Wednesday, September 11, 2019

Монгол дахь аялал 2


Дорноговь аймаг, Сайншанд
Хамарын хийд
Хэдэн жилийн өмнө Бээжингээс галт тэргээр явж байхдаа Сайншандаар дайрч гарч байсан болохоос тэнд зогсож сонирхож үзээгүй юм. Харин энэ удаа зориуд тийшээ очиж үзэхээр боллоо. Харин хаа очиж зам нь сайн аж гэхдээ тал газар шулуун замаар удаан явахаар жолооч нарт үүрэглэх бэрхшээл гардаг болтой. Дорноговь аймгийн төвөөс цагийн зайтай орших Хамрын хийдийг зорин очлоо. Орой болж байсан тул хийдийн ойр байдаг нэгэн гэр буудалд байрлан маргаашнаас нь эргэл мөргөлөө эхлүүлэх болов. Ирэх замдаа хэсэгхэн газар бага зэрэг бороотой таараад говь газрын ховор юм үзлээ гээд бид билэгшээж байв. 8 сард говийн халуун нь буугаагүй байдаг болтой. Гэрт унтахаас өмнө хаяаг нь шуусан ч агаар орж
ирэхгүй бүгчим болохоор нь гэрийн хаалга онгойлгон арай дээр болж байх шиг санагдаад унтаж байтал газар дэвссэн хулдаасан шалан дээгүүр нэг юм маажих чимээ сонсогдоод болдоггүй босоод гар чийдэнгээ тусгаад үзсэн говийн зараа байж таарсан. Онгорхой хаяагаар авирсаар байгаад ороод ирж тэгээд гэр дотор баахан точигнож яваад унтуулдаггүй ер нь бид аливаа чимээнд хэт соргог мэдрэмжтэй байгаа нь илэрхий байсан. Ядаж гэрийн урьд талд байгаа байранд диско маягийн олон өнгийн гэрлэн чимэглэл тавьсан нь орчиндоо огт авцалдаагүй орон дээр хэвтэж байхад нүд рүү гялалзаад ядаргаатай. Гадаа гарч бие засах болсон хоёр гурван нохой дагаад тэгж байгаад гэгээ орохоор босоод хувцасласан. Говьд нар мандахыг харах их өвөрмөц аж. Урагшаа гэрээс хэсэг алхаад нэг мухлагаас халуун ус аваад эргэх хооронд нар гараад ирсэн их л том юм шиг харагдаж байсан. Нар мандахыг хулээн гэрийн гадаа хэсэг зогсож байхад зарим хүмүүс машинтайгаа мөргөлөө аль хэдийн эхлүүлж байв. Нэгэнт шашин шүтлэгийн газар болохоор тодорхой дэг журам ёслолыг тогтсон дараалалтай аж. Тэр болгоныг мэдэхгүй учир нутгийн нэг хөгшин биднийг газарчлах болов. Хамарын хийд дотор орж мөргөн суварган дотор орж хүндэтгэл үзүүлсний дараа газарчинтайгаа уулзаж аялалаа эхлэх болов. Бас бидтэй хамт хоёр жижиг групп явах болов. Сүрхий ярьдаг хөгшин байсан тэр болгоныг тогтооход амаргүй их хурдан урсгаж ярьна бас дундуур нь өөрийн гэсэн монологи урсгах аж. Эхлээд хөхний хэлбэртэй хос овоонд сүүгээр өргөл барьна. Дараа нь энергийн төв гэж нэрлэх хэсэгт орохдоо зөв хаалгаар нь орох ороод нүгэлээ наминчлан цаасан дээр бичиж овоолсон чулуун дээр шатаах мөн хүсэлээ бичиж чанга хэлэх бага зэрэг архи өргөн будаагаа гурван тогоонд хийнэ. Газраас цагаан чулуу авч өөрийн нэрийг хэлээд овоонд тавьна. Гутлаа тайлан газар хэвтэн энерги аваад босно. Овоогоо гурван удаа эргэнэ. Үүний дараа тэндээс гарч Хонхны асарт очин 3 удаа цохиж өөрийгөө ирснийг мэдэгдэнэ гэх зэргээр бидний хэдэн хүмүүс хөгшиний зааварласны дагуу ёслол үйлдлээ. Дараа нь бага зэрэг зайтай байх Бясалгалын агуу гэж газарт очлоо. Энд ноён хутагт дээд төвшиний бясалгал хийдэг байж ингэхдээ хэд хэдэн үе шат дамжих тул нэг агуунаас нөгөөд шилжиж явуулдаг байж. Үд дундын нар эгц дээрээс төөнөөд яг л халуун индүүгээр хүрч байгаа юм шиг төөнөж байлаа. Ямарч сүүдэргүй газар удаан байвал амь тэмцэхээр загасчилахад хэрэглэгддэг том шүрхээ дэлгээд сүүдэрт нь хэсэг суулаа. Машинд явсан цэвэр ус халуунд бүлээн болчихож. Говьд халахаараа голоосоо халдаг гэж үнэн байх хэдийгээр сонсож байсан ч яг бодит байдал дээр ирэхээр халуунд ямар ч тэсвэргүй байгаа нь илэрхий байсан. Хэрэв говьд олон хоног аялах юм бол бид хэцүүдэх нь гэж бодогдож байлаа. Сүүлдээ бидэнтэй хамт явж байсан хүмүүс цөөрөөд бид л үлдсэн. Эцэстээ Данзан Равжааагийн Саран Хөхөө жүжгээ тавьж тоглуулдаг байсан нээлттэй театр байсан газар ирлээ. Орчин тойрны дов толгодыг ашиглан 2-3 давхар тайзтай орчин үеийн театр шиг дуу чимээ, гэрлтүүлэгч, цас бороо хүртэл оруулж үйл явдал дээд тив доод тив гэж ялган харуулдаг байсан гэж номноос уншаад бишрэх сэтгэл төрж байлаа. Одоо ингээд харж байхад тийм юм байсан гэж үлдсэн юм байсангүй. Эндээс бид хөтлөгч хөгшнөөсөө салсан.
Аяны төгсгөл хэсэгт Хүслийн ууланд очиж мөргөх болов. Хэдий шат зориуд зассан ч их
халуунд дээш авирах нь төвөгтэй байв. Эрчүүд бүр уулын оройд гарч өргөлөө өргөөд хүслээ чанга хашхирч хэлдэг байна. Эмэгтэйчүүд нь доор хэсэгт үлдэх аж. Энд мөн л хүслээ цаасанд бичиж шатаадаг байна. Уулнаас уруудан Хүүхдийн овоог чиглэн явж байхад дөнгөж хөлд орж буй хүүхэдтэй залуу эмэгтэй яаж байсан тэрбээр энэ овоонд ирж мөргөөд хөл хүндтэй болсон гэж олзуурхан ярьж байхын зэрэгцээ зөвхөн түүнд ч бус Японын Үе залгамжлах хунтайжын эхнэр ирж мөргөөд тэднийх хүсэн хүлээж байсан хүүгээ олж авсан гэдэг байна. Тэр гайхалтай тохиолдолоос хойш баахан япончууд энд ирдэг болж. Буцаж яваад Сайншанд хотод ирээд хутагтын музейг үзэв. Хэдийгээр жижигхэн ч овоо арвин үзмэртэй музей байлаа. 1930 аад оны үеэр шашны холбогдолтой бүхий л зүйлийг устгаж байхад ингэж олон зүйл хутагтаас үлдсэн нь гайхалтай бөгөөд 1937 онд Хамарын хийд бүрэн устагдахаас өмнө сүмийн тахилч лам Түдэв нийт 1500 орчим хэсэг зүйлээс 64 ыг нь булж амжиж. Нууцалсан газраа эхлээд хүүдээ сүүлдээ ач хүүдээ заан өгч олон жил нууцлаг байлгасаар ирсэн бөгөөд тахилчын ач хүү З. Алтангэрэл 1990 оны үед 17 хэсэг газрын эд зүйлсийг гаргасан нь одоогоор Сайншанд дахь музейн үзмэрт тавигдсан байдаг байна. 2013 онд Ноён хутагтын 9 дугээр шинэ дүр тодорч сүсэгтэн олныг баярлуулсан үйл явдал болж. Хэдийгээр тайван цаг ирсэн гэсэн ч хутагтын эд өлгийн зүйлийг Алтангэрэл хадгалсан хэвээр байн ховор нандин хэсгийг нь музейн хамгаалалт сайжирсан үед л олонд харуулахаар гаргана гэж шийдэж. Музейгээс гараад орой болсон тулд тэндээ хонох зочид буудал олж аваад амрах болсон. Төмөр замтай нь ойр байдаг нь уг газар нутагт хөрөнгө оруулалт орж ирэх боломж илүү байдаг болтой. Саяхан баригдсан болов уу гэмээр шинэ зочид буудалд буусан тохижилт сайн халуун устай байсан л олзуурхууштай байлаа.

Мянгат малчдаар зочилов
Хүн болгон л төрсөн газартаа очиж энерги авах болсон үед би ч гэсэн бусдаас хоцорохгүй гэхдээ Архангайн Эрдэнмандал сумыг зорилоо. Тэгээд ч Маркыг нутгийн ах дүү нартайгаа
танилцуулах давхар зорилготой байв. 2003 онд бидний хуриманд хөдөөнөөс цөөхөн хүн ирж оролцож байсан учир дийлэнхи нь манай хүнийг хараагүй өнгөрсөн билээ. Хотоос гараад Өгий нуурын гэр зочид буудалд байрлан амарч аваад цааш хөдлөв. Эрдэнэмандалын сумын төвд ирээд төрсөн газраа буюу орон нутгийн эмнэлэгийн гадаа нь очиж ээжээрээ заалгаж байгаад товчхон ёслол үйлдэв. Дараа нь ах дүү нартайгаа золгох ажилдаа оров. Эхлээд нагац ах Н.Жамбалганий, хүү Өлзийсүрэнгийнхтэйгээ айл юм. Тэднийхээс холгүй нагац эгч Н. Бямбаахүү, хүү Өлзийбатынхтайгаа цуг тус тус зусаж байна. Саяхан 90 жилийн ойгоо тэмдэглээд энэ хавиар хөл хөдөлгөөн ихтэй байж. Ойд зориулж гаргасан номыг үзэж сонирхож байтал нагац ах Н. Жамбалганий , хүү Ж. Өлзийсүрэн мөн Ч. Өлзийбат ах нар бүгдээрээ л нутгийнхаа “ Мянгат малчин “ болж тууз тэмдэгээр шагнуулж. Хамаатан садны ах дүү нар төдийгүй сумаараа улсдаа ажил хөдөлмөрөөрөө шалгарч хамгийн мал, хоньтой Алтангадас одонт Эрдэнэмандал сум болж 90 жилийн ойгоо өндөр амжилттай угтан авч. Бага байхдаа эмээ дээрээ ирээд ажилд нь тусладаг байснаа эргэн бодоод үнээ сааж байхад нь очоод Марк бид хоёр бух хоргоох болов. Маркад нэг унь өгөөд би нэг урт мод бариад хоёр талд сүрхий зогсож байсан мөртөл гайхал бух бидэнд бууж өгөхгүй гэсэн шиг бага сиймхий гаргаад зээл рүү дайрч орчих гээд зүтгээд байв. Бид хоёрын хөглөж байгааг хараад үнээ сааж байсан хоёр саальчин маань инээдээ барьж чадахгүй байв. Ашгүй бух дагуулсан үнээг сааж тавьж явуулах болж бид сайн дурынхаа ажлаас чөлөөлөгдөв. Марк амаргүй ажил байна шүү гэж гайхснаа илэрхийлээд тэрний зальтайг нь яана аа гээд байсан. Ажлаа дуусгасны дараа Марк бухад хандан за одоо ч найз бүсгүйтэйгээ чөлөөтэй яв даа гэж араас хэлээд явуулав. Ер нь английн мал маллагаа монголын бэлчээрийнхээс эрс тэс ялгаатай байсан. Тэнд бол тухайн малчин өөрийн эдлэн газартаа л малаа явуулж идүүлнэ тэгээд ч хашаагаар хязгаарлачихсан тул ойлгомжтой хүний мал ч
оруулахгүй бүр хажуугаар явган аялалд явж байгаа хүмүүс ч тэр газар луу нь орох эрхгүй байдаг. Энд болохоор хэний эдлэн эзэмшлийн газар гэдэг нь тодорхой бус учир англи малчин бол учраа олохгүй болчих юм гэж Марк хэлээд анзаараад байсан цаад толгод дээр сүрэг хонь байж байсан тэгсэн хэдэн минутын дараа алга болчихсон хаашаа явсаныг харж чадаагүй хонио би амархан алдчих юм гэж гайхаж байсан англид мал нь үргэлж хашаанд байх учих зам дээр гараад ирнэ ингээд алга болох бараг байхгүй гэхдээ толгодоор дамжуулж бэлчээдэг хонио хураах бовол тусгай сургуульлалтай нохойгоороо команд өгөөд хураалгуулчихна. Бүр хонь хариулдаг нохой гээд тусгай үүлдэрийн нохой байдаг гэнэ. Харамсалтай нь маргааш нь өдөржингөө бороо орсноос гадаа удаан байх боломжгүй олигтой зүйл хийж ч чадсангүй. Уг нь бол хэд хэдэн ажил туршилтын журамаар Маркаар хийлгэе гэж бодож байсан ч тэгээд буцах болсон. Нутгийнхаа тухай товч танилцуулга хийх нь зев болов уу гэж саналаа.
Эрдэнэмандал сум нь Архангай аймгийн хойд хэсэгт Улаанбаатар хотоос 500 км, Аймгийн төвөөс 168 км зайд байрладаг. Эдүүгээ Эрдэнэмандал сум нь Алаг-уул, Идэр-уул, Эрдэнэ-уул, Хан-өндөр, Тээл, Өлзийт гэсэн засаг захиргааны анхан шатны 6 багийн 1600 өрхтэй, 5533 хүн амтай болжээ. Эрдэнэмандал нутаг бол эрт цагаас нааш ган зуд бага болдог, мал сүрэг, өсгөж үржүүлэхэд нэн таатай өгөөмөр хангай байсан тул уугуул ардын амин зуулгын үндэс нь мал аж ахуй байж, малын ашиг шимд шүтэн амьдарсаар иржээ. Хувьсгалаас өмнө Заяын гэгээний шавь нутаг гэж ардууд ихэд билэгшээдэг байж. Учир нь шавь байснаар ард нь өртөө, харуул, цэргийн албанаас чөлөөлөгдөөд зогсохгүй зөвхөн Зая гэгээний санд бурхны хурал номын зардлыг нийлүүлэх үүрэг хүлээдэг байснаас өргөн олны дунд "Ноёны албат болохоор, шавийн шар нохой болж
төрсөн нь дээр" гэсэн хошин яриа ч тархаад байжээ. Эртнээс ээлтэй нутаг байснаас ард олон нь их шүтлэгтэй байв. Энэ нь үнэний хувьтай гэхээр манай эмээгийн зурмал бурхан шүтээний хажууд даавуун дээл, хромон гутал емсен шүтлэгтэй модон сандал дээр суусан халимаг үстэй хүний жижиг хар цагаан зураг байдаг байсан. Намайг ямар учиртайг асуухаар Заяын гэгээн гэхээс өөр тайлбар өгдөггүй байсан. Гэхдээ сүүлд хэвлэгдэн гарсан С. Жүнш гэдэг нутгийн хөгшин аймгийн ойд зориулж гаргасан номыг уншиж байж Заяын гэгээний талаар ойр зуурын мэдлэгэтэй болж авсан юм. Харин одоо шинээр тодорсон 7 дугаар Заяын гэгээн голдуу Улаанбаатарт шашны үйл ажиллагаагаа явуулан онцгой тэмдэглэлт үйл явдалаар нутагтаа очдог байна. Дашрамд хэлэхэд Заяын гэгээний ээж нь Эрдэнэмандал сумын уугуул аж. Хэдийгээр нутаг маань цаг агаарын хувьд харьцангуй тааламжтай үр өгөөжтэй байсан ч ирээдүйдээ бэлчээрийн даац хэтрэлт, өвс ургамлын хомсдол, цөлжих зэрэг дэлхий нийтэд болж буй уур амьсгалын өөрчлөлтөөс болж уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь хагас суурин буюу бүрэн суурин байдал руу аажмаар шилжих шаардлага гарч байгаа аж. Ингэхээр ирээдүйд олон малтай сум хэвээр байх байр сууриа батлахын тулд цаашид олон зүйл хийх хэрэгтэй аж. Тэгэхээр цаашид сумын хөгжил ямар чиглэлээр явж болох талаар нутгаас төрсөн эрдэмтэд санал бодлоо бичиж оруулсан байгаатай номноос уншиж танилцлаа. Үүнээс олонхи нь орон нутгийн давуу талыг түшиглэн аялал жуулчлалын талаар олон зүйл хийж болно гэдэг санаа ихэд таалагдлаа. Мэдээж аялал өргөжихийн хирээр дэд бүтэц зам тээврийн асуудал дагаад зохицуулах шаардлага гарна. Эрдэнэмандал сум нь үндсэндээ хуурай болон агаарын зам тээврийн ложистикийн зангилаа
цэг болдог аж. Увс, Баян-Өлгий рүү онгоцоор явахад заавал Эрдэнэмандал дээгүүр дайрч өнгөрдөг холбооны станцтай. Станбулаас Киргизээр дамжаад ирэхэд Хан-Өндөр дээгүүр гарч явдаг. Мөн газар нутгийн хувьд бол Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гээд том хотуудтай ойр гэдгээрээ энэ талаар олон зүйл хийх боломж ихтэй. Монголд жуулчид Хөвсгөл рүү явдаг чиглэл байдаг яг тэр зам Хүнүйн голоор дайрч өнгөрөөд байдаг. Үнэндээ суманд Хүн гүрний үеийн 4000 орчим олдвор бүртгэгдсэн тэрнээсээ ядаж бүгдийг нь биш юмаа гэхэд цөөн хэдийг нь ч болсон үзүүлж болох Хар хул хааны балгасыг ч ер нь рекламдах нь битгий хэл манай сумынхан ч өөрсдөө тоодоггүй мартагдсан. Зөвхөн аялал жуулчлал гэж хязгаарлагдахгүй шандны шавар, нохой ундагийн шавар Аварга тосон, Хужиртын шавраас дутахгүй анагаах чадалтай мөн Хануйн хүрэм, Урт шивэртийн рашаанаа ч болсон олонд таниулж сурталчлан дэргэд нь сувилалын газар бий болгох хэрэгтэй байгаа гэж санагдахаар. Энэ бүхнийг дагаад олон шинэ барилга байгууламж барихад суманд хангалттай нөөц байдаг гэнэ. Үндсэн мал аж ахуйдаа түшиглээд ч арьс шир, мах сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлвэрлэл цаашлаад түүнийгээ борлуулах "Хөдөө аж ахуйн парк" байгуулан нутгийн брэндийн бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулан цаашлаад экспортлох боломж зэргийг иж бүрэн цогцостой шийдэж чадвал сум хөгжин дэвжихэд их нөлөө болох байж. Ийм олон боломж байна гэдэг нь мэдээж давуу тал харин тэрнийгээ зөв ашиглан ажил хэрэг болгох нь нутгийн иргэдээс хамаарч таарна.

Билэгээ хааны тахилгын газар
Аялалын төгсгөлд Хархориноор орж Туркууд засаж янзалсан замтай Хөшөө Цайдам музейг үзэх боломж гарсан юм. Ашгүй тайлбарлагч нь бэлэн байж байна. Уг газартай холбоотой үүх түүхийг сайн яриулж авлаа. Түрэгүүдийн үлдээсэн дурсгал манай улсын нутаг дэвсгэрт олон тоотой байх бөгөөд тэдгээрийг булш оршуулга, тахилын онгон, хүн чулуу, бичгийн дурсгал зэрэг хэд хэдэн хэсэгт хуваан авч үздэг байна. Ингэхээр бидний үзэж байгаа музейн хэсэг бол
Хех түрүг улсын томоохон хаадын нэг Билигээ гэж өргөмжилдөг Могилян хаанд зориулан босгосон орчин үеийнхээр бол дурсгалын цогцолбор аж. Урьд нь газрын хөрснөөс цөөн хэдэн өндөр чулуу цухуйсан хэн ч анзаарч харахгүй зэлүүд газар байсныг 1997-2007 онд монгол туркийн хамтарсан төслөөр малтан шинжилсний үр дүнд олдсон археологийн ховор дурсгалуудыг тавьж цаашид олон нийтийн хүртээл болгосноор музейн эхлэл тавигдаж. Уг тахилын онгон баригдсныхаа дараа ямархуу харагдаж байгааг харуулсан загвар модель тавьсан нь барилга хөшөө хосолсон өвөрмөц хийц загвартай. Тэр тусмаа том чулуун хөшөөн дээр түүхээ бичин сийлэн үлдээсэн нь дараа хойч үедээ судалж мэдэх гол түлхүүр болж. Хамгийн анхлан оросын эрдэмтэн, түрүг хэл судлаач академич В.В. Радлов 1891 онд Орхон голын тэнд ирж бичигтэй хөшөөг харж, гараараа барьж үзэн судалгаа хийжээ. Нарийвчлан дүн шинжилгээ гаргахдаа Дани улсын эрдэмтэн Томсен Вильгелм Людвиг тэй хамтран ажиллаж байж. Түүний гол гавъяа нь хөшөөний бичгийг тайлж уншаад орос хэл рүү орчуулжээ. Хожим тэдний тайлсан бичгийг Б. Ренчин гуай монгол хэл дээр хөрвүүлж байж. Тахилын онгоны гол онцлог нь энд хааны цогцосыг агуулдаггуй гэнэ. Хэдийгээр чулуун дардас буюу гадуур нь гоё хээ угалзаар чимсэн хиргисүүр байдаг ч тэрэн дотор нь тахилд өргөсөн малын яс л байдаг байна. Энэ нь аюулгүй байдлын үүднээс хаанаа нууцлаг өөр газар оршуулдаг уламжлалтай байж. Музейн дэлгүүрээс "Билигээ хааны хөшөөний бичиг" хэмээх 2013 онд хэвлэгдсэн Өөлд. Д. Баатар гэж хүний бичсэн номыг авч гэртээ аваачин тухтай уншиж судлахаар болсон. Гэрэлт хөшөөний бичгийг үг үсгээр нь нарийн тайлбарлан орчин үеийн монгол хэлд сийрүүлэн бичсэн нь олон зүйлийг ойлгож мэдэхэд тусаллаа. Номонд өгүүлснээр хаад, ноёд, цагаан ястаныг өөд болоход зандан гэдэг монголд ургадаггүй үнэтэй модны банзаар авс хийн одоо үе шиг яарч хөдөөлүүлэхгүй, хэдэн сараар бүр хагас жилээр ч насбарсан хүний цогцосыг хадгалж байгаад оршуулах ёслол үйлддэг байжээ. Энэ нь нэг талаар хаан хүний оршуулгад бэлтгэх нэлээд ажил, явдал болж, тахилын газрын барилга барих, бичигтэй хөшөө чулуу бэлтгэх, хэл мэдээ тараах, хол гадаадын элч ирэхийг хүлээхтэй холбоотой байх. Нөгөө талаар зурхайтай холбоотой байна. Гэрэлт хөшөөнд бичсэнээр
Түрүгийн хаан Могилян (683-734) нийт 19 жил төр барихдаа хүнлэг, ухаалаг, эрч хүчтэй удирдагч болохоо харуулсан бөгөөд тавин нэгэн насандаа Билигээ хаан одоогийн ойлголтоор хятадад дипломат алба хашиж байсан урвагч түрүг түшмэлийн гэрт зочлуулж байхдаа хор хольж найруулсан хоол идсэнээс болж хордож өөд болоход тэр цагийн түрэг хүмүүсийн заншлаар насбарсан хааны цогцосыг зандан модон авсанд хийж, эвгүй үнэр ханхлахаас сэргийлж, хүчтэй унэртэн цэцэг мэтээр хучиж, авдрын амсрыг тансаг даавуугаар таглан байлгаад найман сарын дараа оршуулгын ёслол үйлдэв гэж бичигт гарчээ. Ёслолд холоос Ли Сун Тай тэргүүлсэн таван зуун хүн Тан ( хятад) улсыг төлөөлөн ирж анхилуун цэцэг, зандан мод, өөрөө гэрэлтэгч зэргийг алт, мөнгө тоолошгүйгээр авчирч буяны ажилд хандивлаж. Түрэг бичигтэй хөшөөний ард талд Тан улсын элч төлөөлөгч хаанаасаа илрүүлсэн эмгэнэлийн захидлыг хуулан сийлсэн байдаг нь эдгээр улс хоорондоо үргэлж дайтаж байсан ч энхийн үед дипломат харьцаа өндөр төвшинд явагдаж байсныг гэрчилэхээр. Оршуулгын үеэр өч төчнөөн хун ард үсээ нь үгтээж, чихээ нь шанаагаа шалбалав гэсэн нь тэр үеийн уй гашуудлаа илэрхийлдэг зан үйл шиг. Олон түмэн эмгэнэл илэрхийлж ирэхдээ цагаан мөнгийг нь хуйлмал торго, савтай ундаа, сайн морьд азаргыг нь хар булгыг нь авчирч өгөв гэсэн нь буяны ажил хандив өргөдөг уламжлалыг харуулж байгаа мэт. Эцэст нь хааныг оршуулах ёслолд оролцохоор холоос цэргийн анги ирэн шөнөжин өдөржин долоон хоног усгүйгээр туулж нутаглуулах газраа хүрснийг дүрсэлжээ.

Дээд тэнгэрээс заяатай
Түрүгийн Мэргэн хаан мөнх бусыг үзүүлэн одов.
Зун болоод Дээд Тэнгэрт
Солонго татаж сэтгэл минь уярч байна.
Уулын буга дуудан гүйлдэх цагаар
Авга ах хаан таныгаа үгүйлж дурсан санана даа би

Чулуун хөшөөг би өөрөө урлаж, Хаан ахдаа дуусгалаа даа хэмээн Билигээ хааны ач дүү шинэ хаан Зултай тегин буюу тайж өгүүлжээ. Аавын ясан төрлийн бүх эрэгтэйчүүдийг аав гэж
хүндэтгэдэг ёс чулууны бичгээс харагдаж байв. Мөн түүнчлэн Зултай тайж цаашид нүдэнд өртөх айдасгүй, чихэнд сонсогдох түгшүүргүй байн, газар уснаасаа салахгүй байхыг хүсэж буйгаа илэрхийлсэн байдаг. Энэ нь ч аргагуй биз учир нь түрэг улс гадаад аян дайны зэрэгцээ дотоодын зөрчил, үймээн самуун бишгүй үзэж. Харамсалтай нь эцэстээ түрэг улс улам бур доройтож ирэхэд дараагаар нь уйгарууд хүчтэй болж тэд түрэг тахилын онгонд зориуд гар хүрч нураан эвдэлсэн нь толгойг нь тасдсан хүн чулуун хөшөө, нураасан барилга зэргээс харагдана. Сүүлийн үеийн малтлагаар алтан, мөнгөн домбо аяганууд, эрдэнийн чулуу зэрэг 4000 гаруй зүйл олдсны дотор хамгийн хосгүй нь хааны титэм гэнэ. Эх хувийг улсын сан хөмрөгт хадгалж байгаа бөгөөд музейнуудэд зөвхөн хуулбар загварыг олонд үзүүлж байгаа гэж тайлбарлагч хэлж байсан. Алт мөнгөн эдлэл хэрэглэлийг ердийн байдлаас хэд дахин багасгаж тахилын онгонд хийдэг уламжилтай байж. Нүдэнд өөрийн эрхгүй туссан нарийн хийцийн хэд хэдэн мөнгөөр бүрсэн буган дүрсүүд. Тэдгээр нь Лондонгийн Их Британийн түүхийн гэдэг асар том музей дэх Сутон Хү гэдэг газараас олдсон язгууртаны булшнаас гарсан мөнгөн бугатай их төстэй санагдсан. Сутон Хү нь цаг хугацааны хувьд Билигээ хааныг өөд болохоос барагцаалбал 50 жилийн өмнөх үе аж. Түргүүд хүч чадлаа
бэхжүүлж байхад эртний англид скандиновоос гаралтай англо- саксон гэдэг үндэстэн ирж эзлэн авч. Нэгэнт бүх талаараа далайгаар хүрээлэгдсэн арлын улс учир мэдээж завиар л ирэхээс өөр аргагүй тийм болохоор баатар эрчүүлээ завьтай нь оршуулдаг уламжлал гарсан байж магадгүй. Харин Билигээ хааны хувьд хуурай газрын аян дайн хийж байсан болохоор хөсөг тэрэг сайн хүлэг морьд илүү хэрэг болох нь тодорхой. Сутон Хүгийн малтлагаар царс модон завь олон жил хөрсөнд байгаад хөгцөрч алга болон зөвхөн хөрсөнд хэв нь үлдэн тэндээс зөвхөн төмөр хадаас л үлдэж. Билигээ хааны тахилын газрын хөсөг тэрэгнээс мөн төмөр чимэглэл зэрэг нь үлдэж. Билигээ хааны алтан титэм олдсон бол Сутон Хү гийн онцгой чимэглэсэн дуулга нь гарч ирсэн. Билигээ хаанд чулуун хешее босгон бичиг сийлсэн бол Сутон Хү д тийм зүйл огт үгүй гэхдээ эд хэрэглэл дотор жижиг гар ятга гарч ирсэн бодвол тэрнийг хэрэглэн баатарлаг туульс хэлдэг нөгөө бол байлдааны ялалтынхаа тухай шүлэг зохион аялан дуулдаг байж болзошгүй гэж уздэг байна. Харамсалтай нь аман зохиол болохоор өнөө үед өвлөгдөж чадаагүй үлдэж. Мөн гол ялгаа нь Сутон Хү өөрийн эд хэрэглэлтэйгээ хамт оршуулагдсан бол тахилын онгонд Билигээ хааны цогцос огт байхгүй гэдгээрээ л ялгаатай аж. Гэхдээ ийм хоёр өөр газар хоорондоо харьцдаггүй улс ижилхэн зүйл шүтэж байна гэдэг нь өөрийн эрхгүй анхаарал төрүүлэхээр. Англид буган дүрс эзэн хааны сүр хүчийг илэрхийлдэг бэлэг тэмдэг байдаг Билигээ хааны хувьд ч чухал билэгдэл байсны хувьд онгонд нь хэд хэдэн буган дүрс хийсэн байж таараа. Гэхдээ археологчдод тэдгээр мөнгөн буган дүрсний хөлнүүд нь ямар нэг зүйл дээр байрлуулдаг болтой гэхээр ч үүнийг нарийвчлан тодорхойлох арга байсангүй. Харин Сутон Хүгийн хувьд ганц жижиг мөнгөн
бугыг цагирган дээр тогтоон бат бөх суурин дээр байрлуулж гэхдээ тэр нь Билигээ хааны тахилын газарт байсан шиг олон байсангүй. Яг дээрхи номонд өгүүлсэн шиг Алтай, Соён, Хөвсгөл орчмын нутгаас Скандиновын хойгт цаа бугатай нүүдэллэн очсон байж болох гэсэн байна. Магадгуй үүнийг үгүйсгэх аргагуй дээр уед одоогийнх шиг хил хязгаар гэж байгаагүйн дээр зөвхөн нүүдэлчид гэлтгүй шаардлагатай гэсэн үедээ европ гаралтай хүмүүс ч нутаг сэлгэн нүүж ирж. Үүний нэг жишээ нь 2006 онд археологчид 2500 жил цэвдэг хүйтэн мөсөнд хадгалагдан занданшсан шарил Баян Өлгий аймгийн нутгаас олдож. Тэр нь 30-40 орчим насны скиф дайчин эр бегеед шар үстэй биеэрээ шивээстэй байж. Түүнийг үсэрхэг дулаан хувцастай нь зэр зэвсэг морьдын хамт хүндэтгэн оршуулсан байж. Хэдий тийм эртний хэцүү цагт ч ямар ч улс үндэстэн тодорхой хэмжээгээр аялан газар сэлгэн нүүж байсны дүнд нэг нэгнээсээ сурах нөгөө бол хуурбарлаж авсан зүйл байдаг гэдгийг гэрчилж байгаа нэг хэрэг байх. Гол мод 2 малтлагаас Хүннүгийн язгууртаны булшнаас олдсон ромын үеийн шилэн аяга юм. Эдгээр эртний улсууд ямар нэг хэмжээгээр харилцаа холбоотой байсныг харуулах гол баримт мэт. Цаашид монголд байгаа хуучны дурсгалт газрыг энэ Хөшөө цайдамын музей шиг олноор байгуулагдаасай гэж найдаж байна.

2015 он

No comments:

Post a Comment