Wednesday, September 4, 2019

Сөүлд аяласан нь




  Аз жаргал гэрэлтсэн ордон 

Манайхаар бол Богд Хааны Ордон музейтэй төстэй тус орны түүхтэй зайлшгүй холбоотой чухал газар цаг төрийн үймээн самуун болон гадаадын түрэмгийлэл гээд олон шалтгаанаар  Солонгосын Эзэн хаан Сөүлийг тойроод цөөнгүй хэдэн орд харштай бөгөөд тэднээс хамгийн чухал нь энэ Аз жаргал гэрэлтсэн ордон гэж болно. 
Жосоен эзэнт гүрнийг үндэслэгч Хаан Таежо анх ордоны суурийг тавин бариулж 1592 оныг хүртэл гол засаг захиргааны гол төв болж байснаа японы эзлэн түрэмгийлэлийн үед түймэрт автан бараг 300 гаруй жил ашиглагдахгүй байж байгаад Эзэн Хаан Гожоны аав 1865 оноос эхлэн сэргээн засварласан бөгөөд уг төсөл нь хэтэрхий зардал ихтэй байсан учир Засгийн газрыг дампууруулахад хүргэж. Зохион байгуулалт нь ерөнхийдөө Хориотой хотынхтой төстэй, том жижиг байшингийн цуглуулга гэхээр. Хамгийн гол өргөөнд эзэн хааны Хаан ширээнд залрах ёслол мөн гадаадын хүндэт зочин гийчин төлөөлөгчдийг хүлээж авдаг түүнчлэн өдөр тутмын төр засгийн хэрэг явдалыг удирдан явуулдаг. Хиймэл нуур дээр байрлуулсан 48 багана бүхий асарт төрийн хүндэтгэлтэй зоог барихын зэрэгцээ Эзэн Хаан чөлөөт цагаараа завиар зугаалах зориулалттай байж. Бусад бага хэмжээтэй байшингуудыг ердийн уулзалт ажил хэрэг явуулах,  Хааны унтаж амрах,  хатан хаан бусад бага эхнэрүүдийг байрлуулах зэргээр тус тус ашигладаг байна. Уг цогцолбор нь дээхэн үедээ дотроо 330 тусдаа
жижиг том барилга 3000 бараа бологч болон зарц, 140 тайган нар хааны гэр бүлийн бүхий л эрэлт хэрэгцээг гүйцэлдүүлдэг байж.  1895 онд Хатан Хаан Минг унтлагынх нь өрөөнд японы хөлсний алуурчин амь насыг нь хөнөөн цогцосыг нь галдан шатаахад нэг хуруу нь бүтэн үлдсэн гэдэг. Уг эмгэнэлт явдал болсноос 4 сарын дараа Хаан Гожонг Ордоноос дайжин ойролцоохь Оросын Эзэнт улсын Элчин сайдын байранд аюулгүй байдлын үүднээс байрлах болсон бөгөөд тэрбээр Ордондоо хэзээ ч буцаж очоогүй аж. Хожим японы колонийн ноёрхол эхэлсэн үед Ордоны дийлэнхи хэсэг нь нурж гэмтэн  хашаан дотор нь японы Амбан захирагч генералын ажил хэрэг явуулдаг өнгө үзэмж муутай саарал байр баригдсан байсныг 1996 онд бүр мөсөн нураан буулгаж. Түүний дараахан Ордоныг хуучин байдлаар нь сэргээн засварлах ажил идэвхитэй өрнөсөн байна. Хориотой хоттой харьцуулахад үзэх юм цомхон их цэгцтэй. 
Ордоныхоо үүдэнд торгон цэргийн харуул солигдож байгаа ёслолыг тодорхой цагт жуулчдад зориулж үзүүлдэг. Мөн хажуудаа Yндэсний ардын уламжлалын болон Yндэсний Ордоны гээд хоёр тусдаа музейтэй. Ургацын баяр болж байсан тул олон хүнтэй ихэвчлэн хүүхдүүд нь голдуу үндэснийхээ хувцасыг өмссөн байх нь их гоё харагдаж байлаа, англид хамаагүй бусдын хүүхдийн зураг авч болддоггүй учир Марк эцэг эхээс нь асууж байж хэдэн зураг авсан юм. Мөн Ордоны нэг хэсэг талбайд цагаан будаагаар боов яаж хийхийг үзүүлэн тэрнээсээ хүн болгонд цагаан будааны нэрмэлтэй хамт амсуулж байсан, үүний зэрэгцээ урлагын хэсэгчилсэн тоглолт үзүүлж үндэсний тоглоом наадгайгаараа наадаж байлаа. Уг нь иймэрхүү газар ихэвчлэн гаднаас идэж уух юм авч орохыг хориглодог байхад энд бусдыг харж байхад өөрсдөө идэж уух юмаа барьж орж ирээд гадаа цайлж болдог байсан нь өвөрмөц. 


                                                             Цэнхэр Ордон


Ордоныг үзэж дуусаад гарахад уулынхаа бэлд цэнхэр дээвэртэй том цагаан байшин харагддаг. Энэ нь америкчуудын хэлдэгээр бол Цагаан ордон гэсэн үг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч албан ёсны ажил хэргээ явуулдаг байр юм. 1968 оны 1 сард Хойд солонгосын 31 дүгээр тусгай бүлэг өмнөд солонгосын цэргийн хувцасыг өмсөн зүсээ хувирган хил давж Ерөнхийлөгч Пак-Чунг-Хегийн амь насыг хенеех даалгавартай гарсан бөгөөд Цэнхэр байшингийн дотоод бүтцийг сайтар судалж тогтоосон байв. Тусгай бүлгийнхэн замдаа өмнөд солонгосын мод унагаан бэлдэж байсан хүмүүстэй тааралдсан нь тэднийг  аялагаар нь хаанаас явааг нь шууд танихад цэргүүд  бүгдийг нь устгахаар завдсан ч тусгай бүлгийн удирдагч нь хэнд ч энэ тухай хэлэхгүй  байхыг хатуу сануулан ажилчдыг суллан тавьж явуулж, ингэж өрөвчхөн сэтгэл гаргасан нь уг үйл ажиллагаа бүтэлгүй болохын шалтгаан болсон байна. Тэдгээр суллагдсан хүмүүс цагдаагийн газарт цаг алдалгүй мэдэгдэж, энэ зуур хойд солонгосын цэргүүд Сөүлд нэвтрэн орж 1 сарын 21 ны шөнө Цэнхэр Ордоноос  километр хүрэхгүй зайтай ойртож ирэхэд цагдаагийн ажилтнуудтай халз тулж ингээд тэдний дайралтын дүнд хойд солонгосын  28 цэрэг амь үрэгдэж 1 нь баривчлагдан, 2 нь ор сураггүй алга болж. Өмнөд Солонгосын талаас цэрэг, цагдаа нийлсэн 68 хүний амь үрэгдэн, 66 хүн шархдаж үүний зэрэгцээ америкийн хоёр ч цэргийн албан хаагч амь насаа алдан 3 нь шархдсан байна. Энэ нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн амь насанд халдсан цорын ганц оролдлого бус гэнэ. Хожим 1974 оны 8 сарын 15 нд Yндэсний театрт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч үг хэлэх ёслолын үеэр Хойд солонгосын ганц тагнуул үзэгчдийн эхний эгнээнээс буудаж Ерөнхийлөгчийн эхнэр Мун-Се-гванг тэнэсэн суманд оногдон эмнэлэгт хүргэгдэн тэр өдрийнхөө орой нь нас барсан байна. Энэ бүх тохиолдолоос болж Ордны харуул хамгаалалт их өндөр төвшинд явагддаг байна. Замын эсрэг талд байгаа Ордоны зүг харж зогсоод зураг авч байхад нэгэн эр тамхиа гаргаад татах гэсэн чинь харуулд зогсож байсан эмэгтэй очоод энд тамхи татахыг хориглосон гэж сануулахад нөгөө хүн уучлал гуйгаад хэд хэдэн удаа бөхөлзөөд  байсан. Ингээд бодохоор тэнд байгаа хүмүүсийг аюулгүйн албаныхан  хичнээн сайн ажиглаж байдаг нь мэдэгдэхээр. Уг нь жуулчид 80 минутны үнэгүй аялал хийж болох бөгөөд ингэхэд Ордон руу бараг оруулахгүй гадаахь гоёмсог талбайг  Жосеоны эзэнт улсын үеийн хаадыг төрүүлсэн хатадын дурсгалд зориулагдсан жижиг түгжээтэй бунханы хамт үзүүлдэг аж. Гэхдээ тайлбар нь зөвхөн солонгос хэл дээр болохоор гадны хүмүүст бэрхшээлтэй мөн паспортоо заавал биендээ авч явж орохдоо шалгуулах хэрэгтэй онлайнаар урьдчилж захиалгаа өгөөд билетээ үүднээс авч орно. 

                                                 Сейжон Хааны хөшөө



Цэнхэр Ордон уулын яг бэлд тул цаашаа явах газар байхгүй эргээд Хааны Ордоноороо дамжин гарна. Дөнгөж зам гараад яг Улаанбаатарт Их дэлгүүрээс гараад Цирк хүртэлхи явган хүний замыг санагдуулахаар хэсэг байсан. Битлисийн дурсгалын ханын оронд Сейжон Хааных нь хөшөө байлаа. Тэрнийг ойртож харахаар   алхаж явахад замын хажуугаар шалан дээр нь Солонгосын түүхэнд болсон чухал үйл явдалыг он оноор нь жагсаан дурьдсан байсан. Мөн замын хоёр захаар нарийн горхи байгаа юм шиг ус урсгасан нь их өвөрмөц.  Одоо ингээд Сейжон хааны тухай товчхон танилцуулъяа. Сейжон буюу жинхэнэ нэр нь Чун-нуюнг Хаан ширээг залгамжлах юм гэж хэн ч төсөөлөөгүй байв. Учир түүний эцэг Хаан Таежонгийн 1 дүгээр эхнэрээсээ 4 нуган үртэй  болсон бөгөөд Чун-нуюнг түүний 3 дахь хүү болж төрж. Таежон Хаан ууган хүүгээ Үе Залгамжлах Хунтайжаар өргөмжилсэн ч тэрбээр эрх мэдлээ буруугаар ашиглан болчимгүй ааш авир гаргах болсноор олны дундах нэр төрөө алдсан байдалд эцэг Хаан нь ихэд дургүйлхэн урьдын шийдвэрээ өөрчлөхөд хүрч, удаахь хүүгээ сонгох гэсэн бурханы сургаалд сэтгэл зүрхээ бүрэн зориулсан тул төрийн хэрэгт оролцохыг хүссэнгүй ингээд гурав дахь хүү дээрээ  анхаарлаа тогтоож. Чун-нуюнг нэг номоо 100-200 удаа уншиж тогтоодог, эрдэм номонд хичээнгүй нэгэн байсан бөгөөд  22 настайдаа 1418 оноос Эзэн Хаан Сейжон болон өргөмжлөгдөж Чосуны эзэнт гүрний 4 дэхь Хаан болсон байна. Тэрбээр Гүнзийн үзэл дээр тулгуурласан мэдлэг боловсорлыг ихэд эрхэмлэн, олон эрдэмтэд төрөн гарах сургалтанд их анхаарал тавьж нэгэнт ийм олон өндөр боловсролтой хүний тоо нэмэгдсэн тул
ном хэвлэх ажил ч даган өргөжсөн байна. 1446 онд 28 үсэгтэй солонгос хэлний цагаан толгойг боловсруулан гаргасан нь түүний үед олсон томоохон амжилтын чухал жишээ байв. Тэрбээр ард түмнээ өөрийн гэсэн үндэсний бичиг соёлтой боллоо гээд тун баяртай байж. Хаан Сейжон өөрөө цөөнгүй ном бичиж хэвлуулсэн бөгөөд соёл боловсролын зэрэгцээ тэрбээр улсын аюулгүй байдлын асуудлыг орхигдуулсангүй. Генерал Жонг-сух-кимд хойд хилийн аюулгүй байдлыг хамгаалах ажлыг даатгуулснаар Тумен голоор  Чосун болон Юужин эзэнт гүрний хилийг тогтоон хойд талаас байнга ирэх довтолгоог амжилттай зогсоож чадсан. Ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх гэхдээ газар тариаланг улам өргөжүүлж тэдний ажил үйлсэд дэмжлэг үзүүлэх зорилготой боловсронгуй  татварын системийг Засгийн Газарт танилцуулан шинжлэх ухааны туршилт судалгаа  явуулдаг эрдэмтэдийг дэмжин  борооны ус хэмжих багаж, усан цаг гэх мэт багаж төхөөрөмж бий болгон хэрэглэж ирж. Мөн Сейжоны үед Жонг-му-ли генерал солонгосын Сушима арлыг эзлэн түрэмгийлсэн япончуудыг хөөн залуулсан. Ингээд түүнийг 1450 онд насан өөд болоход түүний ууган хүү Үе Залгамжлах Хунтайж Хаан ширээг нь залгамжлан авч эцгийнхээ үйл хэргийг амжилттай үргэлжлүүлж эхэлсэн боловч дөнгөж гурван жил болоод өөд болон  дөнгөж 12 нас хүрч буй хүү нь Хаан ширээг залгамжлах болсон нь Хаан ширээний төлөөх тэмцлийг хурцатгаж. 


                                          Үндэсний  баатар  Сун Шин Ли



Сейжон Хааны болон баатрын хөшөөд хоорондоо ойрхон байдаг. 1545 онд Хаан Инжонг төр засгийг удирдан дөнгөж жил болж байхад Ханяанд Сун Ши Ли мэндэлжээ. Тэрбээр багаасаа байлдаж тоглох дуртай байсан нь түүний ирээдүйд цэргийн жанжин болохыг зөгнөсөн мэт. Тэрбээр эрдэм номондоо ч хойрго байсангүй.  Түүнийг багаас нь эрх мэдэл, эд мөнгөнд шунахаас илүү үнэнч шударга байж зөв үйлийг бүтээдэг байхыг аав нь сургамжилж байж.  Цэргийн хүн болохсон гэж мөрөөдөж байсан ч боловсролтой хүн болоосой гэсэн эцгийнхээ хүсэлтийг талаар болгохыг бодсонгүй эрдэм номдоо шамдан суралцаж дараа нь гэр бүлтэй болсон хойноо аавдаа чухам юу  хүсэж явдагаа хэлж эцэг нь ч түүний саналыг дэмжснээр 1572 онд цэргийн албанд орж офицер болж. Хөшөөнд  Сун Шин Лиг баатраа хуяг  дуулгатай босож зогссоноор дүрсэлээд хөлд  нэгэн завийг харуулсан байдаг. Энэ нь яс мэлхий хэлбэртэй тэнгисийн тулаанд хэрэглэж байсан завь бөгөөд үндэсний их чухал бэлэг тэмдэгт ордог тийм учраас өмнөд солонгосын мөнгөн тэмдэгт вон дээрээ дүрсэлсэн байдаг. Японы түрэмгийллийн эсрэг батлан хамгаалах олон арга хэмжээг Сун Шин Лиг өөрийн хариуцсан эргийн газар нутагтаа  авч явуулсаны зэрэгцээ байлдааны усан онгоц хэрэгтэй болоход ийм яст мэлхий хэлбэртэй том завь барих тушаал гаргасан нь дайралт болохоос ердөө гурван өдрийн өмнө бэлэн болж. Уг тулааныг түүхэнд Имжингийн Тулаан гэж тэмдэглэдэг. Энэ тулааны үеэр Сун Ши Ли хичнээн чадварлаг цэргийн жанжин болохоо харуулж. 1592 оны 4 сарын 14 нд 700 орчим японы байлдааны усан онгоцтой цэргийн хүчин Пусаны боомтоор довтолсон энэ нь Имжин Тулаан эхлэлийг тавьж дараагийн 7 жилийн турш үргэлжилсэн дайжин болсон билээ.
 Японы цэрэг зэвсэгийн хүчинд сүрдэн олон генерал тулалдахаас зайлсхийн зугтааж Эзэн Хаан  Сунжо ч Ордоноосоо дайжин дүрвэж. Харин Сун Шин Ли харийн түрэмгийлэлийн эсрэг сөрөн зогсохоор шийдэж анхны тулаанаа Окпо буланд хийн японы 26 байлдааны онгоцуудыг сүйтгэж.  Сачунд тосож  аван тэнд байсан дайсны усан онгоцуудыг бут ниргэж. Мөн Дангпод 2 дахь тулаанаа амжилттай үргэлжлүүлсэн байна. Түүний эр зоригийн хүчээр японы далайгаар эзлэн түрэмгийлэх оролдлого бүтэлгүй болсон байна. Сун Шин Лигийн тэнгисийн цэргийн командлагчын хувьд олсон амжилт нь английн Адмирал Нельсониос дутахааргүй гэдэг. Хэдийгээр тэрбээр өөрийгөө хичнээн чадварлаг болохоо харуулж чадсан ч атаархдаг хүмүүсийн явуулгаар байр сууринаас нь зайлуулж дөнгөж.  Үүнийг мэдсэн японы тал ахин  600 байлдааны онгоц  илгээхэд  солонгосын тал бэлэн байсангүй ихээхэн хохирол үзээд ирэхээр Эзэн Хаан аргагүй эрхэнд Сун Ши Лиг буцааж Ерөнхий командлагчаар томилж. Түүнийг албандаа буцан ороход дөнгөж 12 байлдааны онгоц үлдсэн байв. Тэр хомс хүчээрээ японы 133 байлдааны онгоцыг  сүйтгэн Муюн-нуангийн тулалдаанаар 1597 онд гайхалттай ялалт байгуулж. 7 жил улс орныг нь түйвээсэн японы хүчин ухрах болоход тэднийг нутаг орондоо дахин хөл тавиулахгүй гэхдээ япончуудыг зогсоон тулалдахыг цэргүүддээ тушаан тулааныг удирдаж байх үед дайсны сум зүрхэнд нь орж 54 насандаа амь насаа алдахад хүрч.  

                       

Алх нүдэж байгаа хүний хөшөө

Таван давхар байшинтай тэнцэхээр өндөртэй уг хөшөө нь 2002 оноос эхэлж алхаа аяархан нүдэж эхэлсэн аж. Америкын уран барималч  Жонатан Ворофски загварыг гаргасан бөгөөд 50 тонн ган төмөрөөр цутгасан. Онцлог нь  гар нь байнга дээш доош хөдөлж алх нүдэж буй хөдөлгөөнийг харуулна. Орон нутгийн даатгалын компани үүнийг барьж босгох ажлыг санхүүжүүлсэн байна. 








Лотте  Ертөнц

Диснейн хотхоныг дуурайлгасан гэж санагдахаар парк олон янзын тоглоомуудтай гэр бүлээрээ ирж цагаа сайхан өнгөрүүлж болох газар санагдсан өөр нэг давуу тал метроны буудлынхаа яг хажууд унаа тээврийн асуудал гэх мэт хүндрэл багатай. Тэгээд хоолны газар, дэлгүүр, шаардлагатай гэж үзвэл зочид буудал гээд бүх үйлчилгээний газрууд нэг доороо.  Заримдаа үнэгүй шоу болдог өвлийн цагт мөсөн гулгуур бий болгодог байна. 



Сөүлийн цамхаг

Кимчиний дараа орохоор уг хотын гол бэлэг тэмдэг гэж болно. Солонгосын дайны дараахан бараг үнсэн товрог болсон хот өнөө үед хичнээн өргөжснийг эндээс тод харж болно. Цамхаг хүрэхэд алхаж өгсөөд гарч болно эсвэл кавелийн бүхээгт сууж очиж болно бас автобус ч явдаг юм билээ. Бид нар болохоор хамгийн амар аргаар таксигаар гарсан. Тохилог цайны газартай харин цамхагийн хажууд бамбаруушны музей байх юм билээ. 

               




Лоттегийн их дэлгүүр


Их дэлгүүрийн томоохон цогцолборын хажуугаар солонгос маягийн Диснейн паркыг дууриалгасан тоглоомын цогцолбортой үүний давуу тал нь гадаа ил бус учир хүйтэн сэрүүн улиралд энд ирж цагаа сайхан өнгөрүүлэхэд илүү тохиромжтой, дээд ханаар нь агаарын бөмбөлөг хэлбэртэй кабелийн бүхээгтэй мөн мөсөн гулгуур, боулинг тоглох газрууд, театр, музейтэй. Тэр дундаас ардын уламжлалыг харуулсан музей их сонин санагдсан. Лавыг ашиглан зарим нь хөдөлгөөнтэй моделиуд солонгос үндэсний бүхий л талын амьдралыг харуулсан байдаг. Зарим нэг тоглоом болон тариачны хэрэглэж байсан багаж хэрэгсэл зэргийг загвар болгон тавьсныг хүссэн хүн болгон барьж үзэж болох бөгөөд энэ нь бага насны хүүхдүүдэд дээр үеийн нөхцөл байдлыг ойлгоход дөхөм болохоор гэлтэй.

   
Олимпын парк



1986 оны Азийн тоглолт болон 1988 оны Зуны Олимпийн тоглолтыг Сөүлд зохион байгуулагдснаар уг газрыг бусдаас онцлох гол шалтгаан нь болж усан спорт, гимнастик, туяалзуур жад, дугуйн уралдаан, теннис, хүндийн өргөлтийн тэмцээн тус тус болсон барилгын цогцолборууд паркыг тойроод байрладаг. Сөүлийн Олимпын тоглолтын тухай илүү тодорхой мэдээлэл авах хүсэлтэй бол Олимпын музейгээр ороход илүүдэхгүй. Хотын оршин суугчид энд ирж дуртай спортоороо хичээллэх газар чөлөөтэй байдгаараа энд хүний хөл тасрахгүй. Дугуй унах, алхах, гүйх, бөмбөг тоглох, бага насны хүүхэд роликоор гулгах гээд. Мөн паркын цэцэрлэгийн хэсгээр явж байхад дэлхийн шилдэг шалгарсан 200 гаруй баримал, бүтээл тайлбартайгаа тавигдсан байдаг. Энэ нэлээд орчин үеийн өнгө аястай бүтээлүүд байх бөгөөд хэдийгээр нэр тайлбарыг нь бичсэн ч заримыг нь учрыг нь ойлгоход хэцүү. Хиймэл нуур, зориуд дов толгод босгосон нь яг байгалийнхаа төрх байдалтай ойртуулахыг хичээсэн гэхээр. Бусад үйлчилгээний газрын жишгээр цайны газартай бүх насны хүмүүс энд ирж  чөлөөт цагаа идэвхитэй өнгөрүүлэх бүрэн боломжтой. 


Солонгос хатгамлын музей

Уг музейг олоход тийм амаргүй дөнгөж метроноос буугаад тийшээ байгаа гээд сум заагаад
байгаа мөртлөө олохгүй байсан ашгүй шуудан зөөгч тааралдаж яг байгаа газрыг нь биечлэн зааж өгсөн. Үзмэр нь ердөө нэг л өрөөг эзэлдэг. Өдөр тутмын хувцас эдлэл хэрэглэлд чимэглэл болгон оруулсан загварыг каталог болгон гаргасан олон ном товхимолыг  үзэж болох аж. Хуучин цагт бол бараг бүхий л зүйлд хатгамлыг хэрэглэдэг байж хувцас, гутал, хайрцаг сав, дэрний үзүүр хэсгийг, ханын зураг тэр ч бүү  хэл хүүхдийн тоглоомд хүртэл. Ихэвчлэн торгон материал дээр хатгадаг байна. Солонгосчууд  даруу төлөв байдлыг юм болгон дээр харуулахыг хичээдэг ч хатгамал дээр бол их чөлөөтэй бараг гайхуулах, зориуд анхаарал татахаар   хийдэг байна. Гэхдээ гол агуулга нь Буддист шашны болон Гүнзийн сургаал дээр тулгуурласан аз жаргал урт удаан наслахыг билэгдсэн байдаг. Эмэгтэй хүний ур ухаанаар ердийн зүйлийг хичнээн  гоё чамин болгож чадсан гэдгийг эндээс л  харж болно.

      
Хүүхдийн их парк


1973 онд Хүүхдийн баярыг тохиолдуулан нээгдсэнээсээ эхлэн уг газар байнга шинэчлэн засагдаж ирсэн. Хөгжимт усан оргилуур, тотьны тосгон, далайн амьтны хэсэг нь олны анхаарал их татдаг. Харин тэр амьтдыг байлгаж байгаа нь европын оронд байдаг төвшингөөс арай доогуур юм шиг санагдсан. Иймэрхүү амьтдыг аль болох байгалийнх нь нөхцөл байдалд  аль болох ойр дөт байлгахыг хичээдэг бол энд бол зөвхөн цементэн шалан дээр ямарч сүүдэр болгох юмгүй хэт ил
задгай байлгаж байгаа нь амьтдад тийм ч таатай бус юм шиг санагдахаар. Зоо паркын хэсэгт бар, заан, ягуар, нэг төрлийн хадны дорго, пингвин, сармагчин. Илжиг болон тэмээг төлбөртэй унаж болдог. Хүлэмжинд халуун орны ширэнгийг бий болгосон мөн одой модны цэ

                                                         Сейжон Их сургуулийн музей


Солонгос үндэсний өмсгөлийг нийгэмийн гарал үүсэл, ажил мэргэжилээс шалтгаалан хичнээн олон янз болохыг энэ музейнээс харж болно. Дээд язгууртан Эзэн хаанаас ядуу тариачины хувцасыг үзмэр болгон тавьсны зэрэгцээ эдэлж хэрэглэж байсан тавилга хэрэгсэлийг байлгасан нь феодалын үеийн  ахуй байдлыг харуулна. 


Хоёр Солонгосын хилийн зурвас

Нэг хэл, заншил, соёлтой үндэстэн дундуураа хэрхэн хоёр хуваагдсныг харуулсан жишээ юм.
1953 онд Солонгосын дайны галыг зогсоосны дараа цэргийн хилийн тогтоосон шугамаас хоёр тал 2 км ухарч ийм Цэргийн Зэвсэггүй Бүсийг үүсгэсэн нь сүүлчийн 50 жилийн турш ямарч өөрчлөлтгүй оршин тогтносоор ирсэн. Хоёр талд харуулын зэвсэглэсэн цэргүүд бие биенээ харан зогссон нь газар тэнгэр шиг ялгаатай. Хойд Солонгосын давжаа биетэй цэргүүдэд хуучин орос маягийн дүрэмт хувцас нь хүндэдсэн мэт харагдаж байхад Өмнөд Солонгосын цэргүүд хангамж сайтай газрын хүмүүс гэсэндээ хамаагүй биерхүү өндөр сүрлэг харагдаж байв. Сөүлээс 55 км ийн зайтай газар Панмунжеом буюу Хоёр талын хамтарсан аюулгүйн зурваст  жуулчид очиж үзэж болдог энэ нь Зэвсэггүй бүсийн дотор байрлана. Цэнхэр дээвэртэй энгийн саравч шиг байранд НYБ ын оролцоотой хоёр талд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан боловч энхийн гэрээг хоёр тал өнөө хүртэл хийгээгүй байна. Энд ирж үзэж буй жуулчид заавал паспортоо биедээ авч явах ёстой учир нь орж гарахад шалгуулна мөн зөв боловсон хувцасласан байх ёстой үүнд: элдэв бүдүүлэг үг хэллэгтэй футволк, урагдсан жинсэн өмд, шорт, мини юбка, углааш өмсөж болохгүй. Нэгэнт энхийн гэрээ байгуулаагүй учир уг газар нь дайны талбар хэвээр гэж ойлгох хэрэгтэй аль аль талдаа цэргийн хүчирхэг хамгаалалт хийснийг харж болно. Хамаагүй дураараа явж болохгүй минэтэй газар хаа сайгүй. Эхлээд бичиг баримтаа шалгуулан ороод түр зогсож идэх уух завсарлага гардаг гэхдээ үүнийгээ 20 минутад багтаах хэрэгтэй.
Гадаадын жуулчидыг байгаа зочид буудлаас нь очиж аваад бөөнөөр нь автобусанд суулган бөөнөөр нь авч явдаг мөн англи хэл дээр тайлбар хийдэг. Жуулчдын зэрэгцээ Өмнөд Солонгосын сүүлчийн тосгон Даесеонгийн уугуул иргэд бас бичиг баримтаа шалгуулж ордог учир нь айл болгонд оногдсон 7 хектар  эдлэн газартаа  өдөр болгон очиж ажилладаг тэдний ажлын цагийг нарийн тогтоосон зун өвлийнх ялгаатай. Ихэвчлэн будаа буюу  хүн орхойдой тарьдаг, дайны талбарт байгаа болохоор орлогын татвар төлдөггүй энэ нутгийн хүмүүс гадныхантай гэрлэдэггүй. Гэхдээ эмэгтэй хүн бол болдог эрэгтэй бол болохгүй. Эндээс гараад Түрэмгийллийн 3 дугаар туннельд орж үзүүлнэ. Хойд солонгосчууд хоригдлуудын хүчийг ашиглан Зэвсэггүй бүсийн доогуур цэргийн хүчийг нууцаар Өмнөд солонгос руу оруулж эзлэн түрэмгийлэх далд төлөвлөгөөтэй байж. Өмнөд солонгосын талд туннелийг илрүүлээд ирэхээр ханаар нь зориуд нүүрсний үртэс түрхэж нүүрсний уурхай мэт харагдуулах оролдого хийж ийм хэд хэдэн туннель байдаг Өмнөд солонгосын тал жуулчид авчирч үзүүлээд ирэхээр Хойд солонгос тэднээс бидний юмыг үзүүлээд мөнгө олж байна та нар татвар төлөх хэрэгтэй гэж шаарддаг гэнэ. Үүний дараа  Дорасон гэдэг галт тэрэгний зогсоол дээр ирж үзүүлсэн. Энэ нь Өмнөд болон Хойд солонгос нааштай тохиролцоонд хүрэх үедээ Сөүл Пьхенъяаныг холбосон галт
тэрэгний зам гүйцээж татна гэж ирээдүйг сайн сайхнаар зөгнөн билэгдсэн байв. Өмнөд солонгосын талын санаачлагаар тус улсын албан байгууллага, компаниуд, хувь хүмүүс хандив өрген санхүүжүүлснээр бүтээн босгож. Хараахан ашиглалтанд ороогүй байгаа цоо шинэ галт тэрэгний буудлыг үзсний дараа өндөрлөг газар барьсан тавцан дээр гарч Хойд солонгосын хэсгийг харж болдог гэхдээ тодорхой шугамаас хэтэрч зураг авахыг хориглосон. Ингээд хамгийн сүүлчийн үзэх газар нь Панмунжеом үүний ойролцоо хоёр тосгон байдаг Өмнөд солонгосын талд Даесеонг тосгон, Хойд солонгосын талд Кижонг гэдэг хот. Хилийн зурвастай нэлээд ойрхон  суртал ухуулгын тосгон гэж хэдэн хоосон байшингуудын зэрэгцээ 300 кг ын жинтэй Хойд солонгосын далбаа байдаг нь тод харагддаг. НYБ ын цэнхэр дээвэртэй байр нь хээрийн цэргийн штабыг санагдуулахаар Өмнөд солонгосын цэргүүд бараан нүдний шил зүүн таеквондогийн бэлэн цохилт хийх байдалтай зогссон байхад эсрэг талд Хойд солонгосын харуулын цэрэг байрныхаа баганын тал хэсгээр биеэ халхлан дурандан харж байсан. Өргөнөөрөө дөнгөж 4 км хүрэх газарт цөөнгүй зөрчилдөөн гарч байсан. 1976 онд америкийн цэргүүд хэт өндөр ургасан модыг тайрахад Хойд солонгосын цэргүүд зогсоох гэхдээ сүхээр хоёр ч америк цэргийн амийг хороосон эмгэнэлт явдал нөгөө нэг хэрэг явдал нь
1984 онд Зөвлөлтийн иргэн Хойд солонгосын зохион байгуулсан аялалд явж байгаад Өмнөд солонгосын хил руу гэнэт нэвтрэн ороход Хойд солонгосын цэргүүд араас нь хөөж буудаж эхэлсэн Өмнөд солонгосын тал хариу арга хэмжээ авч Хойд солонгосын цэргүүдийг зогсоон барьж чадсан. Энэ хэсэгт жуулчдыг оруулахаас өмнө нэгэнт ийм эгзэгтэй газар орж байгаа болохоор ямар нэг золгүй тохиолдол гарахад бид хариуцлага хүлээхгүй энэ бол таны эрсдэл гэсэн агуулгатай бичигт гарын үсэг зуруулдаг. Энэ дайны талбар хоёр талын энхийн гэрээ байгуулснаар алга болох нь хэзээ бол гэдгийг хэлэхэд хэцүү гэхдээ ямарч байсан ойрын үед бүтэхгүй нь тодорхой байх. Гэнэтийн хадлагыг дандаа  Хойд талаас гаргадаг Өмнөд нь энэ бүхнийг тэвцэж сууж байх үүрэгтэй байдаг. Яг сагсуу хамаатных нь хүн орж ирээд дөвчигнөн агсан тавихад юу ч хийхгүй хараад сууж байдаг айл шиг Өмнөд солонгос эдийн засгийн талаар Хойд солонгосоос хамаагүй давуу байдалтай байгаа ч хойд талын цэргийн хүчний эсрэг ганцаараа сөрөн зогсоно гэдэгтээ итгэлтэй бус байдаг шиг тийм ч болохоор америкийн цэргийн баазыг гаргаж төвдөггүй болтой. Хэдийгээр хойд солонгос ч цэргийн хүчтэй гэж сүр далайлгадаг ч бас бие дааж шийдвэр гаргаж чадахгүй. Энэ хаалттай улсад ганц нөлөө болж байгаа нь Хятад бөгөөд Солонгосын хойгийн дайны үед тэдний оролцоотойгоор Хойд Солонгос газар нутгаа хэвээр авч үлдэж чадсан.  Ингээд үзэхээр хоёр солонгос хоорондоо бусдын оролцоогүйгээр шийдвэр гаргаж чадахгүй гэдэг нь харагдаж байна.  Өөр нэг давуу тал нь хоёр солонгосын асуудалыг энх тайван замаар шийдвэрлэх боломж магадлал ихтэй учир нь Хятадын тал дайнаар амжилт олохгүй гэдгийг сайтар ойлгож байгаа бөгөөд эдийн засгийн талаар илүү анхаарал хандуулж байгаа харин Америк хэдийгээр саван дотор өргөст хэмх эсвэл чавга байгаа эсэхийг ялгаж
харах тагнуулын багаж төхөөрөмжтэй гэж түрүү барин  Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй, энэ нь дэлхий дахинд аюул үзүүлж мэднэ гэж бусад улсыг итгүүлэх гэж оролддог. Яг ийм арга хэрэглэж байж Иракд орсон одооноос л цэргээ гаргах гэж бэлдэж байна. Солонгосын дайны үед америкчууд Өмнөд хэсгийг чөлөөлөөд Хойд хэсэг рүү орсон үед Хятадын тал Хойд Солонгосод туслан америкчуудыг түрэн гаргаж  38 дугаар уртрагаар хилийн зааг дээр хоёр тал зогсож хэдэн жил болж байж дайны галыг түр зогсоох гэрээнд гарын үсэг зурсан. Үнэндээ гадны оролцоо ихтэй хэрэг болсон гэж болно. Магадгүй америкчууд урьдны дуусгаагүй ажил хэрэг бий тэрнийгээ гүйцэлдүүлэх хэрэгтэй гэж үздэг байж болох.
Энд зочилоход тийм таатай бус их уйтгар төрүүлэхээр нэг улс байснаа ингээд дундуураа хуваагдчихсан гэр бүл хамаатан садан улс хоорондоо  уулзаж болохгүй болчихсон. Солонгосчууд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй гэдэг  мөн төрсөн газраа ясаа тавих ёстой гэж үздэг хүмүүс түүнийгээ гүйцэлдүүлэх ямарч аргагүй болсон зэргийг сонсоход харамсал төрүүлэхээр.


  Хан голын завь

Сөүл хотын дундуур урсдаг Хан голоор жуулчдыг авч аялуулдаг завь үйлчилдэг. Аялагчдад зориулсан богино хэмжээний шоу тоглолттой  үүнийг оюутан болов уу гэмээр залуучууд зохион байгуулсан байсан. Биднийг явж байхад илбэ үзүүлж англи хэл дээр хэдэн дуу дуулж сонирхуулсан. Ойр зуурын уух идэх хөнгөн зууш худалдаж авч болдог. Үйлчилгээ нь энгийн оройн цаг байсан болохоор хотын гэрэл сайхан харагдаж байсан. Олон гүүрний  нэгнээс ингэж  ус цацарч байгаа нь сонин харагдаж байсан. 


 Намсанголын ханок тосгон

Ханок гэдэг нь уламжлалт нэг давхар яс мод зангидаж барьсан байшин вааран дээврээ сүрлээр давхар дулаалсан шалнаасаа халдаг цонх нь муутуун цаасан өдрийн гэрэл оруулах чадвартай. Байшингийн бүх өрөө нь гадаахь цэцэрлэг рүүгээ харсан цөөн тавилгатай шалан дээрээ бүх зүйлээ хийдэг. Солонгос байшинг гаднаас харахад хэрэв бүх цонх нь онгойсон байвал аль нь хаалга  юм гэдгийг ялгахад хэцүү гэхдээ сайн ажиглавал довжоо нь өндөр бол цонх тэгэхээр байшинд орох гэж байгаа бол намхан довжоог хайх хэрэгтэй тэгэхгүй бол цонхоор нь орох гэсэн бүдүүлэг хэрэг болно. Уг уламжлалт байшин нь монгол гэрийн адил эрэгтэй болон эмэгтэйн тал гэж хуваагддаг эрэгтэй талд номын өрөө зочин хүлээж авах болон өвөг дээдсийн бунхан байдаг мөргөлийн өрөөнүүд хамаарагдахад эмэгтэй талд галт тогоо хамрагддаг нийгэмийн ямар давхаргын хүнээс шалтгаалж өрөөний тоо хамаарагддаг байна. Уг музейд Жосейны үед
баригдсан 5 байшингуудыг Сөүлийн энд тэндээс цуглуулж авчирсан аж. 2003 онд бүтээгдсэн түүхэн сэдэвтэй киноны зургийг энд авч.  Амралтын өдрүүдэд хичээнгүй бичиг бичиж үзүүлэх, цаасан шувуу хийх, сүрэл сүлжих зэргийг үзүүлж байдаг. Мөн жуулчдад зориулж цайны ёслол хийж үзүүлдэг. Эдгээр хуучин байшингуудын өөр нэг онцлог нь түүхэн нэр хүндтэй хүмүүс амьдарч байсан байна. Тухайлбал Хааны хүргэн Пак Ёон-хуогийн байшин. Тэрбээр тухайн үедээ нэр хүндтэй улс төрч Жосеоны сүүлийн үеийн хааны хүргэн болсон байна. Их нарийн ур хийц орсон байшин нь түүний нийгэмд дээгүүр байр суурь эзэлдэг болохыг илэрхийлнэ. Тэнд бас Хатан Хаан Сунжонгийн гэрлэхээсээ өмнө амьдарч  байшин байлаа. 

                        
Үндэсний Ассемблей


Ногоон дээвэртэй өндер багана бүхий энэ Парламентийн байр 1975 онд бүрэн баригдсан. Жуулчдад зориулж 30 минутын тайлбартай аялал зохион байгуулдаг гэхдээ зөвхөн солонгос хэл дээр тэгээд ч байнга байдаггүй. Энэ бол бидний аялалын сүүлчийн өдөр байсан тул уг байрыг тойрч алхан гадаахь цэцэрлэгээр алхаж байгаад бидний аялал өндөрлөсөн юм. Уг нь  хэрэг дээрээ үүнийг үзэж амжихгүй байсан. Би буцах билетнийхээ цаг өдрийг буруу хараад маргааш нисэх юм байна гэж бодоод нэг бүтэн өдрийн юм үзэх зай байна гээд бодоод байсан. Онгоцны буудал дээр очиж байж мэдсэн. 

                                                             Донгдаемун



Бидний байрлаж байсан газар хотын зах руугаа Донгдаемун зах болон дэлгүүрийн төвлөрсөн цогцолбортой мөн Монгол болон Орос таун ойрхон байрладаг. Монгол хоолны болон цайны газар караоке МИАТ ын билетны газар, утасны үйлчилгээ, карго гээд монгол, орос холилдсон зарлал сурталчилгаа хаа сайгүй харагдана. Энэ дүүргийг шинээр тохижуулах төлөвлөгөөний дагуу ойролцоо байдаг голыг сэргээж хоёр талаар нь зам зассан нь яг усан суваг шиг. Нэг өглөө гудамжаар явж байхад гэнэт цэргийн тийрэлтэт 8 онгоц дөрөв дөрвөөрөө нэг эгнээ болоод нисэж сургуульлалт хийж байхтай нь тааралдаж Марк энэ зургийг авсан юм. 

Хуягт машин

Ийм сүртэй тэргийг гудамжинд зогсож байхад нь зургийг нь авахгүй өнгөрч чадаагүй юм. Өмнөд Солонгос нь ерөнхийдөө тайван байдаг боловч үе үе оюутны болон үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний жагсаал цуглаан ширүүн болдог тал байдаг 1980 оны оюутны бослого нь хамгийн томоохон нь юм. Түүнээс хойш цэргийн диктатур хэрэгжиж цагдаагийн газрыг олноор нь байгуулан ард иргэдээ нарийн хянах болж. Англид хөл бөмбөгийн тоглолтын үед том томсог унасан цагдаа дайрч орж салгадагийг бодвол арай өөр юм болов уу. 

Солонгосын ёс заншилаас товчхон дурьдахад 

Монголтой адил бөөгийн шашинтай байж байгаад буддын шашинг шүтэх болсон сүүлдээ дайны дараагаас дийлэнхи нь Христос шашинг илүүд үзэх болж гэхдээ сүсэг бишрэлтэй холбоотой зан заншилын хувьд буддын шашны нөлөөлөл элбэг хүмүүс санаж бодож явдаг зүйлээ мэргэлдэг хүнээс асуух нь тийм ч хачирхаад байхаар зүйл бус. Хэрэв хэн нэгэн хүн ажил төрөл нь өөдрөг бүтэмжтэй байвал мөн ноцтой осолд ороод эсэн мэнд гарч чадсан бол  яасан азтай юм бэ гэхийн оронд тэр хүн өвөг дээдэстээ их сайн хүндэтгэл үзүүлж чадаж дээ түүнийхээ үр өгөөжийг хүртэж байна даа гэж хэлдэг гэнэ. Солонгосчууд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж мөргөх гэртээ бунхандаа идээ будааныхаа дээжийг өргөж ёслолыг жилдээ хэд хэдэн удаа хийж гүйцэтгэдэг байна. Дээхэн үедээ бага насны хүүхдийн эндэгдэл байсан учир  3-4 нас хүрсэний дараа л төрсөн өдрийг тэмдэглэдэг байж. Солонгос хоолны хувьд өглөөний үдийн
оройн гэж ялгаа байдаггүй тийм болохоор хоолоо дагуулж өдөрт гурван удаа жигнэсэн будаа, кимчигаа дагуулдаг. Солонгосчууд хоолоо амттай байж гэдэс цатгахын зэрэгцээ үзэмж сайхан байж нүд баясгах ёстой гэж үздэг. Орчин үед солонгосчууд үндэснийхээ хувцасыг баяр ёслолын үеэр өмсдөг мөн бэлэг өгөхдөө заавал алчуураар боосон байдаг нь ажигладсан. 

2010 оны 9 сар


No comments:

Post a Comment