Tuesday, January 1, 2019

Англи өвлийн өвгөн


Шинэ он гарч байгаатай холбогдуулан Өвлийн өвгөний болон Сантагийн тухай  сэтгэгдэлээ хуваалцахаар шийдлээ. Намайг бага байхад монголд Өвлийн өвгөн л гэж мэддэг байсан. Харин одоо хаа сайгүй Санта болчихсон шиг. Харин английн хүүхдүүд бол Өвлийн өвгөн гэж мэдэхгүй. Тэд 12 сарын 24ны шөнө дунд буюу Зул сарын битүүн дуусах үед Санта яндангийнх нь нүхээр орж ирээд зассан модны доор бэлгийг нь тавьдаг гэдэг. Тийм болохоор хэн бүхнээс илүү ачаалал, үүрэг хариуцлага хүлээдэг Сантадаа унтахаасаа өмнө аягатай сүү, пчень, цаа бугад нь лууван үлдээдэг. Харин монголд сургууль  дээр нь шинэ жилийн  ёслолын үеэр Өвлийн өвгөн  ирээд зөвхөн онц сурсан хүүхдэд бэлэг өгдөг хатуухан дүрэм коммунизмын үед үйлчилж байснаа эцэстээ зөөлрөөд бүх хүүхдүүд ялгаагүй авдаг болсон шиг. Ерөнхийдөө английн хүүхдүүдэд заавал онц сурсан байх ёстой гэж тулгахгүй ч эцэг эх, багш нарынхаа үгэнд сайн орон дуулгавартай байсан эсэхээр шалгуур тавьдаг тэгээд шаардлага хангасан бол бэлгэний оймсонд нь чихэр жимс хийсэн байхад хэнэггүй байсан бол нүүрс хийгээд орхидог. Сүүлийн үед тэгж нүүрс аваад байгаа хүүхэд олдохгүй байх уг хатуу дүрэм ч гэсэн бараг мартагдах шахсан гэж болно. Хэрэв үүнийг сэргээнэ гэвэл тэгж шийтгүүлсэн хүүхэд “Хүүхдийн эрх ашиг хамгаалах” газар луу утасдаж мэдээлнэ гэж сүрдүүлэх байлгүй. Хойд туйлаас  Санта бэлэг тараах ажилдаа нисдэг цаа буга хөлөглөн чарган дээр бэлгээ овоолоод явдаг гэдэг бол Өвлийн өвгөн цас мөсний орноос  нисдэг цагаан морио хөлөглөөд үүлтэй тэнгэрээс доогуур үзүүртэй модноос дээгүүр явсаар цан хүүрэг татуулсаар ирлээ гэдэг. Өвлийн өвгөн цасан охид дагуулдаг бол Сантагийн туслах гээд Элфүүд нь ногоон улаан хосолсон хувцастай охид хөвгүүд байдаг. Монголчууд 47 оноос л Шинэ жилийн баярыг тэмдэглэх болохдоо Өвлийн өвгөн гэж оросыг дууриаж гаргаж ирсэн. Мэдээж монголчууд Өвлийн өвгөнөө өөрсдийнхөө уламжлал ёс заншилд тохируулан билэгдэн хувцас хунарыг нь тохируулж ирсэн. Тэгээд Өвлийн өвгөний хувцас гэж цагаан дээл, цэнхэр нөмрөг, улаан залаатай малгай голлосон байдаг. Харин Сантагийн тэр форм болчихсон улаан хувцас бол Коко коланы рекламнаас үүсэлтэй гэж байсан тэгэхээр харцангуй орчин үеийн цаашлаад америкын соёлын нөлөө гэхээр. Сүүлийн үеийн судалгаагаар английн 4 настай хүүхдүүдийн 85 хувь нь Сантад итгэдэг гэж. Жил ирэх тутам энэ хувь улам бүр багасах байх учир нь одоогийн хүүхдүүд их хурдан өсөлттэй дээр нь техник хэрэгсэл хэрэглэн мэдээлэл сайн авах болсон. Тэдний ухааныг бага гээд басаж болохгүй тэгээд ч эцэг эх тэдгээр ухаантнуудаа эдийн засгийн хөшүүргээр залчихна. Тэгээд Сантад итгэдэг, үгүй юу гэхээсээ илүү  бэлэг авах уу үгүй юу гэдэг асуудал дээгүүр тавигдана. Англид нэг хүүхэд дундажаар 16 ширхэг бэлэг авдаг гэдэг цаашид бэлэгний тоо ихсэх магадлалтай ч Сантад тэгтэлээ үнэн голоосоо итгэх нь улам буурах болов уу. Монгол хүүхдүүд ч гэсэн Өвлийн өвгөн гоё бэлэг авчирч өгөөд баярлуулдаг гэдэгт итгэдэг. Манай таньдаг хүний хүү Сантад бичсэн захидалдаа жинхэнэ Санта байдаг бол уг нь нэг харчихмаар байна. Гэхдээ бэлэг авч өгч байгаа хүмүүс нь манай аав ээж нар биз дээ гэсэн байсныг харахад бодит байдлыг гэрчилэхээр. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дуртай бэлгийг авч өгөх болохдоо за чиний хир сайн байхыг харъяа гээд хяналтыг Сантагаар   гүйцэтгүүлэх болдог. Тэр нь Сантагийн сайн нэрсийн жагсаалтанд багтаж байж бэлэг авах эрхтэй болно. Ер нь англичууд хүүхдүүдээ Сантагийн тухай ойлголтыг системтэй өгдөг. Бүр бага байхад нь Сантад үнсүүлж тэврүүлдэг заримдаа нялх юмнууд болохоор нэг их бавгар сахалтай хүн хараад айгаад уйлах нь ч цөөнгүй дараа нь хөлд ороод ирмэгц нь Сантагийн овоохойд аваачин хажууд нь суулган тэр хүүхэд Зул сарын баяраар ямар бэлэг авмаар байгаагаа Сантагийн чихэнд шивнэж хэлдэг. Сүүлдээ сургуульд ороод уншиж бичдэг болсон хойноо Сантад өөрөө захиа бичин хүсэлтээ илэрхийлдэг. Дашрамд хэлэхэд хүүхдүүд болон аав ээж нар Сантад захидал илгээн мөн хариу хүлээж авах үйлчилгээг Их Британийн шуудангийн салбаруудаар 1963 оноос эхлэн тусгайлан зохион байгуулдаг болсон байна. Аав ээж нар ингэж амжилттай пиар хийснээ бүр нүдэнд харагдтал үнэмшилтэй болгохын тулд аавууд Сантагийн хувцас өмсөж орж ирдэг. Энэ бол хаа сайгүй заншил болсон зүйл. Ямар сайн даа Зул сарын баярын агуулгатай дуунуудыг сонсож байхад нэг дуунд “ээж шөнө сэмхэн босоод шатаар доошоо буухыг би араас нь сэмээрхэн гэтээд харсан ээж Сантаг үнсэж байх юм тэгснээ бүр цагаан сахал доогуур нь гараа оруулаад гижигдэж хүртэл үзэж байлаа аав харсан бол яах бол доо” гэсэн хүүхдийн гэнэн сэтгэлгээтэй дуу байдаг. Бидний амьдрал хичнээн хөгжиж өөрчлөгдсөн ч Санта болон Өвлийн өвгөний уламжлал хадгалагдсан хэвээр байх болов уу. Учир тэдний аль аль нь бэлэг өгч хүүхдүүдийг баяр баясгалантай болгодог. Харин орчин үед улам ч шинэ агуулгатай болж байгаа гэж бодож байна. Заавал Санта нөгөө бол Өвлийн өвгөн байх албагүй монголчууд хаа сайгүй ажиллаж амьдарч  байна. Өвлийн өвгөний хувцас өмссөн байна гээд заавал монгол хүн байх албагүй. Энэ жилийн Манчестер дахь монгол хүүхдүүдийн Зул сарын баяраар Марк хүртэл Өвлийн өвгөн болоод авсан. Сантагийн хувцасыг ямарч орны ямарч хэл заншилтай хүн өмссөн байхад англиар ярьдаг Өвлийн өвгөн байхад буруудах юу байх билээ. Зарим нэг таньдаг хүүхэд Марк дээр очоод “чамайг хэн гэдгийг чинь таньж байна гэхээр Марк учирлаад чамаас өөр хүүхдүүд мэдэхгүй байхгүй юу тэдний урамыг хугалаад яах вэ харин чи нууц хадгалаад чимээгүй байгаарай гэхэд тэгье” гээд гүйгээд явчихсан гэсэн. Манчестер хотын Христийн шашныхан баярын арга хэмжээг зохион байгуулаад хэдэн жил болж байгаа бөгөөд бизнес үйл ажиллагаа явуулдаг газрууд хандив өргөдөг тул ирсэн хүмүүст үнэгүй буфет, хүүхэд болгонд бэлэг өгдөг. Ер нь эндэхийн монголчууд хүүхдүүддээ баярлуулах гэхдээ уг арга хэмжээнд чадах чинээгээрээ оролцдог. Хаа явсан газраа Марк дандаа зургаа авдаг тул надад энэ талаар санаа зовох зүйлгүй байсан бол энэ удаа яах аргагүй тэр ажил нь надад таарлаа. Нөгөө лам олдохгүй бол буцахдаа залъяа гэдэг шиг өөр хэн байх билээ. Марк өөрөө зураг авна гэвэл зөвхөн сэлфи хийх тул Өвлийн өвгөн болчихоор тохиромжгүй гэж үзсэн. Уг нь айлууд өөрсдийнхөө хүүхдийн зургийг аваад өөр бусад хүмүүс камертайгаа ирээд болчихдог ч Марк өөрийн гэсэн хувь зурагтай байхыг илүүд үздэг тул надад бултах ямар ч боломж байсангүй. Ай- поунаа сармагчинд өгсөн бол надаас хурдан учрыг нь олоод гайгүй зураг авчих байна байх гэж би хошигнож байлаа. Ингээд Маркын ерөнхий зааварчлагаар  автомат тохируулга дээр нь тавьчихсан чи зүгээр дараад бай гэснээр би баахан дарлаа. Тэгж ямарч мэдрэмжгүй товч дараад зураг авна гэж юу байхав ёстой зураг “ална” гэдэг тэр байх. Намайг өвдөглөж суугаад зураг авч байхыг харсан нэгэн ирээд дараа нь шэйрлээрэй гэж хэлэхэд нь ёстой хүнээ олж хүсэлт тавьж байна даа гэж дотроо инээд хүрч байлаа. Энэ удаад 80 гаруй хүүхэд  Өвлийн өвгөнөөс  бэлэг авлаа. Бэлэг тараахаас өмнө сүмийнхэн Зул сарын баярыг ямар учир утгатай болохыг тайлбарласан богино тоглолт, Зул сарын баярын  хэд хэдэн дуу дуулуулж сонирхуулсны хажуугаар хүүхдүүдийн дунд хөгжөөнт тоглоом тоглуулан үзэгчдээ хөгжөөсөн. Манчестер хотод олон залуу гэр бүл байдаг бөгөөд тэд хүүхдүүдээ энд төрүүлж, өсгөж хүмүүжүүлж байна. Тэгэхээр цаашид Зул сарын баярыг тэмдэглэхэд олон хүүхдүүд ирж таарна байх.





Монголын үрс маш олон болтугай.

No comments:

Post a Comment