Sunday, December 2, 2018

Бэсрэг наадам






 Манчестерийн нэг томоохон паркад монголчууд нийлж Наадмаа хийдэг уламжлал тогтоод хэдэн жил болж байгаа. Гэхдээ тэрнээс тусдаа бидний хэсэг айлууд  бэсрэг наадам хийдэг. Энэ удаа 8 айл нэгдэн хүүхэд томчууд нийлээд 28 хүмүүс цугларсан. Мэдээж морь, бөх, суран харваагүй наадам гэж юу байхав. Үүнийг бид хүүхдийн хөгжөөнт тоглоом байдлаар зохион байгуулсан. Модон морь өгөөд дааганы уралдаан болгон хүүхдүүдийг гүйлгэсэн. Сур харвах болохоор хуванцар тоглоомоор аргалсан. Харин бөх болохоор хийлсэн цээживч өмсүүлээд сумо шиг бие биенээ түлхэн хүчээ үзсэн. Тоглоомуудын онцлог нь охид хөвгүүд гэж ялгахгүй оролцох боломжтой. Гэхдээ Шинээгийн хөвгүүдэд монгол бөхийн зодог шуудаг байсан болохоор тэрнийг өмсүүлээд уламжлалт монгол бөхөө барилдуулсан. Харин шинээр “Жимс түүлгэх” буюу “Аргал түүх” гэдэг тоглоом хуучин хоосон нүүрний тосны хэдэн савыг газар тараагаад  цэцэрлэг янзалдаг жижиг сэрээг нэг гараараа барьж нөгөө гараараа барьж буй сийрсэн савандаа  хийх байсан. Дүрэмийг нь тайлбарлаад өгсөн хүүхдүүд идэвхитэй тоглосонд их урамтай байсан. Ямарч байсан аргал түүлгэхээр бол энэ хүүхдүүдийг дуудчихмаар юм, манайх гал алдахгүй боллоо гэж би хошигнож байлаа. Томчуудын дунд Наадмын асуулт хариулт уралдаан зарлан түрүүлсэн айлыг цомоор шагнасан. Манай гадаах цэцэрлэгт наадам болсон гээд бид нар бүгдийг нь хийнэ гэж байдаггүй бүгд л адилхан оролцддог. Айл болгон ирэхдээ уух идэх юмаа авчираад нийлүүлчихнэ, Шинээ, Батаа зэрэг мэргэжлийн тогооч нар хорхогоо гардан хийнэ. Эрдээ эгч бүх зургуудыг авсан бол Хишгээ “Наадамын баярын мэнд” гэж бичүүлсэн торт захиалан хийлгэснээ авчирсан. Англид байгаа гэлтгүй монгол хүмүүс болохоор наадмаа ингэж өөрсдийнхөө боломжоор тэмдэглэсэндээ баяртай байдаг.


Манчестер, Англи


No comments:

Post a Comment