Monday, June 3, 2019

Беатрис Поттер





Элен Беатрис Поттер 1866 оны 6 сарын 28 нд Лондон хотын Кенсингтон дүүрэгт төрж. Дэлхий даяар түүний зохиосон 23 бяцхан номноос 15 секунд тутамд нэг нь худалддаг гэсэн тооцоо гарч. Аль зуун хэдэн жилийн өмнө бичигдсэн уг бүтээл яагаад өнөөг хүртэл ингэж уншигчдын сонирхол татсан хэвээр байдаг юм бол гэсэн гайхширал төрүүлэхээр. Үүний эхлэл нь тун ердийн байдлаас урган гарч. Поттерийн гэр бүлийнхэн Лондонгоос гарч амрахдаа тухайн газраа байшин түр хугацаагаар түрээслэн авч тухалдаг байв. Эцэг Руперт Поттер ууланд гарч буга, сойр намнан, голоос хулд загас барих дуртай. Эх Хелен нь найз нөхдөө урин цайллага хийгээд завгүй байхад Беатрисд цэвэр агаарт ихэнхи цагаа өнгөрүүлэх нь зугаатай байв. Мөн тэгэх зуураа танил болон хамаатан садны хүүхдүүдэд ямар нэг амьтны тухай өөрийн зохиосон түүхийг бага сага зураг хавсарган захиа болгон явуулдаг зуршилтай байв. Гэхдээ эхэн үедээ Беатрис нэртэй зохиолч болон олон ном хэвлүүлнэ гэж төсөөлж байгаагүй байна. Магадгүй энэ нь тухайн үед эмэгтэй хүн авъяас чадвараараа мэргэжил эзэмшин, карьер хөөнө гэсэн ойлголт байхгүй зөвхөн сонирхол хобби гэсэн маягаар ханддаг байсантай холбоотой болов уу.
Беатрисын зураг зурах болон түүх зохиох чадвар нь бараг зэрэг шахуу хөгжсөнд эцгийнх нь нөлөө багагүй байж. Аав нь урлагын сэдвээр энд тэнд лекц уншиж байвал байнга оролцон мэдлэгээ зузааруулж авна. Уран зургийн галерей болон театрт цөөнгүй очно. Фото зураг авах сонирхолтой. Хаа явсан газраа зураг зурах нооргийн дэвтэр, харандаагаа үргэлж авч явдаг. Ингэхээр урлагын талын авъяас нь Беатрисд эцгээс нь өвлөгдсөн мэт. Түүний багын зургуудаас тодорхой хэсгийг Лондонгийн Виктория болон Альбертийн музейн архивт хадгалагдаж байдаг. Эдгээр зурагнаас тухайн дүрийн сэтгэл санааны байдлыг мөн ямар сонирхолтой түүх өгүүлж буйг тодорхой харж болохоор. Зургууд нь яг амь орсон мэт. Тэрбээр 23 настайдаа Зул сарын баярын ил захидалдаа амьтадыг хувцас өмсүүлэн зурснаа  дэлгүүрт аваачиж өгөхөд тус бүрийг фаундаар бодож нийт зургаан фунт стерлинг авч. Энэ нь түүний анхны орлого байлаа.
Зургийн гол агуулга нь амьтан байдаг нь түүний өсөж төрсөн орчин ахуйгаас үүдэлтэй гэхээр Беатрисыг 6 настай байхад түүний эрэгтэй дүү Бертрам төрж. Эгч дүү хоёр дээд давхар дахь унтлагын өрөөндөө өөрсдийн гэсэн зоо парк нээн тэндээ туулай, хулгана, сарьсан багваахай, мэлхий зэргийг дэлгүүрээс худалдан авчирч байрлуулсан. Багаасаа амьтан арчилж, тэжээх чадвартай болж. Беатрис амьтанд туйлаас хайртай чийгийн улаан хорхой, эмгэн хумснаас ч жийрхэж цэрвэдэггүй байв. Дүү нь дотуур байртай сургууль руу явах болоход эгчдээ сарьсан багваахайгаа үлдээж хэрэв юм идэхгүй болоод үхвэл чихмэл хий гэж захиж. Беатрис ч хэлсэн ёсоор нь болгож. Мэдээж үүнийг сонссон хүний гайхлыг төрүүлэхээр гол шалтгаан нь Поттерийн хүүхдүүд амьтадыг арчлахдаа шинжлэх ухааны үүднээс ханддаг байв. Тэднийхээ зан ааш байдлыг нягтлан ажиглаж нарийн тэмдэглэл хөтөлнө. Хэрэв зарим нэг нь үхвэл саванд хийж буцалган янзалж ясыг нь судалгааны материал болгодог. Учир нь эцэг Руперт Поттер орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухааны ололт амжилтыг сайшаан хүлээн авдагаа ч хүүхдүүдтэйгээ хуваалцдаг байв. Беатрисийн төрөлхийн авъяас дээр нь өргөн цар хүрээтэй мэдлэг түүний амжилтын суурийг яах аргагүй тавьсан мэт.

1892 онд Шотландад амарч байхдаа байгалийн түүхч Чарли Макинтошид өөрийн зурсан зургаа үзүүлэн улмаар түүнийг шинжлэх ухааны сонирхолтой аялалынхаа хөтөчөө болгосон. Тэр үед Беатрисын хамгийн ур чадвар гаргасан бүтээл нь мөөгний нүдэнд үл үзэгдэх шахуу хэсгийг алдалгүй гарган зурсан зургууд болно. Мөөгний талаар 5 жил судалгаа хийсний үр дүнд уг сэдвээр англид хэвлэгдсэн номнууд зөв зүйтэй мэдээлэл агуулаагүй болохыг анзаарч, өөрийн судалгааны ажлыг илүү олны хүртээл үүднээс Лондон дахь шинжлэх ухааны нэгэн нийгэмлэгийн цугларалтанд уншуулахыг хүсэж. Гэхдээ 1897 онд эмэгтэй хүн тус нийгэмлэгийн байранд хүртэл орохыг хориглодог үе байсан тул материалыг нь өөр эрэгтэй хүн түүний өмнөөс унших шаардлагатай болсон. Эрдэм шинжилгээний ажилтнууд Беатрисын ажлыг дүгнэхдээ ахин өргөн хүрээтэй судалгаа хийх хэрэгтэй гэж үзэж. Цаашлаад гишүүндээ ч элсүүлж аваагүйд Беатрисыг аргагүй байдалд оруулж.
Уг бүтэлгүй тохиолдол түүний амьдралд эргэлт гаргах шалтгаан болсон бөгөөд энэ нь уншигч бидний хувьд завшаан болсон. Эхэн үедээ түүний бичлэг нь зөвхөн захиа л маягтай байв. Харин түүнийг багад нь хүмүүжүүлж байсан эмэгтэй Анне Мур дотно
найзын хувьд зөвлөгөө өгөхдөө яагаад хүүхдүүдэд бичсэн захидлуудыг ном болгон эмхтгэж болохгүй гэж гэсэн санаа өгч. Учир нь тэр эмэгтэйн хүү Ноел мөн Беатрисаас байнга захиа авдаг нэгэн байж. Ингээд Беатрис туулайн түүхээ зурсан зургуудтайгаа хавсарган бэлдэн зургаан хэвлэлийн газар луу илгээсэн ч тэдний аль нь ч нааштай хариу өгөлгүй шууд татгалзсан. Беатрис тэр үед 34 нас хүрч байв. Тэрбээр аль хэдийн шинжлэх ухааны академийнхнаас татгалзсан хариу сонссон байсан ч энэ удаа тэрбээр тийм амархан буулт хийхийг хүссэнгүй. Хэвлэх эрхтэй болж байр сууриа олж авах нь түүнд томоохон сорилт байсан. Дээр нь тэрбээр эмэгтэй хүн тул илүү асуудал үүсгэж байв. Тэр үеийн хэвлэлийн газрынхан зохиогч нь хэн байна гэдгийг төдийлөн анзаарч үздэггүй байсан. Зарим тохиолдолд зохиогч нь өөрөө хэвлэх зардлыг төлөх болдог байв. Хэдийгээр маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан ч Беатрис өөрийн мөнгөөр Питер туулайн түүхээ хэвлүүлсэн. Питер туулайгаа амьтны дэлгүүрээс 4 шиллинг 6 пенсээр авахдаа тэрбээр их мөнгө төллөө гэж бодож байж. Питер туулай нь одоогийн Микки маус шиг алдар хүндийг их урт зам туулж байж олж авсан.  Анхлан 250 ширхэг хэвлэгдэн уншигчдын гарт хүрсэн даруйдаа олны талархал хүлээсэн. Номынхоо эхийг 7 дахь хэвлэлийн газар олонд танил Фредерик Уорнруу илгээсэн нь талаар болсонгүй.  Тус газраас номын талаар сонирхож байна гэсэн захиа түүнд ирүүлж. Гэхдээ "Туулайн ном" гэж их өрөвдсөн байдлаар дурьдсан байв. Гэсэн хэдий ч энэ нь түүний хувьд эхлэлийг тавьсан гэхээр нөгөө талаар тус хэвлэлийн газар хүүхдийн номын чиглэлээр нэлээд гаршсан байсан. Беатрис номоо яг яаж хэвлүүлэх талаар тун тодорхой санаатай байж. Хэмжээ, хэлбэр загварынх нь хувьд гээд бүр ямар үнэтэй байхыг хүртэл тооцоолсон байв. Гэхдээ номын зургууд нь хар, цагаан байсанд өнгөтэй болго гэж санал болгосон ч тэрбээр өөрийн санааг өөрчлөхийг хүссэнгүй. Бараг жил шахуу зогсонги байдалд орсны дараа тэрбээр усан будгаар баатруудаа амь оруулсан. Питер туулай цэнхэр өнгийн хүрэм өмсөх болж түүнийг ганцаардуулахгүй гэхдээ нэмж хэд хэдэн дүрийг нэмж зохиолдоо оруулсан. Ингэсний дараа шилдэг номын эзэн болох нь гарцаагүй болсон.
1902 оны 10 сарын 2 нд “Фредерик Уорн анхны хэвлэлийн өдрийг зарлан номын зохиогчыг олонд танилцуулсан. Питер туулайн түүх эхлээд 8 мянган хувь хэвлэгдсэн нь номын дэлгүүрийн лангуу хүрэхээс өмнө худалдаалагдсан. Хоёр дахь ном нь Глочестерийн түүх үүнд нэгэн орой оёдолчин хантаазаа дуусгалгүй орхиод гурван өдрийн дараа нь ажилдаа ирсэн чинь уран гартай хулганууд аль хэдийн дуусгачихсан байсан гэж гардаг. Тэрбээр номынхоо агуулгыг баяжуулж үнэн зөв бичихийг мэрийж бүр оёдолчны газар туслахаар ажиллаж үзсэн гэдэг. Уншигчдын хүсэлтийн дагуу ахиад ном бичих шаардлагатай болов. Дараагийнх нь “Наткин гэдэг хэрэмний түүх” эхлээд ан хийдэг танилаасаа нэг хэрэм бариад өгөөч гэж гуйж байсан ч тэр бүтэхгүй шинжтэй хүлээгдээд байхаар нь амьтны дэлгүүрээс хоёр улаан хэрэм авсан нь хоорондоо үргэлж зодолддог байв. Тэднийг Наткины түүхдээ туслах дүрээр оруулж.

Беатрис хэвлэлийн газрын хүмүүсийн хувьд бол өсөж нэрд гарч буй зохиолч гэгдэх болсон. Хэдийгээр хэвлэлийн газрын гол удирдагч Харольд Уорн түүнд тийм сайн байгаагүй ч түүний дүү Нормантай илүү дотно харьцаатай болж ирсэн. Беатрис цаашдын ажил хэргийн чиглэлдээ ямар номонд ямар зураг оруулах бичлэгт өөрчлөлт хийх зэрэг бүхий л тал дээр Нормантай зөвлөлддөг байв. Түүний бичиж байсан номнууд нь тэдний хамтын ажиллагаан дээр үндэслэгдэж. Эхэн үедээ ажил хэргийн байсан тэдний харьцаа улам цаашлан зүрх сэтгэлийн асуудал болж хувирсан. Норман Беатрисын оргилуун сэтгэлд нь улам бүр татагдан. Беатрис Норманы өндөр нуруу, бие бялдарын хөгжил сайтай, нүдэнд дулаахан байдалд татагдаж эхэлсэн. Норман гэрлэх хүсэлтээ гаргахад Беатрис тун сэтгэл хангалуун баяртайгаар хүлээн авч. Беатрис Норманд үнэхээр хайртай байсан бөгөөд түүнтэй гэрлэн цаашдын амьдралаа хамтдаа өнгөрүүлэхийг тэсэн ядан хүлээж байсан. Харин Беатрисийн эцэг эх нь түүний сонголтыг тийм таатай хүлээн авсангүй. Тэдний сүй тавьсныг орон нутгийн сонинд хэвлүүлэхээс татгалзав. Гэсэн ч Беатрис Норманы сүй тавьж бэлэг болгон өгсөн бөгжийг хуруундаа зүүсэн.  Эцэг эх нь эсэргүүцсэн гол шалтгаан нь Норманыг нийгэмд эзлэх байр суурины хувьд Поттерийн гэр бүлийнхнээс доогуур орохоор гэж үзэж. Тэр үеийн жишгээр бол Беатрис бүр дээгүүр зиндааны биш юмаа гэхэд ядаж ижил төвшингийн хүнтэй гэрлэх ёстой байв. Үнэн хэрэгтээ Беатрисийн өвөг эцэг английн хойд нутагт хөвөн даавууны нэхмэлийн үйлдвэрийг амжилттай ажиллуулснаар хөрөнгө чинээтэй болж түүний үр хүүхдүүд нь хангалуун сайн амьдралаар аж төрөх нөхцөлийг бүрдүүлж. Гэсэн ч эцэг эх нь ингэж нийгэмд шат ахисан дэвшилийн талаар ил тод ярихгүй бараг нуух шахуу байдаг байв.
Беатрисыг Норманаас хөндийрүүлэх гэсэн далд санаагаар сүй тавиад дөнгөж 3 долоо хоног өнгөрсний дараа эцэг эх нь Уэльсэд амрахаар явах болсон. Беатрис тэднийг дагалдан явах болохдоо дадал болсон зангаар тэжээмэл амьтдаа аван аялалд гарсан.
Лондонд үлдсэн Норманы бие нь муудахад хэн ч түүний өвчин эмгэг ноцтой гэж бодож байсангүй. Уэльсэд ирсэн цахилгаан утсанд 37 настай Норманыг гэнэт өөд болсныг дуулгаж. Хувийн тэмдэглэлийн дэвтэртээ Беатрис бичихдээ: "Магадгүй биеэрээ тэнд байгаагүй нь дээр хэрэг болсон байх. Уйлж унжаад Норманыг улам хямрааж мэдэх байсан" гэжээ. Тэдний сүй тавилт дөнгөж сар л үргэлжилж. Тэр үед гэрлээгүй залуу эмэгтэй эрэгтэй хүнтэй тусдаа уулзах нь зохисгүй гэж үзэх тул заавал хэн нэгнийг дэргэдээ байлгах шаадлагатай байв. Иймээс тэд нэг хором ч яг хоёулханаа байж үзээгүй аж. Уй гашуудалдаа дарагдсан Беатрис тэжээмэл амьтдаараа хань хийж. Магадгүй энэ нь түүний амьдралын хамгийн хүнд үе байсан гэж хэлж болохоор хэдийгээр өндөр боловсролтой ч эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь гэж их доогуур тавигддаг мөн хувийн амьдралын хувьд эцэг эхээсээ бүрэн хараат. Энэ үеэс тэрбээр бие даасан байдалд хүрэхийг юунаас илүү хүсэх болж.
1905 онд Беатрис оронгоороо эргэсэн мэт амьдралаа эргүүлэн өөрчилж чадсан. Хэзээний эрс шийдэмгий зангаар ажил хэргээ урьдын байдлаар үргэлжлүүлэх болсон. Тэрбээр аль хэдийн 5 ном гаргачихсан бөгөөд тэр ондоо дахиад хоёр ном хэвлүүлэхээр бэлдэж байлаа. Поттерын гэр бүлийнхэн зуныхаа амралтаар байшин түрээслэн сууж тухалж байсан Лейк дистрикт буюу Нуурын дүүрэг гэгдэх газрыг Беатрис хэзээнээс мэдэх болсон билээ. Ялангуяа Нир-Сорей тосгонд очих илүү дуртай байв. Тэрбээр тэмдэглэлдээ үүнийг хорвоод хосгүй төгс төгөлдөр тосгон гэж байж. Нуурын дүүрэг нь Лондонгоос нэлээд зайтай бөглүү газар гэдэг ч харин Беатрист энэ нь давуу тал мэт санагддаг байв. Тэгээд Нир-Сорейд Толгодын дээрхи фермер буюу Хилл-Топ гэдэг нэртэй хуучны байшинг 2805 фунт стерлингээр худалдан авч. Орон нутгийн хүмүүс хотын гэнэн хүүхэн ямар ч бодлогогүй загнаж байна гэж шүүмжлэнгүй хандаж байв. Тэгсэн ч Беатрис энэ бүх хэл амыг огт тоосонгүй. 41 настайдаа амьдралаа ганцаараа үргэлжлүүлэхээр шийдэн энд нүүн ирсэн. Цаашид номоо
үргэлжлүүлэн бичихэд санаа өгөхөөр зүйл орчин тойронд нь хангалттай байж. Номын зурганд байшингийнхаа зарим өрөөний хэсгийг оруулах болж. Шинэ байшиндаа дасаж эхэлсэн ч гэм нь хархаар дүүрэн байж таарч. Тэдгээр гайхалууд нь ч зохиолынх нь гол баатар болсон. Гэрийнх нь ойролцоохь нуур амьтдаар дүүрэн байснаас мэлхийг ихэд сонирхон ойроос ажиглах болж. Тэгээд “Загасчин Джереми “зохиолынхоо баатар болгон Харольд Уорнд танилцуулахад хэвлэхээс татгалзсан ч 1906 онд тэрбээр буулт хийж. Эхлээд Харольд Беатрисын номын эхийг үзээд энэ мэлхийн өнгө нь ийм байж таарах юм уу эргэлзсэн байдлаар лавлан асуухад маргааш өдөр нь Беатрис хэвлэлийн газар ирэхдээ жимсний чанамалын шилэнд амьд мэлхий хийснээ үзүүлж байсан гэдэг. Загасчин Джеремигийн түүх 1907 онд хэвлэгдмэгцээ 250 мянган хувь хэвлэгдсэн нь Беатрисыг байнгын орлоготой болгож. Нуурын дүүрэгт нүүн ирж 3 жил болсны дараа Лондонгийн эмэгтэй тун өөр болж ирж. Мөн түүний амьтныг хайрлах хандлагад ч шинэчлэл гарч. 1909 онд тэрбээр орон нутгийн хүмүүс эртнээс маллаж ирсэн Хердвик үүлдрийн хонь үржүүлэхээр шийдсэн.  Төдөлгүй 30 жилийн дотор Биатрис туслах малчны хамтаар хонин сүргээ амжилттай өсгөсөн. Хердвик үүлдрийн хонь үржихэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлэн Беатрисыг орон нутгийнхан нийгэмлэгийнхээ Ерөнхийлөгчөөр нь сонгож байв.

Бизнес тал дээр олигтой сэтгэдэггүй хэвлэлийн газрынханд тэрбээр бачимддаг байж. Гэхдээ тэдний гарыг хараад суухыг хүссэнгүй. Олны танил болсон Питер туулайгаар зөөлөн тоглоом хийн зарах болсон. Төдөлгүй номын бусад баатрууд ч мөн зөөлөн тоглоом болж гарч ирсэн. Үүний зэрэгцээ номын баатруудын зурагтай ханын цаас, халуун усны бигнүүр, өнгөөр ялган будах ном зэргийг зохион гаргаж номноос гадна борлуулалт хийж болно гэдгийг баталсан.
1911 он гэхэд Беатрис Нуурын Дүүрэгтээ 6 жил амьдарч Топ-Хилл нэртэй байшиндаа амьдарч байхдаа тэрбээр газрын эзэн болсон. Зэргэлдээх Хоксхед тосгоны хуулийн ажилтантай ажил хэргийн холбоо тогтоосон нь хожим түний нөхөр болсон. Урьдын сүй тавьж байсан Норман шиг Уильяам Хилис өндөр нуруутай, бага зэрэг бүрэгдүү, спортод дуртай нэгэн байсан. Тэд бие биенээ хүндэтгэсэн тун дотно харьцаатай бөгөөд хувийн сонирхолын хувьд ч ойр байв.
Беатрисын эцэг эх өндөр настай болсон ч бас Беатрисын нөхрийг хүргэнээ гэж хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. 1913 онд Лондонд олонд мэдэгдэлгүй чимээгүй байдалтайгаар Беатрис, Хилис нар гэрлэлтээ албан ёсны болгож. Беатрис шинэ амьдралаа эхлүүлэхээр эргэлт буцалтгүй шийдэн үзэг цаас, усан будгийн бийрээ түр хойш тавихаас татгалзсангүй. Нир-Сорей тосгондоо Беатрис өөрийгөө хатагтай Хилис гэж дуудуулах болсон бөгөөд Цамхагын фермер гэсэн нэртэй арай илүү том хэмжээний байшинд нүүн орсон. Беатрис фермерийн аж ахуйн ажилд улам илүү ойр байх болж газар нэмж худалдан авах болсон. Ингээд түүний мэдэлд эцэстээ 4000 акер газар, 15 фермерийн аж ахуй байх болсон. Хэдийгээр тэрбээр сууриндаа хамгийн чинээлэг оршин суугч байсан ч Беатрис болон түүний нөхөр мөнгөө зөв зүйлд ухаалаг зарцуулахыг эрхэмлэдэг байв. Орон нутгийн сэтгэл нийлсэн хүмүүс Нуурын дүүргийн газар нутгийг унаган төрх байдлаар хадгалахыг хүсэн байгууллага үүсгэсэн нь сүүлдээ “Үндэсний фонд болж өргөжсөн Беатрис уг үйл ажиллагаанд эхнээс нь идэвхитэй оролцож байсан.
Фермерийн эзэн болоод цаашид нөгөө хөөрхөн бага оврын хөгжилтэй зохиолоо
үргэлжлүүлж бичсэнгүй. Гэхдээ америк уншигчдын хувьд хэдэн шинэ номууд гаргасан байна. Үргэлж гадаа нар, салхинд явж байдаг нь түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн, 77 настайдаа 1943 оны өвөл 12 сарын 22 нд өөд болж. Түүний хүсэлтээр олныг хамарсан томоохон оршуулах ёслол хийгээгүй бөгөөд хөшөө ч босгуулж ажил удсангүй. Түүний чандрыг нууцлан захисан ёсоор хөдөө газар фермерийнх нь менежер цацаж. Гэсэн хэдий ч тэрбээр мартагдан алга болсонгүй. Жил бүр түүний 2 сая ном зарагддаг гэдэг. Түүний амьдарч байсан Хилл-Топ байшин нь гэр нь музей болж шүтэн биширдэг хүмүүсийн очих дуртай газар болж. Дашрамд хэлэхэд Лейк дистрикт буюу Нуурын дүүрэг гэдэг газар нь санасныг бодоход их том газар байв. Хэсэг тасарсан тус тусдаа том жижиг нууруудтай нуураа дагаад манайхаар бол сумын төвийн дайтай жижиг тосгодууд тойроод байрлана. Тэднийгээ холбосон усан завь, онгоц болон машинтайгаа болон явган хүн гарч болох бярвааз ажиллана. Өөрсдийн унаагүй явж байгаа хүмүүс нэг бол алхаад хүрнэ нөгөө бол нуураа тойроод тосгон болгон дээр зогсоод явдаг автобусд хөл дүүжилж болно. Энэ газар ирсэний гол зорилго нь Беатрис Поттертой холбоотой газруудыг үзэх байсан тул эхлээд Вендмер гэсэн тосгонд буудаллан Беатрисын номын баатруудыг биет модель болгон хийсэн үзмэрийг үзээд дараа нь нуурыг гатлагч бярваазаар гаран Нир-Сорей тосгоныг зорин очиж Хилл-Топ нэртэй байшингийн гэр музейг очиж үзсэн. Гадна дотнын их олон хүн ирж үздэг болох нь харваас илэрхий байлаа. Монголчуудын хувьд Беатрис төдийлөн танил болоогүй байгаа байх. Ямар ч байсан япончууд сүйд болоод байдаг юм билээ. Токиогийн нэгэн цэнгэлдэх хүрээлэнд Хилл-Топын байшинг яг тэр байдлаар нь хуулбарлан барьж олонд үзүүлдэг үзмэр болгосон байдаг байна. Мөн Митшубиши банкны сүлд нь Питер туулай байдаг гэх зэргээс илэрхий харж болно. Беатрис өөрийгөө ингэж олон улсад алдартай зохиолч болно гэж төсөөлж байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэр музейд олон хүн очих тул бөөнөөр нь оруулж шавааралдуулж эмх замбараагүй байдал үүсгэхгүй гэхдээ цаг цагаар нь цувуулж оруулдаг их эмх цэгцтэй. Байшин доторхи бүх эдлэл хэрэглэл шалны дрож цонхны хөшгийг эс тооцвол Беатрис Поттерийн хэрэглэж байсан эд өлгийн зүйл байх аж. Байшин доторхийг харж байхад тэрбээр тийм чамин үнэтэй зүйл хэрэглээд байдаггүй даруухан эгэл. Сайн хийцийн чанартай энгийн тавилга сэлттэй. Мөнгөө их ухаалаг зөв зарцуулахыг эрхэмлэдэг байсан гэдэг нь үнэний ортой мэт санагдсан. Нэгэнт энд ирснийх гүйцээгээд бүгдийг үзэх санаатай ахиад өөр тосгон Хоксхедэд түүний зурсан зургаар үзэсгэлэн гарсан байна гэхээр очлоо. Уг тосгонд түүний нөхөр Хиллис ажиллаж байсан бөгөөд түүний хуулийн ажил хэргээ явуулдаг байсан хуучин байшинд нь зургийн галерей зохион байгуулсан байв. Беатрис багадаа хямд цаасан дээр зурдаг байсан тул түүний зургуудыг тэр болгон ил гаргаж тавьж үзүүлэхэд асуудалтай байдаг гэж музейн ажилтан тайлбарлаад 150 жилийн ой боллоо гээд ингэж тусгай үзэсгэлэн гаргаж байгаа ингээд дуусахаар нь архивт далд хадгална. Ойрын хэдэн жилдээ ил гаргахгүй гэж байв. Беатрис өөрийн эзэмшлийн газар, байшингаа “Үндэсний фондодүлдээсэн учир ингэж хэн дуртай нь ирж үзэж болох чөлөөтэй болгож. 

Беатрисын ахин нэг ном шинээр гарах болж байгаа нь уншигчдын анхаарлыг ихэд татаж байгаа аж. 2013 онд Жон Ханкс гэдэг судлаач Гуталт муурын зулзага гэдэг зохиол гар бичмэлээрээ үлдсэн болохыг түүний үлдээсэн бичиг хэргийн дотроос олж авч ингээд үүнийг өөр зураачаар зургийг нь зуруулан гүйцээн хэвлэлд бэлтгэн уншигчдын гар дээр тавьжээ.

Лейк дистрикт
Камбри

No comments:

Post a Comment