр хөгжиж буй техник технологийг хувь хүнийхээ хувьд ихэд сонирхдог нэгэн байж. Мөн Манчестэрийн түүхтэй тодорхой хэмжээгээр холбогдсон бусад алдартангуудаас
Енглесыг дурьдаж болно. Аавынхаа хувийн үйлдвэрт түр хугацаагаар ажиллахаар ирээд "Англи дахь ажилчин ангийн нөхцөл байдал" гэдэг номоо бичих санаагаа олж авсан гэдэг. Английн алдартай зохиолч Чарльз Дикинсон хүртэл өөрийн зохиол бүтээлдээ тусгасан хүмүүсийн амьдрал ахуй нь энэ хотын өнгө төрхөөс шууд тусгасан гэдэг. Эхэн үедээ хотын захиргааны байрны тодорхой хэсгийг  цагдаагийн газар эзэлдэг байхад ажлын ур чадвараараа илүү гарч ирсэн цагдаагийн  ажилтан өөр нэг зохиолчид нэртэй мөрдөн байцаагчын дүрийг бүтээх санаа өгч энэ бидний сайн мэдэх Шерлок Холмес юм. Гэмт хэрэгтнийг хурдан илрүүлэх үүднээс цагдаагийн дүрэмт хувцасныхаа оронд энгийн хувцас өмсөн олон цугларсан газраар явж мэдээлэл цуглуулдаг байсан нь тэр үедээ төдийлөн дэлгэрээгүй шинэлэг арга байж түүний олсон амжилтыг орон нутгийн сонин хэвлэлд байнга мэдээлдэг байсан аж.

Хотын захиргааны байрны өөр нэг сонирхолтой хэсэг нь онцгой томоохон ёслол болдог Их танхим. Танхимын ханыг чимэглэн Манчестер үүсгэн байгуулагдснаас 19 дүгээр зууныг хүртэлх түүхийг харуулсан 12 хэсэг уран зургийн бүтээлийг дурьдаж болно. Эдгээр нь ганц хүний бүтээл бөгөөд нийт
15 жилийн хугацаа зарцуулсан гэдэг. Мөн уран зургийн өөр нэг онцлог нь зураач дүрээ гаргахдаа өөрийн дотно танил найз нөхөд тэр ч бүү хэл эхнэрээ мөн нууц амрагаа хүртэл оруулж байсан гэж бодохоор орчин үеийнхээр бол түүний социал медиа хуудас гэхээр. Тэрбээр зөвхөн таньдаг хүмүүсээр хязгаарласангүй гудамжинд тааралдсан зарим нэг хүний ганцхан хөлийг нь эсвэл гарыг харж зурах гэсэн санал хүсэлт тавьдаг байж.  Заримдаа амьд амьтан нэгэн тохиолдолд нохой өөр нэг тохиолдолд гахай авчирч зурж байхад нь ёслолын танхим дахь том орган хөгжмийг тоглож эхлэхэд нөгөөх амьтад нь айж үргээд зугтаж гүйсэнд барьж авах гэж бөөн ажил болж. Мөн уг танхимын тайзаар нь дээр үед Манчестертай далайгаар арилжаа наймаа хийдэг улс орнуудыг төлөөлсөн эмблем байх жишээтэй. Уг байр нь албан ажил явуулдаг газар болохоор бүх өрөөгөөр нь орж үзэх боломжгүй зөвхөн тухайн үед ашиглагдахгүй байгаа хэсгээр нэг бол тайлбарлагчтай нөгөө бол  өөрсдөө бие дааж явж үзэж болдог. Ер нь тэгээд нарийн судалгаа хийнэ гэвэл хичнээн бол цаг зарцуулж болохоор дуусахгүй юм билээ миний хувьд товчлон тоймлоход иймэрхүү. 


2011 оны 7 сар.