Sunday, January 13, 2019

Энгельсийн гологдсон хөшөө


                                                       

2017 оны 6 сарын сүүлчээр зохиогдсон Манчестерийн Олон Улсын Феставелийн арга хэмжээний хүрээнд шинэ хөшөө байрлуулсан нь Фредрих Энгельсийнх болж таарсан. Уг алдарт хүний нэр энэ хоттой ихэд холбоотой болохыг ирсэн үеэсээ  сонсож байлаа. Эцгийнх нь хөвөн даавууны нэхмэлийн үйлдвэр байсан болохоор хожим Энгельс өвийг нь залгамжлахын тул бизнес талаас нь сурч  дадлагажих шаардлагатай болж. Харин ажилдаа орсон хойноо тэнд ажиллаж буй нэхмэлчдийн аж амьдралыг  илүү сонирхож ирж. 1820 оны 11 сарын 28нд төрсөн тэрбээр гүн ухаан, социалогийн судалгаа, сэтгүүлч гээд олон чиглэлээр боловсрол олж авсан нэгэн байсан учир 1845 онд “Англи дахь ажилчин ангийн нөхцөл байдал” номоо бичихэд дөхөм болж. Тэрбээр номоо бичихийн тулд тэр үеийн сонин хэвлэлд нийтлэгдсэн материалуудыг алгасалгүй уншиж тэмдэглэл хөтлөхийн зэрэгцээ өөрийн биеэр ядуусын шавааралдсан эмх замбараагүй бохир хорооллын гудамжаар явж нэг байранд хичнээн том хүн, хүүхэд, хөгшид бөөгнөрөн хэцүү амьдарч байгааг нүдээр харан бичсэн нь энгийн хүмүүсийн амьдрал хичнээн зүрх шимшрэм хэцүү байсныг тодорхой харж болохоор. Монгол коммунист дэглэмийн орон байсан тул дээхэн үедээ Марксын үзэл онол гэсэн зузаан боть номуудыг уншиж шалгалт өгдөг байсан. Тэгээд сүүлдээ коммунист нийгэм задрах нь ойртож ирсэн үед тэгтэлээ үзэл суртал гээд хөөцөлдөх нь намжсан. Ямар ч байсан намайг 90 оны эхээр оюутан болоход тийм номуудыг уншихыг шаардаагүй. Харин Энгельсийн дээрхи дурьдсан номыг монгол хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн эсэхийг мэдэхгүй юм. Орчуулагдсан бол уншихад тийм ч амаргүй ялангуяа Манчестерийн болон английн үйлдвэрлэлийн томоохон хотуудын ядуусын хорооллын гудамж болгоноор шахуу явж цуглуулсан социологийн нарийн судалгаа байгаа. Нэгэнт энэ хотод удаан амьдарсан тул тэдгээр газруудын нэр ус нь арай танил байгаа юм. Нөгөө талаас дээхэн үед шийдэгдээгүй байсан ажлын байр амьдрах орчин, нийгэм хангамжын асуудал одоогийнх шиг хурцаар тавигдаж байгаа монголчуудын хувьд сонсоогүй мэдэхгүй зүйл байна байх.

Хуучин социалист дэглэмээ өөрчлөх болсон орнууд урьдын гэх бүхий л зүйлээ өөрчлөхийг урьтал болгосон. Ингээд Ленин, Марксын хөшөөнүүдийг зайлуулах ажил хаа сайгүй ундарсан. Манайд гэхэд Улаанбаатар зочид буудлын урьд байсан Лениний хөшөөг буулгасан нь Тэрэлжийн 5 одтой зочид буудлын байрны ард олны нүднээс далд тавигдсан байсан. Сталины хөшөөг Олимп их сургуулийн орчим байрлуулсан гэл үү. Энэ Манчестерт ирж буй хөшөө ч мөн ийм хувь заяаг тойрч гарсангүй 3,5 метр хөшөөг дундуур нь тайран зүүн Украйны нэгэн тосгоны газар тариалангийн сул газар тааран шуудай дээгүүр нь бүтээн хаясан байж. Ил задгай хөшөөнд хогийн ургамал шаван урган, хөлөн дээгүүр нь цайвар цэнхэр, шар өнгийн будаг цацагдсныг харахад системд бухимдаж дургүйцсэн хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэхдээ ингэсэн болтой. Хөшөөг ачааны машин дээр ил тавин бэхлэн зөөвөрлөснөөр энд авчирч. Дундуураа тасарсан гэдгийг мэдэхгүй хүнд тэгтэлээ ажиглаглаад байхааргүй эвтэйхэн нийлүүлсэн байсан. 20 жил амьд сэрүүн амьдарч байсан хотдоо түүний хөшөө нь ирж байр сууриа дахин олж авсан түүх нь энэ юм. Байрлуулсан газар нь түүний эцгийн үйлдвэр байсан газрын ойролцоо. Энэ хавийн газрыг Сальфорд дүүрэг гэдэг. 2014 онд Энгельсийн өөр нэг хөшөөг хөшөө ч гэж дээ сахалын хэвийг нь 4,9 м өндөртэйг хуванцараар хийснийг Салфорд их сургуулийн гадна байрлуулсан байдаг. Урьд талаас нь харахад том бавагар сахал ар талдаа шаттай хэн хүнгүй алхаад гарчих боломжтой. Түүний сахал нь оюутан залуучуудад сурч мэдэх, оюун ухаанаа тэлэхийг билэгдэх үүднээс ингэж байрлуулж.

Коммунист үзэл сурталд Энгельсийг Карл Марксын хамтран зүтгэгч байсан гэж сургадаг. Тэд хамтдаа Коммунист Намын Тунхаг бичгийг хамтран зохиосон. Марксын амьдралын төгсгөл үед Энгельс түүнд санхүүгийн тусламж байнга үзүүлсэн бөгөөд түүнийг өөд болсны дараа Капитал зохиолын хоёр болон гурав дахь ботийг эмхтгэн хэвлүүлж.  Лондонд амьдарч байсан Карл Маркс Энгельстэй анх удаагаа уулзах гэж Манчестерт ирсэн гэдэг. Одоогийн Четхамын хөгжмийн  сургуулийн номын санд тэдний хамт сууж ном уншиж судалгаа хийж байсан ширээ үзмэр болсон байдаг. Уг сургуулийн барилга нь 16 дугаар зууны үеэс сууриа тавьсан гэх бөгөөд  тэр үед цөөхөн байсан нийтийн номын санг 1653 онд нээснээр английн хамгийн эртний дурсгалт газруудын нэг болсон. Эхлээд гэрээр ном авч уншина гэсэн ойлголт байхгүй тул тэндээ суугаад номоо уншаад буцааж өгөх шаардлагатай байв. Ном хэвлэх нь их үнэ өртөг шаардагддаг байсан тул уншигчид ном хулгайлаад аваад гарчихна гэж болгоомжлох үүднээс номуудыг тавиур дээр эгнүүлэн тавиад тус бүрт нь хананаас бэхлэн гинжилсэн байдаг байв.

Маркс, Энгельс нар төсөөлөхдөө Манчестер бол анх капитализмын үүсэл тавигдсан газар бөгөөд мөн тодорхой нөхцөл нь бүрдсэн үед ажилчин ангийнхан нэгдэн хувьсгал гарган аажмаар коммунист шинэ дэглэмд шилжинэ гэж тооцоолж байсан. Мэдээж тэдний хүсэн хүлээж байснаар болоогүй. Гэхдээ тэдний тэгж бодож байсан гэхэд буруу өгөх аргагүй. 1819 онд Манчестерийн Гэгээн Петрийн гэх ил талбайд 60-80 мянган ажилчид парламентад төлөөний хүмүүсээ сонгох эрхтэй болохыг шаардан тайван жагсаал хийсэн. 1815 онд болсон Напелоны дайны дараа ажилчдын цалин хасагдан дээр нь хүнсний барааны үнэ өссөнөөр амьдрах нөхцөл улам дордсон тул өөрийн төлөөний хүн дээд удирдлагад байн тэдний дуу хоолойг дамжуулан сонсгохыг эрмэлзсэн. Харамсалтай нь Засгийн Газар нь Францын хувьсгал шиг юм болох нь гэж эмээн хүчээр нухчин дарахаар морин цэрэг оруулсан. Хурц сэлэм агссан морин цэргүүд цугларсан энгийн олны дундуур түрэн орж эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшид гэж ялгалгүй цавчин ёстой хотонд орсон чоно мэт авирласан. Эцэстээ 15 хүн амиа алдан, 400-700 хүн бэртэл гэмтэл авсан эмгэнэлт хэрэг болсон. Энэ тухай сүүлийн үед кинотеатраар гарч буй Peterloo гэдэг киноноос тодорхой харахаар юм билээ. Эцэст нь Манчестер хотын билэг тэмдэг зөгий байдаг нь ажилчин ангийг бэлэгдсэн нөгөө талаар Манчестерт капитализм ч мөн коммунизмийн үзэл сурталын эхлэл тавигдсан ууган газар гэхэд буруудахгүй болов уу.




   

No comments:

Post a Comment