Tuesday, September 10, 2019

Английн суваг дахь Жерси арал


Дайн ба энх
Бид 9 сарын дундуур  Жерсид амарлаа. Яг жилийн өмнө  очиж байсан ч тэндэхийн нарлаг зөөлөн дулаахан уур амьсгалд нь татагдаад буцаад ирсэн хэрэг. Английн суваг дахь таван салангид арлуудын хамгийн том нь Жерси. Английн эх газраасаа бараг чулуу шидэхэд хүрэхээр зайтай гэдэг ч Манчестераас сэнстэй онгоцоор цаг илүү явж байж хүрч байна. Английн сувгийг бас Нормандийнх гэх бөгөөд харин францчууд Ламаншийн хоолой гэдэг. Энд байхдаа үзэж сонирхох юм юу байна гэж  зочид буудлын өрөөнд буй сонин сэтгүүлийг эргүүлж тойруулан  харж байсан удахгүй олон улсын Агаарын шоу болно гэж байна. Хэдийгээр шоу ажлын ердийн өдөр таарсан ч сургуулийн хүүхдүүдийг хичээлээс нь чөлөөлөөд албан хаагчид амардаг аж. Ийм байдлаар сүүлчийн 60 шахам жил  ингэж тэмдэглэж заншиж. Харин английн эх газартаа бол ингэж зориуд өдөр гаргаж тэмдэглэдэггүй зүгээр мэдээгээр дурьдаад л өнгөрдөг. Дэлхийн 2 дугаар дайны эхэн үед Хитлер английг агаарын дайралтаар буулгаж авна гэж төлөвлөн томоохон хотуудаар зогсоо зайгүй бөмбөгдөж сүүлдээ тэрнээсээ няцан байлдааны ажиллагаагаа орос руу чиглүүлснээр хүч нь буурч сүүлдээ пуужин харвадаг болсон
ингээд үзэхээр англичууд агаарын довтолгоонд их удаан өртсөн. Дайны үеийн Ерөнхий сайд У.Черчилль: Ямарч түүхэн цаг үед ийм цөөхөн хүмүүс нийт улс орны төлөө амиа зориулж байгаагүй болов уу гэж тэдгээр баатарлаг нисгэгч нарийг магтан сайшааж байсан гэдэг. Урьд нь тэгж агаарын шоу үзэж байгаагүй болохоор сонин байх гээд заасан газар луу нь явлаа. Байлдааны нисэх онгоцууд ээлж дараалан заримдаа дангаараа нөгөө бол  хосоороо гарч ирээд далайн эрэг дээгүүр хэд хэд эргэлдэн тойроод яваад өгөх юм. Эсвэл нэг их дүнгэнэсэн  нөгөө бол  хэнгэрэг хагалмаар их сүртэй дуу чимээтэй надад бол том жижиг байна гэхээс өөр ялгаж харах юм байхгүй байсан. Харин ойр зогсож байгаа хүмүүс бол ямар улсын ямар онгоц гэдгийг бүр сириел дугаартай нь хэлж байгааг сонсоод ихэд биширч байлаа. Төдөлгүй нэг их нүсэр том онгоц их доошоо нисээд гараад ирэхэд хүн болгон шуугиад явчихсан тэр нь 2 дугаар дайны үед хэрэглэж байсан бөмбөгдөгч алдарт Ланкаша гэнэ. Онгоцны барааг хараад нэгэн арван хэдтэй хөвгүүн баярлаад  зогсож байсан газраа дэвхцээд байсан ёстой нар нь гарч байна даа гэж харж байсан. Мэдээж нисэх онгоц сонирхдог хүнд бол энэ нь рок концерт үзэж байны дайтай өндөр сэтгэгдэл төрүүлэхээр зүйл гэдгийг ойлгож байлаа. Энэ олон улсын шоу учир зөвхөн Их Британийн нисэх хүчнийх байхгүй гэнэ. Шведийн онгоц гэж хажуугийн хүн хэлж байсан. Харин хамгийн том баг бүрэлдэхүүнээрээ ирж оролцож байгаа нь “Балтийн Зөгий” гэдэг нэртэй 6 жижиг сөнөөгч онгоцны баг байна. Олон онгоц зэрэг гарч ирж байгаа болоод ч тэр
юм уу агаарын шоу гэж ийм байдаг болов уу гэхээр үнэхээр гайхуулж байна. Тэр газар харин радионы шууд нэвтрүүлэг дамжуулж байгааг  сонсоход ийм нислэг хийхэд маш их дасгал
сургуулилт хийж байж хангалттай төвшинд хүрдэг гэнэ эдгээр нисгэгчид хуучнаар бол Зөвлөлтийн Холбооны улс байсан Латви, Литви одоо бол бие даасан Балтийн орчмын улсаас ирсэн байна. Шүхэрчдийг буулгаж байгаагаар үзүүлэх болохдоо онгоцноос нэг тууз шиг юм хаяж шалгаснаа салхины хүч их байна гээд болчих шиг болсон. Багадаа хөдөө амарч байхад  дээгүүр өнгөрч байгаа цагаан онгоц, царцаа ногоон байна гээд хардаг байсантай харьцуулах юм биш. Нацист герман агаарын довтолгооноор ялалт байгуулж чадаагүй гэхдээ Францыг эзэлснийхээ дараахан тэндээс ердөө 22 км ын зайтай орших Жерсей мөн өөр Генсей гэх арлуудад цэргээ оруулсан. Англичууд газар нутгаа алдлаа гээд довтлон ирнэ гээд хамгаалалт бэхлэлтийн байгууламжуудыг шургуу барьж босгох шаардлага гарч. Эргийн газар нутгаар  харуулын өндөрлөг, бункерууд, газар доорхи туннель байгуулах болохдоо европын эзлэгдсэн улс орнуудаас хоригдлууд авчиран боол лугаа адил
харгис хэрцгийгээр харьцан хүнд нөхцөлд дайчлан ажиллуулж. Харин английн засгийн газар уг арлуудын нутгийг тэр даруй буцаан авах стратегийн ач
холбогдолгүй гэж үзсэн учир германчуудын мэдэлд тэр чигээр нь үлдээж байж дайны эцэст европыг чөлөөлөх үед буцаанавч. Дайны үед зарим иргэд англи руу дүрвэн гарах нь гарч үлдсэн хэсэг нь германчуудын хууль дүрэмд захирагдан хэдэн жилийг хэцүүхэн өнгөрүүлж. Энд амарч байхдаа гол үзэх зүйл нь тэдгээр германчуудын орхиод явсан туннел, бункер зэргийг үзэх байв. Зөвхөн сүүлийн үеийн дайнтай холбоотой гэлтгүй дээр үед францын халдлагаас хамгаалсан дундад зууны үеийн цайз олон тэдгээрийг музей болгон олонд үзүүлдэг.
Тэгэхээр цэрэг дайны түүх сонирхдог хүнд үзэх юм ихтэй. Тийм газруудаар явж байхад герман жуулчид цөөнгүй байгаа нь ажиглагдсан. Бидний байрлаж байгаа зочид буудалд бас зөндөө германчууд нэг аялалын баг болтой урт ширээ тойрч суугаад хамтдаа хооллож байсан. Надтай хамт ажилладаг англи хүмүүс амралтанд явахаар германууд байвал өглөө босонгуутаа наранд шарахаар хэвтдэг орон дээгүүр баннын алчуураа дэлгэж тавиад эзэгнэчихдэг гэж ярьж байхыг сонсож байсан юм. Энэ зочид буудлын гадаах цэцэрлэгт бас тийм хэвтэх орнууд тавьсан
байсан ч магадгүй наранд шардаг улирал нь дууссан байсан байх тэгээд алчуураа тавиад байгаа герман харагдсангүй. Би дотроо зочид буудлын дотор тал дахь бассейн болон саунд дүүрэн германууд байвал орохгүй гэж бодож байлаа. Мөн монголд жуулчин компанид ажилладаг байсан танил маань ярьж байхад хөдөө германы жуулчдыг авч явахад их хэцүү машин тэрэг эвдрээд бүр нэг удаа орон нутгийн онгоцны нислэг цаг агаараас болоод хойшлогдоход уур нь хүрсэн германчууд онгоцонд түрүүлж орсон япончуудыг буланд шахаж бүлтэгнүүлж байгаад өөрсдийнхөө үүргэвч цүнх сэлтийг багтаах гэхдээ тэдний юмыг гаргаад шидчихэж байсан гэж байсаныг ч бас санаж байлаа. Жин үдэд далайн эргийг дагаад алхаж байсан нэлээд халж байна. Жаахан завсарлага аваад мөхөөлдөс авч идэж сэрүүцье гээд сандал олж суугаад, мөхөөлдсөө хайлаад урсахаас өмнө
хурдан долоож байтал  цаана байсан цахлай харчихаад дөхөөд ирлээ тэгсэн хажуугаар нь өд сөд нь бүрэн гүйцэт ургаж гүйцээгүй балчир цахлай ирээд өрөвдөлтэй дуугаар гуйж байгаа юм шиг гуаглаж гарав тэгсэн бас юу дутах вэ гэсэн шиг нэг жижигхэн болжмор ирээд нэмэгдчихлээ. Намайг энэ муу далайгүй газрын юу ч мэдэхгүй  хүн байна гэж  мэдчихээд дээрэлхэх шинжтэй. Аргагүй эрхэнд тэндээс хурдхан босож явлаа. Хотын амьдрал аядуу, намуун тайван ч энэ газрын гол түйвээгч хулигаан нь цахлай шувуу болно. Хэрэв гудамжинд юм идэж байвал элээ шиг шүүрнэ. Хэрэв гадаа суугаад цайлж байвал
гэнэдүүлж байгаад дайрна. Бүр дол цохичихсон ямар тэднийг хянах журамлах цагдаа энэ тэр гэж байх биш тэдний дайралт тухайн хүний эрсдэл болж үлдэнэ. Эргийн яг хажуугийн зочид буудалд буусан бол өглөө үүрээр гуугалдаад унтуулахгүй их дуу чимээтэй гэдгийг анзаарсан. Ерөнхий сайд Черчилль дайны үед ард түмнээ зоригжуулан дайсанд хэзээ ч бууж өгөлгүйгээр эцсээ хүртэл тэмцэхийг уриалан хэлж байсан үгэнд: Бид агаарт ч, далай тэнгист ч,  гудамжинд ч, хээр хөдөө талд ч, далайн эрэг дээр ч ... тулалдана гэсэн байдгийг саналаа. Сайхан амрах гэж ирсэн биш зочид буудалдаа германчуудтай, эрэг дээр цахлай шувуунуудтай үзэж тараад өнгөрөх нь гэж дотроо инээд хүрч байлаа. За баахан хэтрүүлчихлээ. Хоноц хоноцондоо дургүй гэгчээр өөрөө бас гаднаас ирснээ мэдэхгүй тэгж хүн илүү үзээд яахав тэгээд ч одоо дайн дууссан бид бүгдээрээ найрамдсан найз нөхдүүд тийм ээ. Толстойн “Дайн ба Энх” гэдэг сонгодог зохиол байдгийг санаад ийм гарчиг өглөө. Ерөнхийдөө манай аялалын гол агуулга нь иймэрхүү боллоо гэж гаргах гэсэн санаа нь тэр юм.


Гэгээнтнүүдийн нутаг
Монголчууд нэг эзгүй арлыг түрээсэлж аваад өвлийн хүйтэн үед хүүхэд хөгшидөө аваачиж байлгах санаа бүхий нэг хүний нийтлэл уншиж байсан юм. Миний бодлоор ажиглаад байхад арал дээр амьдарна гэдэг тийм ч санасныг бодохоор амар ажил биш юм шиг. Гэхдээ тийм олон арал дээр очоод  тэр талаар өргөн хүрээтэй харьцуулал хийх дээрээ хүрээгүй л дээ. Ганц очиж үзсэн Жерсигээс харахад уг арал газар нутгийн хувьд Их Британийн Вант улсын бүрэлдэхүүнд хамаарагддаг ч тусдаа бие даасан засаг захиргаатай, өөрийн тусгай туг далбаатай, мөнгөн тэмдэгт дээрээ заавал Жерсигийнх гэсэн бичигтэй. Нэг ёсондоо улсын доторхи улс гэхээр. Яах аргагүй францын эх газартай нийлж байснаа мөслөг хайлалтаар тэндээс 22 км тасарч, английн эх газраасаа 160 км ийн зайд оршино. Ингэхээр франц нөлөө илүү гэхээр нутгийн уугуул хүмүүс эртний норман франц аялгаар ярьдаг гэхдээ хэлээ бараг хэрэглэдэггүй болчихсон англи хэл илүү давамгайлсан. Гэхдээ гудамж талбайн нэр, байшин барилгын загвар гээд дээр нь ихэнхи хоол зуушны газрууд  илүү франц маягийн. Арлын иргэншлийн асуудал их нарийн энд төрсөн нөгөө бол нутгийн иргэнтэй гэр бүл болсон бол автоматаар харъяалалтай болно. Түүнээс бол гадны хүн ирээд бүтэн энд ажил болон бизнес эрхлэлгүйгээр 5 жил болсон гэдгээ баталж байж сая нэг юм байнга амьдрах эрхээ авна. Эцсийн бөгөөд хамгийн хүнд нөхцөл нь банкиндаа үргэлж хоёр сая орчим фунт стерлинг байлгадаг бол ямарч асуудалгүй. Бодоод байхад  уртаашаа 14 км, өргөөшөө 8 км газар нутаг дээр хүн болгоныг ирээд амьдар гэвэл ямар үр дагавар дагуулах нь
ойлгомжтой. Тэр нь ч их газрын англиас ялгаатай нь харагдаж байсан. Английн томоохон хотуудаар олон байх пакистан, хятад болон африкийн иргэд тун цөөн. Харин гадны дийлэнхи иргэд нь португаль гаралтай. Бидний байрлаж байсан зочид буудлыг бас тийм Лисбоноос ирсэн гэр бүл ажиллуулдаг гэж байсан буудлын ажилчид нь бүгд л португальчууд байсан. Нэгэнт энд амьдрах дархан эрхээ авчихсан байхад ажиллаж амьдрах давуу тал нь татварын хөнгөлөлт эдлэнэ. Уг арлынхан сүүлчийн 900 жилийн турш Их Британийн нэг хэсэг байж ирж тэднийг ингэж франц руугаа нийлүүлчихгүй байсан гол шалтгаан нь татвар багаар төлөхөд байсан байна. Эндэхийн зам английн хөдөөний замуудын адил их нарийхан ачааны нүсэр машин урт автобус зөрөлдөх гэж нэлээд манувер хийж байгаа харагддаг гэхдээ хүмүүс нь хаа очиж их болгоомжтой замынхаа хөдөлгөөнд оролцдог тэгээд ихэнхи газар тодорхой хязгааралтай хурдны тэмдэгтэй. Замын хажуугаар ургасан өвсийг зам руугаа оруулж ургуулахгүй нэлээд нарийн дүрэмтэй. Хянагч үе үе хэмжиж үзээд өвс хэтэрч ургасан бол тэр хариуцлагатай хүн болон байгууллагад торгууль тавьдаг. Тийм болохоор замын хажуугийн өвс хяргаад байгаа трактор хааяа өнгөрч байдаг. Арлыг дүүрэг болгон хуваахын оронд гол мөргөлийн 12 сүмийн шүтээн болох гэгээнтнүүдийнх нь нэрээр ялгаж хэлнэ. Эдгээр нь тус тусдаа ялгах эмблемтэй. Жишээ нь аралын нийслэл нь гэгээн Хэлие хоёр сүх зөрүүлсэн тэмдэгтэй Бельгийн Хелериус лам христисийн шашныг  дэлгэрүүлэхээр ирээд эргийн том агуйд даянчлан суудаг байсныг
Норманы түрэмгийлэгчид ирээд сүхээр толгойг нь цавчиж хөнөөсөн ч ламтан толгойгоо сугандаа хавчуулчихаад яваад байж түүнээс хойш түүнийг гэгээнтэн болгон өргөмжилж энэ газар түүний тахилын сүм босгож. Харин бидний байрлаж байсан зочид буудал  нь гэгээн Гроувель гээд цагаан бамбай дээр улаан хөндлөн зураастай. Бусад нь гэгээн Аврагч, гэгээн Клемент, гэгээн Петр, гэгээн Мартин, гэгээн Жонн гээд явна. Ямарч автобусанд суух өдрийн билет аваад үзэх газраа очих боломжтой.  Үд дундын үед далайн эрэг зүглэх машины тоо ихсээд авто зам дээр 54 км ээс илүү хурдтай явахыг хориглосон учир урсгал нь тийм хурдан ширүүн бус, далайн эргээр толгодоо шахан барьсан тансаг орон сууц их олон. Цонхнууд нь өмнө зүгийн цэвэрхэн цэнхэр далайн элсэн эргээ харсан. Английн хойд нутгийн газруудыг бодвол энд Персийн булангийн зөөлөн дулаан уур амьсгал түрэн орж ирэх тул илүү нарлаг нэг их хүйтрэхгүй. Далайтай ойр тул усан спорт сайн
хөгжсөн цаг агаар сайтай учир заавал амралтын өдрүүдийг хүлээхгүй ажлаа эрт тарчихсан бол эргээ зорин очиж амрах хангалттай боломжтой. Зам дээр явж байгаа машинуудын цөөнгүй нь дээрээ хуванцар завь ачсан байх нь өвөрмөц. Хаашаа ч явсан далай руу тулах арлын амьдралын нэг чухал зүйл нь далайн усандаа шумбан зугаацахын зэрэгцээ тэндээсээ хоол хүнсээ авч зам тээвэр зэрэгтээ өргөн ашигладаг ч ус хүчтэй гэдэг хойно далайн таталт түрэлт өдөртөө хоёр ч удаа болох тул хичнээн усанд сайн гэлтгүй эндэх явдал байнга гарна. Мөн усан онгоц эрэгт дөхөж ирэхэд өндөр шовх хад мөргүүлэхгүй гэхдээ сануулга болгон тод өнгийн том бөмбөлөг усанд байрлуулна мөн дээр нь эрэг орчмоор Гэрэлт цамхаг гэдэг анхааруулж дохио өгдөг байгууламжтай. Эрэг орчмоор зарим газраар том том бул чулуу тараан тавьж хүчтэй далайн түрлэг сааруулах зорилгоор тавьсан байсан ингэж хамгаалалын бэхлэлт хийхгүй бол далайд аажим аажмаар жоохон хуурай газраасаа сэм сэмхэн алдаад байдаг гэнэ. Орчин үед техник технологи хөгжсөн тул далайн газрыг тэгээд урсгаад алдаад байхын оронд зориуд газраа нэмж авах ч арга байдаг болж гэгээн Хелиегийн орчимийн газар тэгж зориуд тэгшилж авсан газар нь тийм учиртай гэнэ. Ингэхээр цаг агаар устай байнга л тэмцэл явуулж байж цааш ахиж дэвших ёстой юм болов уу.


Тэрэлжийг санагдуулахаар..
Арлыг тойроод жуулчид суулгах завьны аялалд хамрагдах болсон. Арлыг дээрээс нь харсан болохоор далайгаас нь бас хараад авбал зүгээр юм уу гэж бодогдлоо. Завиндаа суух гэхдээ сайн ажиглаж авсан зүйл нь. Завь гээд байгаа ч бас хоёр давхар дээдэх нь ил доодох нь битүү сайн
юм харж авна гэж өөрийгөө зоригжуулаад дээшээ гарч суулаа. Онгоцны жолооч эднийх бол онгоцны ахмад гээд байх юм билээ хоёр туслахтай завь хөдлөхөөс өмнө завьнаас унжуулсан хүндрүүлэгч юм уу зүйлсээ өргөж дотогш нь тавилж байна. Сүүлдээ морины уяаны шон шиг модноос уясан олсоо суллаж байна. Тэгж олсоор уяахдаа тавцангаасаа хир зайтай байлгах бэ гэдгээ бодолцдог болтой. Мэдээж  завь  усны аясаар дайвалзана тэгэхдээ тавцангаа мөргөөд шүргэвэл гэмтэх нь илэрхий. Завиа эхлээд боомтны хамгаалалтын хашилт өндөр хананаас гарсны дараа онгоцны ахмад аюулгүйн дүрэмийг зорчигчдод танилцуулан аялалаа эхлэлээ. Цаг шахам явж байхдаа эрэгт зориуд ойртон зогсож тухайн хэсэг газрын түүхийг ярьж сонирхуулж байна. Ингэж аялах зуур заримдаа далайн гахайн сүрэг дайрч явдаг азтай байвал тэдний барааг харж болох юм гэв. Далайн гахай харахдаа дээд давхарт байгаа хүмүүс нэг тал руу тэгтэлээ битгий хуйларч зогсоорой онгоц хөмрөх аюултай шүү гэж сануулж байв. Бидний ард сууж байсан франц эмэгтэй дуу алдаад явчихав хэдийгээр хэлийг нь ойлгохгүй ч заагаад байгаа зүг
рүү нь дагуулаад харсан нээрээр далайн гахайн нуруу харагдаж байна их цөөхөн юм шиг миний анзаарснаас их бараан өнгөтэй байсан. Магадгүй далайн гахай дотроо өөр өөр төрөл байдаг байх л даа. Марк юун зураг авах гялс хийгээд хэд хэд усан дээгүүр гарч ирээд алга болчихсон. Ахмадын хэлснээр тэд магадгүй өлсгөлөн байх шиг уг нь бол завь дагаад нэлээд хөөж явдаг гэж байв. Гэгээн Бреладе дөхөөд Хар толгод хэмээх хадан цохиотой ууланд дөхөж очсон хадны хэлбэр өнгө нь яг л Тэрэлжийг санагдуулж байлаа. Бүр Мэлхий хадтай төстэй гүрвэлийн хэлбэртэй хад байна гэж бид дотроо баясаж явлаа. Нөгөө ...Өндөр дээрээс харахад өөрийн нутаг шиг харагдана .. гэдэг дуу шиг сэтгэгдэл төрж байсан. Тэгэхдээ энэ хадан цохио эрэг дээрээсээ харагдахгүй ингэж гаднаас завьтай ирж байж л сайн харахаар юм билээ. Өөр нэг олзуурууштай зүйл нь энд манай танилын маань эгч нь амьдардаг гэж сураг аваад утасыг нь авч холбогдож уулзсан ийм газар монголын минь нэг тасархай ч болов байгаа гэж бодоод дотно санагдсан. Монгол хүнтэйгээ уулзаж гэрт нь орж цай уугаад тэднийхээс гарч яван эргээр жаахан алхсан их гоё мөлгөр чулуу байна. Марк харчихаад хорхогны сайхан чулуу байна гэж дуу алдаад зүгээр яаж байхав хоёр чулуу авч торондоо хийлээ. Ямарч байсан бид тэнд очсоноор арал дахь монгол хүний тоог нэмэгдүүлсэн гэж тооцож байгаа.

 “Том толгойтой” аварга

Арлын онцлог байдал гадаадын хөрөнгө оруулагчдыг ихээхэн татдаг учир бизнес үйл ажиллагаа явуулдаг компаниуд ихтэй мөн чинээлэг хүмүүсийг цөөнгүй татдаг. Английн алдартай нэлээд олон хүний нэр гарч байсан харин тэдний дотроос хамгийн анхаарал татсан нь Карл Маркс англид амьдарч байхдаа зөөлөн дулаан уур амьсгал биед нь сайн нөлөө үзүүлнэ гэж үзээд энд ирж байрлаж байж тэр байсан байшин дээр нь тийм дурсгалын пайз тавьсан байсан. Харин английн нэрд гарсан хүмүүсээс төлөөлүүлэн Найжил Манселлийн тухай танилцуулъяа. Эдүүгээ 64 настай тэрбээр эхнэр 3 хүүхдүүдийнхээ хамт Жерсейд 1990 ээд оны дунд үеэс эхлэн амьдрах болж. 1992 онд Дэлхийн Формула 1 ийн аварга болж байсан гэдэг нь уралдааны машины жолоочын хувьд хамгийн дээд зэргийн амжилт гэж хэлж болно. 15
улиралын турш олон тэмцээнд оролцон 31 ялалт байгуулж. Үүний хамгийн гол нь CART Indy Car Дэлхийн аварга, 1993 оны Rookie гийн оны аварга, Их Британийн Формула 1 ийн дархан аварга зэрэг болно. 2013 онд музейгээ нээн уралдаан тэмцээнээс авсан бүхий л шагнал цом зэргээ дэлгэн олонд үзүүлэх болж. Музейд ороход хүн болгонд чихэвчтэй сонсох төхөөрөмж өгдөг түүнд нь Манселл өөрөө тайлбар хийн яг хүн болгоныг биечлэн үзүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр өөрийнх нь хэлснээр хэт их мэдээллээр бөмбөгдөж хүмүүсийг залхаалгүй нөгөө бол хэт бага мэдээлэл өгч гонсойлгохгүйгээр тайлбарлан ярьж байв. Тэрбээр хурдны машины мэргэжлийн жолооч болохоос өмнө цагдаагийн албанд байж. Хувийн сонирхлоороо япон багштай дасгал сургуулилт хийн эцэстээ каратегийн Хар бүстэй болж. Мөн муугүй гольф тоглодог бөгөөд уралдаан тэмцээнд орж шагнал хүртэл авч. Түүний буяны хандивийн байгууллагатай хамтран ажиллаж тодорхой хувь нэмэрээ оруулсныг үнэлэн Их Британийн төрийн хүндэтгэлийн медаль болох СВИ буюу манайхаар бол Алтан гадас нөгөө бол Чингисийн одонтой дүйхүйц том шагнал юм. Түүнд бусад алдартай хүмүүсийн өгсөн дурсгалын зүйлс их сонирхолтой байсан. Мэдээж үзмэрийн хамгийн нүд татсан хэсэг нь түүний уралдаанд унаж явсан машинууд миний хувьд ингэж анх удаагаа хурдны машинд ийм ойрхон очиж үзэж буй хэрэг байлаа. Түүний ярьж буйгаар ёстой зарим нэгний хэлдгээр ширээний ард сууж байгаад энэ их шагнал нэр хүндэд хүрээгүй гэж байсан мэдээж тэр нь ч үнэн байх дээхэн үедээ уралдааны машины аюулгүй байдал тааруухан их эрсдэлтэй бараг амь насаараа дэнчин тавьж байж явдаг байсан гэж байсан мөн сайн хамгаалалтын дуулга өмсөхгүй бол тэгж хурдтай явьж байгаа машинд гэнэт зогсоход хүзүүндээ хүнд гэмтэл авах энүүхэн гэж байсан. Үзмэрийн дунд хирээс хэтэрсэн хэмжээтэй хамгаалалтын дуулга байсан үүнийг япончууд зориуд хийж өгөн дурсгаж өөрийнх нь тайлбарласнаар түүнийг зарим нэг нь Том
толгойтой гэж шүүмжилдэгээс санаа авсан хэрэг байж. Сэхүүн дээгүүр их зантай гэж
өөлүүлдэг дутагдалаа өөрөө ч гэсэн ухаарч явдаг юм болов уу даа. Том дуулгаа гэртээ авчирч тавьсны дараа бага хүү нь нуугдаж тоглодог газар болгон хувиргаад авсан гэж ярьж байсан. Магадгүй тийм хурдтай машин бариад уралдана гэдэг хэн хүний хийгээд байх ажил биш байх тэгэхээр мэргэжлийн онцлогоос шалтгаалаад  өөртөө их итгэлтэй байхыг шаарддаг байх энэ байдлыг хөндлөгийн хүмүүс өнгөцхөн байдлаар дүгнэдэг байж болох. Харин одоогийн уралдаан илүү аюул хамгаалалт сайтай болж байгаад залуу жолоочид илүү найдвар ихтэй гэж байсан. Завинд суугаад явж байхад онгоцны ахмад тэр Тэрэлж шиг хадтай гэж байсан уултай эргийн газар толгод өөд шахаад барьсан том байшинд Манселл амьдарч байгаад 2015 онд 11 сая фунт стерлингээр зарсан гэж байсан. Жерсей Постод бичсэнээр Манселл гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангах гэхдээ байшингаа тойруулаад өндөр төмөр хашаа бэхлэлт барих гэсэн орон нутгийн хот төлөвлөлтийн газраас зөвшөөрөл авах гэж олон жил хөөцөлдөж сүүлдээ бүтэхгүй болохоор арга нь барагдсан болтой. Уг нь Жерсей харьцангуй амар тайван газар ч баян хүнийг балаг тойрохгүй гэгчээр зургаа хамт авхуулах гарын үсгийг нь авах гэсэн зүгээр мөрөөрөө шүтэн бишрэгчид хүртэл заримдаа төвөгтэй байдаг байсан болов уу. Нэгэнт олонд алдартай хүмүүсийн адил бүх хувийн зүйлийг нь олонд дэлгээд л Найжел Манселл 90 сая ам.долларын хөрөнгөтэй гэж зарлаад байхаар зарим нэг үл бүтэх хүмүүсийг зүгээр суулгадаггүй  болтой. Нэгэнт ийм бэл бэнчинтэй хүнд амьдрах газар хаа мундах бэ. Тун удахгүй Манселлийн шинэ шилтгээн тэнд босож гээд яриад л ирнэ.


Нутгийн брэнд
Далайн байцаагаар бордон ургуулдаг Жерсей арлынхаа нэртэй жижиг сортын төмснийхөө
ургацаа эрт авна. Фермерүүд нь замын хажууд саравч босгоод төмс бас бусад борлуулах зүйлээ савлан тавиад үнийг нь бичсэн байна. Хажуугаар нь өнгөрөх машинтай хүмүүс зогсоод хэрэгтэй бол тэрнээс нь аваад мөнгийг нь нэг хайрцаганд хийгээд явах жишээтэй түүнийгээ “Үнэнч сав” гээд нэрлэчихсэн. Фермерүүд ингэж илүүдэл бүтээгдэхүүнээ борлуулдаг уламжлалтай. Тэр саравчны доор заавал нэг хүн манаад суухгүй нь онцлогтой. Бие биедээ итгэсэн итгэлцэл дээр явагдана. Нэг хулхи нөхөр мөнгөө төлөхгүй юм аваад явбал мэдээж тэр фермерийн хүн л хохирно. Камер тавьчихсан мотоциклоор араас нь хөөнө гэж байх биш. Жерсейгийн шаргал үнээ их
алдартай. Сарлагийнх шиг өтгөн сүү гаргана. Үржил хөврөлийн аргаар буга үхэр дундаас гаргаж авсан тусгай үүлдэрийн үнээ. Хотынхоо төв талбайд алдартай үнээнийхээ хөшөө босгосон байсан. Мөнгөн тэмдэгт дээрээ ч зураг нь байдаг. Зочид буудал дээрээ өглөөний цайн дээрээ шарсан талхан дээр түрхэх масло нь тэр үнээний сүүгээр аралдаа боловсруулсан бүтээгдэхүүн байсан. Амт их гоё байсан өглөө болгон талхан дээрээ зузаан түрхэх гээд ширээн дээр тавьсан жижиг цаастайг нь дуусгачихаад үйлчлэгчээс нь нэмж авхуулаад байсан сүүлдээ тэд нар мэддэг болчихсон асуулгалгүй нэмээд аваад ирдэг болсон. За арай ч дээ англид масло байгаа биз дээ гэж хэн хүнгүй гайхах байх үнэхээр амт нь тийм
илүү байсан хоолны
зааланд сууж байсан өөр ганц нэг хүн ч гэсэн танай тарга арай л өөр гоё амттай юм англид ийм байдаггүй гээд хэлж байхыг сонссон тэгэхээр би ганцаараа тэгж бодож байгаагүй хэрэг байх. Теско болон Сейнсбури дэлгүүрүүдэд Жерсейгийн сүү зардаг гэхдээ тараг масло нь байдаггүй л дээ. Санаагаар болдог чемоданыхаа талд нь масло нөгөө талд нь хорхогны чулуу байх юм. Тэгвэл гаалийн хүн юу ингэж авч гарах гэж байгаа юм гэж сэжиглэх болов уу гэж дотроо бодоод инээд хүрч суулаа. Эндэхийн сүүн бүтээгдэхүүн нь  их өвөрмөц амттай нь илэрхий байсан. Мөхөөлдөс авч идэж байхад хүртэл андашгүй. Жерсей сувдаараа алдартай эдгээр нь таримал цэвэр усных. Брэндийнхээ дэлгүүрийн хэсэгт үзэсгэлэнгийн хоёр өвөрмөц зүйл нь дэлхийн хамгийн том сувд гэж байсан нөгөө нь гүнж Дианагийн сувдан даашинз. 1989 онд Уэльсийн хунтайж, гүнж нар Хонг Конгт албан ёсны айлчлал хийх үеэр хүндэтгэлийн цайллаганы үеэр өмсч байсан байна. Елвис Преслей загварын гэх ийм босоо захтай торгон материалтай даашинз богино ханцуйтай жакеттайгаа хослосон. Тэгэхээр Жерсейгийн сувд яг энэ хувцсанд хэрэглэсэнтэй адил чанартай аж.


Тарвага ичээндээ..
Зочид буудлын өглөөний цай нь өрөөнийхөө өртөгт багтаж байсан тул үнэгүй юманд нугасгүй
гэдэг шиг шарсан өндөг зайдас талх нөгөө их зузаан масло түрхээд идээд байсан нэлээд жин нэмээд ирэх шинжтэй. Муу хүн идсэнээ гэдэг шиг хүүхэд шиг замбараагүй идсэндээ бас буруу өгч чадахгүй байгаа юм. Тэгээд өөрсдийгөө юу гэж цайруулж байна гэхээр өвлийн хүйтэн болохоос өмнө яг тарвага шиг тарга тэвээргээ авчихлаа онд орох бэлтгэлээ хийчихсэн юм чинь юу алзах вэ гэж өөрийгөө тайтгаруулж байлаа. Ер нь жин нэмсэн гэдэг чинь сайхан амралт болсны нэг шинж биз дээ.


Жерси арал
9 дүгээр сар 2017 он






No comments:

Post a Comment