Wednesday, December 12, 2018

Цасан хүн ба Зул сарын бэлэг





Нэгэн бяцхан хүү гаднаа цасан хүн босгосон нь амилаад шөнө бүр түүнтэй тоглон  хөгжилтэй байсан ч сүүлдээ дулаан болоод нөгөө цасан хүн нь хайлчихдаг тухай хүүхэлдэйн киног английн бага насны хүүхдүүд үзсээр 40 жил өнгөрч. Энэхүү алдартай киноны баатар эхлээд зурган номоор олны танил болж эхэлж. Ингээд цасан хүний төрсөн өдрийг мөн Зул сарын баяртай хавсарган тэмдэглэх үүднээс орон нутгийн зураач, урлаач нар 165 см өндөртэй 12 цасан хүн хийснээ Манчестерийн Сальфорд дүүрэг дэхь Хэвлэл мэдээллийн хотхон хэмээдэг газар олны өмнө дэлгэн тавьсан нь бүхий л насныхны сонирхлыг татаж байлаа. Цасан хүмүүс дээр “Зул сарын 12 бэлэг” гэдэг дуугаар сэдэвлэсэн зураг зурсан байв. Тэгээд багачуудад сонирхолтой болгох үүднээс тэр хавийн газраар тараасныг нэг нэгээр нь олох ёстой байв. Бүтэн сайн өдөр болохоор хүүхдүүдээ дагуулсан олон ч эцэг эхчүүд зурагтай тайлбар барьчихсан лийрийн модонд суусан бор ятганы зурагтай эхний цасан хүн хаана байна гэж алхаж явсаар хамгийн сүүлчийнх нь 12 бөмбөрчний зурагтай цасан хүн дээр дуусах байв. Тэгж тараагаагүй бол хүн болгон хэсэг газар шаваад зураг авахад хэцүү болох байсан дээр нь хүүхдүүд  амархан уйдахгүй зугаатай болгосон шиг. Үүний  далимд дууны агуулгын талаар дурьдахад ерөнхий санаа нь залуу эмэгтэй хайртаасаа өдөр болгон нэг нэгээр нь нийт 12 бэлэг авч байгааг өгүүлдэг. Мэдээж уламжлал ёсоор Зул сарын баяраар хүмүүс хоорондоо бэлэг солилцдог ч нэг дор тэгж олноор нь  аваад байна гэдэг аль ч цагт  дэндүү тансагласан хэрэг болох гэхээр. Гэхдээ Христийн шашин шүтдэг хүмүүсийн хувьд бол үнэндээ тэгж нэгэндээ бэлэг өгөөд цаад хүн нь аваад байгаа гэдэг нь чухал биш бөгөөд шууд утгаар нь ойлгох хангалттай бус аж. Тэрний оронд шашиных нь сургаал номлолыг нууц тоон код болгосон гэж ойлгож болох юм. Жишээ нь бэлгийн жагсаалтанд: Лийрийн модон дээр суусан бор ятга гэдэг нь Есүс Христийг төлөөлсөн бол, хос цагаан тагтаа гэдэг нь Хуучин, Шинэ гэрээ гээд Библийн сударыг илэрхийлж. Гурван франц эм тахиа нь Есүсийг мэндлээд 12 хоног болсны дараа Дорно зүгээс  гурван мэргэд ирж хүндэтгэл үзүүлж бэлэг өгдөгийг төлөөлүүлж. Өндөгөө дарж буй 6 галуу нь Бурхан зургаан “өдөр” бүтээлийн ажлаа хийгээд долоо дахь өдөр нь амарсантай холбоотой аж. Үсэрч дэгж буй арван Лорд гэдэг нь Библийн судар дахь Арван хуулийг илэрхийлж. 11 бүрээчид бүрээгээ үлээж байна гэдэг нь Христийн үнэнч 11 дагалдагчыг хэлж байгаа аж. Уг нь 12 дагалдагч байсан боловч нэг нь түүнээс урвасан учир ингэж нэгээр дутаж. 12 тооноос сонгон авч ялган тайлбарлахад иймэрхүү. Долоо дахь өдөр буюу бурханы ариун өдөр амралтын өдөр болгосноор өнөөдрийн бидний ажил амьдралын хэв маягийг тогтоож өгчээ. Гэхдээ орчин үед янз бүрийн шалтгаанаар хөдөлмөрлөх нөхцөл байдал ихэд өөрчлөгдөн ирсэн бөгөөд зарим мэргэжилд ням гаригт ажиллах шаардлага гардаг. Шүтлэгтэй хүмүүс үүнийг хүлээж авахаас татгалзаж байхыг хамт ажилладаг хүмүүсээс харж анзаарч байсан. Тэдгээр хүмүүс энэ шалтгаандаа тайлбар өгөхдөө долоо дахь өдрийг бурхан шүтлэгэндээ бүрэн бие сэтгэлээрээ зориулах ёстой ажил хийхээр энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй болчихно гэдэг. Монголчууд долоогийн тоонд тийм таатай бус байдаг бол христийнхэнд энэ нь тийм ч муу тоо биш. Өнөө цагийн Христүүд Есүс 12 сарын 25нд төрсөн бөгөөд түүнээс 12 хоногийн дараа 3 мэргэд ирсэн гэх 1 сарын 6 г Есүс гийхүйн өдөр гэдэг мөн энэ өдөр ёлконыхоо чимэглэлийг хурааж авч далд хийх хэрэгтэй гэж үздэг тэгэхгүй бол муу ёр гэдэг. Цасан хүнг урласан уран бүтээлчид өнгөрсөн зун яг ийм томоохон төсөл дээр ажилласан нь Манчестерийн билэгдэл 131 зөгийнүүдийг урлан хот даяар тараан байрлуулсан. Цасан хүнийг Шинэ жил өнгөртөл олонд үзүүлж байгаад дуудлага худалдаанд оруулан хуримтлагдсан мөнгийг “Children In Need  буюу “Хүүхдийн Төлөө” гэдэг хүнд өвчин эмгэгт өртсөн хүүхдүүдийг үнэ төлбөргүй хүүхдүүдийг эмчилэхэд зориулдаг санд хандивлах аж.




Хэвлэл мэдээллийн хотхон
Сальфорд

No comments:

Post a Comment