Friday, February 28, 2020

Жонни гэдэг хотын хулганын түүх



 





Хотын хулгана Жонни аяганы шүүгээнд мэндэлж. Харин Тимми Вилли нь хөдөөгийн жижигхэн хулгана боловч сийрсэн саванд орж байгаад хотод санамсаргүй хүргэгдэн ирж. Цэцэрлэгч долоо хоног бүр нэг удаа томоохон тагтай сийрсэн саванд боловсорсон ногооноосоо хийн, хот руу илгээдэг байв.









Дүүрчихсэн савыг цэцэрлэгийн хашааны үүдэнд үлдээснийг зөөвөрлөгч ирж аваад хүргэх газар нь аваачиж өгдөг байна. Тимми Вилли сийрсний завсараар саванд ороод дотор нь байсан вандуйг идсэнээ нам унтчихаж.









Гэнэт цочин сэртэл, зөөвөрлөгч савыг өргөн тэргэндээ тавьсан байж. Тэгтэл доргилт, сэгсрэгдэлт, морины хөлийн чимээ гарч; явдал дунд тэргэн дээр тавьсан бусад ачаа ийш тийш хөдлөн; цаашаа километр, километрээр явах тутам - доргин - доргин - доргин! Тимми Вилли овоорсон ногооны дунд дагжин чичирч явав.





Сүүлдээ морин тэрэг нэгэн байшингийн гадаа зогсон, сагсан савыг буулгахад, тогооч гарч ирэн зөөвөрлөгчид зургаан пенси өгснөөр; арын хаалга савагдснаа, тэрэг яваад өгөв. Гэвч тэнд нам жим байсангүй; зуу зуун морин тэрэг хажуугаар өнгөрч байгаа мэт чимээ сонсогдож байв. Нохой хуцаад; гудамжинд хөвгүүд шүгэлдэн; тогооч чангаар инээн, үйлчлэгч эмэгтэй дээш доош тасралтгүй гүйнэ; торон дахь тэжээвэр канар бужирга уурын тэрэг шиг дуугарна.







Тимми Вилли бүхий л насаараа цэцэрлэгт амьдарч байсан тул тэрбээр энэ бүхнээс үнхэлцэгээ хагартал айсан байв. Гэтэл тогооч сагсан савны тагийг авч доторхийг гаргаж эхлэхэд Тимми Вилли айсандаа үсрэн гарав.








Тогооч цочсондоо хажууд байгаа сандал дээр давхийн суун.
"Хулгана! Хулгана! Муур аваад ир! Сара шилээвэр аваад ир!"гэж хашгичив.
Тимми Вилли үйлчлэгч эмэгтэй Сарагийн шилээвэр авчрахыг хүлээж байсангүй; шалны хүрээ даган яаран гүйж байснаа жижиг нүх олон, түүн рүүгээ шурган оров.







Тэрбээр хөл алдан доошоо унахад цайллага хийж байсан хулганууд дунд унан буухдаа ширээн дээр байсан гурван ч шилэн хундагыг хагалж - "Хэн гээч амьтан гараад ирэх нь энэ вэ" гээд гэнэт цочирдсондоо дуу алдсанаа хотын хулгана Жонни аажмаар тайвшран биеэ цэгцэлж хэвийн байдалдаа оров.





Эелдэг байдлаар тэрбээр Тимми Виллид тэнд буй есөн хулгануудыг танилцуулав. Тэд бүгд урт сүүлтэй хүрэм, цагаан цамц, эрвээхэй зангиа зүүн дэгжин хувцасласан байв. Тимми Виллигийн сүүл нь тэдний дэргэд юу ч үгүй мэт байв. Хотын хулгана Жонни болон түүний нөхөд тэр байдлыг анзаарч авав; гэвч тэд боловсон ёсыг мэдэх болохоор бусдын хувийн асуудалд хошуу дүрэхгүй аж; зөвхөн тэдний нэг нь Тимми Виллигээс хавханд орж байсан уу гэж асуув.

Хүндэтгэлийн зоогт маш бага орцтой найман тусдаа хоол ирсэн бөгөөд тун тансаг дээд зэргийн байдлаар бэлдсэн байв. Эдгээр нь Тимми Виллигийн хувьд хэзээ ч ам хүрч үзээгүй хоол бөгөөд тэр болгоныг идэж үзэхээсээ ч ихэд имээж байв; хэдийгээр тэрбээр ихэд өлсөж байсан ч хажуу хавийн зочдын дунд биеэ барин буруу үйлдэл хийхээс ихэд болгоомжилж байв. Дээд давхарт гарч буй чимээг сонсоод тэвдэн сандарсандаа тэрбээр гартаа барьж байсан тавагаа алдчихав. "Санаа зоволтгүй, тэгээд ч энэ таваг манай өмч биш, бидэнд ямар ч хамаагүй" гэж Жонни тайтгаруулан хэлэв.



" Багачуул амттан авчираагүй юу?” гэж Жонни асуув.
Үүнд тайлбар өгөхөд тэнд байсан хоёр залуу хулганууд нь  дээшээ гал тогоо руу гэтэн орж дараагийн хоолыг хулгайлан авч ирэхийг хүлээн зогсох  бөгөөд тэгэх зуур хэд хэдэн удаа өрөөнд гүйн орж ирэн өнхөрч унан, чарлан, инээд алдаж байв; Тимми Вилли тэднийг мууранд хөөгдснөөс ингэж байгаа гэдгийг мэдээд хоол идэх дур нь алга болж, муурч унах гэж байгаа мэт болов. "Царцаамалаас жаахан амсаач" гэж хотын хулгана Жонни санал болгов.




"Үгүй юу, тэгвэл оронд орж хэвтмээр байна уу? Би чамд хамгийн тухтай буйдангийн дэрийг зааж өгье." гэж хотын хулгана Жонни хэлэв.
  Учир нь буйдангийн дэрэнд нүх байдаг аж. Хотын хулгана Жонни үүнийг хамгийн сайн ор гэж үнэн голоосоо үзэх бөгөөд зөвхөн зочинд тохирно гэж боддог байв. Гэвч тэр буйданд муурны үнэр шингэчихсэн байж. Түүний оронд Тимми Вилли зовлонт шөнийг ил галны сараажин төмрийн ойролцоо өнгөрүүлэхийг илүүд үзэв.



Дараагийн өдөр нь яг мөн өчигдөрийнх шиг тансаг засалтай өглөөний цайгаар дайлуулахдаа гахайн маханд хэдийн дасал болчихсон хулганууд тэрнээсээ өгч байсан ч - Тимми Вилли үндэс саладнаас өөр юм идэхийг хүссэнгүй. Хотын хулгана Жонни болон түүний нөхөд шалны доогуур дуу чимээтэйгээр огт айж эмээсэн шинжгүй нүхнээс гаран байшин дотуур оройн цагаар чөлөөтэй сэлгүүцэх аж. Нэг удаа бөөн дуу чимээ гарсан нь Сара цайны тавиур барьж дээшээ шатаар өгсөж байхдаа алдан унагаснаас үүдэж; шарсан талх, элсэн чихэр, жимсний чанамал газар асгарсныг муур байсан ч яаралтай очин цуглуулж авах шаардлага хулгануудад тулгарч.


Жимми Вилли гэртээ ч байсан болоосой гэж гуниглан бодож нарлаг талбай дахь амар тайван нүхээ санагалзав. Хоол унд түүнд таарамж муутай; дуу чимээ түүнийг гүн бөх нойрсох боломжгүй болгож. Цөөхөн хэдэн өдрийн дотор түүнийг турж эцэн шаналж буйг хотын хулгана Жонни анзааран түүнээс олон зүйлийг асуун шалгааж. Тэрбээр Жимми Виллигийн түүхийг сонсоод амьдардаг цэцэрлэгийн талаар  лавласанаа. "Тэр чинь их уйтгартай газар шиг байх юм даа. Бороо орохоор чи яаж аргалдаг юм." гэж асуув.




"Бороо ороод эхлэхээр би жижиг элсэн нүхэндээ хальстай эрдэнэ шиш зарим нэг үр бүхий намрын нөөцний агуулахдаа шилжин байрлана. Миний найз азаргана тахиа Робин мөн хар шувууд, дууч хөөндэй нар зүлгэн дээр бууж ирэх нь үү гэж нүхнээсээ цухуйн хардаг. Тэгээд нар ахиад гараад ирэхээр цэцэрлэгтээ дахин гарч ирнэ. Тэнд ургадаг цэцгүүдийг - та нүдээрээ харсан ч болоосой - сарнай, башир цэцэг, алаг нүдэн цэцэг - шувуу, зөгий, нугад бэлчих хонин сүргээс өөр чимээ шуугиан байхгүй."



"Нөгөө муур дахиад л гараад ирлээ! гээд хотын хулгана Жонни дуу алдав. Тэд нүүрсний агуулахад орж нуугдах зуураа урьдын ярьж байсан сэдвээ үргэлжлүүлэв; "Уг нь бид чамайг хөгжөөн цэнгээх гэж бүхий л талаар мэрийж байгаа ч нэг их амжилт олохгүй байгаадаа сэтгэл дундуур байна. Тимоти Вилъяам минь гэж албан ёсны бүтэн нэрээр нь дуудан хэлэв.  
  "Өө, тэгэлгүй яах вэ, та бүхэн надад тун өгөөмөр сэтгэлээр хандаж байгааг би ойлгож байгаа; гэвч миний бие муудаад эхэллээ" гэж Тимми Вилли хэлэв.




"Магадгүй энэ нь чиний шүд болон хоол боловсруулах эрхтэн манай хоолонд дасаагүйгээс болсон байх; магадгүй чи буцаж сагсандаа эргэж орон  буцах нь илүү ухаалаг хэрэг болох байх." гэж хотын хулгана Жонни санал болгов.
  "Яг тийм!" гэж Тимми Вилли хүлээн зөвшөөрөв.
  "Хэрэв нөхцөл байдлыг бүрэн мэдэж байсан бол бид чамайг өнгөрсөн долоо хоногт буцаах байж гэж Жонни унтууцан; - "хоосорсон сийрсэн сав хагас сайн өдөр болгон буцаж явдаг гэдгийг чи мэдээгүй хэрэг үү?" гэж хэлэв.





Ингээд Тимми Вилли шинэ найз нартаа баяртай гэж хэлээд сийрсэн сав дотор бялууны үйрмэг, хатсан байцааны навчинд орж нуугдав; нэлээд сэгсчүүлэн доргисны эцэст тэрбээр цэцэрлэг дэхь гэртээ эсэн мэнд буцаж ирэв.










Заримдаа хагас сайн өдөр тэрбээр хаалганы ойролцоо тавьсан, сийрсэн савыг очиж харах бөгөөд урьдын явдалаас сургамж аван дотор нь дахин орж болохгүй гэдгээ сайн мэдэх болсон билээ. Мөн тэр сагснаас өөр хэн нэгэн гарч байгаа харагдсангүй, учир нь хотын хулгана Жонни хагас дутуу байдлаар ам гаран түүн дээр зочилно гэж хэлж байв.








Өвөл дуусан; нар гарч урин дулаан цаг дахин ирэв. Тимми Вилли нүхнийхээ хажууд суун жижиг биеэ ээн хаврын ногоо, алаг нүдэн цэцгийг үнэрлэж байв. Тэрбээр хотод очсоноо бараг мартсан байв. Гэтэл элсэн замаар гял цал болсон бор арьсан цүнх үүрсэн хотын хулгана Жонни айлчлан ирэв!







Тимми Вилли түүнийг халуун дотноор угтан авч жилийн хамгийн тааламжтай цагт ирлээ гэж билэгшээн; "бид амтлагч ногоотой сайхан хоол хийж наранд тухлан сууна" гэж санал тавив. "Мм, мм! Энд арай чийгтэй юм даа" гэж Жонни хэлэн шавраас болгоомжилон урт сүүлээ гартаа барьсан байв.










  "Энэ аймшигтай дуу чинь юу вэ?" гэж тэрбээр цочирдсон байдалтай хэлэв.
"Тэр үү?" гэж Тимми Вилли хэлээд "ердийн нэг үнээ л байна ш дээ; Би жаахан сүү гуйж авъяа тэд нар ямар ч гэмгүй, хэвтэхэд нь доор нь ороод дарагдчихдаггүй юм бол. Ингэхэд бусад найзууд ямаршуухан байна даа" гэж асуув.







Жоннигийн ярианаас тэд хир тааруухан гэхээр. Тэрбээр яагаад түүн дээр зочлон ирэх болсны шалтгаан нь; байшингийн эзэд Өндөгний баяраар далайн эргийн газар амрахаар явж; тогооч их цэвэрлэгээ хийн дээр нь хулгануудыг зайлуулах тусгай даалгавар авсан байж. Дөрвөн зулзагатай эм муур тэжээвэр канар бужиргыг цааш нь харуулчихаж.






"Харин гэрийн эзэд болохоор гэмгүй биднийг үйлдсэн гэж хардаад байгаа юм; гэвч би юу дээр вэ гэдгийг мэдэх хойно" гэж хотын хулгана Жонни хэлээд "Энэ айхтар дуу чимээ чинь юу вэ? гэж асуув.
  "Тэр бол өвс хаддаг машин би тайрсан өвснөөс цуглуулж авчирч, таньд ор бэлдэж өгье. Хөдөө нутагт илүү тухтай амьдардаг юм шүү дээ Жонни минь" гэв.






"Мм, мм - харин л дээ - ирэх долоо хоногийн Мягмар гариг хүртэл харж л байя; сагсан савны зөөвөрлөлт эзэд гадагш явсан учир түр зогссон байлаа.
  "Та хот руугаа явахыг хүсэхгүй л байх болов уу" гэж Тимми Вилли хэлэв.









Гэвч тэр хэлснээр нь болсонгүй. Хөдөө дэндүү чимээгүй уйтгартай юм! гээд шалтаг заан, дараагийн зөөвөрлөх сагстай ногоонд дунд орж буцан явав.










Нэг газар нэг хүнд нөгөө газар өөр хүнд илүү таардаг болтой. Миний хувьд би Тимми Вилли шиг хөдөө амьдрахыг илүүд үздэг.





Беатрис Поттер

No comments:

Post a Comment