Wednesday, December 12, 2018

Манчестер хотын хагас марафон



10 сарын 14нд Манчестер хотын хагас марафон гурав дахь жилдээ болж өнгөрлөө. 21 км ийн зайны энэ удаагийн  уралдаанд 14 мянган хүн хамрагдсан бөгөөд тэдний дунд 3 монгол эмэгтэйчүүд Надъяа, Зулаа, Цомоо нар оролцсноор онцлогтой болсон юм. Уг гүйлтийн баг нь урьд нь Винзорын шилтгээний орчмын болон Манчестерийн гээд хэд хэдэн томоохон марафонуудад гүйсэн туршлагатай хүмүүсээс бүрдсэн байв. Тэдний дундаас Надъяа ба Э.Цэрэннадмид 2015 оноос хойш Афин, Ром, Манчестер, Амстердам, Лондон, Шотланд гээд томоохон марафонд бие даан оролцсоны зэрэгцээ 2016 оноос хойш Монголдоо хандив өргөх  ажиллагаанд идэвхитэй оролцож эхэлсэн. Тодорхой жишээ дурьдвал 2017 оны Манчестерийн, 2018 оны Лондонгийн марафонд гүйхдээ Улаанбаатар хотын Гачуурт хороон дахь өнчин 80 гаруй хүүхдийг халамжлан өсгөж буй “Лотус” хүүхдийн төвд 3730 фунт стерлинг, 2018 оны Английн Хойд бүсийн хагас марафонд гүйхдээ Монгол дахь “Хавтгай хамгаалах Сан”д 560 фунт стерлинг тус тус хандивлажээ. Манчестерын монголчуудын дунд “Мотортой” хэмээн алдаршсан эмэгтэй юм.
Гүйлтийн зам яг манай үүдээр өнгөрдөг тул Марк бид хоёр яаж зүгээр байхав гэж бодоод хөгжөөн дэмжигч болохоор хөөрцөглөв. Бид хоёр дээр Сейлд ойр байдаг Цомоогийн нөхөр Шинээ Авид, Мэргэн хоёр хөвгүүнээ дагуулан ирж хүч нэмэрлэв. Марафоны зохион байгуулалт сайн байдаг гүйж байгаа хүмүүст хангалттай ус, зөөврийн ноль байрлуулсан тул бидний зүгээс хийгээд байх зүйл бараг байсангүй. Нутгийн гурван хүнээ дэмжээд монгол туг далбаагаа бариад зогсох болов. Харин миний зүгээс билэг тэмдгийг бодож мөнгөн аягатай сүү хадагтай барихаар бэлдэв. Нэгэнт тэдний гүйлтийн дугаарыг мэдэж байсан тул хаа явааг тодорхой мэдэж болохын зэрэгцээ яг хэзээ манайд дөхөж ирэхийг барагцаалахад амар байв. Хамгийн түрүүнд Надъяа гүйгээд ирлээ. Гүйгээд өнгөрч байгаа хүнтэй үгийн солио энээ тэрээ гэж юу байхав. Дараа нь нөгөө хоёр нь өнгөрөхөд бүгдэд нь нөгөө сүү хадгаа ээлж дараалан өглөө. Дараа нь бодоод байсан зүүн гараараа өгөөд баруун гараараа авдаг гэдгээ ч таг мартчихсан дээр нь тэвдэж тулгамдсандаа сайн сайхныг хүссэн ерөөлийн үг хэлэх манатай  өнгөрсөн байв. Миний тэгж мунгинаж хагас дутуу юм хийж байгаа нь гудамжны үзүүрт зогсоод савтай ус өгч байгаа хүмүүсээс нэг их дээр гарахааргүй байлаа. Гэхдээ миний урамыг бодоод бүгд л их баярласан талархсанаа дараа нь илэрхийлж байсан. Маркын хувьд хамгийн том монголийн далбааг дэвэх үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр сүүлийн үед хойд солонгосынхон парад яаж хийдгийг баримтат нэвтрүүлгээс үзсэн байсан гээд 8 тооны хэлбэр гарган идэвхитэй нь аргагүй далласан. Ингээд удаан байвал суганы булчирхай цочоод маргааш хоёр гараа өргөж дийлэхгүй болох нь гэж тэрбээр хошигнож байлаа. Харин бяцхан хөвгүүд бол бид хоёроос илүү туршлагатай нэг нэг шүгэл үлээгээд хүмүүс рүү даллаад байсан. Би тэднээс санаа авч гэртээ орсон шүгэл гээд байх юм байсангүй харин хүүхдийн төрсөн өдрөөр үлээдэг цаасан туузан шүгэл байхаар нь авч гарсан бороо орж байсан тул туузан цаас нь нороод тасраад уначихсан. Алгаа ташаад байсан сүүлдээ гар даараад бээлий өмсөхөөс аргагүй болсон. Олигтой орилж хашхирч чадахгүй болохоор тийм чанга дуу чимээ гаргадаг бөмбөр ч юм уу том хонх хэрэг болохоор юм гэж дотроо бодож байлаа.
10 сар болоод нэлээд сэрүү орчихсон дээр нь миний санаж байгаагаар дандаа л тэр өдөр бороо орж таардаг. Гэсэн ч гүйж байгаа хүмүүсийн эрч хүч урамыг хугалахгүй гэхдээ зөвхөн бид хэд ч бус тэндэхийн хүмүүс гэрээсээ гарч гудамжиндаа зогсоод чадах ядахаар сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн. Манай хажуугаар гарах үеэр марафон тал хэсэгтээ орчихсон хүмүүс нэлээд цуцаад ирж буй нь илт харагдаж байсан ч хөгжөөн дэмжигчдээсээ урам аваад гүрийгээд  байсан. Уг марафон нь спортын уралдаан гэхээсээ илүү буяны байгууллагад хандив өргөх ажиллагаа нөгөө бол содон марзан хувцас өмссөнөөр харсан хэний ч инээд хүргэхээр хөгжөөнтэй баяр баясгалантай олон нийтийг хамарсан арга хэмжээ болдог. Бид нар зөвхөн гурван хүнээ дэмжээд зогсоогүй тэнд гүйж буй бусад хүмүүсийг дэмжсэн. Зарим нэг нь ямар улсын далбаа юм гэж асууж байсан. Гэхдээ олон хүн хажуугаар өнгөрөхдөө дэмжлэг үзүүлж буйд баярлалаа гэж хэлж буй нь их сайхан байсан. Чухам гүйж буй хүмүүс хир ядарч зүдэрснийг мэдэхгүй юм. Хөгжөөн дэмжсэн Марк бид хоёр нэг их хүнд хүчир ажил хийчихсэн хүмүүс шиг байсан. Тэгээд бид тайвширч авахаар ойролцоох кафед очин кофе уухаар явцгаасан. Ямар ч байсан 3 бүсгүйчүүд маань марафоноо амжилттай дуусгаад мядалиудаа зүүсэн баяр баясгалантай зургаа Facebook дээрээ тавьсан байсан.


Манчестер, Англи




No comments:

Post a Comment