Saturday, June 8, 2019

Шекспир агуу зохиолч уу эсвэл шаггүй бизнесмен үү?


2012 оны 8 сард Лейчестерийн орон нутгийн захиргааны байрны хажуугийн машин тавьдаг газраас археологчид Дундад зууны үеийн английн эзэн хаан  Ричарьд 3 ын араг ясыг олж илрүүлсэн нь олны анхаарлыг ихээр татсан билээ. “3 дугаар Ричарьд  нийгэмлэг”  хэмээх байгууллага хааныхаа оршуулсан газрыг олж илрүүлэх гэхдээ хэдэн жилийн турш хайгуул хийн  түүхийн баримт бичиг, газрын зураг сэлтийг ашиглан нарийн судалгаа хийсний дүнд энэ газрыг сонгон ухалт хийсэн байна. Уг ажилд биечлэн оролцсон археологчид телевизийн нэвтрүүлэгт ярьснаар яг ингэж тодорхой нэг хүний үлдэгдлийг хайгаад олж авах нь бараг сохор аз гэж байв. Ховор олдвор дээр үндэслэн  мэргэжлийн хүмүүс маш нарийн дүн шинжилгээ хийн тулааны үеэр ямархуу зэр зэвсгийн халдлагаас хаан ямар бэртэл гэмтэл аван тэр нь эцэстээ эмэгнэлтэйгээр амиа алдахад хүргэсэн болохыг нүдэнд харагдтал тайлбарласан. Ингэж олон нийтэд тодорхой мэдээлэл өгсний зэрэгцээ өөр нэг яригдаж байсан зүйл нь Шекспирийн бүтээл байлаа. Түүний  “3 дугаар Ричарьд” хэмээх жүжгийн зохиол нь тайзан дээр анх тавигдсанаас эхлээд өнөө хүртэл  байнга тоглогдсоор ирсэн бөгөөд хожим нь Холливудын өргөн дэлгэцний кино болсон. Шекспир хааныг бөгтөр нуруутай, нэг гар нь нөгөөгөөсөө илүү урт унжсан, үзлийн зэвүүн төрхтэй, нохой хараад хүртэл жигшиж хуцдаг гэсэн байдлаар дүрсэлж. Ингэхээр энэ олон зуун жилийн дараа эргээд харахаар нэрт зохиолчыг олонд буруу ташаа ойлголт өгөн
төөрөгдүүлсэн гэж шүүмжилж болох  гэхдээ түүний бүтээл бол жүжгийн зохиол гэдгийг мартаж боломгүй. Аливаа урлагийн бүтээлд  гол дүрийг дүрслэхдээ бодит байдлаас хэт давуулан хэтрүүлэх хандлага байдаг. Тэгээд дээр нь зохиогчын санаа авсан түүхэн эх сурвалж нь тулаанд ялсан талын үзэл бодлыг баримталсан өрөөсгөл дүгнэлт байсан гэдгийг дурьдах хэрэгтэй. Эцэстдээ түүхэн хүнийг зохиол бүтээлдээ мушгин гуйвуулсан гэж Шекспирийг сонгон авч буруутгах нь тийм зөв хандлага бус мэт. Тэр эртний түүхийг бичсэн хүмүүс ч хамт буруудаж таарна. Гэхдээ хичнээн буруу байсан ч гэсэн  Шекспирийн бүтээсэн тэр дүр л олны ой тойноос арилахгүйгээр  хоногшин үлдэж.

2016  онд Шекспирийн мэндэлсний 400 ойг англи даяар өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Түүний зохиол бүтээлийг сонсоогүй улс орон гэж дэлхий дахинд бараг байхгүй болов уу. Орчин үеийн тайз дэлгэцний урлагийн бүтээл тэр ч бүү хэл шинээр гарч буй ном зохиол ч гэсэн түүнээс ямар нэгэн байдлаар санаа авсан гэдэг нь илэрхий харагддаг.
Шекспирийн намтар түүхийг Стратфорд-апон-Эйвоноос эхлэлтэй гэх нь зөв болов уу. Энд л тэрбээр төрж, хүүхэд ахуй цагаа өнгөрүүлэн, хайр дурлалтайгаа учиран үр хүүхдүүддээ өсгөж. Лондонд жүжгийн зохиол бичин нэр хүнд олон, санхүүгийн хувьд нэлээд амжилтанд хүрсний дараа мөн л уугуул нутагтаа Нью Плэйс гэсэн томоохон байшин худалдан авч тэндээ амьдралынхаа сүүлчийн үеийг өнгөрүүлсэн. Ингэхээр түүний амьдрал энэ л газартай ямагт холбоотой байж ирсэн.
 
Манчестераас галт тэргээр замдаа хоёр дахин сольж байж хүрч очлоо. Лондонтой харьцуулахад тийм ч том хот биш юм шиг. Галт тэрэгний цонхоор харж байхад газар тариалангийн талбай ихтэй харагдсан. Гэхдээ хөдөөгийн буйдхан газар ч гэж хэлж болохооргүй мэт наад зах нь алдартай хүний нэртэй холбоотой учир туристуудын хөл тасардаггүй байдаг болов уу гэлтэй. Үзэх гол газрууд гэвэл: Шекспирийн эцгийн болон хадамуудын мөн охиных нь амьдарч байсан байшингуудын гэр музей, орон нутгийн сүм, номын сан, түүний сурч байсан сургуулийн байр зэрэг болно. Мэдээж эндэхийн Шекспирийн нэрэмжит театрыг дурьдахгүй өнгөрч болохгүй байх.
 Орон нутгийн сүмдээ Шиксфер 1564 оны 4 сарын 26нд угаалга хийлгэн адислуулсан гэх бөгөөд мөн энд бунхлуулж. Уг сүмийн түүх 13 дугаар зууны үеэс эхлэх бөгөөд Стратфорд-апон-Эйвондоо хамгийн хуучны барилга.  У. Шекспирийн нэр сүмийн бүртгэлд бичигдэхээс өмнө англи даяар томоохон өөрчлөлт гарч. Английн хатан хаан Элизабет 1 ын эцэг хаан Хенри 8 католик шашныг халах шийдвэр гаргасны шууд үр дагавараар тус улс Ромын нөлөөнөөс тусгаар болж ирсэн. Олонхи ард иргэд түүнчлэн Шекспирийн гэр бүлийнхэн ялгалгүй эхлээд хүчээр тулгасан шашны номлолыг хүлээж авахаас өөр аргагүй байдалд орж. Хэдийгээр Хенри 8 ын ууган охин хатан хаан Мэри католик шашныг дахин сэргээсэн ч түүний удамыг залгамжилсан дүү охин хатан хаан Элизабет 1 Протестант сургаалыг дээдлэн улс орноо захиран удирдахаар шийдэж.

Шекспирийн үед Сратфорд-апон-Эйвон 2000 орчим оршин суугчидтай худалдаа арилжаа өргөн явагддаг газар байв.  Энэ хотод газар тариалангийн аж ахуй зонхилдогч хонь үржүүлдэг фермер ойрхон учир ноосны худалдаа илүү өргөн хийгдэнэ. Англи даяар тархсан тахалын аюул хөнөөл уг газрыг тойрч орхисонгүй тэр тусмаа Шекспирийн төрсөн жил хамгийн их гамшиг учруулсан байна. Архивын материалаас үзэхэд 1564 оны 7 сард Шиксфер төрөөд 3 сар болоход 200 орчим иргэд тахалаар амиа алдсан нь уг хотын оршин суугчдын 7 хувь нь байв. Золоор аймшигт аюул нялх Шекспирээс холуур өнгөрч. Харин тэдний хоёр талын хөршийн нялх хүүхдүүд нь амь гарч чадсангүй.
Хенлэй гудамжин дахь эцгийнхээ байшинд Уильям Шекспир төрсөн гэж өнөөг хүртэл ойлгодог. Түүний эцэг Жонн Шекспир нутагтаа удам судар сайтай Арден овогийн Мэри гэдэг эмэгтэйтэй гэр бүл болж. Урьд нь хоёр ч охин хүүхэд нь эндсэн тул Шекспирийг төрөхөд эцэг эх нь тун баяртай байсан болов уу. Эцэг Жонн нь тун даруухан байдлаар амьдралаа эхлэн арьсан бээлий хийдэг хүний дагалдангаар ажлын гараагаа эхэлжээ. Дараа нь шар айраг амтлагч болон жигнэсэн талхны чанарыг шалгагч эцэстээ тэрбээр хотдоо Засаг дарга болон дэвшивТомоохон ёслолд гоёмсог дэгжин хувцасаа өмсөн  хотын оршин суугчдын өмнүүр гарч явах эцгээ хараад тэр үед дөнгөж 4 нас хүрч байсан  Шекспирт ихэд гүн сэтгэгдэл төрж байсан болов уу. Хэдийгээр эцэг нь хотдоо нэр хүндтэй ч ахуй амьдралаа нөр их хөдөлмөрөөр л хангана. Тэдний гэр бүлийн орлогын эх үүсвэр нь  нарийн хийцийн савхин бээлий оёх бизнес байв. Энэ нь маш нарийн  ур чадвар шаардсан ажил бөгөөд гэр бүлийн бүх гишүүд арьс ширээ боловсруулж элдэхээс авхуулаад зарж борлуулах эцсийн дамжлага хүртэл хариуцан хийнэ. Оёдол сайтай цагаан бээлий бол бүр илүү үнэд хүрдэг байж. Нэгэнт бэлэн болсон бүтээгдэхүүнээ байшингынхаа гудамж руу харсан цонхоо онгойлгож байгаад худалдан авагч нарт зардаг байж.  Аавынх нь худалдаа арилжааны хэлхээ холбоогоор Уильям Шекспир маш олон янзын хүмүүсийн хүрээлэлд өсөн том болж. Магадгүй тэр орчин түүнд хожим онцгой дүр бүтээх суурийг нь тавьсан байж болох юм. Шинэ шашинд сүжиггүй эцэг Жонн сүмд очиж мөргөл үйлдээгүйгээс гэмт хэрэгтний жагсаалтанд нэр нь оров. Хатан хаан Элизабет 1 ээс тогтоосон хуулиар шийтгэл үзүүлэн их хэмжээний торгууль төлөх болж. Тэр үеийн жишгээр гэмт хэрэгтний нэрийг нь сүмийн хаалганд хадан олонд зарладаг ёстой байв. Эцэг Жоннынх нь буруутан болсон өөр нэг шалтгаан нь түүний хууль бусаар ноосны худалдаа эрхэлдэг байсантай холбоотой байж. Нэгэнт хатуу хууль шийтгэлээс мултрах аргагүй тул тэрбээр өндөр тогтоосон торгуулаа төлөх гэхдээ үл хөдлөх хөрөнгө бусад үнэт зүйлсийн хамт өрөнд тавьж алдагдалд ороход хүргэв. Санхүүгийн хувьд хүнд байдалд орсон ч Хенлей гудамжинд дахь байшингаа харин өөрийн мэдэлдээ авч үлдснээр барахгүй эцэстээ амьдралаа буцаан дэгжүүлж чадаж. Уг байшинг музей болгон олонд үзүүлэхдээ их сүрхий бодолцож зохион байгуулсан байсан. Өрөө болгонд нь нэг тайлбарлагчтай тухайн өрөөний тухай Шекспирийн үеийн амдралаар төсөөлүүлэн ярьж танилцуулаад бүр гадаа цэцэрлэгт нь оюутнууд тэр үеийн хувцас өмсөн Шекспирийн зарим тоглолтоос хэсэгчлэн үзүүлж мөн яруу найргийн бүтээлээс нь уншиж сонирхуулж байсан.
.
  Орон нутгийнхаа нэр хүндтэй сургуульд Уильям боловсрол олж авах болж. Одоогийн түвшинээр бол их сургуулийн зэрэгтэй ойр латин хэлээр голчлон хичээл сургалт явуулдаг. Латин хэлний дүрэм, Библийн сургаалын судлал, ном хаялцах зэрэг нь хичээлийн үндсэн хөтөлбөрт хамрагдана. Латин хэл дээр бичигдсэн гүн ухааны сонгодог бүтээлүүдийн уншиж танилцахын зэрэгцээ мэтгэлцэх урлагт суралцахдаа маргалдагч эерэг болон эсрэг хоёр талын аль алинд нь харилцан дүгнэлт өгч чаддаг болж. Тэр сургуулийнх нь байшин одоо хүртэл байх бөгөөд заавал дотор нь ороод үзэх гээд байх шаардлагагүй гаднаа тодорхой тайлбар самбар тавиад тэр үед сурагчдад латин хэл яаж заадаг байдлаар бичлэг тавьсан нь байсан.
 Харин түүний хувийн амьдралын түүхээс анзаарч байхад тэрбээр зохиол бүтээлээ төрсөн нутагтаа туурвиж байгаагүй байна. Тодорхой бус шалтгаанаар гэнэт Лондон руу явж. Ингэж хот сэлгэн нүүхэд тэрбээр ганц бие байсангүй. 1582 онд дөнгөж 18 настайдаа өөрөөсөө 8-9 насаар эгчмэд нутгийн бүсгүйтэй гэрлэж. Гайхалтай нь эхнэрийнх нь талаар тун бага мэдээлэл үлдэж. У.Шекспир алдартай Ромео Жулет гэдэг хайр дурлалын түүхийг бичсэн гэдгийг хүн болгон мэддэг ч түүний  хайр дурлалын тухай бид бараг мэддэггүй. Зарим судлаачдын дэвшүүлсэн таамаглалаар 1582 оны 8 сард Стратфордод баян ургац авсан ёслолын үед Уильям Анн хоёр анхлан бие биенээ хайрын нүдээр харсан болов уу. Магадгүй тэд эртний уламжлал ёсоор ам тангараг өгөн оронд хамтдаа орж унтдаг ёслол үйлдсэн байж болох.
  Тэр үеийн жишгээр албан ёсоор гэрлэх нас 21. Арван хэдэн наснаасаа дагалдангаар ажиллан 20 насны эхээр мэргэжин байнгын ажил эрхлэх чадвартай болдог бөгөөд тийм төвшинд хүртэлээ гэрлэдэггүй байсан. Харин Анне хуримлахаасаа өмнө хөл хүндтэй болсон учир гэдэс нь томрохооос өмнө сүмд яаравчлан ёслол үйлдэх болсон. Шекспир морины хурдаар ойролцоох том хот руу очин 40 фуньт стерлингээр гэрлэлтийг хүчин төгөлдөр болгон баталгаажуулсан лиценз олж авсан. Ингээд албан ёсоор эхнэр нөхөр болон хамт амьдрах болон 1583 онд ууган охин Сюзанна нь мэндэлсэн.
1585-1592 онууд нь Уильям Шекспирын түүхчдийн хувьд тун сэтгэл гонсойлгосон үе байдаг. Энэ хугацаанд түүний юу хийж байсныг хэн ч мэддэггүй. Зарим нь түүнийг католиг шашны гол төв Ланкэйше руу явж тэндээ хэсэг амьдарсан. Нөгөө хэсэг нь тэрбээр ухаан сийрэг боловсролтой нэгэн байсан болохоор Стратфорд дахь сургуульдаа багшийн туслахаар ажилласан гэдэг. Гэхдээ дээрхи таамаглалаас хамгийн барьцтай нь Стратфордоор байнга дайран өнгөрдөг хэсэг жүжигчдийн хамтлагтай холбоотой болов уу.   Хатан хааны эрчүүд хэмээгдэх тэдгээр хүмүүс ард олныг төр засгийн шинэ бодлогод нааштай хандлага төрүүлэх зорилгоор суртал ухуулаг хийн англи даяар тойрон аялах бөгөөд санхүүжилтийг нь Хатан хаан удирдан хийлгэдэг байж. Тэдний тоглолт нь орчин үеийнхээр бол варьете маягийн акробат, хошин шог болон жүжгийн хэсгээс тоглоно. Стратфордод тоглолтоор ирэхийн өмнө Оксфордод байхдаа зарим жүжигчид зодоон цохионд оролцож нэг нь хутгалуулж амиа алдсан хэрэг гарсан байна. Магадгүй энэ шалтгааны улмаас Уиллиам Шекспирээр орлуулах болсон байж болох. Ямар ч байсан У.Шекспир эхэн үедээ дагалдан жүжигчин болсон байснаа сүүлдээ Лондон руу шилжин ажиллах шийдвэр эргэлт буцалтгүйгээр гаргасан. Энэ нь түүний хувьд амьдралдаа гаргасан томоохон алхам байв. Мөн нөгөө талаар зүйрлэшгүй авъяастан төрөн гарах эхлэлийг тавьсан гэж хэлж болно.  Уильям Шекспирийг ингэж том хотод ирэхэд тэнд маш олон янзын хүмүүс бизнес ажиллагаа эрчимтэй явуулж байсан. Лондон нь Стратфордыг бодвол 100 дахин илүү том 200 мянган оршин суугчидтай өндөр ханаар хүрээлэгдсэн олон сүм, дуган, хийдтэй. Тэймс голын эрэг дээр байрладгийн хувьд дотоод гадаадын наймаачид үргэлж бараа таваар оруулж гаргана. Зав чөлөөгүй хөл хөдөлгөөнтэй энэ хотод сайн муу зүйл холилдон байна. Шиксфер Лондонд яг зөв үеэр хүрч ирсэн. Тоглолт үзвэр болдог театрын үүсэл хөгжил нь сүүлийн үеийн нээлт энл л эхлэлээ тавьж байсан. Урьд нь  жүжигчид болон жүжгийн зохиол бичигчид нь нэг бол орон нутгийнхан цуглардаг уушны газар нөгөө бол чинээлэг баян хүмүүсийн харш ордонд тоглон амьдралаа хүргэдэг байснаа өөрчлөгдөн бие даасан театр босгон тоглолтоо хийх болсон. Ийм шинэ нөхцөл байдлыг Шиксфер хөрөнгөө аривжуулах эх үүсвэр болгосон. Гэхдээ энэ нь тийм санаснаар амархан байсангүй.1592 онд хар тахал гарснаар театр хаагдахад хүрч дөнгөж эхлэлээ тавьж байсан Шекспирт таагүй нөхцөл байдал авчирав. Гэвч тахал ч төдөлгүй тархахаа зогсон төгсгөл болж.  Театр дахин хаалгаа нээхэд тэрбээр жүжигчин бус зөвхөн жүжгийн зохиол бичих ажилд шамдан орсон. Байнгын тоглолтонд хэрэглэх шинэ материалуудыг ар араас нь тасралтгүй гаргах шаардлагатай тулгарсан. Шиксфер сургуульдаа уншиж байсан Овидын бүтээлээс санаа авахын зэрэгцээ Англи, Ирланд, Шотландын түүхэн үйл явдалыг өгүүлсэн Холиндшедын түүхэн хураангуйг маш нарийн нягтлан судлах болсон. Нэгдсэн Вант улсын түүхэн үйл явдалыг цуглуулан эмхтгэсэн боть 1577 болон 1587 онуудад тус тус хоёр ч удаа хэвлэгдсэн. Сүүлд хэвлэгдснийг Шекспирийн илүү анхааралдаа авсан болов уу гэж судлаачид таамагладаг. Холиндшедийн түүхээс Хенри 5, Ричард 3, Хенри 6 гээд английн хаадын дүрүүдийг олны сонирхлыг татах тайзны бүтээл болгосон. Лондон үнэхээр Шекспирт тоглох тайз өгсөн. Тэрбээр уран бүтээл туурвихын зэрэгцээ театрын зохион байгуулах менежмэнтийн ажиллагаан дээр ч идэвхитэй оролцож байж. Үйл ажиллагаа явуулж байсан театрын газар нь түүний эзэмшлийн бус байсан тул барилгаа нураан буулган өөр газар шилжүүлэн гол яс модыг дахин ашиглан Глове театраа сэргэн босгон дотно түнштэйгээ хамтран эзэмших болсон.
  Шекспир Лондон даяар хэдийнээ алдартай болсон нь Хатан хааны анхаарлыг хүртэл татах болсон. Заримдаа хатан хааны ордонд очин тусгай тоглолт хийж дээдсийг зугаацуулдаг болсон. Элизабет өөд болоход үе залгамжилсан хаан Жэймс ч Шекспирийн зүг хандах хандлагыг өөрчилсөнгүй бөгөөд Шиксфер нь хааны таашаадаг урлагын зүтгэлтний нэг болсон.
  Шиксферийн жүжгийн зохиолууд болох Хамлет, Жули Сизер, Маквет, Хаан Лир, Отелло зэрэг нь Глове театрт анх удаагаа тайзан дээр тоглогдсон. Глове театр одоогоос 4 зуун жилийн тэртээгээс тоглолтоо хийж эхэлсэн бөгөөд уг театрыг орчин үед дахин сэргээн мөн яг тэр газраа байрлах бөгөөд Лондонд ирсэн гадна дотнын жуулчид очиж үзэх газрын нэг болсон. 1613 онд 8 дугаар Хенригийн тухай жүжиг тоглоход бэлдэж байж тоглолтын үеэр их буу хэрэглэн тоглолтыг улам үнэмшилтэй болгох гэж төлөвлөж байж. Харамсалтай нь их буу буруу тийш буудан сүрлэн дээврийг шатааж эхэлснээс галыг зогсоож чадалгүйгээр театрыг тэр чигээр нь газартай тэгшилсэн. Энэ нь Шиксферийн хувьд тун эмгэнэлтэй явдал болсон. Сэтгэл санаанд нь хүнд нөлөөлөл учруулснаас тэрбээр амьдралынхаа сүүлчийн хоёр жилийн турш огт жүжгийн зохиол бичэлгүй өнгөрүүлж.

Глове театр үгүй болоход Шекспирийн бичих сонирхол нь мөн алга болж. Түүний хамгийн сүүлд бичсэн жүжигт гол дүрийн баатар нь ид шид үзүүлдэг онцгой чадвараасаа татгалзан шидтэй таягаа шидэн алга болгодог хэсгийг үзэгчид Шекспир нэг ёсондоо ажлаа дуусгавар болгон үзэгчидтэйгээ салах ёс гүйцэтгэсэн гэж ойлгож. Гэхдээ зарим нэг зохиол дээр бусад хүмүүстэй хамтарч ажилласан ч бие даан бүтээл туурвихаа болж.
 Эцэстээ тэрбээр Стратфордодоо дахин буцан ирсэн. Энд эхнэр хүүхдүүд нь дотно найзууд хамаатан садангууд нь аж төрсөөр ирсэн. Тэрбээр бүхий л амьдралынхаа туршид энэ нутгийн хүн байсаар ирсэн. Уран бүтээлийн ажлаа эхлэх үеэс тэрбээр 33 настайдаа тосгоныхоо төвд том байшин худалдан авсан. Бидний ойлгосноор 15-20 жилийн турш Шекспир 2-300 фунт стерлинг жилд олдог байсан гэдэг. Жүжгийн зохиол бичих ажлаар олсон орлогоо Стратфор-апон-Эйвонд шингээсэн. Тосгоныхоо газартай дүйхүйц хэмжээний 202 акер эдлэн газар худалдан авсан. Судлаачдын анхаарлыг татдаг өөр нэг асуудал нь Шекспир яаж ийм баян чинээлэг болж чадсан бол гэж сонирхдог. Лондонд байхдаа жүжгийн зохиолыг ёстой машиндаж байгаа мэт тасралтгүй бичин тайзан дээр тоглолтын тасралтгүй гарган уйгагүй ажиллаж байсан. Дээр нь театрынхаа тодорхой хувийг эзэмшиж байсан тэр үеийн ханшаар түүний орлогыг бодоод үзэхэд яагаад ч тийм том байшин авч дээр нь газрын эзэн болоход хангалттай бус байсан тэгэхээр тэрбээр өөр орлогын эх үүсвэртэй байсан байж болзошгүй гэдэг. Энэ нь эцгийнх дээхэн үед эрхэлж байсан ноосны худалдаа байж болох. 1616 оны 4 сарын 13 нд Уильям Шекспир өөд болсон. Тэрбээр гэрээслэлдээ үлдсэн өв хөрөнгөө эхнэр хүүхэд үеэл дүү нар найзууд мөн тосгоны ядуучуудад хүртэл тодорхой хувийг үлдээж. Түүнийг өөд болсны дараа түүний бүтээл жүжгийн зохиолууд нь тэр дороо мартагдан алга болсонгүй. Хамтран ажиллаж байсан уран бүтээлч нөхөд нь Шекспирийн 36 бүтээлүүдийг эмхтгэн өөд болсноос нь 7 жилийн дараа ном болгон хэвлэн гаргаж. Энэ нь Шекспирийн нэр хүндийг хүндэтгэсэн хамгийн том үзүүлэлт гэхээр хэрэв дээрхи ном хэвлэгдээгүй бол жүжгийн 18 зохиол нь тэр чигээрээ алдагдах байсан.  
 Ричард 3, Клеопатра, Хенри 5, Марк Антони зэрэг түүхэн хүмүүсийн дүрийг үзэгчид Шекспирийн зохиолоор төсөөлөл баримжаа авч ирсэн. 2009 онд нэгэн гэр бүлийн цуглуулгад Шекспирийн тун залуу байх үеийн зураг олдож түүнийг албан ёсны гэдгийг тусгай шинжилгээгээр баталгаажуулсан.
Эцэст нь дүгнэхэд англичууд үзэг бол хурц сэлэмнээс ч илүү хүчтэй гэдэг Шекспирийн амьдрал үүний нэг баталгаа гэхээр. Тэрбээр сайн жүжгийн зохиолч гэдгээ харуулан үзгээрээ нэр хүндээ олж авсан бол эцгээсээ суралцсан ноосны худалдаа  түүнийг бэл бэнчинтэй болгосон. Бүхэл бүтэн англи улсыг хонины ноос баян болгож чадсан юм чинь ганц Шекспирийг хөрөнгөтэй болгож яагаад болохгүй байх гэж. Ингэхээр Шекспир суут зохиолч төдийгүй шаггүй бизнесмен болж таарах нь илэрхий.  Уран зохиолын хувьд тэрбээр дэлхий дахинд томоохон өв үлдээсэн. Английн өдөр тутмын ярианы 10 үг хэллэгийн нэг нь түүний үг байж таардаг гэдэг. Тэдгээр хэллэгүүдийг түүний зохиолыг уншиж байгаагүй хүмүүс хүртэл мэддэг. Дэлхий дахинд ч ялгаагүй түүний зохиол бүтээл олны танил байдаг. Наад захын жишээ нь Ромео Жулет гэхээр хүн бүхэн Шекспир гэж хэлэх жишээтэй. Тэгэхээр энэ суутан хүн төрөлхтөнд хэзээ ч мартагдахгүйгээр үлдсэн хэвээр байх болов уу.


Стратфорд-апон-Эйвон

No comments:

Post a Comment