Friday, September 13, 2019

Марука Майко нарын япон дахь аялал


Эхлэл: Соёлыг гайхсан нь
 Германы Луфтанзагийн нислэгээр Манчестераас Франкфурт хүртэл цаг гучин минут болж 
Токиогийн Нарата хүртэл 11 цаг болж очсон бөгөөд тэндээсээ ахиад 2 цаг шахам хурдны галт тэргээр Шизоука аймаг хүрч тэндээ 6 хоног байрлах байлаа. Өндөр текнологи хөгжсөн газар очсон болоод ч юм уу бид хоёр яг л хөдөөний хүн шиг мунгинаж байлаа. Өглөөний цайгаа зочид буудалдаа уухаар доошоо бууж очлоо, намайг талх шарагчийг ажилуулж байх хооронд Марк цай бэлдэж буцалсан ус авах болсон тэгсэн бүгд япон бичигтэй байдаг тэгэхээр нь бүх товчлуур дээр нь ээлжлээд дарсан ус өгөхийн оронд хөгжим дуугараад эхэллээ тэгсэн үйлчлэгч нь ирж байж зогсоогоод дарах ёстой товчлуурыг нь зааж өглөө. Ер нь ажиглаад байхад ихэнхи юманд хөгжим дуугараад байдаг зам гарах болсон ч галт тэргэнд бууж суухад ч шал зүлгэдэг машин тэгээд бүр гал зууханд бол заавар өгдөг ярьдаг пелетик гэх мэт тэдний өдөр тутмын амьдралыг ямар нэг машин техникгүйгээр төсөөлөхийн аргагүй. Нолийн өрөөний автомат суултуур бол их тансаг хэрэглээ. Тэр нь халаалтай байдаг нь хүйтний улиралд зүгээр юм шиг
санагдсан. Тэгээд хүндээр биеэ засмаар бол ус урсаж байгаа юм шиг чимээ гаргадаг товчлуур дээр дарж болно ингэхэд яг ус урсахгүй зүгээр чимээ л гарна олон нийтийн газар хүндэрэхэд, сайн дүлж суухад, хажуу хавийн хүмүүсээс санаа зовно гэсэн зовлон байхгүй амар тэгээд дуусахаар нь угаах үйлчилгээ дээр дарна усны даралтыг бас тааруулж болдог бас элдэв үнэр дарах агааржуулагч автоматаар цацагддаг болохоор дараагийн хүндээ ч амар, ингээд дуусаад харин усаа татах нь харин бусад ердийн нолийн адил. Ийм ноль бол газар сайгүй байх юм билээ харин нолиос гараад гар хатаагч тэр болгон байрлуулаагүй байх юм билээ өөрөө салфетик эсвэл алчууртай бэлэн явахгүй болмооргүй юм билээ. Таксинд суухад жолооч нь арынхаа хаалгыг удирдлагаар онгойлгож өгч бас хаадаг үйлчлүүлэгч гар хүрэх ямарч шаардлага байхгүй. Тэрнийг нь мэдэхгүй бид мэтийн хүмүүс бол гараараа угзчираад байх болтой юм билээ. Тэнд байхдаа тэрэнд нь дасаагүй байж гэртээ ирчихээд таксинд суухдаа жолооч нь яагаад хаалгаа онгойлгохгүй байгаа юм бол гээд бодоод зогсоод байгаа юм. Биднийг тэнд байхад 20 градус орчим дулаахан байсан тэгээд цонхоо онгойлгоод унтахаар яг замын хажууд тул нилээд чимээ орж ирээд байхаар нь  агааржуулагчыг нь ажиллуулах болсон. 
Эхэндээ зүгээр юм шиг байсан онц сонин юм мэдэгдээгүй тэгсэн яг шөнө дундын алдад гэнэт усан хулгана болтлоо хөлөрч сэрлээ тэгсэн сэрүүн агаар үлээж байсан агааржуулагч халуун агаар үлээгээд өрөөг хэт бүгчим болгож бид нар орноосоо үсэрч босоод цонхоо онгойлгон доошоо бууж машинаас хүйтэн юм авч ууж хажуугаар нь мөс авч сэрүүцлээ, ёстой хар дарсан зүүд шиг юм боллоо. Хурдны галт тэрэг бас их гайхалтай явж байгааг хараад алмайрч зогсож байлаа. Тавцан дээрээ дөрвөн замтай тэгээд тэндээ хүлээгээд зогсож байхад дундах замаар галт тэрэг зөрөөд өнгөрөхөд дуу чимээ нь чанга тийм хурдтай юмны хажууд ойрхон зогсож байгаагүй болохоор зүрх хүчтэй цохилоод байсан. Хэрэв галт тэрэг зогсож байхад тэгж хажуугаар өнгөрвөл зогсож байгаа галт тэргээ бага зэрэг хажуу тийш налж байгаа юм шиг хөдөлгөдөг гэхдээ дотор нь сууж явахад бол ямарч хөдөлгөөн чичирхийлэлт юу ч мэдэгдэхгүй харин ноль орох гээд босоод явахаар хажуу тийшээгээ гуйваад уначих гээд эсвэл хөл хөнгөрөөд хөөрөх гэж байгаа юм шиг болдог. Галт тэрэгний дотор уух юм авч болох машин
байрлуулсан байдаг мөн утсаар ярих шаардлагатай бол таксофоны бүхээг мөн хувцасаа солих өрөө байдаг. Олон нийтийн тээврээр зорчиж байхад гар утасаа дуугүй дээр нь тавьж заавал ярих шаардлагатай бол галт тэрэгний холбоосны тэнд үүдэнд очиж байж ярих хэрэгтэй. Тавцан дээрээ бүхээгний тоог бичихсэн тул суудалтай суудалгүй гэдгээсээ шалтгаалаад хаана зогсож байхыг нь олоход амар хүмүүс нь ч ар араасаа дэгтэй нь аргагүй оочирлоод зогсож байдаг болохоос хаа хамаагүй очоод байхгүй  хэвшсэн зохион байгуулалттай болохоор галт тэрэг буудал дээр нэг их удаан зогсохгүй зорчигчид нь хурдан бууж суугаад сурчихсан бид нар өөрсдийгөө тийм удаан хүмүүс гэж боддоггүй байсан гэтэл япончуудтай харьцуулахад бас нөгөө хөдөөний хүн шиг ийш тийшээ юм харж алмайраад эргэлдээд байдаг.  Харин тэнд бол тийм олон хүн зорчиж байхад нэг нэгтэйгээ түлхэлцээд нудралцаад байхгүй, хоорондоо ч чанга дуугаар яриад байдаггүй юм билээ. Бүх юм нь дэгтэй цахилгаан шатаар өгсөж байгаа бол зүүн гараа барьж зогсоно тэгэхээр яарч байгаа хүмүүс баруун талаар нь хурдан өгсөөд гарна түүнээс баруун гар
талд зогсоод зам бөглөөд байж болохгүй. Галт тэрэгнээс буухаасаа өмнө гарц нь хаана байгаа гэдгийг харчихаад буух хэрэгтэй тэгэхээр хаашаа гарах бэ гээд хараад зогсоод байхаас дээр. Мөн тэндэхийн машин тавьдаг газрын үйл ажиллагаа үнэхээр бишрүүлэхээр. Хажуугаар нь гарахдаа зориуд зогсож харсан. Эхлээд тэндэхийн ажилтнууд нь гараараа дохиод жолоочийг нэг том дугуй хэсэгт зогсоолгож байна. Ингэхэд жолооч заавал ухарч орно энэ тэр асуудал байхгүй учир нь тэр тойрог нь машиныг эргүүлчихдэг жолооч машинаасаа буугаад явсаны дараа урт ремен шиг зүйлээр өргөөд аваад явчихдаг. Энэ нь япон шиг газар багатай зай хэмнэсэн дэвшилтэт арга аж. Тэгэхээр эндэхийн машин тавьдаг том газрууд нь бидний шүүгээнд хувцасаа өлгөдөг шиг машинуудыг нь дээр дээрээс нь шахаад дүүжилдэг байна. Машинаа авах болоход номер дугаараар нь хөөгөөд буулгаад ирнэ бүх үйл ажиллагаа нь автомат. Замын хажуу талын жижиг талбайг хүртэл ашиглаад өндөрсгөсөн тавцан дээр 2-3 давхарлаж машин болон дугуйгаа тавьж болохоор засаж янзалсан байсан.
Япон хоол их амт сайтай тийм айхтар халуун ногоо зэрэг хурц юм байхгүй нь амар гэхдээ их
хөнгөн амархан шингэдэг бараг худлаа ярьсан хүнд хэд алхаад л өлсөөд эхэлж байсан ингэхээр бараг хоёр юм уу гурван цаг тутам өөрийн эрхгүй зогсож юм идэхгүй бол ходоод хоол нэхээд явуулахгүй хэцүүдсэн тэгээд бас цайны аяга нь жижигхэн бид хоёрт бол 2-3 аяга хөнтөрч байж цай уусан болж байгаа юм яг нөгөө Улаан малгайт шиг би ийм үхрийн нүд шиг юмаар уухгүй гэдэг шиг бас манай эмээ багад аяга ёроолдож суучихаад гардаггүй гэж зарим нэг хөрш авгайгаа шүүмжилдэг шиг.
Тэгээд бид хоёр тэгж хөдөөний хүн шиг ийш тийшээ харж явахдаа ойр зуурын ажигласан зүйл гэвэл бага ангийн хүүхдүүд нь өөрсөддөө дэндүү ахадсан том цүнх үүрч явах шиг санагдсан 5-6 насны болов уу гэмээр жоохон юмнууд хөөрхөн дүрэмт хувцас өмсөөд тэр аварга цүнхээ үүрээд галт тэргээр өөрсдөө сургууль руугаа явж байгаа нь  хачирхалтай англид бол тийм насны хүүхдүүд  заавал насанд хүрсэн хүнээр хүргүүлж ирдэг. Тэгээд хараад байхад жил ирэх тутам тэдний цүнхнийх нь хэмжээ багасдаг юм шиг санагдсан. Дунд сургуулийн хүүхдүүд бол өглөө эрт сургуульдаа явж байгаа харагддаг орой болсон хойно нь л харьж байдаг, бүр хагас сайн бүтэн сайнд ч формоо өмсөөд сургууль руугаа явж байгаа нь гайхал төрүүлж байлаа.  Учир нь хичээлээс гадуурхи арга хэмжээтэй байдаг нь гэнэ. Өглөө эрт хичээл эхлэхээс өмнө
биеийн тамирын хичээл орчихдог болохоор багаасаа дасгал хийгээд дасчихсан байдаг шиг бүр тэтгэвэрийн хөгшид өглөө гэрийнхээ ойролцоох паркад нэг нь хөгжим тавьж удирдаад үйлдвэрлэлийн дасгал шиг зүйл хийдэг тэгээд дараа нь зарим нэг нь хятадын тай- чи буюу хийн дасгал хийнэ тэр нь өглөө долоо гэхэд бараг дуусчихдаг, Ням гаригийн өглөө тэгж 6 цагаас дасгалаа хийж байхдаа нэг эмээ ач хүүхдүүдээ авчирчихсан тоглоомын талбай дээр тоглуулж байгаа харагдсан. Тэр багацуул нь ч тэгж эрт босчихсон байгаа нь юм. Өндөр өртөгтэй газар гэдгийг хэн бүхэн мэднэ гэхдээ үйлчилгээ их сайтай тэр нэг тааруухан байсан
гэх газар огт гараагүй. Хэрэв бид нар хүсвэл чемоданаа чирч явахын оронд онгоцны буудал дээр өгөөд маргааш нь зочид буудал дээрээ хүлээж авч болох байсан даанч зам зуурын хүмүүс хамаг юм нь чемоданд нь яваа болохоор салж чадахгүй чирээд л яваад байсан. Жижигхэн юман дээр их анхаарал тавьдаг нь илэрхий байсан зочид буудалд өрөөгөө авах гээд ороход цагаасаа өмнө очсон бол чемоданаа энд нэг газар хадгалж болно тэгээд яг цагтаа буцаад ир дээ гэнэ. Үүдний жижүүртээ ярьж байхад жижиг гар цүнхээ тавих тавиур хажууд нь байдаг. Зарим цайны газар кофе уух гээд очиход хүн ихтэй суудалгүй байвал нэг газар суулгаад түр хулээлгэж байдаг аль ч газар мөнгөө авч өгөхдөө тавиур дээр тавьж байгаа харагдсан нэг нэгэндээ мөнгө сарвайгаад байхгүй илүү боловсон гэдэг байх тэгэхдээ та хэдэн төгрөг өгсөн төлбөр хэд болсон
хариулт нь хэд байна гэж чангаар хэлдэг. Өрөөний зурагт цөөн хэдэн сувагтай хэрэв олон суваг үзмээр бол мөнгө төлж карт аваад үзэж болдог бид нарт тэгж суугаад зурагт үзэх цаг байхгүй болохоор тэгж ажил болоод яах вэ гэж шийдсэн байсан тэгсэн нэг орой мэдээгээр тунами болж болзошгүй байна гэж яриад байхыг хараад миний толгойд хамгийн түрүүнд орсон бодол нь хир ойрхон байгаа бол нөгөө ард үлдсэн хүмүүс энэ мэдээг үзээд өө нөгөө хоёр чинь усанд урсаад алга болчихож ирэхгүй юм шиг байна гээд яриад сууж байгаа байх гэж бодогдлоо. Ядаж зөвхөн японоор үзэж байсан болохоор ойлгохгүй юм чинь ингэж санаанаасаа зохиож ургуулж бодож байхгүй юу, маргааш нь японд биш Гавайн аралд болж байсан юм билээ. Ер нь энд байгалийн гамшиг их тохиолддог газар гэдгийг хүн болгон мэддэг зочид буудлын өрөө болгонд гар чийдэн байдаг мэдээж гэнэт тог тасраад харанхуй болоход хэрэглэхэд бэлэн гэсэн үг, гадаа гудамжинд гэнэтийн осолын үед хоргодох газрыг япон болон англиар тод бичсэн байдаг, айл болгон яаралтай үед гэрээсээ гарахад хэрэглэх ойр зуурын зүйл хийсэн жижиг уут бэлдсэн байх ёстой гэсэн тэгээд хэдэн сардаа нэг тэгж байгаад сургуульлалт хийдэг гэсэн. Цэцэрлэгийн хүүхдүүдээс том хүмүүс хүртэл бэлтгэлтэй байдаг яслидаа гэрээс нь тийм зөөлөвчтэй
дөрвөлжин уут бэлдсэн байдаг тэрнийг ердийн үед сандал дээрээ тавьж сууна осолын үед толгойдоо угалж хамгаалах зориулалттай, зарим нэг албан газарт барилгачдын өмсдөг шиг хатуу хуванцар малгай тавьсан тавиур харагдаж байдаг. 
Япончуудад гадаад нэр их хэцүү байдаг гэж  найз маань сануулж байсан бөгөөд Маркын нэрийг Марука гэвэл арай хялбар байна байх гэж зөвлөж байснаас би бас санаа аваад өөртөө Майко гэдэг нэр өглөө. Ёндонжалбуу овогтой Алтанзул гээд зогсож байвал бүр муураад уначихна биз дээ энд англид л миний нэрийг хараад хүмүүс айчихдаг яаж дуудахаа мэдэхгүй паникдаад байдаг. Ингээд япон нэртэй болчихоор тэндэхийн хүмүүсээс ялгарахгүй амар болно гэж бодогдохоор гэхдээ үнэн хэрэг дээрээ  Маркаас илүү би орон нутгийн хүмүүсийг гайхалд оруулдаг. Ази хүн гээд надтай японоор ярих гээд тэгээд ойлгохгүй болохоор гайхаад байдаг. Бид нар өдөр болгон нэг шинэ газар очиж үзнэ гэж төлөвлөгөө гаргасан байлаа. Харин үүнд цэцэрлэгт хүрээлэн бол ороогүй учир нь сакура мод 4-5 сард цэцэглэж, 6-7 сард сайхан цэцгүүд дэлбээлээд 11 сарын сүүлчээр модны навч өнгөө сольж тод өнгөтэй болодог гэсэн бид эдгээрийн аль алинтай нь таараагүй байлаа. Харин япон маягаар гоё сайхан янзалсан парк зам зуурт таарч байсан.

За одоо ингээд хийсэн аялалын маршрутаа сонирхуулъяа: Фүжи уул.
Бид нар Шизүока аймагт нийт 10 хоног амралтынхаа дийлэнхийг өнгөрүүлж сүүлчийн 3 хоногт Токиод байсан. Манчестертай харьцуулахад Шизүока хамаагүй том юм шиг санагдсан. Хойд талаараа модтой уултай урьд талаараа далайтай яг л эмээгийн нутаг Архангай аймгийн
Цэцэрлэг хотыг санагдуулахаар уул ус хосолсон их үзэсгэлэнтэй нэг их танил дотно юм шиг санагдсан. Дээхэн үедээ энэ хотод англитай нээлттэй худалдаа хийх хэлэлцээр хийгдэж бүр Манчестераас худалдааны усан онгоц хүртэл шууд ирж байсан юм билээ. Мөн энэ хотоос цэлмэг сайхан нартай өдөр Фүжи уул нь тод харагддаг. Бидний нислэг өглөө эрт байсан тул онгоцноос буухын өмнө Марк уулыг олж харсандаа ихэд олзуурхаж өөрсдийгөө азтай байна гэж бодож байсан. 3,776 метр өндөртэй энэ уул япон үндэсний бэлэг тэмдэг, ариун дагшин гэж шүтэгддэг байсан бөгөөд хуучин цагт бол эмэгтэй хүн гарахыг цээрлэдэг байсан гэнэ. Уулын хажуугаар хурдны галт тэрэг өнгөрөхдөө заавал зориуд хурдаа бууруулж кондуктар нь уул руу харж ёсолдог байна. Фүжиг холоос харахад сүртэй гэдэг нь үнэн байх, ойртоод ирэхээр дүнсгэр галт уулны сөнөсөн хаягдлаар бүрхэгдсэн мэт харагддаг гэнэ. Ингэж аялалын номноос уншсан тул ууланд ойртож очих ордлого огт хийгээгүй Шизүока хотын хамгийн өндөр барилганы дээд давхараас харсан. Тэгээд ч албан ёсны ууланд авирдаг хугацаа нь 7 сарын 1 нээс 8 сарын 31 хүртэл байдаг юм билээ. Тэнэг хүн Фузи ууланд авирдаггүй харин тэрбээр хоёр дахь удаагаа гарвал тэр хүн тэнэг гэгдэнэ гэж нутгийн хүмүүс ярьдаг гэсэн харин би тэрнийг нь өөрчилөөд хашир хүн бол ууланд тэгтлээ ойртож очдоггүй гэж өөрсдийгөө зөвтгөлөө.

Одавара цайз
Уг нь Осакагийн цайзыг хамгийн гайхалтай нь гэж сонсож байсан ч арай холдоод байсан болохоор Одавара руу явсан юм. Англид хуучны цайзууд олон байдаг боловч үнэн хэрэгтээ нэгэнд нь ч орж үзээгүй учир ийшээ заавал явж үзэхээр шийдсэн юм. Цайзны суурийг 15
дугаар зууны үед тавьж босгосон бөгөөд он жилийн туршид цөөнгүй эздийн гар дамжин нэгэн цагтаа цайзын хэмжээ хир нь ихэсэж газар хөдлөлт болон дайн дажины нөлөөгөөр хэмжээ нь багассаж багагүй өөрчлөлтөнд орж байсан болохоор бидний очиж үзсэн цайз бол хуучныг нөхөн сэргээсэн шинэ цайз гэх үү дээ оригналь хэлбэрээрээ биш гэж зарим хүмүүс үл тоомсорлохоор бидний хувьд тэрэнд санаа зовох зүйл байсангүй. Цайзан доторхи музейн үзмэрүүд их сонирхолтой байлаа. Элдэв тайлбар танилцуулга сэлтийг үзэж байхад уг цайз аяны гол зам дээр байрлаж дээд зиндааны хүмүүст нэг ёсондоо 5 одтой зочид буудал болохын зэрэгцээ тэдний аюулгүй байдлыг бүрэн хангадаг байж. Цайзны гадна хоёр өвгөн уламжлалт хувцас паркатлан камераараар нь зургийг авч өгч байлаа бид хоёр ч бусдаас дутах юм юу байх бэ гээд  би нэг аяны кимоно шумуулнаас хамгаалсан тортой сийрсэн малгай сонголоо Марк самурайн хувцас өмссөн тэгээд нэрээ хэлдээ гэхээр нь Марука, Майко хоёр гээд цайзныхаа урьдхан зогсож камераараа зургаа хэд даруулсан тэгсэн ойрхон зогсож байсан хэсэг настай авгай нар хамт зургаа авхуулъяа гээд гуйгаад хэдэн зураг даруулсан. Англид бол тэгж танихгүй хүнтэй зургаа авхуулах гээд байдаг хүмүүс байдаггүй болохоор сонин санагдсан. Энэ газартай холбоотой өөр сонин зүйл нь 1963 оны 3 сарын 3нд японы инженерүүд хурдны галт тэргийг энэ хотод анх туршсан байна тэдний хэмжилтээр галт тэрэгний хурд нь цагт 256 км хүрч байсан бөгөөд зургийг нь авах зорилгоор дагаж явсан нисдэг тэрэг хоцроод үлдсэн гэнэ.

Камакурагийн аварга Будда
Бясалгал үйлдэж буй мэт амирлангуй суух Буддагийн суудалтайгаа нийлээд нийт өндөр нь 13,4
метр нийт жин нь 121 тонн ч дэлхийн хэмжээнд бол тийм томдоо ордоггүй гэнэ. Гэхдээ бидний хувьд бол нүдээрээ харсан хамгийн том Будда юм. Үүнийг орон нутгийн нэр хүндтэй лам санал болгосноор сүсэгтэн олны хандиваар 1252 оноос эхлэн 10 жилийн турш хүрэл төмрийг цутган босгож. Уг нь Буддаг хамгаалах үүднээс дээвэр барьсан ч хоёр ч удаа хуй салхинд хийсэж гэмтсэн учир сүүлдээ барихаа больсон аж. Буддагийн доод хэсгээр орж ямар аргаар хүрэл цутгасныг нарийн ажиглаж болдог. Биднийг очсон өдөр НҮБ ын Хүүхдийн сангийн төслийн дагуу Африкын бичиг үсэггүй хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилгоор худалдаа явагдаж үндэсний хөгжмийн хамтлаг тоглолт болж байлаа.

Япон айлд зочилсон нь
Бидний японд амьдардаг найзын урьдчилан зохицуулснаар бид Сато гуайнд зочилохоор Хамаматсу орсон. Уг газар нь Яамаха фирмийн үйлдвэрүүд байдгаараа нэртэй аж. Сато гуай биднийг ирнэ гээд өглөө үүрээр босож загасаа барьсан гэдгийг сонсоод биднийг хөдөө яваад очиход эмээ маань шинэ шөл уулгана гээд хонь гаргадаг шиг санагдаж байлаа. Ингээд биднийг очиход тэднийх найз хүмүүсээ давхар урьсан байсан. Ихэнхи нь түүний багын найзууд гэнэ дундаж нас нь 72 тэтгэврийн хөгшид аж. Харин тэдний дунд арай залуухан хоёр хүн байсан нь Сато гуайн сүүлд Владивостокод очихдоо танилцсан орос найзуудад нь машин авахад зуучилсан хүмүүс байж. Сато гуай ч тэтгэвэрт гарахаасаа өмнө бас тийм машин зардаг ажил хийдэг байж. Харин
одоо бол түүний хобби нь далайд гарч эсвэл гэрийнхээ хажуу талын нууранд очиж загас барих гэнэ. Тэгээд хаана ямар загас барьсан ямар нэртэй хир  жинтэй гэсэн бүрэн мэдээлэлтэй зурагнуудаа бидэнд үзүүлж байсан. Бид нар үдийн хоолонд уригдсан байлаа загасыг ёстой янз бүрээр болгосон байлаа түүхий, шарсан, хуурсан, буцалгасан, жигнэсэн гээд л амьдралдаа ингэж нэг дор суугаад ийм их загас идсэн тохиодол бидэнд байгаагүй байлаа. Амт их сайхан зарим нэгийг нь яснаас нь салгаж идэх нь сурч дадаагүй бидэнд жоохон ярвигтай байлаа.
Сато гуайн хөгшин биднийг байх хугацаанд галт тогооноосоо бараг цухуйгаагүй харин түүнд найз хоёр ч эмэгтэй нь тусалж байсан. Ингэж япон айлд зочилж хөгшинийх нь гарын хоолыг амталсан даа бид их баяртай байлаа. Тэгээд гэрийн эзэддээ баярласан талархсанаа илэрхийлээд явах болоход ирсэн зочин болгон зургаа авхуулж байгаад явдаг нь илэрхий болсон. Урьд нь хэдэн жилийн өмнө Сато гуай зочид уриад караокэ зохион байгуулдаг байсан боловч тэр машин нь эвдэрсэн байж бидэн шиг дуулж чаддагүй хүмүүст амар юм болсон. Сато гуайн хүүхдүүд томроод тус тусдаа өрх тусгаарласан бөгөөд амралтын өдрүүдээр л гэр бүлээрээ зочилдог гэсэн. Сато гуайгаас гадна орон нутгийн хоёр ч хүнтэй танилцсан юм байна. Намайг үсээ засуулах болоход найз маань өөрийн таньдаг үсчин рүүгээ утасдаж цаг авч өгч зохицуулж өгсөн. Сиратори гээд их чадварлаг үсчин залуу байсан тэгээд таньдаг хүн санал болголоо гээд төлбөрийн 20 хувийг хямдруулж байсан. Хотын төвөөр явж байхдаа ороод ирээрэй гэсэн төгөлдөр хуурын багш Канеко гэдэг эмэгтэй байсан бас л манай найзын танил холоос ирж байгаа хүмүүсийг харах гэсэн юм гэсэн.

Сталины тагнуул 
Миний мэдэхээр бүгд л Рихард Зоргегийн тухай мэддэг. ЗХУ ын  Баатар Рихард Зоргегийн
тухай оросоор орчуулсан ном байдаг. Гэхдээ түүнийг одоо эргээд сөхөж үзэхэд дэндүү үзэл сурталчсан хуучин коммунист ёс суртахуун нэвт шингэсэн учир нэг л өрөөсгөл өргөн хүрээтэй байр сууринаас харж чадаагүй мэт санагдсан учир “Сталины тагнуулч” гэдэг 1988 онд хэвлүүлсэн английн нэр хүндтэй сэтгүүлч Роберт Веймантын номыг авч уншсан юм. Тэрбээр 1993 оноос Таймс сонины Токио дахь тусгай сурвалжлагчаар ажиллаж байхдаа уг номоо бичих санаа олж.  Ингээд уг номноос олж мэдсэн сонирхолтой зүйлийг товчлон дурьдахаар шийдлээ. 1933 оны 9 сарын 6 нд үдийн 1 цагт Канадын Атлантын далайгаар аялагч “Ороын Хатан Хаан”  гэдэг нэртэй зорчигч тээврийн томоохон хөлөг  онгоц Ёокохама боомтонд ирж зогсоход  Рихард Зорге  японд анх удаагаа хөл тавьж. Германы сэтгүүлч гэж бусдад өөрийгөө танилцуулсан ч цаагуураа японы халдлага Зөвлөлт рүү чиглэсэн эсэхийг мэдэх нууц даалгавартай байв. Тэгээд дараагийн 8 жилийн турш тагнуулын чухал мэдээ дамжуулж байсан бөгөөд 1941 оны 10 сарын 18нд хагас сайн өдөр Зоргег гэрээс нь баривчилж 10 сарын 23нд тагнуулын ажиллагаа явуулж байснаа анх удаагаа хүлээн зөвшөөрч. Дараагийн 3 жилийн турш шоронд хоригдож байж. Эцэстээ дүүжлүүлэх ял оноосон байна.  Зоргег Токиогийн захын нэгэн дүүргийн Тама гэдэг  газар оршуулах болсон нь түүний япон найз эмэгтэй Иши Ханакогийн уйгагүй зүтгэлээр биелэлээ олж. Орон нутгийн сониноос Зоргегийн хувь заяа хэрхэн төгсгөл болсныг мэдэж авч. Түүнээс хойш 3 жил өнгөрсний дараа Сугамо шоронгийн ойр байдаг оршуулгын газар түүнийг оршуулсан гэдгийг мөн сониноос уншаад үлдэгдлийг лавлан асууж мэдэхийг оролдож. Нэрийг нь бичсэн модон
пайзыг түлээний мод болгон ашиглах зорилгоор авсан учир цогцос нь яг хаана гэдэг тэмдэг байсангүй гэхдээ Ханако үүнийг зүгээр өнгөрүүлэхийг хүссэнгүй жил илүү хугацааны туршид тэр үеийн Америк ноёрхол эзэмшлийн үеийн хүнд сурталтнуудыг хөөцөлдөн Токиогийн бөмбөгдөлтөөс үлдсэн бичиг баримтыг шүүлгэж байж байгаа газрыг нь 1944 оны 11 сард илрүүлж. Шатахуун хангалттгүй байснаас цогцосыг шатаалгүй шууд булсан байв. Ханако ясыг сайтар ажиглан харж. Нэг хөлд нь Дэлхийн 1 дүгээр дайнаас олсон шархны ул мөр байсан. Цуурсан яс нь бүрэн эргэж нийлээгүй бороолсон болохыг илэрхий харж болох. 1915 оны зуны эхэн үед Бельгийн их бууны дэлбэрсэн хонгионы хэлтэрхийгээс шарх аван Берлиний цэргийн эмнэлэгт хүргэгдэж ирж эмчлүүлэх болж. Мэс засалч хөлийг нь тайралгүй үлдээж чадсан ч зүүн талынх нь баруунаасаа 2 см богино болж. Мөн японд байх үедээ согтуугаар хурд хэтрүүлж яваад мотоциклоос унаж гэмтсэний дараа суулгасан хиймэл шүд нь хэвээр байснаас
Зорге яг мөн гэж таньсан байна. Алтан хиймэл шүднээс нь Ханако авч хайлуулан бөгж хийлгэн түүний дурсгалыг хүндэтгэн үргэлж зүүж явдаг байна. Өөрийн зардалыг төлж байж Тамад газар худалдан авч ясыг нь чандарлан оршуулж. Мөн уг газар Зоргегийн япон талын хамтран зүтгэгч Озаки Хотцумиг баригдаад дүүжлүүлсний дараа оршуулсан байдаг байна.  Шоронд байхдаа Зорге тэгтлээ тамлуулж зовоогүй байна. Гэрээс нь барих үед нэгжлэг хийхэд мянга илүү ам.доллар, мянган юаны хамт бэлэн байсан нь илэрсэн бөгөөд Митшубиши банканд хувийн хадгаламжиндаа мөнгөтэй байсан учир өөрийн зардалаар хоол хүнсээ аван бүр байцаагч нараасаа илүү тансаг хоол ундтай байсан гэж дурьдаж. Зорге японд ирсэн цагаасаа эхлээд японы тал Зөвлөлт рүү дайрах эсэхийг мэдэх гэж хамтран ажиллагчдын хамт шургуу ажиллан мэдээлэл цуглуулах эцэстээ япон бус герман халдлага хийх нь тодорхой байна гэдгийг сануулж харамсалтай нь түүний бүлгийн радио мэдээг Сталин нэг бол огт үнэмшихгүй үл тоомсорлон магадгүй мэдээллийн тодорхой хэсгийг огт уншихгүй хараагүй өнгөрүүлсэн байж болохоор байж. Зөвлөлтийн тал ийм тагнуулчын талаар бүтэн 20 жил таг дуугай байсны эцэст ингэж албан ёсоор хүлээн зөвшөөрч Баатар цолыг нөхөн олгож, 1964 онд шарил дээр нь хар гантиг хөшөө босгож. Ингээд бид Токиод байхдаа номноосоо санаа авч Зоргегийн шарилд биеэрээ очиж хүндэтгэл үзүүлэхээр шийдсэн юм. Харин санасныг бодоход олж авахад тийм ч хэцүү байсангүй эхлээд оффис дээр нь очоод ийм хүний булшийг олох гэсэн юм гээд үзүүлэхээр аль хэсэгт хэдэн номерын эгнээнд хэд дэхь гэдгийг бүгдийг нь принтлээд өгдөг тэгээд тэрнийх нь дагуу явахаар амархан олдсон. Ингээд авч очсон баглаа цэцэг тавьсан юм.  Түүнээс бол зүгээр тойрч алхаж байгаад олно гэвэл бүтэхээргүй асар том газар байсан.

Империал гэдэг зочид буудал
Зорге японд ирээд байнгын байртай болохоосоо өмнө энд түр хугацаагаар байрлаж байсан бөгөөд уг газар нь тэр үедээ гадаадынхан цуглардаг гол газар байж. Уг барилгын загварыг америкийн уран барилгач Франк Ллоуд Врайт гаргаж уг барилга нь 1923 онд болсон Кантогийн газар хөдлөлтийн үед бага зэргийн гэмтэлтэй үлдсэн ч осолд орон гэргүй болсон дүрвэгчдийг байрлуулах гол газар болж байсан байна. Врайтын газар хөдлөлтөөс хамгаалсан загвар нь уг зочид буудлыг илүү алдартай болгосон гэдэг.

Киото хотын Алтан үзэсгэлэн 
Зоргегийн хэлсэн тийм үг байдаг хэрэв энхийн цаг байсан бол би япон судлаач эрдэмтэн
болоод оюутнуудад лекц уншиж байхгүй юу тэр хүсэл минь биелсэн бол хичнээн сайхан байх билээ гэсэн байдаг. Харамсалтай нь энэ үг зөвхөн түүний хувьд мөрөөдөл болж үлдсэн. Тэрбээр зөвхөн цэрэг, эдийн засгийн холбогдолтой мэдээ цуглуулаад өөрийгөө хязгаарлаж байсангүй. Японы соёл, урлаг ёс заншилыг ихэд сонирхож энэ чиглэлээр олон ч ном уншиж өөрөө бас ном бичнэ гэж төлөвлөдөг байсан. Мөн японд байхдаа олон ч сонин газраар явж үзсэний нэг нь Алтан Үзэсгэлэн билээ. Японы нэгэн цэргийн удирдагч тэтгэвэрт гарахдаа очиж амьдарна гэж энэ гурван давхар байрны дээд хоёрыг нь алтаар бүрхсэн орой дээрээ галт шувуугаар чимэглэсэн тансаг харшыг босгож орчин тойрондоо хиймэл нуураар хүрээлүүлж. Уг барилгыг диваажинг газар буулгаад ирсэн юм шиг гэж үзсэн харсан хүн шагшин магтахаар тэр үеийн Эзэн Хаан хүртэл энд зочилж ирдэг байж. Харамсалтай нь дотор нь орж үзэж болохгүй юм билээ гаднаас нь сайн харж авсан даа.

Токио хотын сонин газрууд
Гинза гэж үнэтэй брендийн дэлгүүрүүдтэй газар гэхдээ бид нар огт өөр юм харах гэж очсон юм. Би үүнийг маш олон нэвтрүүлгээс харж байсан юм. Ёончоме гэдэг гарц магадгүй хүн
болгон Витлисийн Аввэй замын гарцаар гарч байдаг зургийг санаж байгаа байх харин энэ бол япон хувилбар юм. Харажуку гэдэг буудалын ойролцоо 1964 оны Токиогийн Олимпын хотхон байрлаж байж тэгсний нөлөөгөөр гадны стил орж ирсэн гэдэг энд зарим хэсэг нь готик гээд хар хувцас өмсөж хар будгаар нүүрээ будсан эсвэл хүүхэлдэй шиг хувцасласан охид хөлхөлддөг. Уг нь бид нар Засгийн газрын Ордоны байрын зургийг авах санаатай очсон их өндөр байрнуудаа ойр ойрхон байрлуулсан болохоор гудамжнаас нь хараад зураг дарах ямарч боломжгүй манай Засгийн Газрын Ордоныг Марк хаана л бол хаанаас ч авч болдог харин японд тийм биш юм билээ. Өндөр хашаа тойроод мод бут ургуулсан нь байрыг сайн харахад амаргүй болгосон байсан. Эзэн Хааных нь Ордон ч мөн ялгаагүй.
Лондонд очоод Хатан Хааны Ордоны үүдэн дээр хашааных нь тэнд зогсоод зураг авхуулж болдог шиг адилхан болов уу гэсэн тийм биш юм билээ. Бид нар тойроод яваад байсан нэг гүүр хэдэн хуучны байшингийн дээвэр л олж харсан ийм чухал барилгууд нь хүний нүднээс далд байх ёстой ч юм уу мэдэхгүй. Мартсанаас Токио 2020 оны Олимпыг зохион байгуулах газрын нэр дэвшүүлэхэд орсон юм билээ, хэрэв япон амжилттай оролцвол энд Бразилийн дараа Олимп болж мэдэх юм байна.

Бидний амралт нэг иймэрхүү байдалтай өнгөрсөн дөө. Ийм сонин сайхан газар очиж үзсэн дээ бид нар их сэтгэл хангалуун байлаа.

2012 оны 10 сар

No comments:

Post a Comment